| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Отгонтуяа |
| Хэргийн индекс | 128/2023/0597/З |
| Дугаар | 128/ШШ2023/0958 |
| Огноо | 2023-12-11 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2023/0958
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Зухайн Сырымбек
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Отгонжаргал, Э.Эрдэнэсувд нарын хоорондын татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Сырымбек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч Э.Эрдэнэсувд, Л.Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржханд, Э.Энхмандал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Отгонжаргал, Э.Эрдэнэсувд нарт холбогдуулан тэдгээрийн гаргасан Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн НА-23230000035 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2. Хэргийн нөхцөл байдлын талаар:
2.1. Хариуцагч татварын улсын байцаагч нараас нэхэмжлэгч иргэн З.Сырымбекийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд хийж, нийт 431,958,213.00 төгрөгийн зөрчил илрүүлж, 2021 онд 193,032,280.38 төгрөгийн үйл ажиллагааны орлогыг хувь хүний албан татварт тайлагнаж татвар ногдуулаагүй, 2021 онд 238,925,933.00 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэж, 43,195,821.34 төгрөгийн нөхөн татвар, 17,278,328.54 төгрөгийн торгууль, 6,849,053.08 төгрөгийн алданги, нийт 67,368,202.96 төгрөгийн төлбөр төлүүлэхээр Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн НА-23230000035 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ыг тогтоосон байна.
2.2. Нэхэмжлэгчээс татварын улсын байцаагч нарын гаргасан дээрх актыг эс зөвшөөрч маргаан таслах зөвлөлд хандсан байх ба Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч иргэн З.Сырымбек гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн хариуцагч нарын гаргасан Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн НА-23230000035 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ыг хэвээр баталж шийдвэрлэжээ.
3. Процессийн түүхийн талаар:
Нэхэмжлэгчээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
4.1. ... татвар ногдох нэг орлогоос хувь хүний болон нэмэгдсэн өртгийн хоёр татварыг зэрэг суутган авч байгаа нь үндэслэлгүй, хариуцагч нь албан татвараас хуулийн дагуу хасагдах зардлыг баримтын хүрээнд нягталж хасаж тооцоогүй;
4.2. ... нэхэмжлэгч миний бие Таван толгой түлш ХХК-тай 2021 онд гэрээ байгуулж, 7 том оврын тээврийн хэрэгслийг дотоодын нүүрс тээвэрт явуулсан. Тус компаниас ажлын хөлсийг тооцож олгохдоо зөвхөн тээвэрлэлтийн ажлын хөлсийг олгодог, энэ ажлын хөлсөнд тээврийн хэрэгслийн түлш болон жолооч нарын цалин хөлс, машины сэлбэг, засварын ажлын хөлс багтдаггүй, эдгээр зардлуудыг ажлын хөлснөөсөө миний бие өөрөө бүгдийг нь төлдөг ба нийт орлогоос 70 хувь нь зардалд зарцуулагдаж бодитоор 30 хувь нь надад үлддэг, энэ нь миний Хаан банкны харилцах дансны хуулга болон санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдоно;
4.3. ... Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явагддаг Өмнөговь аймгийн Цагаанхад дахь уурхайн орчимд үйл ажиллагаа эрхлэгч хувь хүмүүс, жижиг байгууллагууд ихэнх нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй, НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн цөөн хэдэн хүмүүс нь бензин, сэлбэг хэрэгслийг зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр дамлаж борлуулдаг тул жолооч нар үйлчлүүлдэггүй, газар дээрээ бодит нөхцөл байдал ийм байдаг учраас миний зарим зардал баримтаар нотлогдож чаддаггүй, гэсэн ч би 2022 онд тайлангаа гаргаж, татвараа төлөх талаар идэвхи санаачилга гаргаж байсан, энэ нь цахим тайлангийн системээс тодорхой харагдана;
4.4. ... НӨАТ-ын тухай хуульд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр гэж бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрийг гэж заасан тул миний татвар төлөгчөөр бүртгүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулах ёстой байсан;
4.5. ...нэг орлого буюу тээврийн орлогоос хоёр төрлийн татвар тооцож, алданги, торгуулийг давхардуулж ногдуулж буй нь татвар төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдсан хууль бус үйлдэл гэж үзэж байна гэх агуулгаар тодорхойлон маргаж байна.
5. Нэхэмжлэгч З.Сырымбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... 209,257,057 төгрөг гэж яриад байгаа. Энэ бол ерөөсөө татварын байгууллагад миний мэдүүлсэн үнийн дүн юм. Яагаад гэхээр 2020 оны төгсгөлийн үлдсэн хэдэн төгрөг нь 2021 оны 01 дүгээр сард шилжсэн юм. Тэгэхээр нэмэгдээд гарч байгаа нь үлдэгдэл мөнгө нь 01 дүгээр сарын 01-нээс хойш шилжсэн болохоор 238 сая болж байгаа. Би бол огт татвар төлөхгүй гэсэн зүйл бол хэлээгүй. Би хоёр зүйлийг л хэлээд байгаа юм.
Нэгдүгээрт Таван толгой түлш ХХК-ийн гэрээн дээр тодорхой байна шүү дээ. Гарсан зарлага нь түлш болон ажилчдын цалин хөлс бүгд орох ёстой гэж Э.Эрдэнэсувд байцаагчид хэлсэн. Би нэг л төрийн өмчит компанитай гэрээтэй, энэ үл хөдлөх хөрөнгө биш ээ хөдлөх хөрөнгө байгаа юм. Энэ машиныг хөдлөхийн тулд түлш болон жолооч хэрэгтэй. Энэ хоёр зардлыг л хасаад өгчих, үүнийг хасахын тулд компаниас тодорхойлолт авчих. Бүр нарийн ярих юм бол нэг рейсд бид 650-700 литр түлшээр ирж очдог юм. Нэг талдаа жолооч 350,000 төгрөгийн цалин авдаг. Ковидын үед хилээр орж гарахад тест гэж олон зүйлийн зарлага гардаг байсан. Зөвхөн нэг баримтыг танилцуулахад жишээ нь торгууль гэхэд 2 болон 3 сая төгрөгөөр нийт 5 сая төгрөгийг төрд өгсөн байгаа. Өөрт ашиг болгон аваагүй. Жолооч нарын торгуулийг хүртэл би гаргаж байгаа шүү дээ. Энэ бол миний хэлж байгаа эхний асуудал.
Хоёрдугаарт, Хан-Уул дүүргийн татварын газрын хүмүүс намайг гудамжнаас олж ирсэн хулгайч шиг л үзээд байх юм. Би уг нь татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлээд бүх тайлангаа гаргаж өгөөд 1,900,000 төгрөг төлсөн. Дараа жил нь би өөрөө нягтлан биш болохоор нягтлан бодогч хүүхэд авчраад 238 сая төгрөгийг би өөрөө мэдүүлсэн. Миний энэ үйлдэл дээр яагаад алданги тооцоод, торгууль тавьж байгаа гэдгийг гайхаад байна. Би чадахаараа л 4-5 гэр бүлийг тэжээх гэж хичээж байхад 67 сая төгрөгийн торгууль тавьсан байна. Уучлаарай би ийм орлого олох байтугай дөхөгчгүй маш их зарлагатай бизнес эрхэлж байгаа. Хамгийн гол нь би энэ торгуулийн талаар хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө татвараа мэдүүлсэн шүү дээ. Та нар намайг гудамжнаас олж ирээгүй эсвэл Таван толгой түлш ХХК Татварын ерөнхий газарт гомдол гаргаад энэ хүн их хэмжээний орлого олоод байна гэж хэлээд намайг шалгаад торгосон зүйл байхгүй шүү дээ. Би ийм хоёр л хүсэлт байгаа. Түлш болон цалин хоёрын хасаад надаас татвар аваач гэж хүсэж байна. Та нар түлшний нэмэгдсэн өртгийн албан татварын баримт бүрдүүлж өгнө гээд байгаа. Түлш нь өөрөө Монгол улсын хэлээр орж ирэхэд татвар төлдөг. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг. Гэтэл надаас дахиад аваад байгаа юм. Улаанбаатарыг утаагүй болгохын тулд зүтгэснийхээ төлөө болон хэдэн айлыг тэжээснийхээ төлөө би бүтэн жил яллагдагчаар яваад 196 хоног би шоронд суусан, нуухгүй би суусан бүгдийг нь шалгууллаа. 10 дугаар сарын 02-ны өдөр прокурорын тогтоол гараад миний хэрэг хэрэгсэхгүй болсон. Төрийн бүх байгууллага шалгаад надаас 5000 төгрөгийн хууль бус зүйл олж чадаагүй. 11 сар 16 хоног шалгаад намайг энэ хүн чинь хууль зөрчөөгүй юм байна хууль, дүрэм, журмаараа ажиллаж байсан байна гэдгийг гаргаад ирлээ. Миний орлого зарлагыг бодитоор нь тогтоогоод өгчих. Би бүтэн жил нэг ч төгрөгийн орлого, цалин аваагүй суулаа. Өнөөдөр надад 67 сая төгрөг байтугай 67000 төгрөг төлөхөд ч хүндрэлтэй байгаа. Шүүх зөв шийдвэр гаргаад, энэ хүмүүс зөв татвар тодорхойлох юм бол би чадахаараа татвараа төлөхөө л бодож байгаа юм.
Удаа дараа шаардлага хүргүүлж татвар төлөгчөөр бүртгэсэн гэж хэлээд байна. Уучлаарай надад нэг ч шаардлага хүргүүлээгүй. Яагаад худлаа яриад байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Би өөрөө татвар төлөгчөөр бүртгүүлээд, орлого өөрөө шивсэн юм. Би татвараа өгөх гэж шивсэн. Түүнээс биш зүгээр нэг мэдүүлээд орхино гэж шивээгүй. Татвараа төлөөд тайлангаа мэдүүлэх гэтэл программ нь өөрөө нэмэгдсэн өртгийн албан татварын баримт нэхээд байсан болохоор тайлангаа оруулах боломжгүй байсан юм. Би огт тайлан гаргаагүй бол татвар төлөгчөөр бүртгүүлэхгүй.
Мэргэжлийн нягтлан бодогч биш мэргэжил нь нягтлан бодогч хүүхдийг суулгасан юм. Өөр ажил хийдэг юм. Яг хажууд нь сууж байгаад өөрөө шивсэн юм. Эхний өдөр 30,532,504 төгрөгийг шивээд дараа нь 208,393,429 төгрөгийг шивсэн. 238 сая, 230 сая төгрөг гээд сонин сонин тоо яриад байх юм. Та нар ямар ч юм бодоогүй байж яаж тоо ярьж чадаж байгаа юм. Таван толгой түлш ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл өдөр хүртэл миний дансанд тээврийн хөлс гээд орж ирсэн дүн. Энэ дээр яагаад 262 сая төгрөг болчих ёстой юм. Яагаад 230 сая төгрөг болоод багасах ёстой юм. Одоо энэ хүмүүс өөрсдөө бодоогүй байж байж яриад байх юм. Би гайхаад байгаа юм. Программ өөрөө автомат бодох ёстой 30 сая төгрөгөөс хэд байдаг юм. 2,7 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ч юм уу ингээд бодогдох ёстой гэтэл бодогдоогүй. Машин хөдөлж байгаа юм чинь элэгдэл хорогдол гарна. Орж ирсэн банкны хуулгыг үндэслээд миний орлогыг тодорхойлж байгаа мөртөө миний зарлагыг яагаад тодорхойлохгүй байгаа юм бэ гэдэг л асуудлыг би тавьсан юм. Яагаад би алданги торгууль төлөх ёстой юм бэ? Би өөрөө мэдүүлсэн шүү дээ. Би мэдүүлээгүй биш шүү дээ гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Хан-Уул дүүргийн татварын хэлтэстэй харилцдаг татвар төлөгч. 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр анх шүүхэд хандаж Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Л.Отгонжаргал, Э.Эрдэнэсувд нарын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23230000035 дугаартай татварын Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэлийг гаргах болсон үндэслэл бол шүүхэд хандахын өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нарын маргаан бүхий актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газарт хандаж гомдлоо гаргасан. Нийслэлийн татварын газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж 24 тоот тогтоол гаргасан. Энэ тогтоолоор бол хариуцагч нарын гаргасан маргаан бүхий тогтоолыг бол хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Татварын нөхөн ногдуулалтын актын тухайд бол татварын улсын байцаагч нар 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийтдээ 4 жилийн хугацаанд татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Улмаар татварын хяналт шалгалтаар нийтдээ 431,958,213.38 төгрөгийн зөрчил илэрч, 2021 онд Таван толгой түлш ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр олсон 193,032,280.38 төгрөгийн үйл ажиллагааны орлогыг хувь хүний орлогын албан татварт тайлагнаж татвар ногдуулаагүй. 2021 онд 238,925,933.00 төгрөгийн бараа, ажил үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй гэж үзсэн. Үүнээс 2021 онд 193,032,280.38 төгрөгийн үйл ажиллагааны орлогыг хувь хүний орлогын албан татварт тайлагнаж ногдуулаагүй.
Хоёрдугаарт 238,925,933.00 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд тусгаагүй татвар төлөөгүй нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзээд улмаар энэ татварын зөрчлүүд дээр 43,195,821 төгрөгийн нөхөн татвар, 17,278,328 төгрөгийн торгууль, 6,894,053 төгрөгийн алданги, нийтдээ 67,368,202 төгрөгийн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын актыг тогтоосон. Миний үйлчлүүлэгчийн хувьд бол татвар төлж байсан байдлыг авч үзэх юм бол 2020 онд бол хувь хүний орлогын албан татварын 52,244,489 төгрөгийн орлогоос хувь хүний орлогын албан татвар 1,924,448.99 төгрөгийн татварыг төсөвт төлж байсан. 4 жилийн хугацааны орлогоос Таван толгой түлш ХХК-тай байгуулсан гэрээнээс олсон орлогыг татварын улсын байцаагч нар хамгийн их авч үздэг. Миний үйлчлүүлэгчийн хувьд өөрийн нэр дээр 7 төрлийн том оврын тээврийн хэрэгсэл эзэмшдэг. Энэ тээврийн хэрэгсэл эзэмшдэг тухайгаа бол Авлигатай тэмцэх газар болон хөрөнгө орлогын мэдүүлэг бусад бичиг баримтууд дээр бол тогтмол мэдүүлж явсан. Энэ том оврын тээврийн хэрэгслээрээ 2021 онд Таван толгой түлш ХХК-тай нотлох баримтаар гаргуулсан тээвэрлэлтийн гэрээгээр 2021 онд Өмнөговь аймгийн Цагаан хад дахь суурин бүсээс Төв аймгийн Сэргэлэн сум буюу одоогийн Таван толгой түлш ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Нийтдээ 7 том оврын тээврийн хэрэгслээрээ тээвэрлэлтийн ажиллагааг хийж гүйцэтгэсэн. 2021 онд Таван толгой түлш ХХК-иас олгосон төлбөрийг жагсаагаад шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгаас 209,257,057 төгрөг харагдаж байгаа. Энэ хэмжээний орлогыг 2021 онд олсон. Энэ орлогоос татварын улсын байцаагч нар 238 сая төгрөг гэж ярьдаг. Хаан банкны дансны хуулгаар орж ирсэн орлого 209,257,057 төгрөг байгаа. Энэ орлогоос бол татварын улсын байцаагч миний үйлчлүүлэгчийн татвар ноогдох орлогыг тодорхойлохдоо Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг буруу хэрэглэж татварын нөхөн ногдуулалтын акт гаргасан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа.
Гол үндэслэл нь нэгдүгээрт татварын хяналт шалгалтын ажиллагааг явуулахдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг буруу хэрэглэсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19-т нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрийг хэлнэ гэж тодорхойлсон байна. Нөхөн ногдуулалтын актад дурдсанаар бол нэхэмжлэгчийн хувьд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс төлөгчөөр бүртгүүлсэн. Энэ хугацаа юуг тодорхойлоход илүү ач холбогдолтой вэ гэхээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т албан татвар суутган төлөгчийн борлуулалтад албан татвар ноогдуулах хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхэлж тооцно гэж заачихсан байгаа.
Хоёрдугаарт үнэхээр 2021 онд татварын хяналт шалгалт хийхдээ олсон орлого гэж тооцоод байгаа бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-ээр 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш суутган төлөгчийг гэрчилгээ гарсан өдрөөс хойш олсон орлого дээр энэ татварыг тодорхойлох ёстой байсан гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байгаа.
Тээврийн нэг орлогоос 2 төрлийн татвар тооцож алданги, торгуулийг давхардуулж оногдуулж байгаа нь бол үндэслэлгүй. Татварын хяналт шалгалтын үр дүнд гарсан татварын нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Таван толгой түлш ХХК-тай байгуулсан гэрээгээр тээврийн хөлсөнд түлш, бусад холбогдох зардлууд бол бүгд багтана гээд тодорхой тусгаад өгчихсөн байгаа. Гэтэл татварын улсын байцаагч нарын хувьд нөхөн ногдуулалтын акт гаргахдаа татвараас хасаж тооцох ёстой зардлуудыг тодорхой хэмжээгээр хасаж тооцоогүй.
Шүүхэд гаргаж өгөөд байгаа дансны хуулга бусад баримтуудыг харахад нэхэмжлэгчийн олсон орлоготой дүйцэхүйц хэмжээний зардал буцаад зарлага болоод гарчихсан гэдэг нь тодорхой харагддаг. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгсөн дансны хуулгыг харах юм бол нийтдээ Таван толгой түлш ХХК-аас 209,257,057 төгрөгийн орлого орж ирсэн 2021 онд 197,226,802 төгрөгийн зардал буцаад гарчихсан байгаа. Зарлагын утгыг харвал бүгд жолооч нарын цалин мөн шатахуун, сэлбэг, засвар гэх мэт зардлуудад зарцуулагдсан. Эдгээр бүх зардлыг татварын улсын байцаагч нарын зүгээс нөхөн ногдуулалтын акт гаргахдаа тодорхой хувь хэмжээгээр хасаж тооцоогүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Тэгэхээр эдгээр үндэслэлүүдээр татварын улсын байцаагч нарын гаргасан нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс дэмжиж байгаа гэв.
Өнөөдөр иргэн З.Сырымбекийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Отгонжаргал, Э.Эрдэнэсувд нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцүүлэг болж өндөрлөж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар нэлээн хэдэн одоо үйл баримтууд тодорхой боллоо гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хамгийн эхлээд миний хэлэхийг хүсэж байгаа зүйл бол хариуцагч нарын гаргаад байгаа нөхөн ногдуулалтын акт буюу маргаан бүхий акт маань өөрөө хууль бус акт юм байна гэдэг нь энэ шүүх хуралдааны явцад тодорхой боллоо.
Яагаад хууль бус акт гэж үзэж байна гэхээр нэгдүгээрт татвар ногдох орлогыг хариуцагч нарын зүгээс зөв тооцоолоогүй гэдэг ийм нөхцөл байдал өнөөдрийн шүүх хуралдааны явцад тодорхой боллоо. Хариуцагч нар өнөөдөр тооцооллоо гаргаад 238 сая төгрөг буюу нэхэмжлэгчийн өөрийн мэдүүлсэн 238 сая төгрөгөөс бид нар тооцооллоо гаргасан гээд нөхөн ногдуулалтын актаа гаргачихсан.
Өнөөдөр гардуулаад хүчин төгөлдөр болоод үүн дээр маргаж байна. Гэтэл өнөөдөр хариуцагч нар юу ярьж байна гэхээр цэвэр, бохир дүн цэвэр, бохир орлого, зарлага гэсэн зүйл яриад байна. Өнөөдөр энэ шүүх хуралдаан дээр хариуцагч нарын гаргасан 04 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаартай нөхөн ногдуулалтын акт хууль ёсны байсан уу эсвэл хууль бус байсан уу, гэдэг асуудал яригдаж байгаа болохоос биш өнөөдөр нэгэнт гаргачихсан нөхөн ногдуулалтын акт буруу, зөв гарсан мөн Таван толгой түлш ХХК-ийн хөл дүнгээс нь дахиад тооцоолох ийм асуудал хуралдаан дээр яригдах ёсгүй юм. Хариуцагч нарын зүгээс бид нар бас буруу гаргачихсан юм шиг байна. Сүүлдээ одоо манай нэхэмжлэгч З.Сырымбек нь өөрөө систем дээр буруу сонгосон учраас буруу байж магадгүй гэдэг зүйл яриад байгаа нь энэ хуралдаан дээр яригдах асуудал огт биш. Энэ асуудал хаана яригдах ёстой байсан юм бэ гэхээр хариуцагч нар өөрсдөө хэлж байна. Хяналт шалгалт 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаанд болсон асуудал. Өөрөөр хэлбэл хагас жил миний үйлчлүүлэгчийг шалгасан байх гээд байна. Тэгэхээр энэ хугацаанд бүх асуудлуудаа цэгцлээд, эргэлзээ тээнэгэлзээд байсан бол үүнийгээ арилгаад аль дүнгээс нь орлого тооцохыг, аль дүнгээс нь татвар тооцох бүх зүйлийг маргаангүйгээр эцэслэчихсэн байх ёстой.
Гэтэл өнөөдөр шүүх хуралдаан дээр орж ирээд ингэсэн бол нээрээ ийм байж магадгүй ийм байсан бол ийм байж магадгүй гэж яриад байгаа нь өөрөө маргаан бүхий акт хууль бус акт гэдгийг нотолж байгаа хамгийн гол баримт гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Хоёрдугаарт миний үйлчлүүлэгчийн татвар ногдох орлогоос хасагдах зардлуудыг хуулийн дагуу хасаж тооцоогүй гэдэг нөхцөл байдал өнөөдрийн шүүх хуралдааны явцад бол тодорхой боллоо. Ямар зардлууд байсан юм бэ гэдгийг түрүүн бид нар шүүх хуралдааны явцад бол хангалттай тодорхой ярьчихсан. Хариуцагч нарын зүгээс бол миний үйлчлүүлэгчийг дахин давтагдашгүй төлбөрийн баримт буюу и-баримтын дагуу зардлуудаа хасаж тооцоогүй учраас миний үйлчлүүлэгчийн гаргаж өгөөд байгаа зардлууд бол татвараас хасаж тооцогдохгүй зардлууд юм гэж үзээд байна. Гэтэл өнөөдөр үнэхээр тийм юм бол татварын алба яагаад зах худалдааны төвүүдээ жишээ нь бүрэн и-баримтжуулж чадаагүй байгаа юм. Өнөөдөр үйлчлүүлэгч, хэрэглэгчийн хувьд юу хамгийн чухал вэ гэхээр хаана хямд үнэ байна, хаана хямд зүйл байна. Зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүнүүд үйлчилгээнүүдээс аль хямд өртөгтэйг л үйлчлүүлэгч, хэрэглэгч авахыг хүсдэг. Энэ зах зээлийнхээ зарчмын дагуу л миний үйлчлүүлэгч Өмнөговь аймагт худалдаа эрхэлж байгаа шатахуун түгээх станц болон сэлбэг хэрэгсэл зардаг газруудаас хамгийн хямдыг л сонгож үйлчилгээгээ авсан. Өнөөдөр бид нар зүгээр дэлгүүр ороод хүнсний бүтээгдэхүүн жижиглэнгээр авахаас илүү зах ороод бөөндөөд хямдхан авахыг л хэрэглэгч хүсдэг. Яг энэнтэй л адилхан процесс. Гэтэл өнөөдөр хамгийн хямд үйлчилгээг авсны төлөө миний үйлчлүүлэгчийг яагаад далд эдийн засгийг дэмжиж байна шагийн бизнесийг дэлгэрүүлж байна гэж байгаа юм. Энэ чинь өөрөө ойлгомжгүй асуудал. Үүн тулах юм өнөөдрийн байдлаар далд эдийн засгийг бүрэн ил болгож чадахгүй байгаа. Татварын албаны хариуцлагын асуудал шүү дээ. З.Сырынбекийн өөрөө бүх зардлуудаа баримтаар нотолсон байх ёстой гэж шаардаад байгаа юм. Татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэдэг зарчим чинь яг хаана гарч ирээд байна вэ? Энэ чинь өөрөө бас учир дутагдалтай байна.
Гуравдугаарт миний үйлчлүүлэгчийн татвар ноогдох зардлуудыг бүрэн хэмжээгээр хасаж тооцоогүй гэдэг нь шүүх хуралдааны явцад тодорхой болсон. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон эсэх хугацааны асуудал дээр талууд бас өөр өөр байр суурийг илэрхийлээд байна. Хариуцагч нарын зүгээс Татварын ерөнхий хуулиараа мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтаар 50 сая төгрөг хүрсэн тохиолдолд шууд хүсэлтээ өгөөд болох ёстой. Ийм учраас 2020, 2021 оны үйл ажиллагааны орлого Нэмэгдсэн өртгийн албан татварыг бүрэн тооцоод байна гэдэг тайлбар хэлээд байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт цагаанаар хараар биччихсэн байна. Албан татвар суутган төлөөлөгчийн борлуулалтад албан татвар ноогдуулах хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлээд тооцно гэж байна. Гэтэл хариуцагчийн зүгээс бол миний үйлчлүүлэгчийг өөрийн үүрэг нь учраас бүхэлд нь тооцно гэдэг ийм юм яриад байна. Мөн өнөөдөр яг хавтаст хэргийн материалыг аваад үзэхээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-ийг зөрчсөн гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан баримт хэргийн материал дотор байхгүй байгаа.
Өнөөдөр татварын алба өөрсдөө татвар төлөгчийн үүрэг хариуцлага гэж ярьж байгаа хэр нь үнэхээр татварын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл байгаа бол үүн дээр өөрсдөө хяналт шалгалтаа хийгээд хариуцлага тооцсон асуудал бол огт байдаггүй. Татварын маргаан эхлэх болсон үндэслэл нь өөрөө татварын алба өөрсдөө татварын зөрчил байна гэж мэдээд ороод ирсэн асуудал биш. Хууль хяналтын байгууллагын хүсэлт дээр л энэ татварын хяналт шалгалтын ажиллагаа хийгдсэн. Хяналт шалгалт хийгдээд явж байхдаа татварын алба өөрсдөө ч энэ 238 сая төгрөгийг гаргаж ирээгүй. Миний үйлчлүүлэгч өөрөө хоёр удаагийн баримтаар татварын нэгдсэн систем шивчихсэн асуудал. Гэтэл өнөөдөр 238 сая төгрөг нь зөв, буруу гэдгээ ч ялгаж чадахгүй цэвэр, бохир дүн гэсэн ийм асуудал яриад байж байна. Та нар буруу тооцсон байна шүү дээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээсээ тооцчихсон байна. Илүү тооцсон байна гэдэг асуудал ярихаар татвар төлөгчийн хариуцлага гэдэг асуудал яриад байдаг. Тэгэхээр яг энэ бүх процесс дээр татварын албаны өөрсдийнх нь хариуцлага хаанаа байгаа юм бэ? Татварын алба өнөөдөр бүтэн хагас жил гаруйн хугацаанд татварын хяналт шалгалтыг хийсэн юм бол энэ бүх тооцооллуудаа эцэслээд маргаангүй байдлаар гаргаад ирсэн нь яг хаана байгаа юм бэ? Энэ өөрөө учир дутагдалтай. Хамгийн сүүлд ер нь татварын хяналт шалгалт томилолт өөр хийгддэг. Энэ томилолт хяналт шалгалт хийх үндэслэл болдог гол баримт бичиг байгаа. Энэ татварын хяналт шалгалтыг томилолтыг нь харах юм бол татварын хяналт шалгалтыг эхлүүллээ, дуусгалаа гэж байгаад дунд нь ерөөсөө хоног, хугацаа сунгасан, баталгаажуулсан, албажуулсан зүйл байхгүй. Тэр хугацаа сунгасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гээд хугацаа сунгасантай холбоотой баримтууд албан ёсны зөвшөөрлүүд захиргааны хэргийн материалд авагдсан зүйл байдаггүй. Тэгэхээр улсын байцаагч нарын хийсэн татварын хяналт шалгалт үйл ажиллагаа чинь өөрөө анхнаасаа томилолт нь буруу, буруу хийгдээд явчихсан ийм үйл баримт байна. Татварын хяналт шалгалтын дагуу тооцоолоод байгаа орлого татвараас хасаж тооцогдох ёстой зардлуудыг хариуцагч нар бурууг тооцоолсон. Хасагдах ёстой зардлуудыг хасаж тооцоогүй. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой хоног хугацааг бүрэн тооцоолсон. Иймд Татварын ерөнхий хууль болоод Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу хэрэглэж тайлбарлаж байгаа учраас миний үйлчлүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч нарын гаргасан хууль бус нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн ийм саналтай байна. гэв.
Хариуцагч Э.Эрдэнэсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Татварын хэлтсийн улсын байцаагч Э.Эрдэнэсувд Л.Отгонжаргал хоёр байцаагчийн хувьд иргэн З.Сырымбекийн 2022 оны 11 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тухайн иргэний 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хугацааны албан татвар төлөлтийн ногдуулалтад татварын хяналт шалгалтын ажлыг хийж нөхөн ногдуулалтын актыг 04 дүгээр сарын 13-ны өдөр үйлдсэн. 2021 оны 10 дугаар сарын 25-нд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үйл ажиллагааны орлого үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч албан татвар ноогдуулан суутган авч төсөвт төвлөрүүлэх үүрэг тухайн татвар төлөгчид үүснэ гэж байгаа. Иргэн З.Сырымбекийн 2020 оны орлогоор өөрийнх тодорхойлсон орлогоор 52,244,489 төгрөгийн орлогыг олсон байдаг юм.
Манай Хувь хүний орлогын албан татварын тасгаас орлоготой нь холбогдуулаад нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг бүртгүүлэх нь хуулиараа Нэмэгдсэн өртгийн албан татварын 6 дугаар зүйлийн 6.2-т харьяалах 50 сая төгрөгийн орлого олсон этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж суутган төлөгчөөр бүртгэнэ гэж байгаа. 2020 онд өгсөн тайлангаараа иргэн маань суутган төлөгчөөр бүртгүүлчихсэн байх ёстой ажлын 10 хоног өргөдлийг нь харьяалах татварын алба 3 хоногийн дотор бүртгэж гэрчилгээг олгосноор тухайн татвар төлөгч маань нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр хуулийн хугацаанд бүртгүүлэх байсан. Удаа дараагийн шаардлагын дагуу бүртгүүлэхгүй байсаар байгаад 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр буюу бараг жилийн дараагаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн.
Тухайн татвар төлөгчийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар суутгахгүй байх үүргээс чөлөөлөгддөг гэсэн үг. Орлого олсон хугацааныхаа хамаарлаар 2020 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон байх хуулийн 5.2-т заасан шаардлагыг хангасан байсан. Татвар төлөгчийн өөрийн хариуцлагагүй үйлдлээс болж 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн. 2021 онд Таван толгой түлш ХХК-тай холбоотой орлогоор яригдаж байна. 238 сая бол цэвэр дүнгээр явж байгаа. Таван толгой түлш ХХК-д иргэний татварыг боловсруулахад ерөнхийдөө бол ганцхан Таван толгой түлш ХХК-тай л гэрээний зүйл заалтаар орлогууд нь орж ирсэн байсан. Тухайн орлогуудын задаргааг хэргийн материалд өгсөн байж магадгүй. Үүн дээр яг орлого нь тодорхой харагдана. Татварын удирдлагын нэгдсэн систем дээр 10 дугаар сарын 28-ны өдөр 30,532,504 төгрөг 10 дугаар сарын 28-ны өдөр 208,393,429 төгрөгийн 2 удаагийн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэсэн нь энэ хоёрын нийлбэр дүнгээрээ 238,925,933 төгрөгийн орлогыг 2021 онд нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд зөрчлөөр авах үндэслэл нь болж байгаа. Тухайн татвар төлөгч Таван толгой түлш ХХК-тай ажил гүйцэтгээд татвар төлөгчийн хувьд зардлуудаа бол өөрөө хариуцна. Энэ хоёр компанийн хоорондын асуудал.
Бид нар зардлын зөрчил дээр татвар төлөгчийн зүгээс ямар шаардлага тавьсан бэ гэхээр манай Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн хууль бол 2020 оноос хэрэгжээд эхэлж байгаа. Үүн дээр тухайн татвар төлөгч бол зардлын баримтад Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан шаардлагыг бүрэн хангаж байж татвар ноогдох орлогоос хасагдах зардалд тооцно гэсэн үндэслэлтэй байгаа. Дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажна гэж байгаа юм. Тэгэхдээ төлбөрийн баримтаар баталгаажихгүй бас хэд хэдэн зардал байдаг. Тухайн татвар төлөгчийн аж ахуйн хувь хүний орлогын албан татварын орлогоос хассан зардлын хувьд 4,593,652 төгрөгийн орлого нь тухайн хуульд заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт байсан учраас энийг бол хасагдах зардлаар авч тооцсон. Дараагийн 41 сая 300 мянган төгрөгийн элэгдлийн зардлыг тухайн татвар төлөгчийн хөрөнгө дээр нь зах зээлийн ханш үнэлгээг үндэслээд татварын хуульд нийцүүлэн элэгдэл тооцож нийт зардлаас нь 41 сая 300 мянган төгрөгийн зардлыг хасаж тооцож. 2021 он дээр тухайн 238,925,933 төгрөгөөс холбогдох зардлуудыг хасаад 193,032,280.38 мөнгөний орлогыг зөрчлөөр авч холбогдох хуулиар нь хариуцлагыг оногдуулсан байгаа.
238,0 сая төгрөгийн төлбөрийн баримт үйлдсэн гэдэг нь цахим төлбөрийн баримт л үйлдсэн болохоос биш тухайн татвар төлөгч хяналт шалгалтын хугацаанд илрүүлээгүй байсан юм. Баримт үйлдэнэ гэдэг нь Таван толгой түлш ХХК-ийн зардлын баримтаар тухайн иргэн З.Сырымбекид мөнгө олгоод Таван толгой түлш ХХК хуулиа хэрэгжүүлээд иргэнээс баримтаа авчхаж байгаа юм. Таван толгой түлш ХХК-ийн хасагдах зардалд бол цахимаар харагдаж байна. Энэ нь өөрөө татвар төлөгч З.Сырымбекийн хувьд хуулийн хугацаандаа татварын сайт буюу itax.mta.mn дээр тайлагнаснаар татварын төлөх ноогдол нь үүснэ. Хуулийн хугацаанд тайлангаа ирүүлж байж хүн амын орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх эрх нь үүснэ. Нэхэмжлэгч баримтаа шивсэн, тайлангаа өгөөгүй. Тайлангаа өгөөгүй нь ноогдол үүсээгүй зөрчил болж байгаа юм.
Таван толгой түлш ХХК-тай хийсэн гэрээний хувьд бол иргэн өөрөө хариуцна гэж байгаа юм. Татвар төлөгчөөс татварын хуулийн хэрэгжилтийг шалгаж байгаа. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга дээр Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт хасагдах зардалд тавигдах шаардлага нь цаанаасаа өгөгдсөн байгаа. Хямд үнэ гэж зарим тохиолдолд хямд худалдаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчээс түлш худалдан авч байгаа нь нөгөө талдаа гэдэг нь дахин давтагдашгүй дугаар бүхий зардлын баримт аваагүй гэдэг нь өөрөө татвар нуух боломжийг олгож байна гэсэн үг. Хуульд заасан шаардлагын дагуу хасагдах зардлуудыг нь тооцоод боломжит зардлуудыг тооцоод ногдуулах ёстой.
Таван толгой түлш ХХК-аас иргэн З.Сырымбек нь тээвэрлэлтийн хөлс авч байгаа шүү дээ. Үүнтэй адилхан З.Сырымбек 7 машины жолоочид ажлын хөлс өгч байгаа юм. Тухайн иргэд нь иргэний хувьд дахин давтагдашгүй төлбөрийн баримт өгөөд хасагдах зардал орох юм. 2020 оноос хэрэгжиж байгаа хуульд тухайн жолоочоор ажиллаж байгаа иргэн нь татварын нэгдсэн цахим системд төлбөрийн баримтаа иргэн З.Сырымбект өгөөд бүртгүүлээд явах ёстой юм. Ингэж байж хасагдах зардалд орох юм. Хуулгаар орж ирсэн нийт дүнг аваад 2021 онд дээр манайх бүтэн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцно гэж байгаа. Үүнээсээ нэмэгдсэн өртгийн албан татвараа цэвэрлээд зөрүү дүнгээр нь шивсэн орлоготой нь тулгалт хийсэн юм.
Нэмэгдсэн өртгийн албан татвар цэвэрлэнэ гэдэг нь орж ирсэн нийт орлогоо 1,1 хувьд хуваагаад буюу цэвэр дүнгээр нь зөрчил авч байгаа гэсэн үг юм. Үзлэгийн явцад тухайн татвар төлөгчийн эрхээр орсон. Татвар төлөгчийн эрхээр ороход и-баримтын шивэлт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэгдсэн өртгийн албан татвар бодогдохгүй хуулийн заалт байгаа, нэхэмжлэгчийн тухайд тэр сонголтыг нь хийсэн байх. Татварын нэгдсэн санд татвар төлөгч иргэд буруу зөрүү мэдээлэл илгээх тохиолдлууд гардаг юм. Тиймээс нэмэгдсэн өртгийн албан татвар салаагүй талаар түүхчилсэн баримтаар нь хараагүй тул мэдэхгүй байна. Шивэгдсэн падааны хувьд харахад нэмэгдсэн өртгийн албан татвар нь салаагүй гэж харагдаж байна. 238,925,933.00 төгрөг нь манай программ дээр шивсэн дүн гэдгээр салсан байгаа юм. Системийн бодолт зөв байна. Таван толгой түлш ХХК-аас орж ирсэн дүн нь нэг ёсондоо бохир дүн байгаа юм. Давхар дүнгээр орж ирсэн тохиолдолд энэ бодолт бол зөв. 30 сая төгрөг Таван толгой түлш ХХК-аас орж ирсэн бол энэ дүнгээр нь шивэх бол нь зөв юм. Одоо бид нар шууд татвар төлөгч, миний буруу, программын буруу гэж хэлж болохгүй. Нэмэгдсэн өртгийн албан татвар тухай хуулийн хувьд программ дээр нэмэгдсэн өртгийн албан татвар нь салдаггүй заалт байдаг. Манай программ дээр тухайн татвар төлөгчийн цэвэр дүн гэдэг нь орлогыг 1,1-д хуваагаад нэмэгдсэн өртгийн албан татвар нь салж тайлагнагддаг юм. Үүнийг би танд эцсийн шийдвэрээр Excel программыг авчраагүй учраас татвар төлөгчийн интернэт банкнаас нь бүх хуулгуудыг авсан юм. Нийт Таван толгой түлш ХХК-аас орж ирсэн орлого нь он, оноор нь тавьчихсан. Одоо бид нарт байгаа материал нь Таван толгой түлш ХХК-аас ирсэн орлого байгаа юм чинь үүн дээр орлого, хөл дүнг нь тооцоолоод тулгаж болох уу л гэж асуугаад байна. 10,000 төгрөгөөс 909 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар бодогдоно. Одоо тэгэхээр хуулгаар орж ирсэн нийт дүн чинь өөрөө бохир дүн гэсэн үг. Нэмэгдсэн өртгийн албан татвартай дүн гэсэн үг. Нийт 2021 оны хуулганы дүнгээ гаргачихвал үүнээсээ 1,1 хувьд хуваагаад гарна. 2020 оны хувьд бол жилийн эцсээр татвар төлөгч болж байгаа учир 2021 оны орлого бүтэн аваад үүнийг 1,1 хувьд хуваагаад эцсийн дүнгээр зөрчлийн дүн гарна.
Татвар төлөгчийн би бүх интернэт банкаар нь хуулгыг нь Excel программ дээр унагаагаад авсан юм. Таван толгой түлш ХХК-аас орж ирсэн орлогуудаа бүгдийг нь соортлоод он, он дээр нь орлогуудаа тавьчихсан. Үүнийг нь тухайн татвар төлөгчид хүртэл хяналт шалгалтын явцад танилцуулж байсан. Үүнээс л бид нар цэвэр дүнгээр нь 2021 он дээр бүтэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон гэж байгаа юм. Түүнээс бид нар хяналт шалгалтын явцад ганцхан татвар төлөгчийн шивсэн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг үндэслээд хийгээгүй. Хяналт шалгалтад хамрагдаж байгаа 2019-2021 оны нь бүх хуулгуудыг авсан.
Нэхэмжлэгч нь татвар төлөгчийн хувьд хямд үнэтэй бензин худалдан авч байгаа нь нөгөө талдаа далд эдийн засаг буюу татвар төлөгчийн татварын албанд төлөх татварыг нь нуух боломжийг олгоод байгаа юм. Тэгэхээр татварын хуулийн хэрэгжилтийг бид нар хангаж байгаа учраас зардал дээр бол татварын байцаагчийн зүгээс элэгдлийн зардлыг хуулийн хүрээнд хасаад өгөх боломжтой. Бид нар зах зээлийн үнэлгээг нь судлаад үнийг хяналт шалгалтын явцад танилцуулсан. Хоёрдугаарт зардал хасаж өгсөнгүй гээд байгаа. Хуулийн хүрээнд нийцүүлж л холбогдох зардлуудыг хассан учраас үүн дээр ямар нэгэн байдлаар манай татварын программ нэмэлтээр иргэн З.Сырымбекийн 2019-2021 онуудад нэмээд баримт шивээд программд оруулах боломжгүй учраас өөрчлөгдөнө гэж харахгүй байна. Харин элэгдлийн зардал гэдэг бол и-баримтгүй байж гэж үзэж болно гэдэг үүднээс элэгдлийн зардал нь татвар төлөгчийн үндсэн хөрөнгийг зах зээлийн ханшинд үнэлээд хуулийн дагуу элэгдлийг нь нь и-баримтгүйгээр нь хасаж зөрчлөөс нь болно.
Хяналт шалгалтын томилолтыг бид нар хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын хүрээнд тухайн нөхцөл байдалд тусдаа хүсэлтээр сунгадаг. Тэр нь манай программ дээр нэгдсэн байдлаар орж ирээд эцсийн байдлаар хэвлэгддэг. Хэвлэгдэхэд эцсийн хяналт шалгалтын шийдвэр нэлээн урт хугацааны хувьд явагдсан. 2022 оны 11 дүгээр сарын 11-нээс 04 дүгээр сарын 13 өдөр хүртэл тухайн явцдаа бид нар гарын үсэг зурагдаад программд хүсэлтээ өгөөд сунгуулж байсан тухайн өдрийн он, саруудаар тусдаа маягтуудаар харагдана. Нэгдсэн программаас унагаасан жагсаалт бол 04 дүгээр сарын 13-ны өдөр манай хяналт шалгалтын тасгийн дарга маань 03 дугаар сарын 20 хэднээр нэгжийн дарга бол өөрчлөгдсөн байгаа. Явцын дунд хүсэлтүүд нь бүгд албан ёсны гарын үсэгтэйгээр программд хадгалагдчихсан байгаа.
Шинэчилсэн Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж, ахуй нэгжийн тухай хуулиудыг барьж байгаа. 2019 онд бол татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулж байсан явдал байгаа. Гэтэл манай шинэчилсэн хууль дээр өөрөө тодорхой заагаад өгчихсөн учраас бид нар татварын хуулиа л барьж шийдвэр гаргаж байгаа.
Дүгнээд хэлэх юм бол зөрчилд авсан орлогын хувьд хяналт шалгалтын хугацаанд хийсэн татвар төлөгчийн данс болон бусад мэдээлэлд тулгуурлаж хийсэн. Үүн дээр бол бид эргэлзээд байгаа ямар нэгэн тоон мэдээлэл байхгүй. Эргэлзээд байгаа асуудал бол нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд падаан дээр нэмэгдсэн өртгийн албан татвар татагдаагүй гэдэг асуудлыг ярьсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын цэвэр, бохир дүн гэдэг бол манай албаны үгээр хэрэглэгддэг учраас бид нар албаны хэллэгээр ярих зөв зохистой гэж үзэж байна.
Нэгдүгээрт татвар төлөгч татварын алба илрүүлээгүй гэж байна. Татварын алба татварын эрсдэлийг тооцож явж байгаа. Тухайлбал хууль хяналтын байгууллагаас ирсэн хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг хийж байгаа. Нэг л хуулийн хүрээнд татварын хяналт шалгалтыг бол хийдэг байгаа. Тухайн татвар төлөгч хяналт шалгалтын явцад тайлан ирүүлээгүй үзлэгийн явцад 2021 онд ямар нэгэн илэрц байхгүй гэдэг нь харагдсан. Дараагийн нэг асуудал бол баримтгүй зардал гэдгийг бид нар одоо зөндөө хэллээ. Үндэслэлгүйгээр хасаагүй байна гэдэг зүйл яригдаад байна. Далд эдийн засаг гэдэг бол өмгөөлөгчийн яриад байгаагаа хямд үнэтэй барааг аваад байна гэдэг асуудал байгаа. Татварын хяналт шалгалтын томилолт үүсэж байгаа гэдэг нь өөрөө татварын хуулийн хэрэгжилтийг шалга гэж үүсгэж байгаа. Хямд үнэтэй бараа та авсан юм бол зардалд тооцно гэсэн хуулийн зүйл заалт байхгүй учраас Аж, ахуй нэгжийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан зардлын шаардлагын хүрээнд баримтыг хасаад явсан. Дараагийн асуудал бол манай хуулийн зөвлөхийн хэлдэгчлэн тухайн нөхцөл байдлынхаа хүрээнд баримт олгоогүй асуудлаар татварын албаны нэгдсэн лавлах 1800-1288 утсанд гомдол мэдээллийг хүлээж аваад харьяалах татварын алба нэгжээр хуваарилаад гомдлыг барагдуулаад явдаг. Тухайн тайлант хугацаандаа гомдлоо барагдуулаад, баримтаа татварын албаараа шийдвэрлүүлээд явах бүрэн боломжтой асуудал байсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан заалтыг зөндөө хэллээ. Татвар төлөгчийн үүрэг юм. Энэ үүргийн дагуу бид нар татварын шинэчилсэн багц хуулийн хүрээнд Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д буюу нэмэгдсэн өртгийн албан татварын гэрчилгээ авах шаардлагыг хангасан хэр нь гэрчилгээ авахгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн, бараа борлуулсан бол хариуцлага тооцно гэж заасан байгаа. Үүний дагуу бид нар хяналт шалгалтын явцад хариуцлагыг оногдуулаад явсан асуудал байгаа гэв.
Хариуцагч Л.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Эрдэнэсувдын хэлдгээр тухайн татвар төлөгч өөрөө татварын нэгдсэн системд бүртгэхдээ ямар сонголт хийсэн гэдгийг мэдэхгүй байна. Хяналт шалгалтын явцад бид нар бол татвар төлөгчөөс хасуулах ямар зардал байна гэдгийг байнга сануулдаг байсан. Системийн бодолт зөв байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхмандал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-д төлбөрийн баримт гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа, хийгдсэн бараа, ажил үйлчилгээний нэр, код, зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг үнэлнэ гэсэн байгаа. Гэрээний дагуу тусгаад өгчихсөн үнийн дүнг зориулалтын дагуу зарцуулахгүйгээр хуулиас гадуур зүйл хийсэн л гэсэн үг юм. Энгийнээр тайлбарлах юм бол супермаркетаас ороод согтууруулах ундаа худалдаж авалгүйгээр шагийн хүмүүсээс худалдаж авдагтай л яг ижилхэн процесс явагдчихсан байгаа юм. Хууль, дүрэм, журмын дагуу төлбөрийнхөө баримтыг шатахуун түгээх станцаас аваад явж байсан бол энэ нь хасагдах зардалдаа хамрагдах боломжтой юм.
- Нэгдүгээрт иргэн З.Сырымбек хэлсэн шүү дээ. Мэргэжлийн нягтлан бодогч хүүхдээр орлого шивүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр мэргэжлийн нягтлан бодогч буруу сонголт хийсэн гэж бодохгүй байна. Хоёрдугаарт, байцаагч нар ингэж хэлээд байна. З.Сырымбекийн шивсэн баримтыг нягталж үздэггүй юм уу гэж асуугаад байна шүү дээ. Үүнийг юугаар нягталсан бэ гэхээр тухайн иргэн З.Сырымбекийн дансны хуулгыг аваад бүх нэгтгэл дүнг үзээд 1,1 хувьд хуваагаад 230 сая төгрөгийг гаргаж ирж байгаа юм. Хэрвээ нягталж үзээгүй шууд бүх дүнгээс нь бодно гэсэн бол сая хэлсэн тооцооллоор 260 хэдэн сая төгрөгийн орлого байх байсан. Цэвэр дүн нь 260 хэдэн сая, бохир буюу цэвэрлэсэн гэсэн дүн нь 230 сая болохоор зөрүүтэй гэж ойлгохгүй л байна гэв.
Эцэст нь хэлэхэд тайлан илгээгдэхгүй байна гэж хэлээд байна. Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд өөрөө биечлэн ирээд юу нь болохгүй байсан юм бэ гэж асуух боломжтой. Хүн өөрөө өөрийнхөө төлөө явах хэрэгтэй. Хуулийн үр дагаврыг тооцох хэрэгтэй шүү дээ. Монгол Улсын 3 сая иргэн бүрд татварын алба мэдэгдэх боломжгүй. Татварын алба чинь өөрөө хэдэн ажилтайнтай билээ хүрч ажиллаж чадна гэдэг бол өмгөөлөгчийн хэлсэн дээр бас учир дутагдалтай байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржханд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Татварын ерөнхий хуульд тулгуурлаад татварын хяналт шалгалтын явцад холбогдох татварын багц хуульд ашиглан хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн хоёр байцаагч. Энэ өнөөдрийн энэ нэхэмжлэлтэй хэргийн хувьд бол хууль буруу ашигласан эс үйлдэхүй болон тооцоолол алдсан үйл баримт байхгүй. Мэргэжлийн хэллэгийг ойлгохгүйгээс болоод буруу ойлгосон зүйл байж магадгүй. Эцэст нь хэлэхэд Татварын алба, татварын улсын байцаагч бол хэн нэгэн хүнд өршөөл үзүүлдэг албан тушаалтан биш юм. Яг хууль дээр юу гэж заасан байна. Хуульд л нийцүүлэн акт бичдэг субъект. Гагцхүү энэ хүн ковидын үед үйл ажиллагаа явуулсан байна. Хасагдах зардалгүй төлбөрийн баримт дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт байхгүй байна гэж үзээд энэрээд явуулдаг эрх байхгүй. Тиймээс хуульд заасан үндэслэлийн дагуу нөхөн ногдуулалтын актыг бичсэн учраас татварын улсын байцаагчийн үндсэн нөхөн ногдуулалтын актыг бол хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасган нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс хариуцагч татварын улсын байцаагч нарт холбогдуулан тэдгээрийн гаргасан Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн НА-23230000035 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ
2.1. ... татвар ногдох нэг орлогоос хувь хүний болон нэмэгдсэн өртгийн хоёр татварыг зэрэг суутган авч байгаа нь үндэслэлгүй, хариуцагч нь албан татвараас хуулийн дагуу хасагдах зардлыг баримтын хүрээнд нягталж хасаж тооцоогүй, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойшхи хугацааны ажил үйлчилгээнд татвар ногдуулах ёстой, нэг орлого буюу тээврийн орлогоос хоёр төрлийн татвар тооцож, алданги, торгуулийг давхардуулж ногдуулж буй нь татвар төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдсан хууль бус үйлдэл болсон гэх агуулгаар тайлбарладаг
2.2. харин хариуцагчаас ...баримтаар нотлогдох зардал, элэгдлийн зардлыг нь хасаж тооцсон, нэхэмжлэгч хэзээ гэрчилгээ авснаас үл хамаараад НӨАТ төлөгчийн болзлыг хангасан үеэс татвар ногдуулахаар хуульд заасан гэх агуулга бүхий тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг үгүйсгэн маргаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3. Нэхэмжлэгч З.Сырымбек нь 2020 онд /гэрээнд сар өдрийг бичээгүй/ Таван толгой түлш ХХК-тай № 2020/488, № 2020/489, № 2020/495 Тээвэрлэлтийн гэрээ-г /хавтаст хэргийн 138-155 дахь тал/ байгуулсан байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 7 тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот-Өмнөговь аймаг, Ухаа-худаг-Улаанбаатар чиглэлд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор ашиглах шахмал түлш үйлдвэрлэх түүхий эдийг тээвэрлэн хүргэх ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх, зохих ёсоор хүлээлгэн өгөх, тээвэрлэгч буюу нэхэмжлэгч нь түүхий эд тээвэрлэхдээ урьдчилж шатахуун, түлшний зардлаа өөрөө зохицуулах үүргийг хүлээж, харин Таван толгой түлш ХХК-иас тээврийн нэг рейсийн зардалд 2,724,718 төгрөгийг, дундын бүсийн буулгалт хийх тохиолдолд нэг рейсийн зардалд 2,445,560 төгрөгийг тээвэрлэгч буюу нэхэмжлэгчид олгох, нэг рейсийн зардал 2,724,718 төгрөг, 2,445,560 төгрөг тус бүрд түлш, тээвэрлэлтэй холбоотой болон бусад бүх зардал багтсан байхаар, тээвэрлэлтийн зардлыг буулгалт хийсний дараа тээвэрлэгч нь барааг хүлээлгэн өгөх газар хүргэн өгч, ажил хүлээлцсэн баримтыг үндэслэн тээвэрлэгчийн Хаан банкны дансанд ажлын тав хоногт шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон[1] байна.
Улмаар Таван толгой түлш ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан тээвэрлэлтийн гэрээний хугацааг сунгасан болох нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №/2021/-488, №/2021/-489, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №/2021/-489-1, №/2021/-495, №/2021/-495-1 /хавтаст хэргийн 156-161 дэх тал/ гэрээгээр тус тус тогтоогдож байна.
3.1. Нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон нь, улмаар 2021 оны үйл ажиллагаанаас олсон орлого гэж 208,393,429.00 төгрөгийн, 30,532,504.00 төгрөгийн 2 баримтыг үүсгэн Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгүүлж 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шивсэн нь тус тус хариуцагчаас нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн Татварын удирдлагын нэгдсэн системийн зурган мэдээллээр /хавтаст хэргийн 103 дахь тал/ тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчдоос маргаагүйг дурдах нь зүйтэй.
3.2. Хариуцагч татварын улсын байцаагч нараас маргаан бүхий Нөхөн ногдуулалтын акт-ыг гаргахдаа
а/ Хувь хүний орлогын албан татварын тухайд: нэхэмжлэгчийн Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгүүлсэн 2 баримтын (208,393,429.00 төгрөг+30,532,504.00 төгрөг) нийт дүн 238,925,933.00 төгрөгийн орлогоос баримтаар нотлогдох зардалын 4,593,652.62 төгрөгийг, элэгдлийн зардлыг 41,300,000.00 төгрөгийг тус тус хасаж тооцон хувь хүний орлогын албан татварын тайланд тайлагнаж албан татвар ногдуулаагүй зөрчлийн дүнг 193,032,208.38 төгрөгөөр тогтоож нөхөн татварт 19,303,228.04 төгрөг, торгуульд 7,721,291.22 төгрөг, алдангид 3,080,795.19 төгрөг, нийт 30,105,314.45 төгрөгийг;
б/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд: нэхэмжлэгчийн Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгүүлсэн 2 баримтын үнийн дүн /(208,393,429.00 төгрөг+30,532,504.00 төгрөг) нийт 238,925,933.00 төгрөгийн орлогоос нөхөн татвар 23,892,593.30, торгуульд 9,557,037.32 төгрөг, алдангид 3,813,257.89 төгрөг нийт 37,262,888.51 төгрөгийг;
в/ нийт зөрчлийн дүнг 431,958,213.38 /а+б/ төгрөгөөр тогтоон, нөхөн татварт 43,195,821.34 төгрөг, торгуульд 17,278,328.54 төгрөг, алдангид 6,894,053.08 төгрөг, нийт 67,368,202.96 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр тогтоосон болох нь Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн НА-23230000035 дугаартай Нөхөн ногдуулалтын акт, актын хавсралт татварын хяналт шалгалт илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо /хавтаст хэргийн 80-84 дэх тал/-ны хуудсаар тус тус тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгчээс маргаан бүхий Нөхөн ногдуулалтын акт-ыг бүхэлд нь эс зөвшөөрч
4.1. ... нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойшхи хугацааны орлогоос татвар тооцох ёстой гэж, харин хариуцагч нараас ...нэхэмжлэгч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /цаашид НӨАТ-ын тухай хууль гэж товчлох/ дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг 2020 онд хангасан байсан тул гэрчилгээ аваагүй байснаас үл хамаарч гүйцэтгэсэн ажил үйлчилгээнээс нь төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, торгууль оногдуулсан гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэн маргаж байна.
НӨАТ-ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. Хувь хүн, ... Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ гэж заасан ба, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4. "үйлчилгээ" гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг, 4.1.8. "нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, ... уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг ойлгохоор тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь Татварын удирдлагын нэгдсэн системд 2020 онд 52,244,489.91 төгрөгийн хувь хүний орлогын тайланг бүртгүүлж, үүнээс төлбөл зохих 1,924,448.99 төгрөгийн татварыг төлсөн болох нь маргаан бүхий актын хавсралт хувь хүний орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо /хавтаст хэргийн 92 дахь тал/-гоор тогтоогдож байх тул ...2020 онд нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг нэхэмжлэгчид үүссэн гэж маргасан хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй байна.
Тодруулбал НӨАТ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна, 5.2.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана гэж тус тус заасан.
Мөн Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1. Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно, 84.1.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь орлогын хэмжээ нь 50 сая төгрөгөөс дээш төгрөгт хүрсэн буюу нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүссэн өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргах үүрэгтэй байх ба, ийнхүү өргөдлөө гаргаж албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй тохиолдолд суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч гэрчилгээ авалгүйгээр үйлчилгээ үзүүлсэн бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгохоор хуульчлан зохицуулжээ.
Иймээс хариуцагч нараас маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэнээс үл хамааран нэхэмжлэгчийн 2021 оны орлогод нөхөн татвар, торгууль ногдуулсныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
4.2. Гэвч хариуцагч нар нь нэхэмжлэгчийн Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгүүлж шивсэн 2021 оны 208,393,429.00 төгрөгийн, 30,532,504.00 төгрөгийн 2 баримтын үнийн дүнг бараа ажил үйлчилгээний үнийн дүн, нэмэгдсэн өртгийн албан татвар гэж салсан дүнгээс нөхөн төлбөл зохих татварыг тооцоололгүйгээр 208,393,429.00 төгрөг, 30,532,504.00 төгрөгийн нийлбэр 238,925,933.00 төгрөгөөс шууд 10%-ийн татвар авахаар буруу тооцсон болох нь маргаан бүхий актын хавсралт татварын хяналт шалгалт илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан тооцоо, татварын удирдлагын нэгдсэн системийн зурган мэдээлэл /хавтаст хэргийн 83, 94, 103 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал буюу хариуцагч нарын актаар тогтоосон нөхөн ногдуулсан татвар, торгууль, алдангийн тооцооллыг үнэн зөв эсэхийг тодруулах зорилгоор Татварын удирдлагын нэгдсэн систем буюу itax.mta.mn системд хийсэн үзлэг /шүүх хуралдааны нарийн бичгийн даргын компьютерээс нэвтэрсэн/-ээр тус тус тогтоогдож байна .
Тодруулбал: itax.mta.mn системд нэхэмжлэгч З.Сырымбекийн эрхээр нэвтрэн, цахим төлбөрийн баримт хэсэгт орж
а/ 208,393,429 төгрөгийн баримтыг шивж үзэхэд
|
| 208,393,429.00 |
| Бараа ажил үйлчилгээний үнэ: | 189,448,571.82 |
| Нэмэгдсэн өртгийн албан татвар: | 18,944,857.18 |
| Нийслэл хотын албан татвар: | 0.00 |
| Нийт дүн: | 208,393,429.00 |
б/ 30,532,504.00 төгрөгийн баримтыг шивж үзэхэд
|
| 30,532,504.00 |
| Бараа ажил үйлчилгээний үнэ: | 27,756,821.82 |
| Нэмэгдсэн өртгийн албан татвар: | 2,775,682.18 |
| Нийслэл хотын албан татвар: | 0.00 |
| Нийт дүн: | 30,532,504.00 |
в/ Дээрх 2 баримтын үнийн дүнг нэмж
208,393,429+30,532,504.00=238,925,933.00 төгрөгийн баримтыг шивж үзэхэд
|
| 238,925,933.00 |
| Бараа ажил үйлчилгээний үнэ: | 217,205,393.64 |
| Нэмэгдсэн өртгийн албан татвар: | 21,720,539.36 |
| Нийслэл хотын албан татвар: | 0.00 |
| Нийт дүн: | 238,925,933.00 |
гэж тооцоологдож байгаагаас үзвэл хариуцагч нар нь НӨАТ-ын ногдлыг тооцолохдоо itax.mta.mn системд шивсэн нийт орлогын дүнг дээрх байдлаар бараа ажил үйлчилгээний үнэ, нэмэгдсэн өртгийн албан татвар гэж салж бодогдоогүй үнийн дүнгээс шууд 10%-иар тооцохоор тогтоож нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Хариуцагч нараас үзлэгээр тогтоогдсон дээрх тооцооллын талаар ...нэхэмжлэгч хасагддаггүй бараа ажил үйлчилгээг сонгож буруу шивсэн байх гэх агуулгатай тайлбар гаргаснаас өөрөөр тооцооллыг буруу гэж үгүйсгэн маргаагүй, харин шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тухайн бодолтыг зөв болохыг баталж мэдүүлснийг /хавтаст хэргийн 183 дахь тал/ тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймээс нэхэмжлэгчийн НӨАТ-ын ногдлыг дараахь байдлаар зөвтгөн өөрчилж, нэхэмжлэгчийн төлөх нөхөн татвар, торгууль, алдангийн нийт дүнг 37,262,888.51 төгрөгөөс (37,262,888.51-33,875,353.19) 3,387,535.32 төгрөгөөр бууруулан багасгаж нийт 33,875,353.19 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр актын энэ хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Тооцооллыг хүснэгтээр харуулбал:
| № |
| Маргаан бүхий актын дүн | Шүүхээс багасгаж тооцсон дүн |
|
| Зөрчлийн дүн | 238,925,933.00 | 238,925,933.00 |
| 1 | НӨАТ ногдох бараа, ажил, үйлчилгээний үнэ | 238,892,593.00 | 217,205,393.64 |
| 2 | Төлбөл зохих нөхөн татвар | 23,892,593.30 | 21,720,539.36 |
| 3 | Торгууль /40%/ | 9,557,037.32 | 8,688,215.74 |
| 4 | Алданги /15,96%/ | 3,813,257.89 | 3,466,598.08 |
|
| Нийт төлөх дүн | 37,262,888.51 | 33,875,353.19 |
4.3. Хүн амын орлогын албан татварын тооцооллын тухайд:
Хариуцагч татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгчийн Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгүүлсэн 2 баримтын үнийн дүн 238,925,933.00 төгрөгийн нийт орлогоос 45,893,652.62 төгрөгийн зардлыг (4,593,652.62 төгрөг баримтаар нотлогдсон зардал + 41,300,000.00 төгрөг элэгдлийн зардал= нийт 45,893,652.62) хасаж тооцон хувь хүний орлогын албан татварын тайланд тайлагнаж албан татвар ногдуулаагүй зөрчлийн дүнг 193,032,280.38 төгрөгөөр (238,925,933.00-45,893,652.62=193,032,280.38) тогтоож нөхөн татварт 19,303,228.04 төгрөг, торгуульд 7,721,291.22 төгрөг, алдангид 3,080,795.19 төгрөг нийт 30,105,314.45 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон /хавтаст хэргийн 83, 94 дэх тал/ байна.
Нэхэмжлэгчээс дээрх татварын ногдлын талаар ... нэг төрлийн орлогод 2 татвар ногдуулж, алданги торгууль торгууль төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй, Таван толгой түлш ХХК-иас шилжүүлсэн тээврийн хөлснөөс жолоочийн зардал, сэлбэг, даатгал, торгууль зэрэг хасагдах зардлыг бүрэн тооцоогүй гэж, харин хариуцагчаас ...дахин давдагдашгүй төлбөрийн баримтаар нотлогдох орлогыг болон тээврийн хэрэгслийн элэгдлийн зардлыг хасаж тооцсон, нэхэмжлэгчээс жолооч нарт өгсөн цалин, түлш, сэлбэг авсан гэх зардлын баримтаа гаргаж өгөөгүй гэх агуулгаар тус тус тайлбарлан маргаж байна.
4.3.1. Нэг төрлийн орлогод 2 татвар ногдуулсан гэх нь үндэслэлийн тухайд:
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй, ... олсон орлогод албан татвар ногдоно гэж заасан ба мөн зүйлийн 6.3. Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно, 6.3.2. үйл ажиллагааны орлого гэж, түүнчлэн мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгүүдэд хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон орлого буюу ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамааруулахаар хуульчилснаас үзвэл нэхэмжлэгчийн Таван толгой түлш ХХК-тай байгуулсан тээвэрлэлтийн гэрээний төлбөр буюу орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулахаар байна.
Иймээс 1 төрлийн орлогод 2 татвар төлөх үндэслэлгүй гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзлээ.
4.3.2. Мөн нэхэмжлэгчээс ... хариуцагч нь хувь хүний орлогын албан татвараас хуулийн дагуу хасагдах зардлыг баримтын хүрээнд нягталж хасаж тооцоогүй гэж, харин хариуцагч нараас ...хасагдах зардал нь дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх ёстой, нэхэмжлэгч зардлаа баримтаар нотолж чадаагүй гэх агуулгаар тус тус маргасан ба шүүхээс хариуцагч нарын ...хасагдах зардлаа нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй гэх татгалзлын заримыг үндэслэлгүй гэж дүгнэлээ. Үүнд:
Хэргийн оролцогчдоос маргаан бүхий актаар тогтоосон татварт тайлагнаагүй гэх орлогыг нэхэмжлэгч З. Сырымбек нь зөвхөн Таван толгой түлш ХХК-тай байгуулсан тээвэрлэлтийн гэрээний төлбөрөөс олсон гэх үйл баримттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч З.Сырымбек нь 2020 онд Таван толгой түлш ХХК-тай № 2020/488, №2020/489, №2020/495 Тээвэрлэлтийн гэрээ-г байгуулсан ба гэрээгээр тээвэрлүүлэгч хуулийн этгээд нь тээвэрлэгчид олгох нэг рейсийн зардлыг 2,724,718 төгрөг, дундын бүсийн буулгалт хийх тохиолдолд нэг рейсийн зардлыг 2,445,560 төгрөг байхаар тус тус тооцож, уг зардалд түлш, тээвэрлэлттэй холбоотой бүх зардал багтаахаар харилцан тохиролцсон нь Тээвэрлэлтийн гэрээ /хавтаст хэргийн 138-161 дэх тал/-ээр;
түүнчлэн нэхэмжлэгч нь Таван толгой түлш ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрөөс жолоочийн цалин, сэлбэг, түлш, даатгал, торгууль, зогсоолын төлбөр, засварын хөлс гэсэн утгатай зарлага гаргасан болох нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5081004684 дугаартай харилцах дансны 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулгаар /хавтаст хэргийн 23-70 дахь тал/ тус тус тогтоогдож байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. Үйл ажиллагааны орлогод албан татварын ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д заасан шаардлагыг хангасан зардлыг хасаж, ..., гэж;
Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.1. тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх, 13.1.2. албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх, 13.1.3. зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх гэж тус тус заасан байна.
Дээр дурдсан хуулийн зохицуулалтуудыг тогтоогдсон үйл баримттай уялдуулан дүгнэхэд Таван толгой түлш ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрөөс нэхэмжлэгч нь жолоочийн цалин, сэлбэг, түлш, даатгал, торгууль, зогсоолын төлбөр, засварын хөлс зэрэг зардлыг төлсөн, эдгээр зардлууд нь нэхэмжлэгчид татвар ногдуулсан тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбогдон гарсан бодит зардал байх бөгөөд дээрх зардлын зарим хэсэг нь буюу даатгал, торгууль, зогсоолын төлбөр, сэлбэг, засварын хөлс зэрэгт төлсөн төлбөр нь албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан албан татвар ногдох орлогоос хасаж тооцогдох зардал гэж үзэхээр байна.
Учир нь даатгал, торгууль, зогсоолын төлбөр зэрэг төлбөрүүд банкны дансны хуулга баталгаажсанаас гадна эдгээр төлбөрт санхүүгийн анхан шатны баримт олгогддог, тодруулбал тээврийн хэрэгсэлтэй холбоотой буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчснөөс торгууль төлсөн, мөн зогсоолын төлсөн төлбөр тохиолдолд Цахим үйлчилгээний нэгдсэн портал e-mongolia.mn болон Цахим төлбөрийн нэгдсэн систем ebarimt.mn сайтаас төлбөр төлсөн талаарх мэдээллийг авах боломжтой байна.
Түүнчлэн хариуцагч нар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн 7 тээврийн хэрэгслийн эдэгдлийн зардлыг хасагдах зардалд оруулан тооцсон атлаа нэхэмжлэгчийн албан татвар ногдох орлого олсон үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан 7 тээврийн хэрэгслийн засвар, сэлбэгт төлсөн бодит зардлыг хасагдах зардалд оруулан нийт орлогоос хасаж тооцоогүй нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.2, 5.1.3 дахь хэсгүүдэд заасан татвар бий болгох, тогтоох, ногдуулах, хяналт шалгалт хийх үйл ажиллагаанд баримтлах тодорхой байх, шударга байх зарчимд нийцээгүй гэж үзлээ.
Улмаар Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2. Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ гэж заасан ба мөн зүйлийн 41.13. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, мөрдүүлнэ гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ыг /цаашид журам гэж товчлох/ шинэчлэн баталсан байна.
Хариуцагч татварын хяналтын улсын байцаагч нар дээрх журмын 3.6, 3.17 дахь хэсгүүдэд хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх, томилолтын хугацааг хяналт шалгалтын асуудал нэгжийн дарга сунгуулахаар заасан байхад хариуцагч нар нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс ажлын 15 хоногоор олгогдсон Татварын хяналт шалгалт хийх томилолт-ыг зөвхөн нэг удаа 2023 оны 03 сарын 31-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажлын 20 хоногоор сунгуулж, 2022 оны 12 дугаар сарын 15-наас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд татварын хяналт шалгалтыг томилолтгүйгээр хийж /хавтаст хэргийн 78 дахь тал/ гүйцэтгэн хууль, хуульд нийцүүлэн баталсан журмын зохицуулалтыг зөрчсөн нь тогтоогдож байна.
Түүнчлэн журмын 4.1. Татварын хяналт шалгалтын ажлыг бэлтгэх, гүйцэтгэх, дуусгах гэсэн гурван үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ гэж заасан.
Бэлтгэх үе шатанд журмын 4.3.8.а-4.3.8.д-д заасан татвар төлөгчийн эрхэлж буй өөрийн болон салбарын үйл ажиллагааны ерөнхий мэдээлэл, эдийн засаг, зах зээлийн төлөв байдлын мэдээлэлд, татвар төлөгчийн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан дахь бүртгэл, ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын мэдээлэлд, санхүү, татварын тайлан, хувьцаа, хөрөнгө оруулалтын мэдээлэлд, хөндлөнгийн мэдээлэлд, хяналт шалгалтад хамрагдсан байдал, маргаан бүхий актны шийдвэрлэлтийн байдалд судалгаа, шинжилгээ хийх;
Гүйцэтгэх үе шатанд журмын 4.4.3-4.4.5, 4.4.9-д ... хяналт шалгалтын явцад татварын ногдуулалт төлөлттэй холбоотой зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичиг, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч баримтжуулах, зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх, хяналт шалгалтын явцад зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээллийг нотлох зорилгоор гол харилцагч татвар төлөгчдийн талаар тайлбар, тодруулга, мэдээлэл, лавлагааг бусад татварын албанд хүсэлт хүргүүлэн авах, хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах, тодруулах, хяналт шалгалтын хугацаанд шаардлагатай мэдээллийг олж авах, нэмэлт мэдээллийн эх сурвалжийг илрүүлэх, мэдээллийн сангийн мэдээллийн үнэн зөв эсэхийг нотлох зорилгоор татвар төлөгч болон холбогдох хүмүүстэй ярилцлага хийж, тухай бүр "Ярилцлагын тэмдэглэл" хөтлөх, суутган тооцсон татварын дүнг үндсэн баримтаар нь хянан шалгаж илүү, дутуу төлөлтийн тооцоог тулган баталгаажуулах;
Улмаар дуусгах үе шатанд журмын хяналт шалгалтын үр дүнг тодорхойлоход мэдээлэл хангалттай эсэх, нотлох баримт, тооцооллыг нягталж шийдвэр гаргахад бэлтгэх гэж тус тус заасан үйл ажиллагааг хариуцагч татварын хяналтын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалт хийхдээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажиллахаар байжээ.
Хариуцагч нар нь дээрх журмын зохицуулалтуудыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчийн албан татвар ногдох орлогыг олсон тээвэрлэлтийн үйл ажиллагаатай шууд холбогдон бодитойгоор зарлагдсан даатгал, торгууль, зогсоолын төлбөр, сэлбэг, засварын хөлс зэргийг хасагдах зардалд оруулан тооцоогүй нь тогтоогдож байх тул шүүхээс хариуцагч татварын хяналтын улсын байцаагч нарын дээрх үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй байна.
Хариуцагч нар нь 2022 оны 12 дугаар сарын 15-наас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд татварын хяналт шалгалтыг томилолтгүйгээр хийж гүйцэтгэсэн тогтоогдож байх хэдий ч энэ нь маргаан бүхий Нөхөн ногдуулалтын акт-ыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохооргүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Харин дээр дурдсан зардлуудаас түлш, тослох материал, цалин зэрэг баримт нь дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий баримтаар нотлогдохоор байх тул уг зардлуудыг хасаж тооцох үндэслэлгүй гэж үзлээ.
Иймээс нэхэмжлэгчийн бодитоор зарлагдсан нь банкны дансны хуулгаар баталгаажсан торгууль, даатгалын хураамж, сэлбэг гэсэн утга бүхий нийт 228 удаагийн зарлагын гүйлгээний[2] дүн 81,803,322.00 төгрөгийг (52,185,440.00 сэлбэг+29,617,882.00 даатгал, торгууль, зогсоолын төлбөр, засварын хөлс) албан татвар ногдох орлогоос хасаж тооцох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүний амын орлогын албан татварт төлбөл зохих нөхөн татвар, торгууль, алдангид дараах байдлаар өөрчлөлт оруулж, актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
| № |
| Маргаан бүхий актын дүн | Шүүхээс тооцолсон дүн |
| 1 | Нийт орлого | 238,925,933.00 | 238,925,933.00 |
|
| Хасагдах зардлууд |
|
|
| 2 | Элэгдлийн зардал | 41,300,000.00 | 41,300,000.00
|
| 3 | Баримтаар нотлогдсон зардал | 4,593,652.62 | 4,593,652.62 |
| 4 | Банкны дансны хуулгаар баталгаажсан даатгал, торгуульд төлсөн зардал | - | 29,617,882.00 |
| 5 | Сэлбэг | - | 52,185,440.00 |
|
| Зөрчилд тооцсон Албан татвар ногдуулах орлогын дүн | 193,032,280.38 | 111,228,958.38 |
| 4 | Төлбөл зохих нөхөн татварын дүн | 19,303,228.04 | 11,122,895.83 |
| 5 | Торгууль /40%/ | 7,721,291.22 | 4,449,158.33 |
| 6 | Алданги /15.96%/ | 3,080,795.19 |
1,775,217.17 |
| 7 | Нийт төлбөл зохих дүн | 30,105,314,45 | 17,347,271.33 |
5. Өмнөх 4 дэх цогцолборын тооцооллыг нэгтгэн хариуцагч татварын улсын байцаагч нарын маргаан бүхий актаар нэхэмжлэгчид ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 67,368,202.96 төгрөгөөс 16,145,578.44 төгрөгөөр багасгаж, нийт төлөх төлбөрийг 51,222,624.52 төгрөг болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
а/ НӨАТ: 37,262,888.51-33,875,353.19=3,387,535.32
б/ ХАОАТ: 30,105,314,45-17,347,271.33=12,758,043.12
в/ Нийт 3,387,535.32+12,758,043.12=16,145,578.44 багасгасан дүн
6. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй, ач холбогдолгүй зарим баримтыг үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.6, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 41 дүгээр зүйлийн 41.2, 41.13, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, 6 дугаар зүйлийн 6.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.3.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч З.Сырымбекийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Отгонжаргал, Э.Эрдэнэсувд нарын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн НА-23230000035 дугаар Нөхөн ногдуулалтын акт-аар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 67,368,202.96 төгрөгийн төлбөрийг 51,222,624.52 төгрөг болгон багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч татварын улсын байцаагч Л.Отгонжаргал, Э.Эрдэнэсувд нараас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА