Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2019/03232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Б-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

            Үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие нь Х ХХК-аас 25,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд төлж чадахгүйн улмаас банкны зүгээс шүүхэд хандсан. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 795 дугаар захирамжаар бидний эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Миний бие эвлэрлийн гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлж чадаагүйн улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, амины орон сууц 3 гудамж, 74а тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002764 дугаартай 131 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2201008573 дугаартай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг үнэлгээчнээр үнийг нь тогтоолгож, үнэлгээний дүнг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр танилцуулсан. Уг үнэлгээтэй танилцахад 60,737,102 төгрөгөөр миний эзэмшлийн дээрх хаягт байрлах хувийн сууц болон газрыг үнэлсэн байна. Дээрх үнэлгээг “Сэлэнгэ эсмимейт” ХХК нь зах зээлийн бодит үнэлгээтэй нийцээгүй, хэт доогуур үнэлсэн байх тул дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Учир нь манай байр нь А зэрэглэлийн бүсэд байрлалтай, бүрэн ашиглалтад байгаа, нам даралт болон цахилгаан халаалтын зуухтай, цэвэр бохир усны асуудлаа бүрэн шийдсэн, 380 кв-ын тогтой, өргөн гудамжтай гэх мэт маш олон давуу талтай. Манайхтай байршил ойролцоо Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны зам дагуу байрлалтай 390 м.кв талбайтай 2 давхар объектыг 280,000,000 төгрөгөөр зарахаар шуурхай зар сонинд хэвлэсэн байгаагаас харахад бидний олон жилийн хүч хөдөлмөрөөр босгосон хувийн сууц болон газрыг минь хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, амины орон сууц 3 гудамж, 74а тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002764 дугаартай 131 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2201008573 дугаартай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг үнэлсэн “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/00795 дугаар захирамжаар Т.Б-аас 18,452,472 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Хас банк нь албадан гүйцэтгүүлэх хуудас бичүүлэн манай байгууллагад хандсан. 2018 оны 08 сарын 09-ны өдрөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдан төлбөр төлөгч Т.Б-т шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй ба үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж үнийн санал зөрүүтэй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчээр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002764 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, АОС-ны 3-74а тоот 131 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2201008573 дугаартай 700 м.кв талбайтай газрын хамт 60,737,102 төгрөгөөр үнэлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Т.Б-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, амины орон сууц 3 гудамж, 74а тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002764 дугаартай 131 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2201008573 дугаартай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг зах зээлийн үнээс хэт доогуур байдлаар үнэлгээ тогтоосон гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/00795 дугаартай шийдвэрээр “Хас Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Б, М.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,452,472 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлага 18,452,472 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тодорхой хугацаанд төлөхөөр, дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, амины орон сууц 2б хэсэг, 74а байранд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002764 дугаартай 131 м.кв талбайтай 2 давхар, биет байдлын болон эрхийн доголдолгүй, хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, амины орон сууц, 3 гудамж, 74а тоотод байрлах Г-2201008573 дугаартай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй гэр бүлийн хэрэгцээний газраа үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-10-11/

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШЗ2018/07969 дугаартай шүүгчийн захирамж, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 184/ГХ2018/00859 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн  НШШГГ-ын 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 18271171 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх-7-9, 25, 28/

НШШГГ нь төлбөр төлөгчид 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр барьцаа хөрөнгийг битүүмжлэн, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хөрөнгийг хураасан болох нь  НШШГГ-ын 18271171/4, 18271171/5 дугаар тогтоол, тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-29-33/

Төлбөр авагч “Хас банк” ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр өмчлөгчийн зүгээс ирүүлсэн үнэлгээг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт давсан үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 16/1028 дугаартай албан бичгээр барьцаа хөрөнгүүдийг үнэлгээг тогтоолгох зорилгоор хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байна. /хх-35/

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ тогтоохоор “Сэлэнгэ-эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, тухайн хэрэгт хувийн сонирхолтой эсэхийг тодруулан, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан байна. /хх-39-41/

 “Сэлэнгэ-эстимэйт” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлангаар Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Баянхошуу Хөтөл хороолол АОС-ны 2б хэсэг 74а байр, 131 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002764 дугаартай хувийн сууц, 700 м.кв Г-2201008573 тоот улсын бүртгэлийн дугаартай газрын хамт 60,737,102 төгрөгөөр тогтоожээ. /хх-43-56/

НШШГГ нь хөрөнгийн үнэлгээг 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 4/22759 дугаартай мэдэгдлээр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, АОС-ны 3 дугаар гудамж, 74а тоот хаяг оршин суух Т.Б-т, 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 4/22784 дугаартай мэдэгдлээр “Хас банк” ХХК нарт гардуулсан болох нь тогтоогдож байна. /хх-60-61/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж, мөн зүйлийн 55.2.2-т “Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж заажээ. 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэжээ.

НШШГГ нь хөрөнгийн талаар үнийн санал авах, шинжээч томилох, шинжээчийн дүгнэлтийг танилцуулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

“Сэлэнгэ-эстимэйт” ХХК нь үнэлгээг хөрөнгө нэг бүрээр олон улсын болон үндэсний стандарт, аргачлалын дагуу зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлага, зардлын хандлага, өртгийн хандлага зэрэг тохирох аргуудыг ашиглан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу хийсэн нь үнэлгээ хийсэн тайлан, хариуцагч байгууллагаас хөтөлсөн шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, ашиг сонирхлын зөрчилгүй болох тухай тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна. /хх-40-56/

Нэхэмжлэгч хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Шуурхай зар сонинд нийтлэгдсэн “Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны зам дагуу ашигтай байрлалтай 390 мкв талбайтай 2 давхар обьект зарна. Одоо 1 давхартаа авто угаалга, хүнсний үйлдвэрлэлтэй. Хашааны газар тэгшхэн нэмж барилга барих боломжтой. Уг барилгыг бүх төрлийн үйлдвэр үйлчилгээний зориулалтаар тохижуулан ашиглах боломжтой. Үнэ 280 саяас. Хаяг: СХД, 11-р хороо, Овоото 1-29, 29 а” гэх зард манай газар, хувийн сууцыг багаар үнэлсэн нь тогтоогдоно гэжээ. Уг зард зарлагдсан обьект буюу сууцны хэмжээ нь 390 м.кв хэмжээтэй буюу нэхэмжлэгчийн өмчлөлийн хувийн сууцаас даруй 3 дахин том, үйлчилгээ явуулах зориулалттай гэх тул нэхэмжлэгчийн хувийн сууц, газартай харьцуулах боломжгүй байна.

Иймд хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Т.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.НЯМСҮРЭН