Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01117

 

*******ын нэхэмжлэлтэй

                иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/03343 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаар магадлалтай, 

*******ын нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох, 

17,170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: *******, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нарны хүү, Сарны охин ХХК, тус компанийг төлөөлж Ерөнхий захирал Д.Гүрсоронзтой орон сууц захиалгын гэрээ байгуулж, Амар амгалан 2 хотхоны 2 байрны 2-р орцны 14 давхрын 1407 тоот орон сууцанд 42,92 мкв талбай бүхий 2 өрөө байр захиалж урьдчилгаа төлбөрт 17,170,000 төгрөгийг төлсөн. Орон сууц захиалгын гэрээний 3,6-д заасны дагуу 2019.8.25-нд байрны түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан боловч Нарны хүү, сарны охин ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй барилгын ажлыг эхлүүлээгүй. Нарны хүү, сарны охин ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг шаардахад мөнгийг чинь буцааж өгнө гэсэн. Урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгөө буцааж авах өргөдөл, хүсэлтийг удаа дараа өгсөн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд хариуцагчаас орон сууц захиалгын гэрээний дагуу өгсөн 17,170,000 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлсөн урьдчилгаа төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Харин төлбөр буцаан олгохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Амар амгалан төсөл маань одоогийн байдлаар гадны хүчин зүйлийн нөлөөллөөр зогссон байгаа боловч цаашид үргэлжлэн баригдана. Амар амгалан 2/1 байр нь 2020, 2/2 байр нь 2021 онуудад ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа. Манай зүгээс эхний байраа буюу Амар амгалан 1 орон сууцыг ашиглалтад оруулсан. Иймээс гадны хүчин зүйлийн нөлөөтэй санхүүгийн хүндрэлтэй нөхцөлийг харгалзан үзэж, бид хүмүүсийн урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан олгох, гэрээг цуцлах асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28ы өдрийн 101/ШШ2019/03343 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 17,170,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 243,825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаар магадлалаар:  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/03343 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн,шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 -р сарын 03-ны өдрийн 22 магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргахдаа шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийг хянан шийдвэрлэсэн мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авсан талаар гомдлоо гаргасан боловч давж заалдах шатны шүүх гомдлыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж гомдлын үлдсэн хэсгийг буюу нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан хэсгийг хангахгүй шийдсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******ын гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэснийг зөвтгөж магадалсан нь хуульд нийцэхгүй байгаа тул дээд шүүх гомдлыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

******* нь Нарны хүү, сарны охин ХХК-иас 17,170,000 төгрөг нэхэмжлэхдээ үндэслэлээ ...орон сууц захиалгын гэрээ байгуулж, 2 өрөө байр захиалж, урьдчилгаа төлбөр төлсөн, ...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, барилгын ажлыг эхлүүлээгүй тул гэрээнээс татгалзсан, мөнгөө буцаан гаргуулна гэж тайлбарлажээ.  

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...байр 2021 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас мөнгийг буцаан олгох боломжгүй гэж маргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.  

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Орон сууц захиалгын гэрээний агуулга, зохигчийн тайлбараас үзвэл хариуцагч нь шинээр орон сууц барьж хүлээлгэн өгөх буюу ажлын үр дүнг бий болгох, нэхэмжлэгч үүний төлөө хөлс төлөхөөр тохиролцсон нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байхад давж заалдах шатны шүүх худалдах-худалдан авах гэрээ гэж үзэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2018.09.20-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээгээр Нарны хүү, сарны охин ХХК нь Амар амгалан 2 орон сууцны хотхоны 2 дугаар байрны 2 дугаар орцны 14 давхрын 1407 тоот 42.92 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, ******* нь 62,234,000 төгрөг төлөхөөр тохирчээ.  

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч 17,170,000 төгрөг төлсөн бөгөөд хариуцагч орон сууцыг барьж эхлээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь тогтоогджээ. 

Талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэйгээс гадна гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар харилцан биелүүлэх үүрэгтэй.

 Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, ажлын үр дүн бий болоогүй тул захиалагч гэрээнээс татгалзсан, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үр дүн гарахгүй нь илт бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

Ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт бол гэрээний нэг тал нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулахгүйгээр гэрээнээс татгалзах эрхтэй талаар Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1-д заасан.

Хариуцагч 2019.08.25 гэхэд орон сууц барьж хүлээлгэн өгөх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гадна тодорхой үр дүн гарах нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч нэхэмжлэгчид төлсөн мөнгийг буцаан өгөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт байгаа баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/03343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 243,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ