Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г” ХХК /РД:/,

Хариуцагч: Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.П, М.А нарын хоорондын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн НА- дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.П, М.А нарт холбогдуулан 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн НА- дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

2. Татварын хяналт шалгалт хийх 2 дугаар томилолтоор Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.П, М.А нар “Г” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 397,396,550.99 төгрөгийн нөхөн татвар, 162,018,992.23 төгрөгийн торгууль, 86,496,126.26 төгрөгийн алданги, нийт 645,911,669.48 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

3. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хандсан байх ба Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс ямар нэгэн хариу өгөөгүй гэх үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаар тогтоолоор “...нийт 645,911,669.48 төгрөгийн төлбөр ногдуулснаас илүү ногдуулсан торгуулийн 999,253.04 төгрөгөөр бууруулж, 397,396,550.98 төгрөгийн нөхөн татвар, 161,019,739.20 төгрөгийн торгууль, 86,496,126.25 төгрөгийн алданги, нийт 644,912,416.44 төгрөгийн төлбөрийг төлүүлэх”-ээр өөрчилж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

А. Экспортод гаргасан 6,413 тн нүүрсний борлуулалтад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төлөөгүй зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийн талаар: “Г" ХХК нь МѴ-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, Ашигт малтмалын тухай хуулийн 47.1.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч юм. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсын хуулийн этгээд болох “Г” ХХК-тай №GH-GI-20******* дугаар бүхий "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ" байгуулж нүүрсийг уурхайн амнаас худалдах нөхцөлтэй, 1 тн нүүрсний худалдах үнэ 65,800 төгрөг, нийлүүлэх нүүрсний хэмжээ календарын сард 10,000 тонн байхаар гэрээний гол нөхцөлүүдээ тохиролцсон.

2021.10.05-ны өдрөөс 2021.12.06-ны өдөр нийт 77 удаагийн ачилтаар 6,413 тн нүүрсийг уурхайн амнаас ачуулж, 421,975,400 (6,413х65,800) төгрөгийн орлогыг компанийн дансанд хүлээн авсан, эдгээр ажил гүйлгээнүүд нь “Г” ХХК-ийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн, татварын хяналт шалгалтаар бүрэн хянагдсан байна. "Г” ХХК болон "Г" ХХК-ийн хооронд хийсэн "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ", гэрээний дагуу уурхайн амны нөхцөлөөр нүүрс нийлүүлсэн, ачуулсан, төлбөр тооцоо хүлээн авсан бүхий л баримт нотолгоог бидний зүгээс гаргаж өгсөн бөгөөд энэ үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1 заалтыг баримтлан экспортод гаргасан этгээд нь АМНАТ төлөх үүрэгтэй.

Иймээс "Нөхөн ногдуулалтын акт"-аар Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3, 47.17 заалтыг баримтлан 6,413 тн боловсруулаагүй нүүрс экспортод гарган борлуулсан гэж үзэж, 3,373,270,774.70 төгрөгийн үнэлгээнээс нөхөн ногдуулсан АМНАТ, торгууль алдангийг татвар төлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, манай компанийн хувьд дотооддоо борлуулсан, харин экспортод гаргаагүй.

Б. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын талаар: Манай компани 2019 онд ТТ-23 маягтаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан гаргаж, 4,792,160 төгрөгийн татвар ногдуулан хулийн хугацаанд төлсөн. 2020 онд Татварын албанаас ирсэн нэхэмжлэхийн дагуу 687,503 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлсөн. Харин ТТ-23 маягтаар тайлагнаж болохгүй байсан, Дундговь аймгийн татварын хэлтэс нэхэмжлэхийн дагуу татвараа төлөхийг зөвлөсөн. 2021 онд мөн 687,503 төгрөгийн нэхэмжлэх ирснийг хуулийн хугацаанд төлсөн. Бид ТТ-23 маягтаар тайлан илгээсэн боловч уг тайлан одоо хүртэл баталгаажаагүй, шинэ хадгалсан төлөвтэй байна.

Татварын алба цахим системд шилжсэнээр татвар төлөгч ТТ-23 маягтаар тайлагнаж, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдол үүсгэх боломжгүй болсон. Татварын алба, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар хооронд шууд мэдээлэл солилцдог болсон, иймээс үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг Татварын алба шууд тодорхойлон татварын нэхэмжлэх илгээдэг зарчимд шилжсэн. Тодруулбал, тайлант он эхлэх буюу 1 дүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ, ААНОАТ гэх мэт тайлангийн маягтууд Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд нээлттэй болдог. Татвар төлөгч ТБМНС-д нэвтрэн орж татварын тайланг үйлдэж тушаадаг. Харин 2020 оноос одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн маягт ТБМНС-д байхгүй байгаа. ТЕГ-ын даргын 2022.12.08-ны өдрийн А/190 тушаалаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын маягтыг баталж, цахим системд нэвтрүүлэхийг үүрэг болгосон боловч 2023 онд хэрэгжээгүй байна.

Иймээс "Нөхөн ногдуулалтын акт"-аар үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тайлагнаж төлөөгүй үндэслэлээр ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй.

В. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын талаар: "Г" ХХК-тай хийсэн гэрээний дагуу манай компани 10,000 тн нүүрс нийлүүлэх үүрэгтэй байсан. Эхний 6,413 тн нүүрсийг нийлүүлсний дараа талуудын хооронд үл ойлголцол, маргаан үүссэн тул асуудлыг шийдэгдэх хүртэл манай компани уг орлогыг "Урьдчилж орсон орлого" дансанд бүртгэсэн болно. Хэрэв ийм маргаантай асуудал үүсээгүй бол бид ААНОАТ-ын тайланд тайлагнах үүрэгтэй байсан бөгөөд орлого тайлагнасан тохиолдолд уг орлоготой холбогдох өртөг хасагдах зардал болох ёстой байсан. Татварын улсын байцаагч акт үйлдэхдээ шууд орлогын дүнгээс татвар ногдуулсан нь үндэслэлгүй, ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Г. Хугацаандаа төлөөгүй татварын торгууль, алдангийн талаар: Татварын хяналт шалгалтын томилолт 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааг хамрахаар удирдамж гарсан байна. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу “Г” ХХК нь 2021 оны улиралд 21,9 сая төгрөгийг ногдуулан тайлагнаж, 2022 оны 1-р улирал буюу хуулийн хугацаанд төлсөн байхад татварын улсын байцаагч нар томилолтын хугацаа тасалбар болсноос хойш буюу 2022 онд төлсөн татварт хугацаа тоолж, 4,407,936.72 төгрөгийн торгууль, алданги ногдуулсныг зөвшөөрөхгүй.

Суутган авсан ХХОАТ-т торгууль, алданги ногдуулахдаа хугацааг илэрхий буруу тоолсон. Тухайлбал, 2021 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл хугацааг 2021.08.10-ны өдрөөс тоолбол 79 хоног, 2021.07 10-ны өдрөөс тоолбол 110 хоног байгаа боловч татварын байцаагч 136 хоногоор тооцож торгууль алданги ногдуулсан байна. Зөрчлийн тухай хуульд ногдуулах торгууль нь төлөх татварын үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж заасан боловч татварын улсын байцаагч энэ хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь хууль бус” гэжээ.

5. Хариуцагч Б.П, М.А нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “1. Гомдлын А хэсэгт, Экспортод гаргасан нүүрсний борлуулалтад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төлөөгүй зөрчлийн тухай.

"Г” ХХК нь АМГТХЭГ-аас 2007 онд олгосон Дундговь аймгийн ******* сумын "Х" нэртэй газар ашигт малтмал ашиглалтын дугаар 12******* тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон дулаан үйлдвэрлэх дугаар тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг.

Тус компани Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2021 оны жилийн эцсийн /маягт ТТ-02 тайлан/-гаар зөвхөн дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх борлуулах үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогоо тайлагнасан.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /маягт ТТ-15 тайлан/-гаар боловсруулаагүй нүүрс 21,949.04 тонн олборлож, 13,259.44 тонныг худалдсан, худалдахаар ачуулснаар тоо хэмжээний үзүүлэлтийг, харин ашигт малтмалын нөөцийн төлбөрийн тооцоондоо зөвхөн 10,000.00 тонн боловсруулаагүй нүүрсийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 5530776 регистрийн дугаартай "А" ХХК-д борлуулсан 607,272,700.00 дотоодын борлуулалтын үнэлгээнээс 15,181,817.50 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан тус тус тайлагнасан. Худалдахаар ачуулсан тоо хэмжээ нь экспортод гаргасан 3,259.44 тонноор дутуу байгаа нь тайлангийн тоон үзүүлэлтээс харагдаж байна.

Гэтэл татварын удирдлагын нэгдсэн системийн хөндлөнгийн мэдээлэл “гаалийн мэдүүлэг"- ээр тус компани боловсруулаагүй нүүрсийг 2021 оны 10 дугаар 19-ний өдөр 3,259.44 тонныг БНХАУ-ын "А" компанид, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3,153.56 тонныг БНХАУ-ын "З" ХХК-д экспортод гаргасан байна. Боловсруулаагүй нүүрсний экспортын борлуулалтын орлогыг худалдан авагч тал "Г” ХХК-ийн ******* банкны 54******* тоот юанийн дансанд 2021 оны 04 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд шилжүүлснийг "урьдчилж орсон орлого" дансанд бүртгэсэн нь нягтлан бодох бүртгэлийн журналын бичилтээр нотлогдоно.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.2.1, 47.3, 47.3.3, 47.10-д заасныг зөрчсөн гэж үзэн 3,373,270,774.70 төгрөгийн зөрчилд ашигт малтмалын нөөц ашигласны 168,663,538.73 төгрөгийн нөхөн татвар, 67,465,415.49 төгрөгийн торгууль, 35,103,942.32 төгрөгийн алданги нийт 271,232,896.54 төгрөгийн төлбөр, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.8, 47.17, 47.10-д заасныг зөрчсөн гэж үзэн 3,373,270,774.70 төгрөгийн зөрчилд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрөөр 168,663,538.73 төгрөгийн нөхөн татвар, 67,465,415.49 төгрөгийн торгууль, 35,103,942.32 төгрөгийн алданги нийт 271,232,896.54 төгрөгийн төлбөрийг тус тус ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

2. Гомдлын Б хэсэгт, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын зөрчлийн тухай. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д "Татвар төлөгч татварын тайланг Хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан Хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ: 39.1.1. анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх" гэж заасны дагуу татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаа үнэн зөв ногдуулж тайлагнах үүрэгтэй.

"Г” ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын үнэлгээг өмнөх татварын хяналт шалгалтын үед ч мөн адил багаар тооцож тайлагнаж ирсэн. Харин 2021 онд үл хөдлөх эд хөрөнгийн 551,501,725.20 төгрөгийн үнэлгээнээс 4,412,013.80 төгрөгийн албан татварыг ногдуулан цахим системд шивсэн боловч хадгалаад илгээгүй болох нь татварын удирдлагын нэгдсэн системээс тодорхой байна.

Татварын улсын байцаагчид дээрхи үнэлгээний дүнгээс тайлагнасан /89,937,500.00 төгрөгийн үнэлгээнээс 687,503.00 төгрөгийн татвар ногдуулж тайлагнасан/ зөрүү хасаж, 2020 онд Улаанбаатар хотод худалдан авсан 250,000,000.00 төгрөгийн оффисын барилгын үнэлгээг оруулан тооцож үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ногдуулсан.

Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль /2000 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг гэж үзэн 1,432,003,450.40 төгрөгийн зөрчилд 11,831,027.60 төгрөгийн нөхөн татвар, 4,732,411.04 төгрөгийн торгууль, 3,179,801.66 төгрөгийн алданги, нийт 19,743,240.30 төгрөгийн төлбөрийг ногдуулсан.

3. Гомдлын В хэсэгт, Нөхөн ногдуулалтын актны 1 дүгээр хэсэгт дурьдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зөрчлийн тухай.

"Г” ХХК-аас ирүүлсэн ерөнхий журналыг данс бүрээр задлан, Уулын ажлын тайлан, татварын тайлан, татварын албаны хөндлөнгийн мэдээлэл, татвар төлөгчөөс ирүүлсэн бусад санхүүгийн баримтыг үндэслэн тулган шалгаж үзэхэд:

Тус компани нь 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдөр "Г" ХХК-тай 10,000 тонн нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн хийж, нүүрсний төлбөр /1тонн * 65800-658,000.00/-ийг гэрээ хийснээс хойш ажлын 5 хоногт багтаан шилжүүлнэ гэж дурдсаны дагуу "Г" компанийн валют /юань/-ын харилцах дахь дансанд орж ирсэн орлогыг урьдчилж орсон орлого дансанд бүртгэсэн байсан.

Татварын тайлан /ТТ-02/-аарх борлуулалтын орлогыг тулган шалгахад дулааны үйлдвэрлэлийн орлого байсан бөгөөд татварын тайлан /АМНАТ ТТ-15/, экспортын гаалийн мэдээлэлд тусгагдсан 2021 оны 10, 12 сард нийт 6,413.0 тн нүүрсийг гадаад зах зээлд борлуулсан орлого тайлагнагдаагүй байсан.

Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно: 7.4.1. үйл ажиллагааны орлого", 8 дугаар зүйлийн 8.1-д "Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно: 8.1.1. бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого" гэж заасныг зөрчсөн гэж үзэн нийт 421,975,400.00 төгрөгийн зөрчилд 42,197,540.00 төгрөгийн нөхөн татвар, 12,659,262.00 төгрөгийн торгууль, 8,782,574.00 төгрөгийн алданги, нийт 63,639,376.00 төгрөгийн төлбөр ногдуулсан.

4. Гомдлын Г хэсэгт, Нөхөн ногдуулалтын актны 7, 8, 9 дүгээр хэсэгт дурдсан Хугацаандаа төлөөгүй торгууль, алдангийн зөрчлийн тухай.

"Г” ХХК-ийн татварын тооцооллыг татвар төлөлтийн баримттай тулган шалгаж үзэхэд Цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан хувь хүний орлогын албан татварын тайлангаар 2019 онд 47,544,329.12 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 31 хүртэлх 22,884,046.92 төгрөгийн өртэй байсан.

Иймд Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 43 дугаар зүйл "Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам"-ийн 43.5-д "Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна", Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 26 дугаар зүйл "Албан татвар ногдуулах, төсөвт төлөх"-ийн 26.3-д "Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ" гэж заасныг;

Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 29 дүгээр зүйл "Татварын тайлан үйлдэх, тушаах"- ийн 29.2-д "Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна", Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2019 оны/-ийн 25 дугаар зүйл "Албан татвар суутган тооцох, төсөвт төлөх"-ийн 25.6-д "Суутган төлөгч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 25.2-т зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ" гэж заасныг зөрчсөн гэж үзэн нийт 70,428,376.00 төгрөгийн зөрчилд 4,085,968.81 төгрөгийн торгууль, 1,854,792.53 төгрөгийн алданги, нийт 5,940,761.30 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Агаарын бохирдлын төлбөрийн 2021 оны тайлан (ТТ-24.1 маягт)-гаар гарсан 21,949,040.00 төгрөгийн ногдлыг хугацаанд нь төлөөгүй зөрчил илэрсэн.

Иймд Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 29 дүгээр зүйл "Татварын тайлан үйлдэх, тушаах"-ийн 29.2-д "Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна", Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль /2010 оны/-ийн 9 дүгээр зүйл "Төлбөр төлөх, тайлагнах"-ийн 9.1-д "Төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлосон түүхий нүүрсэнд ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд төлнө" гэж заасныг зөрчсөн гэж үзэн 21,949,040.00 төгрөгийн зөрчилд 3,194,157.00 төгрөгийн торгууль, 1,213,779.68 төгрөгийн алданги, нийт 4,407,936.72 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Дээрх зөрчилд торгууль, алданги ногдуулахдаа Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль /2020 оны 04 сарын 09-ний өдөр/-ийн 1 дүгээр зүйлд: "2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй", мөн хууль /2020 оны 12 сарын 25-ны өдөр/-ийн 1 дүгээр зүйлд: "2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварын хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй" гэсэн заалтыг тус тус хэрэглэсэн.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэлээ.

2. Татварын улсын байцаагч Б.П, М.А нар “Г” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар 397,396,550.99 төгрөгийн нөхөн татвар, 162,018,992.23 төгрөгийн торгууль, 86,496,126.26 төгрөгийн алданги, нийт 645,911,669.48 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсын хуулийн этгээд болох “Г” ХХК-тай байгуулсан "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу уурхайн амны нөхцөлөөр нүүрс нийлүүлсэн тул...6,413 тн боловсруулаагүй нүүрс экспортод гарган борлуулсан гэж үзэж, 3,373,270,774.70 төгрөгийн үнэлгээнээс нөхөн ногдуулсан АМНАТ, торгууль алдангийг зөвшөөрөхгүй, манай компани нүүрс экспортод гаргаагүй” гэх үндэслэлийн тухайд:

3.1. Хэрэгт цугларсан нотлох баримт болох 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Г” ХХК болон “Г*******” ХХКийн хооронд байгуулсан "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-гээр нэхэмжлэгч нь уурхайн амны нөхцөлөөр нүүрс нийлүүлэхээр тохиролцсон байх боловч 6,413.0 тонн боловсруулаагүй нүүрсийг “Г*******” ХХК нь БНХАУ руу өөрийн нэрээр экспортолсон болох нь Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн хөндлөнгийн мэдээллээр тогтоогдсон, тухайлбал дээрхи нүүрсийг хүлээн авагч нь БНХАУ-ын “А” компани болон “З” компани байх ба “B”, “Б” компаниудаас нүүрсний төлбөр гэх гүйлгээний утгатай нийт 2,559,911.63 юанийн орлого нэхэмжлэгчийн ******* банкин дахь 54******* тоот валют /юань/-ийн харилцах дансанд орсон нь тус компанийн харилцах дансны хуулгаар давхар нотлогджээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнийг үгүйсгэхдээ “...манай компанийн нэрийг ашиглаж “Г” ХХК экспортод нүүрсийг гаргасан, энэ тухай гомдол гаргасаар байхад хариуцагч байгууллага шалгаж нөхцөл байдлыг тогтоогоогүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасныг зөрчсөн” гэж маргав.

3.3. Хэрэгт 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаар бүхий “Г*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал авагдсан ба уг тушаалд Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газарт хандаж “...уурхайн ам нөхцөлөөр нүүрсийг худалдах заалт тусгагдсан аливаа татварын тухай дурдаагүй, ...гарал үүслийн гэрчилгээний дагуу манай нэрийг барьж БНХАУ руу экспорт хийгээд татвараа төлөөгүй этгээдийг олж хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү” гэх хүсэлт гаргасны хариуд Гаалийн ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01-1/1893 дугаар албан бичгээр “...бүх баримт бичгүүд танай компанийн нэр дээр байгааг хавсаргаж хийсэн байна, аливаа хуулийн этгээдийг олж тогтоох хариуцлага хүлээлгэх эрх эдлэхгүй...” талаар мэдэгдсэн байна.

3.4. Үүнээс үзвэл Татварын улсын байцаагч нар нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдал, хөндлөнгийн мэдээлэл, нэхэмжлэгч байгууллагын валютын харилцах дансны хуулга, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-гаар 10,000 тонн нүүрсийг “А” ХХК-д дотоодод борлуулж, 15,181,817.50 төгрөгийн төлбөр төлөхөөр тайлагнасан зэргийг үндэслэн “Г*******” ХХК нь 6,413.0 тонн боловсруулаагүй нүүрсийг экспортолсон гэж үзэж төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

3.5. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд...нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө", 47 дугаар зүйлийн 47.2.1-д "экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3.3-т "энэ хуулийн 47.3.1, 47.3 2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь", 47 5-д "Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно" гэж зааснаар "Г*******" ХХК-ийн экспортолсон боловсруулаагүй нүүрсэнд олон улсын зах зээлийн үнийг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулж төлүүлэхээр байна.

3.6. Иймд нөхөн ногдуулалтын актаар 2021 онд 6,413.0 тонн боловсруулаагүй нүүрс экспортолсон 3,373,270,774.70 төгрөгийн борлуулалтын үнэлгээнд ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулаагүй зөрчилд нийт 552,180,355.11 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөөгүй үндэслэлээр нөхөн татвар, торгууль, алданги тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь ТЕГ-ын даргын 2022.12.08-ны өдрийн А/190 тушаалаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын маягтыг баталж, цахим системд нэвтрүүлэхийг үүрэг болгосон боловч 2023 онд хэрэгжээгүй” гэх үндэслэлийн тухайд:

4.1. Татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчийн, 2020, 2021 онд Дундговь аймагт байрлах 466,001,725.20 төгрөгийн үйлдвэрлэл үйлчилгээний, Улаанбаатар хотод байрлах 250,000,000.0 төгрөгийн оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдэд албан татвар ногдуулаагүй зөрчилд нийт 19,743,240.31 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

4.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл “Г*******” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн тайлангаар 2019 онд 515,186,820.24 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгөнд 4,121,494.56 төгрөгийн албан татвар ногдуулсан тайланг татварын албанд хүргүүлснийг тус алба хүлээн авсан, харин 2020 онд тайлан гаргаагүй байх ба 2021 онд 551,501,725.20 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгөнд 4,412,013.80 төгрөгийн албан татвар төлөхөөр цахим тайлангийн системд оруулсан /шивсэн/ боловч татварын албанд хүргүүлээгүй /илгээгээгүй/ болох нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн тайлангийн мэдээллээр нотлогдсон байна.

4.3. Нэхэмжлэгчээс “...татварын алба татвар ногдуулах үүргээ биелүүлээгүй, ТТ-23 маягтаар тайлан илгээсэн боловч уг тайлан одоо хүртэл баталгаажаагүй, шинэ хадгалсан төлөвтэй байгаа, 2020 оноос одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн маягт Татварын бүртгэл маягтын нэгдсэн систем /ТБМНС/-д байхгүй байгаа...тул зөвшөөрөхгүй” гэж маргасан.

4.4. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т "Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө", 29 дүгээр зүйлийн 29.1-т "Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана”. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ", 29.1.2-т "татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх", 29 дүгээр зүйлийн 29.2-т "Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна" гэж,

4.5. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Монгол Улсын Иргэний хуулийн 84 3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна", 8 дугаар зүйлийн 8 1-т "Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно", 6 дугаар зүйлийн 6.1-т "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна", 9 дүгээр зүйлийн 9.1-т "Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана" гэж тус тус заажээ.

4.6. Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл татвар төлөгч нь төлөх татвараа өөрөө тодорхойлж төлөх, татварын тайланг хугацаанд нь тушаах үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байх тул уг зөрчилд нийт 19,743,240.31 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...2020 оноос одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн тайлангийн маягт батлагдаагүй, татварын алба татвар ногдуулж нэхэмжлэх ирүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх тайлбарыг шүүх хүлээж авах боломжгүй, энэ нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл биш.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “..."Г" ХХК-тай хийсэн гэрээний талаар маргаан үүсч маргаантай асуудлыг шийдэгдэх хүртэл уг орлогыг "Урьдчилж орсон орлого" дансанд бүртгэсэн,...татварын улсын байцаагч акт үйлдэхдээ уг орлоготой холбогдох өртгийг хасалгүй, орлогын дүнд татвар ногдуулсан нь үндэслэлгүй” гэх тухайд:

5.1. Татварын улсын байцаагч нар уг нөхөн ногдуулалтын актаар 2021 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 421,975,400.0 төгрөгийн үнийн дүн бүхий экспортолсон боловсруулаагүй нүүрсний борлуулалтын орлогыг тайлагнаагүй зөрчилд нийт 63,639,376.0 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

5.2. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь 6,413.0 тонн боловсруулаагүй нүүрсийг БНХАУ руу экспортолсныг БНХАУ-ын “А*******” болон “З” компаниуд хүлээн авч улмаар нэхэмжлэгчийн ******* банк дахь 54******* тоот юанийн харилцах дансаар “B”, “Б” компаниудаас “нүүрсний төлбөр” гэх 7 удаагийн гүйлгээгээр нийт 2,559,911.63 юанийн буюу 1,132,070,221.48 төгрөгийн орлого орсон нь тус компанийн харилцах дансны хуулгаар нотлогдсон болох нь тогтоогдсон.

5.3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т "Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно", 7.4.1-т “үйл ажиллагааны орлого", 8 дугаар зүйлийн 8.1-т "Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно", 8.1.1-т "бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого" гэж заасан ба дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 6,413.0 тонн боловсруулаагүй нүүрсний орлогод албан татвар ногдуулж төлөх үүрэгтэй байна.

5.4. Иймд, татварын улсын байцаагч нарын Нөхөн ногдуулалтын актаар тогтоосон, нүүрсний орлогод албан татвар ногдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “хугацаандаа төлөөгүй татварын торгууль, алдангийн тооцоолол үндэслэлгүй” гэх тухайд:

6.1. Нэхэмжлэгч “татварын хяналт шалгалтын томилолт 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааг хамрахаар удирдамж гарсан, “Г” ХХК нь 2021 оны улиралд 21,9 сая төгрөгийг ногдуулан тайлагнаж, 2022 оны 1-р улирал буюу хуулийн хугацаанд төлсөн байхад томилолтын хугацаа дууссанаас хойш буюу 2022 онд төлсөн татварт 4,407,936.72 төгрөгийн торгууль, алданги ногдуулсныг зөвшөөрөхгүй, суутган авсан ХХОАТ-т торгууль, алданги ногдуулахдаа хугацааг илэрхий буруу тоолсон. Тухайлбал, 2021 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл хугацааг 2021.08.10-ны өдрөөс тоолбол 79 хоног, 2021.07 10-ны өдрөөс тоолбол 110 хоног байгаа боловч татварын байцаагч 136 хоногоор тооцож торгууль алданги ногдуулсан нь буруу, зөрчлийн тухай хуульд ногдуулах торгууль нь төлөх татварын үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж заасан байхад татварын улсын байцаагч энэ заалтыг баримтлаагүй нь хууль бус байна” гэж тус тус үндэслэл болгон маргасан.

6.2. Татварын улсын байцаагч Нөхөн ногдуулалтын актаар 2019 онд Хувь хуний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 4,158,536.76 төгрөгийн төлбөр, 2021 онд Хувь хүний орлогын албан татвар болон /нүүрсний/ Агаарын бохирдлын төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 6,190,161.30 төгрөгийн, нийт 10,348,698.06 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

6.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч байгууллага нь 2019 онд Хувь хүний орлогын албан татварын тайлан /Суутган-1/-аар ногдуулсан төлбөл зохих татварын эхний үлдэгдэл болон тайлант хугацаанд ногдуулсан 47,593,240.61 төгрөгийн татварыг 18-172 хоногоор хоцроосонд 2,850,807.33 төгрөгийн торгууль, 1,311,371.37 төгрөгийн алданги, 2020 оны эхний үлдэгдэл болон тайлант хугацаанд ногдуулсан 64,980,063.45 төгрөгийн татварыг 30-215 хоногоор хоцроосонд торгууль, алданги ногдуулаагүй, 2021 оны эхний үлдэгдэл болон 1, 2 дугаар улиралд ногдуулсан 59,390,584.31 төгрөгийн татварыг 48-152 хоногоор хоцроосонд торгууль, алданги ногдуулаагүй, уг татварыг сүүлийн хагас жилд 21-136 хоногоор хоцроосонд 1,237,655.96 төгрөгийн торгууль, 544,568.62 төгрөгийн алданги ногдуулсан нь тооцооллын хувьд алдаагүй гэж шүүх дүгнэв.

6.4. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд "2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө" гэж, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д "Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна" гэж тус тус заасан ба 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд "Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж өөрчлөн найруулсан.

6.5. Уг заалтын тайлбарт "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна" гэж, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73.1-д "Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно", 73.2-т "Алданги тооцох хугацааг доор дурдсанаар тодорхойлно", 73.2.1-т "татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор" гэж тус тус зааснаар татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй хоног тутам 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах ба торгуулийн хэмжээ нь тухайн төлөх татварын 10 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан.

6.6. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн, 2021 оны 4 дүгээр улирлын нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн тайлангаар ногдуулсан 21,949,040.00 төгрөгийн төлбөрийг 15-201 хоногоор хоцроосон хугацаанд 3,194,157.04 төгрөгийн торгууль ногдуулсан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид 2,194,904.0 төгрөгийн торгууль ногдуулахаар байх тул илүү ногдуулсан 999,253.04 төгрөг /3,194,157.04-2,194,904.0/-өөр торгуулийн дүнг бууруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар 8,934,534,052.26 төгрөгийн зөрчилд 397,396,550.99 төгрөгийн нөхөн татвар, 162,018,992.23 төгрөгийн торгууль, 86,496,126.26 төгрөгийн алданги, нийт 645,911,669.48 төгрөгийн төлбөр ногдуулснаас торгуулийн дүнг 999,253.04 төгрөгөөр бууруулж, 397,396,550.98 төгрөгийн нөхөн татвар, 161,019,739.20 төгрөгийн торгууль, 86,496,126.25 төгрөгийн алданги, нийт 644,912,416.44 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН