Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00143

 

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00143

 

Э.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01711 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Ө-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б Д ХХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 7 455 467 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Байгалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Ө нь Астеллас фарма Европ Б.В компанийн Монгол дахь төлөөлөгчийн газарт ажиллаж байсан, тус компани ажилчдаа эрүүл мэндийн даатгалд даатгуулахаар Б Д ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэг жилийн хугацаатай Р200216697 тоот Олон улсын эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь 2018 оны 4 сараас Иммунная тромбоцитопеническая пурпура гэдэг өвчнөөр анх удаа оношлогдож эмчилгээ хийлгэж эхэлсэн. Нарийн мэргэжлийн эмчийн зөвлөсөн эмчилгээ болох 10 000 000 төгрөгийн үнийн дүн Револейд (Эмчилгээний явцаас хамаарч эмийн тунгийн хэмжээ нэмэгдэх боломжтой) эмийг 2018 оны 8 сарын 31-ний өдөр худалдан авч, компанитай байгуулсан даатгалын гэрээний дагуу Б Д ХХК нөхөн төлбөр олгох хүсэлт тавьсан. Бодь даатгал компани надад 2 544 533 төгрөг олгож, үлдэх 7 455 467 төгрөгийг олгохоос татгалзсан.

 

Ажиллаж байсан компани хүнд өвчин туссан тул ажлаас гарахыг шаардсаны дагуу ажлаас гарсан, даатгалын компанитай байгуулсан даатгалын гэрээний хуулбарыг өгөхгүй, үүнээс өөр гэрээ байхгүй гээд гэрээний нөхцөл өгсөн. Цахим баримтын буцаан олголтыг авч чадаагүй, мөн нөхөн төлбөр дутуу олгогдсонд гомдолтой тул Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж 2019 оны 3 сарын 05-ны өдрийн 9/768 тоотоор хариу авсан. Даатгалын нөхөн төлбөр 7 799 467 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Астеллас Фарма Европ Б.В-ийн төлөөлөгчийн газар нь 2017 оны 10 сарын 11-ний өдөр Б Д ХХК-тай Р200216697 дугаартай Олон улсын эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан. Даатгагдагч нь эмийн жорын дагуу 90 хоногийн турш хэрэглэх шаардлагатай Револейд гэх эмийг 10 360 000 төгрөгөөр худалдан авсан хэмээн Б Д ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хандсан. Б Д ХХК нь тус гэрээний давхар даатгагч АХА олон улсын эрүүл мэндийн давхар даатгалын компанид 2018 оны 09 сарын 04-ний өдөр хандсан. Давхар даатгагч уг хүсэлтийг судлан үзээд нэхэмжилсэн нөхөн төлбөрийн 2 544 533 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Даатгагдагчийн дансанд шилжүүлсэн. Үлдэх нөхөн төлбөрийг зөвшөөрөхгүй.

Гэрээний 4.2.2.с-д заасны дагуу 30 хоногоос дээш хугацаагаар эмчийн жорын дагуу хэрэглэгдэх эмийг даатгагч нь урьдчилан баталгаажуулах шаардлагатай бөгөөд нэхэмжилж буй нийт нөхөн төлбөр нь 90 хоногийн турш хэрэглэгдэх эмийн төлбөр байна. Түүнчлэн Астеллас Фарма Европ Б.В-ийн төлөөлөгчийн газар-тай байгуулсан даатгалын гэрээ нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон.Эмийн жор нь даатгалын гэрээний хугацаанаас урт хугацаанд хэрэглэгдэх тохиолдолд гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хугацаанд хэрэглэгдэх эмийг худалдан авах зардлыг Даатгагч хариуцахаар гэрээнд заасан.Даатгалын гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш гарах зардлыг даатгагч нь хариуцахгүй.Гэрээний 6.7.m-д заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1, 439 дүгээр зүйлийн 439.4, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д заасныг баримтлан хариуцагч Б Д ХХК-аас 7 799 467 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ө-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Ө-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143 887,47 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Бодь даатгал ХХК-аас 143 887,47 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ө-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: Уг даатгалын тохиолдол нь хөрөнгийн даатгалын харилцаа биш бөгөөд "Даатгалын нөхөн төлбөрийг тогтоосон хэмжээ" гэх ойлголт огт байхгүй. Хөрөнгийн даатгалын харилцаанд гэрээнд заасан эрсдлийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг даатгалын хохирол үнэлэгч хөндлөнгийн эрх бүхий этгээдээр тогтоолгодог бөгөөд уг үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг даатгагч төлөх үүрэг хүлээдэг.

Харин Эрүүл мэндийн даатгалын гэрээний харилцаанд "Нөхөн төлбөрийг тогтоосон хэмжээ" гэх ойлголт байхгүй бөгөөд гэрээний хугацаанд, гэрээнд заасан эрсдэлийн улмаас үүссэн зардлын баримтыг үндэслэн гэрээний дагуу нөхөн төлбөр олгоно.Нэхэмжлэгчийп ажил олгогч "Астелас Фарма Юроп Б.В-ийн төлөөлөгчийн газар" болон Б Д ХХК-ийн хооронд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Р200216697 тоот "Олон улсын эрүүл мэндийн даатгалын гэрээ"-ний 6 дугаар зүйлийн 6.7 m-д зааснаар эмийн жор нь даатгалын гэрээний хугацаанаас урт хугацаанд хэрэглэгдэх тохиолдолд гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хугацаанд хэрэглэгдэх эмийг худалдан авах зардлыг даатгагч хариуцахаар тохиролцсон байна.Эмийн жорын дагуу 90 хоногийн турш хэрэглэх шаардлагатай "Револэйд" гэх эмийг худалдан авсанаас хойш 40 хоногийн дараа буюу 2018 оны 10 сарын 10-ны өдөр гэрээ дуусгавар болсон. Б Д ХХК нь гэрээний хамгаалалт үйлчлэх хугацаанд ногдох эмийн зардлыг хариуцаж,хамгаалалт дуусгавар болсноос хойш хэрэглэгдэх эмийн зардлыг хариуцахгүй байх эрхтэй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Э.Ө нь хариуцагч Б Д ХХК-д холбогдуулан Астеллас фарма Европ Б.В компанийн Монгол дах төлөөлөгчийн газартай Бодь даатгал ХХК-ийн хооронд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Олон улсын эрүүл мэндийн даатгалын гэрээгээр даатгалын нөхөн төлбөрт 7 799 467 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Талууд гэрээ байгуулагдсанд, гэрээний хүчин төгөлдөр байдал болоод ажилтан Э.Ө нь уг даатгалд хамрагдсан даатгуулагч мөн эсэх, даатгалын тохиолдол гэрээний хугацаанд бий болсон тухайд маргаагүй.

 

Даатгуулагч гэрээний хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сараас Иммунная тромбоцитонпеническая пурпура өвнөөр оношлогдож, эмчилгээ хийлгэсэн. Нарийн мэргэжлийн эмчийн зөвлөсөн эмчилгээ болох 10 000 000 төгрөгийн үнэтэй Револэйд эмийг эмчийн жорын дагуу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс худалдан авч хэрэглэсэн, даатгагч 2 544 533 төгрөг олгож,7 455 467 төгрөгийг олгохоос татгалзсан хариуг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн үйл баримт тогтоогдсон. /хх 5-6/

 

Нэхэмжлэгч Санхүүнгийн зохицуулах хороонд хандаж уг маргааны талаар хариу авсан тул Санхүүгийн зохицуулах хорооны 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх журмыг нэхэмжлэгч биелүүлсэн гэж үзнэ. /хх 7/

 

Зохигч гэрээний хугацаа дуусгавар болсон 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи эмийн үнийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэхэд маргаж байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэж даатгалын хураамжаа төлсөн. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2 дахь хэсэгт зааснаар тухайн гэрээний даатгалын зүйл нь иргэдийн амь нас, эрүүл мэнд байхаар тохиролцжээ.

 

Даатгалын нөхөн төлбөрийг гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох үүрэгтэй. Талуудын гэрээний 1.1-д ... аливаа нэгэн гэнэтийн өвчлөл эсвэл аваар ослоос шалтгаалсан цаашид эмчлүүлэх шаардлагатай, зөвшөөрөгдсөн эмчилгээг хийлгэхтэй холбоотойгоор гарсан бүхий л зардлуудыг хамруулан үзэхээр тохиролцсон. Гэрээний хугацаанд даатгуулагч Иммунная тромбоцитонпеническая пурпура өвнөөр оношлогдож, уг өвчинтэй холбоотойгоор эм авч зардал гаргасан тул эмийн үнийг даатгагч бүхэлд нь хариуцах үндэслэлтэй.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч 7 799 467 төгрөгийг шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01711 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 425 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ш.ОЮУНХАНД