Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2585

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр                   Дугаар 183/ШШ2019/02585                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Хын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ИНЕГт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 13,145,010 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 4 сарын 02-ны өдөр тус газрын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Санхүү эдийн засгийн газрын менежерийн албан тушаалд томилогдон, нийт 4 жил 4 сар гаруй ажиллахдаа ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй. 2019 оны ээлжийн амралтыг 2019 оны 7 сарын 01-ний өдрөөс 8 сарын 07-ны өдрийг дуустал биечлэн эдлэх байсан ч тус хугацаанд ажил олгогчийн санаачилгаар нийт 12 хоног ажилласан. Ингээд үргэлжлүүлэн ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Газрын даргын 2019 оны 8 сарын 09-ний өдрийн Б/203 тоот дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас гарах хүсэлтээ гаргасан үндэслэлээр чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь миний бие ажлаас чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлт бичгээр албан ёсоор гаргаагүй. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 13,145,010 төгрөг гаргуулна. Цалинд үндсэн цалин, нэмэгдэл, урамшуулал багтдаг бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 55 дугаар тушаалыг үндэслэн дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сарын дундажаар 160,305 төгрөг болох ба өнөөдрийг хүртэл 82 хоногоор тооцсон, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Санхүү, хөрөнгө оруулалтын газрын менежерээр ажиллаж байсан Б.Х нь 2019 оны 8 сарын 08-ны өдөр ажлаас гарах хүсэлтэй байгаагаа амаар гаргаж, мөн өөрийн 99111437 дугаарын гар утаснаас газрын дарга Л.Бямбасүрэнгийн гар утасруу «ажлаас халагдах өргөдлөө таньд уламжилж байна. Б.Х» гэсэн мессэж ирүүлж ажлаасаа гарах хүсэлтээ өгснийг хүлээн авч 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. Иймд Б.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Х нь ИНЕГт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 13,145,010 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан ба шаардлагын үндэслэлээ чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлт бичгээр гаргаагүй байхад ажлаас халсан гэж тайлбарлав.

 

Б.Х нь ИНЕГ-т 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс Санхүү эдийн засгийн газрын менежер, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс худалдан авах ажиллагааны хэлтэст менежерээр  ажилласан байна.

 

Ажил олгогч нь Б.Хыг 100.02.05-3 сүлжээгээр цалинжиж ажиллуулахаар 01/08 дугаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасанд нийцүүлэн байгуулж, 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс Санхүү, хөрөнгө оруулалтын газрын менежерийн албан тушаалд Б/245 тоот тушаалаар томилжээ.

 

Хариуцагч байгууллагын даргын 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/203 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэж, 38 дугаар зүйлийн 38.1.1-д ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримтаар ажилтан нь хөдөлмөрийн гэрээг цуцлахаар санаачилсан гэж үзэх байдал тогтоогдохгүй буюу хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэлийг өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцохоор заасан байна.

 

Нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрээр түүнд сүүлийн 3 сард олгогдсон /3,726,470+3,377,300+3,476,407/ цалингийн дунджаар сарын цалинг 3,526,726 төгрөг гэж тодорхойлж, 1 өдрийн цалин олговорт /3,526,726:22/ 160,305 төгрөг бай ба ажилгүй байсан 82 хоногоор тооцож, /160,305х82/ нийт 13,145,010 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 38,070 төгрөг гаргуулж орлогод оруулах нь зүйтэй.

 

Өмнөх шүүх хуралдаан хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр хойшилж, нотлох баримт гаргах боломжийг олгосон боловч хариуцагчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Б.Хыг ИНЕГ  Санхүү, хөрөнгө оруулалтын газрын менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

          

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 13,145,010 /арван гурван сая нэг зуун дөчин таван мянга арав/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 38,070 төгрөг гаргуулж орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.   

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ