Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1375

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн 1806 0654 01491 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Б, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1098 тоотод оршин суух иргэн Д.Сүрэнхоролоогийн гэрээс 42 инчийн ТСЛ маркийн зурагт МNBC хүлээн авагч төхөөрөмж хулгайлж нийт 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1091 тоотод оршин суух иргэн Д.Чулууны гэрээс Дөл нэртэй зуух, марк нь тодорхойгүй хөлдөөгч хулгайлж нийт 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Бусдын эд хөрөнгийг хулгайлж авсан миний буруу. Дахин хэрэг үйлдэхгүй. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй гэв.

Хохирогч Д.Сүрэнхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 8 сарын 3-ны өглөө ажилдаа яваад орой 17 цагийн орчим гэртээ иртэл манай хашааны хаалга онгорхой, гэрийн хаалга онгорхой байхаар нь ороод үзтэл манай зурагтын суурин дээр байсан 42 инчийн ТСЛ маркийн зурагт, МНВС хүлээн авагч хулгайд алдагдсан байсан. Би зурагтаа 2014 оны 7 сарын дундуур ВSB цахилгаан барааны дэлгүүрээс 510.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би эхэндээ өөрийн төрсөн дүүг авсан гэдгийг мэдэхгүй цагдаад дуудлага өгсөн. Дараа нь дүү авсныг мэдсэн. Би төрсөн дүүдээ гомдол гаргахгүй. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-11, 36-37 дугаар хуудас/,

Хохирогч Д.Чулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 8 сарын 8-ны өглөө 07 цагт гэрээсээ гараад ажилдаа явсан. Намайг гараад явахад гэрт болон хашаанд хүн үлдээгүй. Манай хашаанд ах болох Сүрэнхорлоо, хүргэн Мөнхбат, манайх гээд 3 гэр байдаг. Тухайн өдөр 21 цаг өнгөрч байхад гэртээ иртэл хашааны хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, харин манай гэрийн хаалгыг цүүгээр нь татаж эвдчихсэн, хаалга нээгээд дэлгээд орхисон байсан. Гэрт ороод үзтэл манай хөлдөөгч, гал зуух алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрт гадны гээд байх хүмүүс байхгүй, манай дүү Б  гэртээ ойрд ирэхгүй ихэнхдээ янз бүрийн хүмүүстэй нийлээд гадуур архи уугаад яваад байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 60-62 дугаар хуудас/,

Гэрч Ц.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 8 сарын 3-ны өдөр Хужирбулангаас гэрээсээ гараад гадуур халтуур хийх гээд явж байтал Хужирбулангийн 15-н буудлын засмал зам руу ордог хэсэг дээр зурагт тэвэрсэн 20-25 орчим насны залуу гар өргөөд зогсож байхаар нь авсан. Кино үйлдвэр орно гэхээр нь аваад явсан. Тэгээд нөгөө залуу кино үйлдвэрийн автобусны буудлын ард байдаг ломбард руу ороод буцаж гарч ирээд “ахаа та бичиг баримтаараа зурагт тавиад өг тэгэх үү, би иргэний үнэмлэхээ мартсан байна” гэхээр нь би ороод өөрийн иргэний үнэмлэхээр тэр зурагтыг 250.000 төгрөгний барьцаанд тавиад тэндээс 10.000 төгрөг аваад салсан. Би тухайн үед хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, өөрийнхөө зурагтыг тавих гэж байгаа юм гэхээр нь итгэсэн юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Тод үнэлгээ ХХК-ний алдагдсан эд зүйлд хийсэн үнэлгээний тайлан /хэргийн 33, 82  дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 105 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 99 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1098 тоотод оршин суух иргэн Д.Сүрэнхоролоогийн гэрээс 42 инчийн ТСЛ маркийн зурагт МNBC хүлээн авагч төхөөрөмж хулгайлж  280.000 төгрөгний,

 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1091 тоотод оршин суух иргэн Д.Чулууны гэрээс Дөл нэртэй зуух, марк нь тодорхойгүй хөлдөөгч хулгайлж 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч Д.Бийн “архи ууж дэмий тэнээд,архи уумаар санагдаад мөнгөгүй болсон тул хулгай хийсэн юм.Би өөрөө л хулгай хийсэн.Хэн ч юу ч надад нөлөөлөөгүй,би өөрөө л хулгай хийчихсэн” гэх мэдүүлэг, хохирогч Д.Сүрэнхорлоогийн “...2018 оны 8 сарын 3-ны өглөө ажилдаа яваад орой 17 цагийн орчим гэртээ иртэл манай хашааны хаалга онгорхой, гэрийн хаалга онгорхой байхаар нь ороод үзтэл манай зурагтын суурин дээр байсан 42 инчийн ТСЛ маркийн зурагт, МНВС хүлээн авагч хулгайд алдагдсан байсан”, хохирогч Д.Чулууны “...Тухайн өдөр 21 цаг өнгөрч байхад гэртээ иртэл хашааны хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, харин манай гэрийн хаалгыг цүүгээр нь татаж эвдчихсэн, хаалга нээгээд дэлгээд орхисон байсан. Гэрт ороод үзтэл манай хөлдөөгч, гал зуух алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн”, гэрч Ц.Пүрэвдоржийн “...би 2018 оны 8 сарын 3-ны өдөр Хужирбулангаас гэрээсээ гараад гадуур халтуур хийх гээд явж байтал Хужирбулангийн 15-н буудлын засмал зам руу ордог хэсэг дээр зурагт тэвэрсэн 20-25 орчим насны залуу гар өргөөд зогсож байхаар нь авсан. Кино үйлдвэр орно гэхээр нь аваад явсан. Тэгээд нөгөө залуу кино үйлдвэрийн автобусны буудлын ард байдаг ломбард руу ороод буцаж гарч ирээд “ахаа та бичиг баримтаараа зурагт тавиад өг тэгэх үү, би иргэний үнэмлэхээ мартсан байна” гэхээр нь би ороод өөрийн иргэний үнэмлэхээр тэр зурагтыг 250.000 төгрөгний барьцаанд тавиад тэндээс 10.000 төгрөг аваад салсан.” гэх мэдүүлгүүд болон Хөрөнгийн үнэлгээний Тод үнэлгээ ХХК-ны эд зүйлийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Бт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүхээс хохирогч Д.Сүрэнхорлоо, Д.Чулуун нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх бөгөөд шүүх хуралдаанд ирээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдний ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болоогүй болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.