Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00194

 

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00194

 

 

 

Т.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/03234 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-Т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Нэхэмжлэгч нь Хас банк ХХК-иас 25 000 000 төгрөгийн зээл авч, төлж чадахгүйн улмаас банк шүүхэд хандсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 03-ны өдрийн 795 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөр төлж чадаагүйн улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, амины орон сууц 3 гудамж, 74а тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002764 дугаартай 131 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2201008573 дугаартай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй гэр бүлийн хэрэгцээний газрын үнэлгээг 60 737 102 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр танилцуулсан. Шинжээч Сэлэнгэ эстимейт ХХК нь зах зээлийн бодит үнэлгээтэй нийцээгүй, хэт доогуур үнэлсэн байх тул зөвшөөрөхгүй. Уг байр нь А зэрэглэлийн бүсэд байрлалтай, бүрэн ашиглалтад байгаа, нам даралт болон цахилгаан халаалтын зуухтай, цэвэр бохир усны асуудлаа бүрэн шийдсэн, 380 кв-ын тогтой, өргөн гудамжтай зэрэг олон давуу талтай. Манайхтай байршил ойролцоо Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны зам дагуу байрлалтай 390 м.кв талбайтай 2 давхар объектыг 280 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаар шуурхай зар сонинд нийтэлсэн байна. Иймд Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, амины орон сууц 3 гудамж, 74а тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002764 дугаартай 131 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2201008573 дугаартай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг үнэлсэн Сэлэнгэ эстимейт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Адилбекийн шүүхэд гаргасан тайлбарт: Шүүгчийн захирамжаар Т.Батбаатараас 18 452 472 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу албадан гүйцэтгүүлэх хуудас бичүүлэн, 2018 оны 08 сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Төлбөр төлөгч Т.Б-т шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй ба үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж үнийн санал зөрүүтэй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход 60 737 102 төгрөгөөр үнэлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Т.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Сэлэнгэ эстимэйт ХХК нь зах зээлийн бодит үнэлгээлтэй нийцээгүй, хэт доогуур үнэлсэн. Шүүгч шийдвэрийн үндэслэлдээ ... шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан журмын дагуу явагдсан гэж үзсэн нь буруу ба хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гүйцэт хийгээгүй, холбогдох баримтыг тодруулж, зайлшгүй нотлох баримтуудыг хавсаргасны эцэст хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Төлбөр төлөгч Т.Б нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 795 дугаартай захирамжаар 18 452 472 төгрөгийг Хас банк ХХК-д төлөх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч дээрх шийдвэр болон 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 859 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Т.Б-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, амины орон сууц 2б хэсэг, 74а байранд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002764 дугаартай 131 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, амины орон сууц, 3 гудамж, 74а тоотод байрлах Г-2201008573 дугаартай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1827 1171/05 дугаар тогтоолоор хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу явуулжээ /хх 30, 32/

Төлбөр төлөгч нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийг 250 000 000 төгрөгөөр худалдан борлуулах үнийн санал ирүүлснийг төлбөр авагч Хас банк ХХК эс зөвшөөрсөн болох нь хэргийн 35 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд шийдвэр гүйцэтгэгч Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, тус компани хөрөнгйин үнэлгээг 60 737 102 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайланг төлбөр төлөгч Т.Батбаатарт 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зүйл хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ. /хх 39-60/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шинжээчээр томилогдсон Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, сонингийн зар гэх баримтаар шинжээчийн үнэлгээг үндэслэлгүй гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/03234 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ш.ОЮУНХАНД