Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0220

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   “ГИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С

Нэхэмжлэгч: “ГИ” ХХК

Хариуцагч: Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.П , М.А нар

Нэхэмжлэлийн шаардлага: “Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.П , М.А нарын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С  

Хариуцагч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0980/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ГИ ХХК-иас хариуцагч Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.П , М.А нарт холбогдуулан “2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГИ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар 8,934,534,052.26 төгрөгийн зөрчилд 397,396,550.99 төгрөгийн нөхөн татвар, 162,018,992.23 төгрөгийн торгууль, 86,496,126.26 төгрөгийн алданги, нийт 645,911,669.48 төгрөгийн төлбөр ногдуулснаас торгуулийн дүнг 999,253.04 төгрөгөөр бууруулж, 397,396,550.98 төгрөгийн нөхөн татвар, 161,019,739.20 төгрөгийн торгууль, 86,496,126.25 төгрөгийн алданги, нийт 644,912,416.44 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Шүүх нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон “ГИ” ХХК 6,413 тонн нүүрсийг экспортод гаргасан эсэхийг тогтооход ач холбогдолтой Сайншанд гаалийн газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/325 дугаартай албан бичгийг үнэлж үзээгүй. Экспортод гаргасан нүүрс нь Улаанбаатар транс /Чойр/ гаалийн хяналтын бүсээс ачигдсан гэж хариуцагч тайлбарладаг. Энэ гаалийн хяналтын бүс нь Гаалийн ерөнхий газар, Дорноговь аймаг, Сайншанд гаалийн газарт харьяалагддаг. Иймээс гаалийн бүрдүүлэлтийн үндсэн баримт бичиг нь Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/82 тушаалаар батлагдсан зааврын 4.6 заалтын дагуу Сайншанд гаалийн газарт хадгалагдаж байх ёстой. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч уг нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж байгаа талаар тайлбарлаж, үнэлж үзэхийг шүүхээс хүссэн. Шүүхээс “Даргалагч: Тус баримтыг нотлох баримт шинжлэн судлах үед судална” гэсэн боловч шүүхийн шийдвэрт энэ нотлох баримтыг шинжлэн судалсан, дүгнэсэн талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Сайншанд гаалийн газраас ирүүлсэн 1/325 тоот албан бичиг хэрэгт хамааралтай эсэх, ач холбогдолтой эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй нь хуульд нийцсэн эсэхийг хянаж өгнө үү.

 

3.2. Хариуцагч акт үйлдэхдээ “Татварын удирдлагын нэгдсэн системийн хөндлөнгийн мэдээлэл”-д байгаа экспортын гаалийн 2 мэдээлэлд үндэслэсэн гэх боловч ийм баримт бичиг хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хариуцагчийн үндэслэл болгоод байгаа экспортын гаалийн 2 мэдээлэл гэдэг нь гаалийн мэдээ юм уу, эсвэл гаалийн мэдүүлэг юм уу гэдгийг нэхэмжлэгч тал одоо хүртэл олж мэдээгүй байна.

 

3.3. Татварын улсын байцаагч “ГИ” ХХК-ийг бараа гаалийн байгууллагад мэдүүлсэн гэж үзэж “Нөхөн ногдуулалтын акт” үйлдэж байгаа бол Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлээр тодорхойлогдсон бичиг баримтад үндэслэх ёстой, эдгээр баримт бичиг нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч талаас шүүхэд 4 нүүр хариу тайлбараас өөр нэг ширхэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны явцад хуульд заасан баримт бичгийн талаар тодруулахад ... уг маргаан нь илэрхий үйл баримттай хэрэг байгаа. Гаалийн ерөнхий газраас экспорт хийсэн гэсэн... манай байгууллагад хөндлөнгийн мэдээлэл ирсэн ... гаалийн экспортын мэдээний ард бүрдэл нь байж байдаг...нотлох баримт шинжлэн судлахад уншигдсан...маргаангүй тул нотлох баримт гаргаж өгөх шаардлагагүй гэх агуулгатай хариулт өгсөн. Шүүх хавтас хэрэгт байхгүй нотлох баримтыг хариуцагчийн аман тайлбарт үндэслэн үнэлэлт дүгнэлт өгсөн нь хуульд нийцээгүй.

3.4. Гаалийн тухай хууль тогтоомжоор маргаан бүхий экспортын барааны бүрдүүлэлт нь Сайншанд гаалийн газарт хийгдсэн байх ёстой, гаалийн мэдүүлэг, бараа мэдүүлэхэд шаардагдах бусад бичиг баримтын эх хувь энэ байгууллагын архивд хадгалагдаж байх ёстой. Сайншанд гаалийн газарт бүртгэгдсэн бүрдүүлэлтийн баримт бичгүүд нь цахим хэлбэрээр гаалийн цахим “Кайс” системд хадгалагдсан байх ёстой, ...шүүх зөвхөн Гаалийн ерөнхий газрын албан бичгийг үнэлж “ГИ” ХХК-ийн нүүрс экспортолсон этгээд тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн, нөгөө талаас Сайншанд гаалийн газраас ирүүлсэн нотлох баримтыг огт үнэлж үзэхгүйгээр гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаж байгаа эсэхийг хянаж өгнө үү.

 

3.5. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрт дурдагдсан 2,559,911.63 юанийн төлбөр хүлээн авсан асуудал тал дээр огт маргаагүй. Татварын хяналт шалгалтын явцад нэхэмжлэгч өөрөө дансны хуулга болон бусад анхан шатны баримтуудыг гарган өгсөн. Гагцхүү энэ орлого нь дотоодод борлуулсан нүүрсний орлого болон гэрээний барьцаа төлбөрийн нийлбэр болохыг тайлбарласан.

 

3.6. Маргаантай асуудлын бодит, үнэн нөхцөл байдлыг тогтоох боломжтой нүүрс худалдах худалдан авах гэрээ, ачуулсан нүүрсний жагсаалт, төлбөрийн баримтуудыг нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, бодит нөхцөл байдлыг тогтоох боломжтой гэж гаргаж өгсөн нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлж дүгнэлт гаргасангүй. Зөвхөн хариуцагчийн гаргасан аман тайлбарт үндэслэн “ГИ” ХХК-ийн дотоодод нүүрс борлуулж олсон орлого болон гэрээний барьцаанд авсан төлбөрийг нийтэд нь “экспортын орлого” гэсэн агуулгаар дүгнэсэн нь хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж өгнө үү.

 

3.7. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.5-д заасан ийм хуулийн зохицуулалт Монгол улсын Ашигт малтмалын тухай хуульд огт байхгүй байна. Иймээс хуульд огт байхгүй заалтыг үндэслэж гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж өгнө үү.

 

3.8. Татварын улсын байцаагчийн бараа мэдүүлэхэд шаардлагатай бусад баримт бичгийг гаалийн байгууллагаас гаргуулах авахгүй байгаа эс үйлдэхүй, өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэхээс татгалзаж байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж нэхэмжлэгч үзэж байгаа учир Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр заалтыг хэрэглэн хянаж өгөөч гэсэн. Гэтэл Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлээр тодорхойлогдсон бараа мэдүүлэхэд шаардлагатай бусад баримт бичгийг гаргуулан авахгүй байгаа татварын улсын байцаагчийн эс үйлдэхүй, хаана ч байхгүй баримтыг байгаа мэтээр аман мэдүүлэг өгч байгаа үйлдэлд анхан шатны шүүх хууль хэрэглэн дүгнэлт өгсөнгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөр байдлаар буюу “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... манай компанийн нэрийг ашиглаж “ГХ” ХХК экспортод нүүрсийг гаргасан, энэ тухай гомдол гаргасаар байхад хариуцагч шалгаж нөхцөл байдлыг тогтоогоогүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж маргав” гэж томьёолсон.

 

Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийг хэрэглэн татварын улсын байцаагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйд үнэлэлт дүгнэлт өгөөгүй хэрэглэх ёстой хуулийг шүүх хэрэглээгүй гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, дүгнэлт өгөөгүй, захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн тул хэргийг бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчээс “2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.П , М.А нарт холбогдуулан гаргажээ.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.4-д “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй”, 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”,107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.

 

4. Дээрх хуулиар тогтоосон журмын дагуу захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий баримтыг цуглуулах үүрэгтэй, шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтад үндэслэсэн байх, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Харин хэргийн оролцогчид өөрсдийн шаардлага, тайлбарын үндэслэлийн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх, хэрэв боломжгүй бол тухайн баримтын эх сурвалжийг шүүхэд зааж мэдүүлэх үүрэгтэй.

 

5. Гэтэл хариуцагч татварын улсын байцаагч нараас “ГИ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхдээ ерөнхий удирдамж, 21231000520 дугаартай томилолтын дагуу гүйцэтгэж, маргаан бүхий 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг ерөнхий удирдамж болон албан томилолт нотлох баримтын шаардлага хангасан, хангаагүй аль ч хэлбэрээр хэрэгт авагдаагүй, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс тус хяналт, шалгалт хийсэн хугацаатай маргаж байх тул шүүхээс маргаан бүхий акт үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

6. Учир нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ”, 41.4-д “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 41.11.1-д татварын улсын байцаагч нь ийнхүү хяналт, шалгалт хийхдээ энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийхийг хориглохоор хуульчилсан тул анхан шатны шүүх уг хяналт шалгалтыг хийх үндэслэл болсон удирдамж, томилолтыг нотлох баримтаар цуглуулсны үндсэн дээр эдгээр нь хууль, дүрэм журамд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

 

7. Мөн нэхэмжлэгчээс “...маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар “ГИ” ХХК-ийг боловсруулаагүй нүүрс экспортод гарган борлуулсан гэж үзэж, 3,373,270,774.70 төгрөгийн үнэлгээнээс нөхөн ногдуулсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, торгууль алданги ногдуулсныг зөвшөөрөхгүй, ...манай компани боловсруулаагүй нүүрсийг дотооддоо борлуулсан, экспортод гаргаж борлуулаагүй учир төлбөр төлөх үүрэггүй” гэж тайлбарлан маргаж байна.

 

8. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “ГИ” ХХК нь “ГХ” ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №GH-GI-20211001 дугаартай “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, тус гэрээний дагуу “ГХ” ХХК нь 77 удаагийн ачилтаар 6414.66 тн нүүрсийг нэхэмжлэгч компанийн уурхайгаас ачсан бүртгэл авагдсан байхад уг нүүрсний гаалийн бүрдүүлэлтийг хэн хийж, хилээр гаргасан эсэхийг тодруулах шаардлагатай.

 

9. Тодруулбал, нэхэмжлэгч “ГИ” ХХК-иас Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газарт хүргүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаартай албан бичигт “...“ГИ” ХХК өөрийн нэр дээр экспортод нүүрс огт гаргаж байгаагүй бөгөөд зөвхөн борлуулалт хийдэг, ...2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр БНХАУ-ын Бугат хотын “ЗЮЭ” ХХК-тай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан...” талаар дурдсан байх бөгөөд хэрэгт нэхэмжлэгч компанийн Хөөтийн уурхайгаас “ЗЮЭ” ХХК 56 удаагийн ачилт хийгдсэн бүртгэл авагдсан боловч тус компаниудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нотлох баримтаар авагдаагүй байхаас гадна хариуцагчаас “...гаалийн мэдүүлгээр “ГИ” ХХК боловсруулаагүй нүүрсийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 3,259.44 тонныг БНХАУ-ын “АЭТ” компанид, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3,153.56 тонныг БНХАУ-ын “ЗЮЭ” ХХК-д экспортод гаргасан, тус экспортын борлуулалтын орлогыг нэхэмжлэгч компанийн ХААН банкны юанийн дансанд шилжүүлснийг “урьдчилж орсон орлого” гэж бүртгэсэн байсан” гэх тайлбартай холбогдуулан Гаалийн ерөнхий газраас хариуцагчид хүргүүлсэн гаалийн мэдүүлэгтэй холбоотой баримтууд болон 6,413 тн боловсруулаагүй нүүрсийг экспортод гаргах гаалийн бүрдүүлэлтийг хэн хийсэн, ямар баримт бичиг бүрдүүлсэн болох, шалгалт хийсэн хугацаанд “ГИ” ХХК-иас болон дотооддоо борлуулсан гэх бусад компаниуд нүүрс экспортлохоор гаалийн бүрдүүлэлт хийж байсан эсэх зэрэг хэрэгт хамааралтай баримтууд нотлох баримтаар авагдаагүй байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй эсэх, маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэх, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.

 

Иймд дээр дурдсанаар шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, тэдгээрт үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА