Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/00105

 

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/00105

 

Б.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02585 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ИНЕГ холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 145 010 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газрын даргатай 2015 оны 04 сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж,Санхүү эдийн засгийн газрын менежерийн албан тушаалд томилогдон, нийт 4 жил 4 сар гаруй ажиллахдаа ямар нэг зөрчил дутагдал гаргаагүй. Ээлжийн амралтыг 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс 08 сарын 07-ны өдрийг дуустал биечлэн эдлэх байсан ч тус хугацаанд ажил олгогчийн санаачилгаар нийт 12 хоног ажилласан. Ингээд үргэлжлүүлэн ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Газрын даргын 2019 оны 08 сарын 09-ний өдрийн Б/203 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхдөө ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас гарах хүсэлтээ гаргасан үндэслэлээр чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Ажлаас чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлт бичгээр албан ёсоор гаргаагүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 13 145 010 төгрөг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Санхүү, хөрөнгө оруулалтын газрын менежерээр ажиллаж байсан Б.Х нь 2019 оны 08 сарын 08-ны өдөр ажлаас гарах хүсэлтэй байгаагаа амаар гаргаж, мөн өөрийн 99111437 дугаарын гар утаснаас газрын дарга Л.Бямбасүрэнгийн гар утастажлаас халагдах өргөдлөө танд уламжилж байна Б.Х гэсэн мессэж ирүүлж хүсэлтээ өгснийг хүлээн авч 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр чөлөөлсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан /РД:ЙЮ75101876/ Алаг адуун овогтой Батмэндийн Х-ыг ИИНЕГ Санхүү, хөрөнгө оруулалтын газрын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 13 145 010 /арван гурван сая нэг зуун дөчин таван мянга арав/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 38 070 төгрөг гаргуулж орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэргийг шийдвэрлэхдээ талуудын оролцоо, мэтгэлцэх зарчмыг хангаж чадаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Шүүх хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан хэлэлцсэн байх бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийг эзгүйд хариуцагчийн хүсэлтээр шийдвэрлэхэд нотлох баримт хангалтгүй, хэргийн үйл баримтын үнэн зөвийг тогтооход талуудын тэгш оролцоо, мэтгэлцэх зарчмыг зайлшгүй хангаж, 2 талын тайлбар, татгалзлыг үндэслэн шийдвэрлэх шаардлагатай байсан.

Тус хэргийг хэлэлцсэн өмнөх шүүх хуралдааны үеэр хариуцагчийн зүгээс өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт болох нэхэмжлэгчийн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тухай ирүүлсэн хүсэлтийг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөх боломжоор хангах гэсэн үндэслэлээр хойшилсон. Гэтэл дээрх захирамжийн биелэлт хангагдаагүй, хариуцагч дээрх хүсэлтүүдээсээ татгалзаагүй байтал зөвхөн нэг талын тайлбарт үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой. Шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч ИНЕГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13 145 010 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Б.Х нь Иргэний нисэхийн ерөнхий газарт 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс Санхүү эдийн засгийн газрын менежерээр ажиллаж байгаад тус байгууллагын даргын 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Б/203 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогджээ./хх 13/

Ажил олгогч нь Б.Х-ыг 100.02.05-3 сүлжээгээр цалинжуулж, 01/08 дугаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан үйл баримтад маргаагүй. Харин хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан эсэх, ажилтан өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо илэрхийлсэн эсэхэд талууд маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлийг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 37.1.8.хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалснаар гэрээ дуусгавар болохоор байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно.

 

Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1 дэх хэсэгт заасан хугацаанаас өмнө цуцалж болохоор байна.

 

Нотлох үүргийн хуваарилалтаар ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогч буюу хариуцагч өөрийн тушаал хууль зүйн үндэслэлтэй болохыг нотлох үүрэгтэй.

 

Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт нь хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө гаргасан гэх, мөн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдлууд баримтаар нотлогдоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Хариуцагч тушаалын хууль зүйн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотолж чадаагүй. Анхан шатны шүүхээс талуудын тэгш эрх, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй. Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг зөв гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан. Анхан шатны шүүхээс ажилтны дундаж цалин олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцсон нь зөв болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Талуудад анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг боломжит хугацааны өмнө мэдэгдсэн, нотлох баримт гаргах боломжоор хангасан, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД