Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/27

 


Б.Бямбадорж, Б.Хавдал нарт холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй  
Прокурор М.Оюунбат  
           Шүүгдэгч Б.Бямбадорж
           Шүүгдэгчийн өмгөөлөгч  Д.Долгорсүрэн
           Нарийн бичгийн дарга Б.Жавзмаа  нарыг оролцуулан тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:           
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Б.Бямбадорж, Б.Хавдал нарт холбогдох 2022000770111 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн танилцуулснаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх Боржигон овогт Баасанжавын Бямбадорж /РД:РВ84121515/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 22-85 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх Хашига овогт Баавуугийн Хавдал /РД:У067092416/

Б.Бямбадорж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт 70-22 ДУА улсын дугаартай, Ландкруйзер-70 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож улмаар зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Д.Булганы биед хүндэвтэр хохирол учруулсан, 
Шүүгдэгч Б.Хавдал нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт 70-22 ДУА улсын дугаартай, Ландкруйзер-70 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 
Дундговь аймгийн Прокурорын газраас Б.Бямбадоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Б.Хавдалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Боржигон овогт Баасанжавын Бямбадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг, шүүгдэгч Хашига овогт Баавуугийн Хавдалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Боржигон овгийн Баасанжавын Бямбадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Хашига овогт Баавуугийн Хавдалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 /гурван зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбадоржид оногдуулсан 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбадоржид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хавдал нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч Б.Хавдалд мэдэгдэж, Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч Д.Булган нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбадоржоос 15.985.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ган-Илч ХХК-д олгож, Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хавдалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Бямбадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. 
          Шүүгдэгч Б.Бямбадорж давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Хөвсгөл аймгийн харьяат Б.Бямбадорж би Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Уг тогтоолоор намайг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ялаар шийтгэсэн, харин Б.Хавдалыг мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Миний хувьд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг ба харин гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, мөн Б.Хавдалын дураараа аашилж бусдын тээврийн хэрэгслийг жолоодон ирж жолоодох эрхгүй надаар гуйж бариулж жолоо шилжүүлсэн, мөн миний хохирол төлбөрийг төлөх саналаа илэрхийлсэн болон тухайн үеийн төлбөрийн чадвар, боломжгүй үе зэргийг харгалзан үзэлгүйгээр Ган илч компаний тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээгээр гарсан 15.985.000 төгрөгийг зөвхөн надаас гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд гомдлыг хүлээн авч хэргийг тал бүрээс нь судалж хохирлыг буруутай хүмүүсээс хувь тэнцүүлэн гаргуулах, надад оногдуулсан хорих ялыг тэнсэж Анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Бямбадоржийн гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад гомдол үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 
Шүүгдэгч Баавуугийн Хавдал нь 2020 оны 02 дугаар сарын 06-ний өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах Хөөтийн уурхайн үйл ажиллагаанд хэрэглэж байсан Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний Ган-Илч ХХК-ний эзэмшлийн 70-22 ДУА улсын дугаартай Ланд круйзер-70 маркийн  тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг, шүүгдэгч Баасанжавын Бямбадорж нь уг машиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ унаж яваад онхолдож, улмаар иргэн Д.Булганы биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг  тогтоож, Шүүгдэгч Б.Бямбадорж, Б.Хавдал нарт оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.
Шүүгдэгч Б.Бямбадоржийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Булганы биед хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ган-Илч ХХК-д 15.985.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд  анхан шатны шүүх хохирогчийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгчид 15985000 төгрөгийг Б.Бямбадоржоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. 
Б.Хавдал дураараа аашилж уг машиныг унаж ирээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй надаар гуйж бариулж, жолоо шилжүүлсэн учир хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулна гэсэн шүүгдэгч Б.Бямбадоржийн давж заалдах гомдол үндэслэлгүй, учир нь түүний өөрийн хүсэл зориг, ухамсрын  дагуу хийсэн үйлдэлд бусдыг буруутгах үндэслэл тогтоогдоогүй өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ уг үйлдлийг бусдын ямар нэгэн дарамт шахалт, хууль бус албадлагагүйгээр хүсч үйлдсэн, гэм буруутай байдал нь Иргэний хуулийн 497.1, 499.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцан арилгах үндэслэл болно. 
Иргэний нэхэмжлэгчид машинд учирсан хохирол болох  15985000 төгрөгөөс 3300000 төгрөг төлсөн үлдэх мөнгийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр харилцан тохиролцсон тухай баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бямбадорж гаргаж өгсөн боловч энэ нь хохирол бүрэн төлөгдсөнийг илэрхийлэхгүй байх тул түүний хүсэлтийн дагуу хорих  ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэл болохгүй.
Иймд дээрх үндэслэлээр гаргасан шүүгдэгчийн гомдлоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж үзээд:

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Шүүгдэгч Б.Бямбадоржийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.  
2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь заалтыг баримтлан Б.Бямбадоржийн цагдан хоригдсон 53 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 
3.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


           
                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР 

                                                           Н.НАСАНЖАРГАЛ