Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 96

 

Д.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1375 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1081 дүгээр магадлалтай, Д.Б-т холбогдох 1806065401491 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, З овогт Д-ийн Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Д.Б-ийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.М, С.Б нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Д.Б нь өөрийн төрсөн ах Д.Ч болон эх Д.Д нарын хамт нэг гэрт амьдардаг. Мөн хохирогч буюу төрсөн ах Д.С-той нэг хашаанд байдаг. Д.Б нь өөрийнхөө амьдардаг гэрээс буюу Д.Ч-ны гэрээс Дөл зуух болон хөлдөөгч авсан байдаг. Гэтэл түүнийг бусдын орон байранд нэвтэрч хулгай хийсэн гэж үзэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд түүний Д.Ч-ны гэрээс эд зүйл хулгайлсан гэх үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй байна. Шийтгэх тогтоолд Д.Б болон хохирогч Д.С, Д.Ч нарын оршин суугаа хаягийг гурван өөр хаягт байдаг мэтээр бичсэн байна. Гэтэл Д.Б, Д.С, Д.Ч нар нь нэг хашаанд буюу Хужирбулангийн 1091 тоотод оршин суудаг болно. Шийтгэх тогтоолд бичигдсэнээр бол Д.Б нь хохирогч нараас өөр хаягт оршин суудаг бөгөөд хоёр өөр газраас хулгай хийсэн юм шиг харагдаж байна. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Д.Б нь 3 дугаар анги төгссөн гэх боловч бичиг үсэг мэддэг гэж үзэх боломжгүй, өөрөө муу уншдаг гэдэг юм. Гэтэл түүнийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар татаж, мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй мөртлөө байцаалтын тэмдэглэлд “өөрийн эрх, үүрэгтэйгээ өмгөөлөгчийн хамт уншиж танилцлаа. Эрх, үүргээ ойлгосон” гэж бичсэн байна. Мөн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар татаж, байцаалт авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй атлаа байцаалтын тэмдэглэлд “эрх, үүрэгтэйгээ өмгөөлөгчийн хамт уншиж танилцлаа” гэж өмгөөлөгч оролцуулсан мэтээр бичсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Хохирогч Д.С, Д.Ч нар нь Д.Б-ийн төрсөн ах нар юм. Гэтэл хохирогч нараас мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлаж өгөөгүй, энэ эрхийг эдлүүлээгүй, төрсөн дүүгийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Б гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Д.Б нь Д.С, Д.Ч нарын гэрээс эд зүйл хулгайлсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон. Тухайн гэрт Д.Б амьдардаг гэсэн нотлох баримт хэрэгт байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалын өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1098 тоотод оршин суух Д.С-ийн гэрээс 42 инчийн “ТСL” загварын зурагт, “MNBC” хүлээн авагч төхөөрөмж зэргийг хулгайлж, 280,000 төгрөгийн хохирол,

мөн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1091 тоотод оршин суух Д.Ч-ны гэрийн цоожтой хаалгыг цүүгээр нь татаж эвдэн нэвтэрч, “Дөл” зуух, загвар нь тодорхойгүй хөлдөөгч зэргийг хулгайлж, 160,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд хэрэглэж болно гэж хуульчилжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Б нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгчөөс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх талаар хүсэлт гаргасныг харгалзан үзэж, шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жил хорих ял оногдуулсан байна.

Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гэм буруугийн талаар гомдол гаргасан байх ба энэ талаар давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр ял оногдуулсан нь агуулгын хувьд зөрчилтэй болж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүргэсэн байна” гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-т оногдуулсан хорих ялыг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хүндрүүлж 2 жил хорих ял болгосон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд уг ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо өмнө нь давж заалдах шатны шүүхэд гаргаж байсан гомдлын агуулга, үндэслэлийг хуулан дахин бичсэн байх ба уг гомдолд давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн тул түүний хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1375 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1081 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                  

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН