Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2024/02483

 

 

 

 

 

 

 

 

2024 06 19 181/ШШ2024/02483

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, * байрлах, Г ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам 91, * байрлах, Х /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын хураамжид төлсөн 434,142,645.79 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Алтанзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Хд холбогдуулан даатгалын хураамжид төлсөн 434,142,645.79 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд зааснаар Г нь Х-д улирал бүр даатгалын хураамж төлдөг.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд Улсын Их Хурлын 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулан Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйл Даатгалд үл хамаарах нөхцөл-ийн 7.2-т Дараах этгээдийн хадгаламж хамаарах нөхцөл хадгаламжийн даатгалд хамаарахгүй: 7.2.1.банк; 7.2.2.төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага гэж, 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсгийг Улирлын хураамж нь өмнөх улирлын cap бүрийн эцсийн өдрийн энэ хуулийн 7.1, 7.2.2, 7.2.3-т зааснаас бусад хадгаламжийн дундаж дүнг энэ хуулийн 14.1-д заасны дагуу тооцсон улирлын хураамжийн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцүү хэмжээтэй байна. гэсэн байна.

Ингэснээр төрийн байгууллагын хадгаламж нь хадгаламжийн даатгалд хамаарахгүй төдийгүй хадгаламжийн даатгалын хураамжийг тооцохдоо төрийн байгууллагын хадгаламжийн даатгалын дүнг хасаж тооцох болохыг хууль тогтоогч тодорхой хуульчилсан.

Төрийн байгууллагууд дотроос зөвхөн Засгийн газрын харьяа төрийн өмчит ашгийн төлөө аж ахуйн нэгж /Эрдэнэс Монгол, Төрийн банк, Монгол Улсын Хөгжлийн банк зэрэг/, мөн сангууд арилжааны банкуудад хадгаламж байршуулах нь хуулийн боломжтой бөгөөд бусад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын төсөвт байгууллагууд хуулиараа хадгаламж нээлгэж хүүгийн орлого олох хориотой болно.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дээр банк, 7.2.2 дээр төрийн байгууллага гэж заасан. Тэгэхээр Хөгжлийн банк гэх байгууллага банк юм уу, эсвэл төрийн байгууллага юм уу гэдгийг л тогтоох ёстой.

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ.

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан дээрх 4 үндсэн шинжээс Хөгжлийн банканд зөвхөн зээл олгох буюу санхүүжилт олгодог шинж нь байгаа. Тэр санхүүжилт нь зээл шиг бусад банкнууд шиг заавал эргэн төлөлт гаргахгүй, зарим нь зам, үйлдвэр, барилга болоод улсын төсвөөр явдаг, зориулалттай байдаг. Тэгэхээр бид нар зээл олгодог, санхүүжилт өгдөг болгоныг банк гээд нэрлэчих юм бол энэ олон сангууд, ломбард, банк бус санхүүгийн байгууллагууд бүгд орно. Хадгаламж татдаггүй, данс нээдэггүй банк гэж энэ дэлхий дээр хаана ч байдаггүй. Хөгжлийн банк төлбөр тооцооны үйлчилгээ эрхлэхгүй.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд арилжааны банк болон Монгол банкны талаар тусгагдсан бөгөөд Хөгжлийн банкны тухай зохицуулалт байхгүй. Төв Банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль гэсэн хоёр суурь хуультай. Хөгжлийн банк өөрөө бие даасан хуультай, банкны систем дотор огт байдаггүй байгууллага.

Банкны тогтолцоо нь мөнгөний бодлого гэх том зүйлийг хэрэгжүүлдэг. Төв банк бодлогын хүүгээрээ дамжуулж арилжааны банкуудаар дамжуулж зах зээл рүү мөнгө оруулж бас татаж байдаг. Төв банк бол Засгийн газраас хараат бусаар буюу Улсын Их Хурлаас байгуулагддаг, томилогддог. Хөгжлийн банк бол Засгийн газрын харьяа, экспорт, импортыг орлох томоохон төсөл санхүүжүүлэх зорилготой банк. Түүнээс арилжааны банкны чиг үүрэг огт байдаггүй.

Монгол Улсын банкны систем нь Төв банк болон арилжааны банк гэсэн 2 шатлалт тогтолцоотой. Энэ тогтолцоон дотор Хөгжлийн банк байхгүй бөгөөд анхнаасаа байгаагүй, цаашид ч байх боломжгүй.

Иймээс бидний үзэж байгаагаар Хөгжлийн банк ХХК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-т заасан банк биш учраас 7.2.2-т заасан төрийн байгууллагад хамаарна.

Хариуцагч талаас төрийн байгууллага бол зөвхөн улсын төсвөөс санхүүждэг, төрийн чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллага юм, бусад нь хамаарахгүй гэж тайлбарлаж байна. Хадгаламжийн даатгалын корпораци ч гэсэн ялгаагүй Засгийн газраас, Сангийн яамнаас байгуулагдсан төрийн байгууллага. Хуульд заасан үүргээ хэрэгжүүлж байгаа, шимтгэл хураамжаасаа үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Тэгэхээр зөвхөн төрийн болон орон нутгийн өмчтэй, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг л бол төрийн байгууллага гэж ойлгох юм бол Эрдэнэс таван толгой, Эрдэнэс Монгол, Эрдэнэт үйлдвэр биш болно.

Төрийн байгууллагыг чиг үүргээр нь, үүсгэн байгуулагдсан бүтэц, зохион байгуулалтаар нь, Засгийн газрын оролцоотой юу, төрийн оролцоотой юу гэдгээр ангилдаг болохоос биш бие даасан санхүүжилттэй бол төрийнх биш, төсвөөс бол мөн гэдэг үндэслэл байхгүй.

Хоёрдугаарт, чиг үүргийн ангилал ярьж байна. Чиг үүргийн хувьд болбол захиргааны хэм хэмжээний акт гаргадаггүй мөртлөө төрд хамаардаг байгууллагууд олон байдаг. Улсын төсөвт үйлдвэрийн газар, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд бүгд ялгаагүй захирамжилсан, нийтэд чиглэсэн шийдвэр гаргахгүй. Хөгжлийн банк, Хадгаламж даатгалын корпораци ч ялгаагүй. Тиймээс чиг үүргээр нь ангилж тайлбарлаж байгаа нь гуйвуулж байгаа хэлбэр юм.

Төрийн өмчийн, ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж маш олон байгаа тул тухайн чиг үүргээр нь төрийн байгууллага мөн, биш гэж ангилах боломжгүй.

Тиймээс Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь төрийн байгууллага учраас төр өөрөө өөрийгөө даатгана гэсэн ойлголт байхгүй тул Хөгжлийн банкны эх үүсвэр дээрээс хураамж тооцож, арилжааны банкнуудаас авах үндэслэл байхгүй.

Иймд 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын Хөгжлийн банкны хадгаламжийн үлдэгдлээс илүү төлсөн төлбөр болох 434,142,645.79 төгрөгийн хураамжийг Х-гаас гаргуулан Г-д буцаан олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хадгаламжийн даатгалын корпораци нь банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллага.

Хуульд зааснаар банк нь бусдаас татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө, хөрөнгө, хадгаламжийг Хадгаламжийн даатгалын корпорацад заавал даатгуулж, даатгалын хураамж төлөх үүрэгтэй. Энэ бол хуулиараа зохицуулагдсан зүйл. Бидний хувьд Г-наас гаргасан Хөгжлийн банкны эх үүсвэрээс төлсөн хураамжийн дүнд маргахгүй.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль 2013 онд батлагдаж, бүх хадгаламжаас хураамж тооцож байсан. Улмаар Улсын Их Хурлын 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөр гурван этгээдийн хадгаламжид даатгалын хураамж тооцохгүй болсон. Үүний нэг нь төрийн байгууллагын хадгаламжид улирлын хураамж тооцохгүй гэх зохицуулалт орсон.

Нэхэмжлэгч Г ХХК өөрт нь хадгалуулсан мөнгөн хадгаламжийн дүнд тооцсон улирлын хураамжийг нэхэмжлэхдээ Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь Төрийн байгууллага гэж тодорхойлсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага гэж ангилахаар, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ. гэж тодорхойлсон байна.

Энэ хуулиар улсын төсвөөс санхүүждэг бол төрийн байгууллага гээд тодорхойлчихсон. Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн хувьд улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэггүй учраас төрийн байгууллага гэх шинжийг хангахгүй байна.

Хоёрдугаарт, төрийн байгууллагын өдөр тутмын шийдвэр гаргах үйл ажиллагаанд мөрдөгддөг Захиргааны ерөнхий хуульд төрийн байгууллагын үндсэн гол шинжүүдийг төрөөс хуулийн дагуу байгуулагдан, албан хаагчдаас бүрдэн төсвөөр санхүүжиж, төрийн тодорхой чиг үүрэг, түүний аль нэг хэсгийг шууд эрхлэн хариуцдаг, түүндээ тохирсон захирамжлах бүрэн эрх, материаллаг нөөц бүхий нийтийн эрх зүйн субъект хамаарна гэж заасан.

Гэвч төрийн байгууллагын үндсэн шинж буюу төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж байгаа, түүнийгээ хэрэгжүүлсний үндсэн дээр тодорхой хэмжээний захирамжилсан эрх бүхий шийдвэр гаргадаг буюу эрх үүрэг эдэлдэг байх гэсэн шинжийг Хөгжлийн банк хангаж чадахгүй байгаа. Төрөөс үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд бүрийг төрийн байгууллага, албан газар гэж үзэх эсэхийг ялгаж салгаад хуульд тодорхой заасан.

Иймд Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь төрийн байгууллага гэдэг ойлголтод хамааралгүй.

Мөн Иргэний хуульд хуулийн этгээдийг иргэний эрх зүйн харилцааны бие даасан оролцогч байхаар зааж, хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болохоор заасан.

Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр хариуцлагатай хувьцаат компани буюу ашгийн төлөө хуулийн этгээд, банк гэдэг статусаар бүртгэсэн байгаа.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө хуулийн этгээд байна, 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг хувьцаа эзэмшигч тогтооно гэж тус тус заасан.

Мөн Банкны тухай хуульд банкийг үйл ажиллагаа явуулах хэлбэрээр нь нийтлэг ба төрөлжсөн байж болно гэж заасан. Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь төрөлжсөн гэх ангилалд багтаад, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Төрөөс үүсгэн байгуулагдсан ангилалд орвол гажуудах нөхцөл байдал бий болохоор тул үүнийг хуулиар зохицуулсан.

Иймд Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтад заасан төрийн байгууллага гэх ойлголтод Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь дээрх үндэслэлүүдээр хамаарахгүй байгаа тул мөн хуулийн 13.5-д зааснаар Г нь Хөгжлийн банкны хадгаламжаас хураамж төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 2,328,663.23 төгрөг төлсөн баримт, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Гны гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаар Эрх олгох тухай тушаалын хуулбар, Б.Б, Д.Н нарт олгосон итгэмжлэл, Гны харилцах, хадгаламж эзэмшигчдийн тайлан, Хадгаламжийн даатгалын хураамж тооцох тайлан, Хадгаламжийн даатгалын тооцоо, Хадгаламжийн даатгалын корпорацийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/05 тоот, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/161 тоот Хураамж авах тухай албан бичиг, Хадгаламжийн даатгалын улирлын хураамжийн тооцоолол, Хадгаламжийн даатгалын корпорацийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01/90 тоот, 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/143 тоот, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02/239 тоот, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/33 тоот, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/113 тоот Хураамж нэхэмжлэх тухай албан бичиг, Гны тайлангийн зөрүүг ирүүлсэн.

 

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: Х-гийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.Ж, Б.А-д олгосон итгэмжлэл, Д.Б-д олгосон итгэмжлэлийг ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас Монгол Улсын Хөгжлийн банк-ны дэлгэрэнгүй лавлагааг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Сангийн яамнаас Төрийн байгууллагууд болон төсөвт байгууллага, төрийн өмчит ашгийн төлөө аж ахуйн нэгжүүд нь банкуудад харилцах данс болон хадгаламж нээлгэж, хүүгийн орлого олох боломжтой эсэх лавлагаа, Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-иас Г ХХК-д байршиж байсан эх үүсвэр болох харилцах болон хадгаламжийн дансны 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны сар бүрийн эцсийн өдрийн үлдэгдэл дүн хэдэн төгрөг байсан талаарх лавлагааг, Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийг гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Монгол Улсын Хөгжлийн банк ХХК банкны системд байдаггүй. Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан төрийн байгууллага-д хамаарах учраас Г дахь Монгол Улсын Хөгжлийн банкны мөнгөн хадгаламжаас даатгалын хураамж төлөх ёсгүй. Иймд Г-наас 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын Хөгжлийн банкны хадгаламжийн үлдэгдлээс даатгалын хураамжид төлсөн 434,142,645.79 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хуулиар тодорхойлсон төрийн байгууллага гэх ойлголтод Монгол Улсын Хөгжлийн банк ХХК хамаарахгүй тул Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д зааснаар Г ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн хадгаламжаас хураамж төлөх үүрэгтэй, хураамж тооцсон нь үндэслэлтэй гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Г ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-иас хадгалуулсан мөнгөн хөрөнгөтэй холбоотойгоор даатгалын улирлын хураамжид 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 434,142,645.79 төгрөгийг хариуцагч Х-д төлсөн болох нь хэрэгт авагдсан хадгаламжийн даатгалын хураамж тооцох тайлан, хадгаламжийн даатгалын улирлын хураамжийн тооцоолол, гүйлгээний шийдвэр, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. /1хх, 9-100/

 

4.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд Монгол Улсын Хөгжлийн банк гэх хуулийн этгээдийн төрөл, хэлбэрийг ашгийн төлөө ХХК /банк/ гэж, хуулийн этгээдийн өмчийн хэлбэрийг төрийн өмчийн гэж бүртгэсэн болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /1хх, 114/

 

5. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.1, 7.2.2 дахь заалтад зааснаар банк, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт Улирлын хураамж нь өмнөх улирлын сар бүрийн эцсийн өдрийн энэ хуулийн 7.1, 7.2.2, 7.2.3-т зааснаас бусад хадгаламжийн дундаж дүнг энэ хуулийн 14.1-д заасны дагуу тооцсон улирлын хураамжийн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцүү хэмжээтэй байна. гэж тус тус заажээ.

 

Талууд Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-т заасан банк, эсхүл мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан Төрийн байгууллага-ын алинд хамаарах, улмаар Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн эх үүсвэртэй мөнгөн хадгаламжаас даатгалын хураамж төлөх үндэслэлтэй эсэхэд маргасан.

 

6. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд нь өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тухайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно. гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна гэж тус тус заасан бөгөөд хуулийн этгээдийн эрх зүйн байдал нь хуулийн этгээдийн улсын бүртгэлээр тодорхойлогдоно.

 

Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд Монгол Улсын Хөгжлийн банк гэх хуулийн этгээдийн төрлийг ашгийн төлөө, хуулийн этгээдийн хэлбэрийг хязгаарлагдмал хариуцлагатай компани /банк/ гэж улсын бүртгэлд бүртгэсэн болох нь тогтоогдсон.

 

7. Нэхэмжлэгчээс Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтад заасан төрийн байгууллага-д хамаарна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

Төрийн байгууллага гэх ойлголтод төрөөс хуулийн дагуу байгуулагдан, албан хаагчдаас бүрдэн төсвөөр санхүүжиж, төрийн тодорхой чиг үүрэг, түүний аль нэг хэсгийг шууд эрхлэн хариуцдаг, түүндээ тохирсон захирамжлах бүрэн эрх, материаллаг нөөц бүхий нийтийн эрх зүйн субъект хамаарна.

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1- дэх хэсэгт Засгийн газар төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүрийг холбогдох хууль, засгийн газрын шийдвэр болоод гэрээний үндсэн дээр засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно гэж заасан.

 

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 2.1-т Хөгжлийн банкны үүсгэн байгуулагч буюу хувь нийлүүлэгч нь Монгол Улсын Засгийн газар байна., 2.2-т Монгол Улсын Хөгжлийн банкны эрх зүйн байдал нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, Компанийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухайн хуульд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актаар тодорхойлогдоно гэж,

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө хуулийн этгээд байна гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөгжлийн банкны эрхлэх үйл ажиллагааг зээл олгох, зээл авах, гадаад төлбөр тооцоо хийх, төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас гаргах, худалдах, гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулах, зээл худалдах, санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах, хөрөнгө, өр төлбөрийн зүй зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагааг эрхлэх, компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх, экспорт, импортын санхүүжилт хийх, төлбөрийн чадварыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор богино, дунд хугацаатай санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх үйл ажиллагаа гэж тус тус зааснаас дүгнэхэд Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь төрийн байгууллагад хамаарах үндсэн шинжүүдээс захирамжлах чиг үүргийг хэрэгжүүлдэггүй байх тул Төрийн байгууллага гэх ойлголтод хамаарахгүй гэж дүгнэв.

 

Иймд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.1, Банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаас дүгнэхэд Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийг ашгийн төлөө хуулийн этгээд буюу төрөлжсөн банк гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтад заасан төрийн байгууллага бус мөн зүйлийн 7.2.1 дэх заалтад заасан банк гэсэн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч Г ХХК-ийн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан журмын дагуу даатгалын хураамжид төлсөн 434,142,645.79 төгрөгөөр хариуцагч Хадгаламжийн даатгалын корпорацийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч Хгаас 434,142,645.79 төгрөг гаргуулах тухай Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,328,663.23 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул Хгаас 434,142,645.79 төгрөг гаргуулах тухай Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,328,663.23 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ