Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/00106

 

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/00106

 

 

У.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02039 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч У.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч КБ ХХК БЭХА-д холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14 850 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч У.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Капитал банкинд ажиллаж байхдаа Катеринг деливери ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75 байрны 102 тоот 33 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 300 000 төгрөгөөр тооцож нийт 42 900 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр захиалгын гэрээ байгуулсан. Худалдан авагч нь орон сууцны төлбөрийг Капитал банктай 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 360 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулан 42 900 000 төгрөгийг 25 жилийн хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлээр авч гүйцэтгэгч барилгын компанид үнийг бүрэн төлж, орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Капитал банк дээрх нөхцлөөр ажилтнууддаа орон сууцны зээл олгож байсан бөгөөд үндэслэлгүйгээр худалдан авсан орон сууцны маань 1 м.кв талбайн үнийг 450 000 төгрөгөөр нэмэгдүүлж 14 850 000 төгрөг болгож, уг мөнгийг төл гэсэн шаардлагыг тавьсан.

Хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан орон сууцаа алдахгүйн тулд банкны шаардсан 14 850 000 төгрөгийг Капитал банк ХХК дах өөрийн харилцан дансанд байршуулсан. Худалдан авсан орон сууцны үнийг бүрэн төлсөн атал зээл олгосон банк худалдан авсан орон сууцны үнийг зохиомлоор өсгөж үндэслэлгүйгээр 14 850 000 төгрөгийг нэхэмжлэгчийн харилцах данснаас зөвшөөрөлгүйгээр гарын үсэггүйгээр гарган авсан. Капитал банк ХХК нь нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцны 1 м.кв талбайн үнийг зохиомлоор 450 000 төгрөгөөр өсгөж 1 750 000 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь хууль бус. Иймд 14 850 000 төгрөгийг КБ ХХК БЭХА-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч КБ ХХК БЭХА төлөөлөгч Т.Одонтунгалаг, Б.Мөнгөнсүх нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжилж буй 14 850 000 төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Катеринг деливери ХХК дах Капитал банкны 2000004292 дугаартай дансанд Э байрны урьдчилгаа төлбөр гэсэн утгатай шилжүүлсэн байна. Уг гүйлгээг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн эсэх асуудлаа хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх, эсхүл дээрх гүйлгээг хүлээн авсан Катеринг деливери ХХК-д хандан асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй. КБ ХХК БЭХА нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Зууны мэдээ сониноор дамжуулан банкнаас шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэл гаргах хугацааг 2019 оны 04 сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл 60 хоногийн хугацаанд хүлээн авахаар тогтоосон боловч У.Э нэхэмжлэл гаргаагүй хүсэлт ирүүлсэн. Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Захиалгаар орон сууц бариулах 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг ирүүлсэн. Энэ гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах үндэслэл болсон гэрээ бөгөөд М.Ундармаатай байгуулсан байна. Иймд У.Э нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч КБ ХХК БЭХА-аа14 850 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Э-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч КБ ХХК БЭХА-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Эн-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнсүх, өмгөөлөгч Д.Гантөмөр нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх 1 м.кв талбайг 1 300 000 төгрөгөөр тохиролцсон гэрээг нотлох баримтын хэмжээнд үнэлж, хэргийн байдлыг буруу дүгнэсний улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Харин 1 м.кв талбайг 1 800 000 төгрөгөөр тохиролцсон гэрээг огт үнэлсэнгүй. Энэ гэрээг няцааж байгаа үндэслэлийг шийдвэрт дурдсангүй. Талуудын хооронд байгуулсан хэд хэдэн хэлцэл байгаа тохиолдолд аль хэлцэл нь бодитоор биелсэн, хэрэгжсэн болохыг дүгнэх ёстой. Захиалагч байрны урьдчилгаа төлбөрийг өөрийн харилцах дансанд шилжүүлэх, гүйцэтгэгч байрны төлбөрийг хүлээн авах, банк төлбөр тооцоог гүйцэтгэхээр талууд урьдчилан тохиролцсон нөхцлийн дагуу банк урьдчилгаа мөнгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн нь банкны харилцагч мөнгийг шилжүүлэх зөвшөөрлийг урьдчилан гэрээний үндсэн дээр олгосон байсан. 14 500 000 төгрөгийг Ундармаа байршуулсан. У.Э түүний өмнөөс нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэх тайлбарыг өгч мэтгэлцсэн боловч шүүх анхаарч үзээгүй.

Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойш тоолоход 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дууссан байсан. 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Шүүх нэхэмжлэгчээс Банкны эрх хүлээн авагчид Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Банкны эрх хүлээн авагчаас банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг ирүүлэх маягтын загварыг баталж нийтэд өдөр тутмын сонингоор дамжуулан мэдээлсэн. У.Э-оос тогтоосон хугацаанд Банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэлийг ирүүлээгүй бөгөөд бичиг хэргээр дамжуулан мөнгийг буцаан шилжүүлэх хүсэлтийг гаргасан байсныг тогтоосон журмын дагуу нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч У.Э нь хариуцагч КБ ХХК БЭХА-д холбогдуулан нэхэмжлэгчийн дансанд байсан 14 850 000 төгрөгийг хууль бусаар захиран зарцуулсан тул нөхөн төлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь Капитал банк ХХК-д ажиллаж байхдаа 33 м.кв талбайтай нэг өрөө сууцыг Катеринг деливери ХХК-тай 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр худалдах- худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Худалдан авагч нь орон сууцны төлбөрийг Капитал банктай 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 360 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээгээр 42 900 000 төгрөгийг 25 жилийн хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлж барилгын компанид үнийг бүрэн төлж, орон сууцны өмчлөгч болсон, Капитал банкны үйл ажиллагаа зогсч, Монгол банкнаас Банкны эрх хүлээн авагч томилогдсон үйл баримт тогтоогдсон. /хх 37/

 

Капитал банк дах У.Э-ын дансанд Ундармаагаас шилжүүлсэн 14 850 000 төгрөг байршиж байсныг Капитал банк данс эзэмшигчийн гарын үсэггүй, зөвшөөрөлгүйгээр татаж гүйлгээ хийсэн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй. /хх 39, 40/

 

Талууд 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Капитал банкны данс эзэмшигчийн зөвшөөрөлгүй хийсэн /зарлага гаргасан/ 14 850 000 төгрөгийг КБ ХХК БЭХА хариуцах эсэх асуудлаар маргажээ. Мөн хариуцагч нь уг үйлдэлд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж татгалзжээ.

 

Нэхэмжлэгч нь түүний дансанд байршиж байсан 14 850 000 төгрөгийг хууль бусаар захиран зарцуулсан тул нөхөн төлүүлэхээр буюу Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасан үндэслэл, агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Гүйлгээ хийсэн өдрөөс хойш тооцож үзэхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

 

Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу Банкны эрх хүлээн авагч нь томилогдсон өдрөөс хойш 2 сарын дотор банкны данс мэдээлэлд бүртгэгдсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдүүдэд хандан нэхэмжлэл хүлээн авах хугацааг банкны цахим хуудас, мэдээллийн самбар, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэл гаргах хугацааг тогтоодог. КБ ХХК БЭХА нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч албан ёсоор хуульд заасан хугацаанд хариу өгсөн.Нэхэмжлэгч нь шүүхээс урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй. Иймд 14 850 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Талуудын хооронд зээлийн болоод орон сууцны үнийн дүнтэй холбоотой хоёр төрлийн гэрээ байгаа гэж талууд тайлбарлаж байх боловч энэ нөхцөл байдал нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний дансан дах мөнгөн хөрөнгөд халдан захиран зарцуулсан үйлдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02039 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД