Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 276

 

“Т...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын

хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                  Л.Атарцэцэг,

Шүүгчид:                               Г.Банзрагч, 

                                             Д.Мөнхтуяа,

                                             Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг, мөн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 467 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Т...” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0096 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0236 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0096 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасныг тус тус баримтлан “Т...” ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “Т...” ХХК-д холбогдох хэсгийг, мөн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 467 дугаар шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, “Т...” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0236 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 19 дүгээр зүйлийн 19.5” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Нэхэмжлэгч “Т...” ХХК-аас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг, мөн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 467 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Т...” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

4. Хариуцагчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн тухайд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Дундговь аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналыг хүчингүй болгуулахаар харьяалах захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байжээ. ...Дундговь аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналтай маргаагүй ба тус санал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн гаргасан 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ...” гэж үндэслэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоотыг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу гаргасан эсэх хууль зүйн үндэслэлийг хянах үүрэггүй, ... Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.6-д зааснаар аймгийн Засаг даргын дэмжихгүй санал ирүүлсэн, уг саналын хууль зүйн үндэслэлийг эрх бүхий байгууллага тухайлан шийдвэрлэж тогтоогоогүй...” гэж үндэслэсэн нь тус тус хуулийг буруу тайлбарласан байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. 

5. Учир нь, Ашигт малтмалын тухайн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...” гэж заасныг үзвэл дэмжсэн санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг төрийн захиргааны байгууллагад үүрэг болгосон зохицуулалт байна. Харин аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд шууд татгалзах үүргийг төрийн захиргааны байгууллагад хуулиар хүлээлгээгүй байна.

6. Ашигт малтмалын тухайн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан ба үүнийг Улсын Дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолд “энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тайлбарласан. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзвэл аймаг, нийслэлийн Засаг даргад татгалзах эрхийг олгохдоо тодорхой хязгаарлалт тогтоосон буюу зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзахыг зөвшөөрсөн, хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан хариу өгөхийг хориглосон зохицуулалт байна. Хууль тогтоогчоос аймгийн Засаг даргын татгалзах эрхийг хуулиар хязгаарласан байх тул хууль зүйн үндэслэлийг эцсийн шийдвэрийг гаргах эрхийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хянах үүрэгтэй болох нь тодорхой байна.

7. Мөн Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны байгууллагад аж ахуйн нэгжээс гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, хянан шийдвэрлэх, хариу өгөх ажиллагаанд Ашигт малтмалын тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү зааврыг мөрдлөг болгоно.” гэж заасан бөгөөд дотоод зааврын 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас “хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал” ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. Дээрх шийдвэрийн талаар аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ” гэж заасан ба 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн аймгийн засаг даргын татгалзсан санал хариуцагч байгууллагад ирсэн тухай цаг үед хариуцагч байгууллага “Засаг даргын санал нь Ашигт малтмалын тухай хууль болон Газрын тухай хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй нь тогтоогдсон гэж үзэж 136 компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэж байсан” ба үүнийг анхан шатны шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн.

8. Үүнээс дүгнэвэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эцсийн шийдвэр гаргах эрхийн хүрээнд аймгийн Засаг даргын татгалзсан саналын хууль зүйн үндэслэлийг хянадаг, хянах үүрэгтэй болох нь тодорхой байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

9. Мөн дээр дурдсанчлан аймгийн Засаг даргын дэмжээгүй санал ирсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос шууд татгалзах эрхийг хариуцагчид хуулиар хүлээлгээгүй бөгөөд хариуцагч нь аймгийн Засаг даргын татгалзлын хууль зүйн үндэслэлийг хянаж, дэмжээгүй санал нь хууль зүйн үндэслэлгүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрхтэй ба энэхүү эрхийн хүрээнд олон тооны компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байсан зэргээс дүгнэвэл аймгийн Засаг даргын дэмжээгүй санал нь заавал биелэгдэх шинжийг агуулаагүй, эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, энэ санал нь “Т...” ХХК-д хаяглагдаагүй, мэдэгдээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

10. Хэрэгт авагдсан Дундговь аймгийн Засаг даргаас дэмжихгүй гэх саналыг ирүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 83 дугаар саналын хуудсанд дэмжихгүй байгаа хууль ёсны үндэслэлд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаар тоотыг хавсаргав гэсэн байдаг. Гэтэл уг 2 дугаар албан тоотод “Аймгийн ЗДТГ-ын 2015 оны 12 дугаар арын 08-ны өдрийн өдрийн 2М559 тоот албан бичгийн хавсралтад байгаа ...Хонгор уул нэртэй газарт “Т...” ХХК-д ...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болно” гэжээ. Энэхүү 2 дугаар албан тоот нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хурлын тогтоол, шийдвэрт үндэслээгүй, мөн аймгийн Засаг даргаас ашигт малтмалын газарт болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэр авагдаагүй болох нь тогтоогдсон буюу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Мөн дээр дурдсан Ашигт малтмалын тухайн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах байтал “...боломжгүй...” гэсэн үндэслэлээр татгалзсан нь мөн хуулийн заалтыг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал болох нь тодорхой байхад анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх аль аль нь дүгнэлт өгөөгүй.

11. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрт Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг, дотоод зааврын 4.5 дахь хэсгийг дурдаад мөн Дундговь аймгийн Засаг даргын дэмжихгүй саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь дотоод зааварт заасан хууль зүйн үндэслэлгүй дэмжихгүй санал гэж үзээгүй гэж тайлбарласан нь Кадастрын хэлтсийг аймгийн Засаг даргын саналыг хянасан байна гэж үзсэн. Гэтэл дотоод зааварт хууль зүйн үндэслэлгүй саналын шалгуурыг зохицуулаагүй бөгөөд хууль зүйн шалгуурыг дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, түүнийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолд зохицуулсан байдаг. Үүнээс дүгнэвэл Дундговь аймгийн Засаг даргын дэмжээгүй гэх санал нь процессын хувьд хууль зөрчсөнөөс гадна хуульд заагаагүй буюу боломжгүй гэх үгэнд үндэслэсэн хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал болох нь илэрхий байна.

12. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс “Т...” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өргөдлөө гаргасан байтал 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өргөдлийг шийдвэрлэж байгаа нь Ашигт малтмалын тухайн хуулийн 19 дүгээр зүйл, дотоод зааврын 4.5 дахь хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн талаар маргасан бөгөөд хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрсөн байтал анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн үйлдэлд үнэлэлт өгөөгүй байна.

13. Мөн хариуцагчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 460 болон 467 дугаар шийдвэрүүд нь Ашигт малтмалын тухайн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан ажлын 20 өдөрт багтааж шийдвэрлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг явуулсан атлаа мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэн баримтжуулаагүй, 27 дугаар зүйлийн 27.7 дахь хэсэгт зааснаар гарсан саналыг тусгаагүй шалтгаанаа тайлбарлах үүргээ биелүүлээгүй зэрэг процессын зөрчилтэй байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй.

14. Анхан шатны шүүхээс “Т...” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай, ...өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухайн хуульд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгодог байсныг хүчингүй болгож, зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасан тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хэрхэн сэргэх нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй...” гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул хууль зүйн үндэслэлгүй байна.

15. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар оруулж, 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. “Т...” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тус тус өргөдлөө гаргаж өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Улмаар 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 460, 467 дугаар шийдвэрүүд гарсан ба Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө нь үүссэн харилцаа болох тодорхой байна. Хуульд нэмэлт өөрчлөлт орсон боловч хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг бүрмөсөн зогсоогоогүй. Ашигт малтмалын тухайн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “...кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ.” гэж тус тус заасан ба ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрх нь Кадастрын хэлтсийн даргын бүрэн эрх хэвээр хадгалагдсаар байна.

16. Захиргааны эрх зүйн харилцаанд \ЗЕХ болон ЗХШХШтХ-д\ хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт байхгүй бөгөөд өнгөрсөн үйл баримтад шинэ хуулийн зохицуулалтыг хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тайлбарыг анхан шатны шүүхээс хийсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулаагүй бөгөөд харин ч хуулийг буруу тайлбарласан дүгнэлтийг дахин өгсөн үндэслэлгүй байна.  Учир нь, хуулийг буцаан хэрэглэх гэдэг ойлголт бол өнгөрсөн үйл баримтад эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинээр батлагдсан хуулийг хэрэглэх зохицуулалт болохоос хүчингүй болсон хуулийг одоогийн үйл баримтад хэрэглэх ойлголтыг агуулдаггүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хууль буцаан хэрэглэх ойлголтыг агуулгаас нь гажуудуулж дүгнэлт хийсэн нь өөрөө үндэслэлгүй юм.

17. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128\ШШ2018\0096 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 222\МА2018\0236 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

18. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

19. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн тухайд:

20. Маргаан бүхий дээрх, 460 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг үндэслэн “Т...” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-027136 дугаар өргөдөлд “Засаг даргын “дэмжихгүй” санал ирсэн” гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ. 

21. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тодорхойлсон ба 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно”, 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, ... мэдэгдэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд төрийн захиргааны байгууллага нь Засаг даргын саналыг үндэслэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг шийдвэрлэх, санал нь хуульд үндэслэсэн байхыг хуульчилсан.

22. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3, 19.4-т заасныг хэрэгжүүлж, “Т...” ХХК-ийн тус аймгийн Өлзийт сумын нутагт орших “Хонгор уул” нэртэй 11839.62 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэн, шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/9541 тоот албан бичгээр Дундговь аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлжээ. Аймгийн Засаг дарга нь Кадастрын хэлтсээс ирүүлсэн мэдэгдлийг Өлзийт сумын ИТХ-ын даргад хүргүүлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоотоор “...Ашигт малтмалын газраас гаргасан дүгнэлт бүхий “Хонгор уул” нэртэй газарт “Т...” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн татгалзсан хариу өгчээ. Үүний дагуу аймгийн Засаг дарга “дэмжихгүй” санал гаргасныг хуульд үндэслээгүй гэж үзэх боломжгүй юм.

23. Иймд, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 460 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” саналыг үндэслэн нэхэмжлэгч “Т...” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн NE-027136 дугаар өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

24. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 467 дугаар шийдвэрийн тухайд:

25. Мөн хэлтсийн даргын 2017 оны 467 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч  компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-026366 дугаар өргөдлийн талбай нь “орон нутгийн тусгай хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай” гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос мөн татгалзжээ.

26. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д “хүсэлтэд дурдсан талбай нь ...тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ..талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, ...” гэж заасан.

27. Дундговь аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг орчмын газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, нэхэмжлэгч “Т...” ХХК-ийн Өлзийт сумын нутагт орших “Од” нэртэй газарт тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-026366 өргөдлийн талбай нь дээрх, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайтай бүхэлдээ давхцалтай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хариуцагч захиргааны байгууллага нь NE-026366 дугаар бүхий өргөдлийн талбай нь “орон нутгийн тусгай хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай” гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хуулийн дээрх заалтад нийцсэн байна.

28. Нэхэмжлэгч “Т...” ХХК нь анх Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг, “Од” нэртэй 10353.96 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өргөдөл гаргасан байх ба хариуцагчаас 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрээр “түрүүлж ирүүлсэн хуулийн шаардлага хангасан ХА-019317 дугаартай өргөдлийн талбайтай хэсэгчилсэн давхцалтай” гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаар тогтоолоор 851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосноор тухайн NE-026366 дугаар өргөдлийн эрх сэргэсэн боловч тус өргөдлийн талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай учир хариуцагчаас энэ үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг буруутгах үндэслэлгүй юм.

29. Анхан шатны шүүх дээрх маргааны үйл баримт, маргаж буй захиргааны актуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 7 дугаар зүйлийн 7.1, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хууль буцаан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу байна. Учир нь, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан байх бөгөөд уг хууль хэрэгжихээс өмнө үүссэн харилцаанд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн зүйл, заалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу биш байна.

30. Энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 460, 467 дугаар шийдвэрүүд гарсан ба Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө нь үүссэн харилцаа болох нь тодорхой байна, ...хуулийг буцаан хэрэглэх гэдэг ойлголт бол өнгөрсөн үйл баримтад эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинээр батлагдсан хуулийг хэрэглэх зохицуулалт болохоос хүчингүй болсон хуулийг одоогийн үйл баримтад хэрэглэх ойлголтыг агуулдаггүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хууль буцаан хэрэглэх ойлголтыг агуулгаас нь гажуудуулж дүгнэлт хийсэн нь өөрөө үндэслэлгүй” гэх хяналтын гомдол үндэслэлтэй байна.

31. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0236 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

               

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Л.АТАРЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА