| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 102/2019/03774/и |
| Дугаар | 210/МА2020/00180 |
| Огноо | 2020-01-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2020/00180
| 2020 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 210/МА2020/00180 |
Э.Э-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03351 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т А ХХК-д холбогдох
4 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э-ийн өмгөөлөгч Ү.Амарбат, хариуцагч Т А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэлмэг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т А ХХК болон Э.Э нар нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр №3501/1070 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, 10 давхрын 70 тоот 3 өрөө 61.88 мкв талбайтай байрыг 123 760 000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээний урьдчилгаа төлбөрт 28 000 000 төгрөг төлсөн. Тус гэрээний 3.1-т ...орон сууцыг захиалагчид 2019 оны 1 дүгээр улиралд 100 хувь ашиглалтанд оруулж хүлээлгэн өгнө... гэж заасан боловч 2019 оны 07 дугаар сарын байдлаар байр ашиглалтанд ороогүй тул гэрээг Энхтуяагийн санаачилгаар цуцалсан. Т А ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй боловч гэрээ цуцалсны торгууль гэж төлсөн төлбөрийн 15 хувь буюу 4 800 000 төгрөгийн торгууль ногдуулсан. Гэтэл 28 000 000 төгрөгийн 15 хувь 4 200 000 төгрөг болж байхад 600 000 төгрөг илүү ногдуулж авсан мөн гэрээнд торгууль төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Торгууль 4 800 000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Энхтуяад гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн 28 000 000 төгрөгөөс 23 800 000 төгрөгийг буцаан төлсөн ба гэрээгээр талуудын тохиролцсон торгууль 4 200 000 төгрөгийг суутгасан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т А ХХК-аас 4 200 000 төгрөг гаргуулж, Дамбий овогт Э.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 91 750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: Ажил гүйцэтгэгчийн буруугаас болсон мэтээр тайлбарлаж, шүүх мөн ийм дүгнэлт хийсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.Гэрээний 1.5.Б-д ,3.3-т хугацаа хэтрүүлсэн ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаарх тохиролцоог баталгаажуулсан. Дээрх нөхцөл байдлууд нь захиалагч талыг гэрээгээ цуцлах явцыг дангаараа хэрэгжүүлж орон сууцыг худалдан авахаас татгалзсан тул гэрээний 2.8 дахь хэсэгт заасан 15 хувийн торгуулийг манайд төлөх үүргийг хүлээнэ. Орон сууц ашиглалтад орох хугацаа бусад этгээдээс хамааралтай байдаг бөгөөд нэгэнт Алтай хотхоны төсөл дуусах шатандаа явж байсан 35-р байр одоо ашиглалтад ороод байгаа болон гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Т А ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Т А ХХКнь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3501/1070 дугаартай орон сууц захиалгаар барих гэрээгээр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 35 дугаар байрны 240 айлын орон сууцны барилгын 10 дугаар давхрын 70 тоот, 61.88 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2019 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулах, нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөг 2018 оны 04 дүгээр сараас сар бүр 1 000 000 төгрөг, нийт 123 760 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 35-37/
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.
Захиалагч нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 28 000 000 төгрөг төлсөн, гүйцэтгэгч нь гэрээний зүйлийг 2019 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс захиалагч гэрээнээс татгалзаж урьдчилгаанд төлсөн 28 000 000 төгрөгөөс 23 800 000 төгрөг буцаан авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. /хх 5-13, 38/
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ гэрээний 2.8-д ...захиалагч энэ гэрээг дангаар зөрчиж орон сууцыг худалдан аваагүй тохиолдолд төлсөн төлбөрийн 15 хувийг торгуульд төлж үлдсэн хэсгийг авна... гэж зааснаар нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн 28 000 000 төгрөгөөс 4 200 000 төгрөгийг торгуульд суутгасан гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Шүүх нэхэмжлэгчийн гэрээний үнэд төлсөн 28 000 000 төгрөгөөс торгуульд үндэслэлгүйгээр суутгагдсан 4 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ гэрээг цуцлах тухай Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй нь буруу гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03351 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ТТ А ХХК-ийн төлсөн 91 750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Ш.ОЮУНХАНД