Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00195

 

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00195

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/02061 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Т-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 69 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Э.Т-тай 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 25 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, нотариатаар гэрчлүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын г-11 гудамж, 1в тоот хаягт байрлах 360 м.кв газар, тус газар дээрх 720 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан, барьцааны гэрээг улсын бүртгэлийн газраар бүртгүүлэн баталгаажуулсан. Э.Т нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн нөхөр гэх н.Б-тай хамт зээлийн гэрээг 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгаж, үндсэн зээл болох 25 000 000 төгрөг дээр нэмж 4 100 000 төгрөг авч нийт 29 100 000 төгрөг болсон. Зээл 29 100 000 төгрөгийг Э.Т-гийн Хаан банк дахь 5057263173 тоот дансаар дансаар шилжүүлсэн. Э.Т нь 2019 оны 05 дугаар сард уулзан зээлийн төлбөрөө тооцоход 86 418 000 төгрөг болсон ба 17 418 000 төгрөгийн хүүг хөнгөлж, 69 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Иймд Э.Т-аас зээл 29 100 000 төгрөг, алданги 14 550 000 төгрөг, хүү 25 350 000 төгрөг, нийт 69 000 000 төгрөг гаргуулж,  үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү. Зээлийн хүүг сарын 4 хувиар бодож, алдангиас 2 000 000 төгрөг хасч болно гэжээ.

Хариуцагч Э.Т-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 29 100 000 төгрөгийг  хүлээлгэн өгөөгүй. Хамтран зээлдэгч Г.Батбаяр гэх хүн байгаа бөгөөд тэрээр зээлийг Э.Т-аар дамжуулан Г.Гантулгаас авсан.Г.Г, Э.Т нар бие биенээ танихгүй. Э.Т-гийн Г.Г-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.Б-аас шаардах хэрэгтэй. Мөн Э.Туяаг энэ зээлийг хариуцна гэж үзэж байгаа бол Г.Б зээлээс төлөөд үлдсэн 14 250 000 төгрөгийг төлөхөөр хийсэн хэлцлийг үндэслэхийг хүсч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Т-гаас 53 317 000 төгрөгийг гаргуулж Г.Г-д олгож, нэхэмжлэгчийн 15 683 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 502 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 424 535 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Г-2202005920 дугаар гэрчилгээний дугаартай Чингэлтэй дүүрэг, 7-р хороо, хувьсгалчдын г-11 гудамж, 1в тоот хаягтай 360 м.кв газар, улсын бүртгэлийн эрхийн Ү-2202021650 дугаарт бүртгэлтэй тус газар дээрх 720 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахаар тогтоож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч Г.Г-ын давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 04 сарын 14-ний өд Э.Т нь 4 100 000 төгрөгийн зээл нэмж авсан ба уг мөнгийг түүний ХААН банкны 5057263173 тоот дансанд шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш тэрээр ямар нэгэн төлбөр төлөөгүй. Шүүх 4 100 000 төгрөгийг Э.Т-аар төлүүлэх үндэслэлгүй гэж үзсэн нь буруу. Иймд шийдвэрээр олгосон 53 317 000 төгрөг дээр 6 560 000 төгрөгийг нэмж нийт 59 877 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Т-ийн давж заалдах гомдолд: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуудагдсан 2017 оны 04 сарын 14-ний өдрийн төлбөр төлөх тухай хэлцэл нь цаг хугацааны хувьд 2017 оны 04 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнээс хойш хийгдсэн хэлцэл бөгөөд талууд уг үйл баримтад маргадаггүй. Харин нэхэмжлэгч үүнийг зээлийн гэрээний хүү мэтээр гайлбарлах боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй. Бид тухайн төлбөр төлөх тухай хэлцлийг үйлдэхэд Г.Б нь төлбөрөө барагдуулсан, одоо 14 250 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж ойлгуулсан. Гэтэл шүүх үндэслэлгүйгээр 53 317 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Ямар нотлох баримтаар 53 317 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хууль зуйн дүгнэлт нь эргэлзээтэй.

Хэргийн бодит байдлын хувьд эсрэгээрээ бөгөөд нэгэнт төлөх төлбөрийн хэмжээ багассан, үндсэн төлбөрийн хэмжээ илтэд буурсан тул бид хугацааг багасгаж тохиролцсон. Г.Б нь төлбөрийн хэмжээг бууруулж, өр авлагаа багасгасан учир богино хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар хийсэн гэрээ юм. Түүнчлэн Г.Б үлдэгдэл төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг ганцаараа үүрч байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Мөн нэхэмжлэгч нь Г.Б гэрээнд гарын үсэг зурсаар байтал түүнийг хариуцагчаар татахгүй байгаа нь ойлгомжгүй. Шүүх хэргийн харьяалал зөрчсөн, хариуцагчийн эрхийг зөрчсөн. Г.Б-ыг шүүх хуралд оролцуулаагүй, түүнээс ямар нэг тайлбар гаргуулж аваагүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үлдэгдэл төлбөрт 14 250 000 төгрөг, алдангид 7 125 000 төгрөг, нийт 21 375 000 төгрөг төлөхөд татгалзахгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Э.Т-аас зээлийн гэрээний үүрэгт 69 000 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн төлбөр төлөх тухай хэлцлийн дагуу 14 250 000 төгрөг төлнө гэж маргажээ.

Зохигч 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг 2.7 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, хугацаа хэтэрвэл хоногийн 0.5 хувийн анз тооцохоор тохиролцоонд болон уг зээлийн үүргийн барьцаанд Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчдын г-11 гудамж, 1в тоот хаягтай 360 м.кв газар, газар дээрх 720 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаагүй. /хх 5, 7-8, 10-11/

Хариуцагч Э.Т нь 25 000 000 төгрөг хүлээн авсан гэж гэрээнд гарын үсэг зурсан үйл баримттай маргаж үгүйсгэж, шинжээч томилуулах хүсэлт гаргаагүйгээс гадна дээрх 25 000 000 төгрөгийг Г.Б-т авч өгсөн гэж тайлбар гаргажээ. /хх 19/

Мөн талууд 2017 оны 04 сарын 14-ний өдөр гэрээний хугацаа сунгах гэсэн агуулгатай гэрээг бичгээр байгуулсанд маргаангүй. /хх 9/ Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо зээл 14 250 000 төгрөг түүнд ногдох анз 7 125 000, нийт 21 375 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байна. /хх 67/

Талууд зээлийн мөнгөн хөрөнгө болох 29 000 000 төгрөгөөс 4 100 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсэхэд, зээлийн буцаан төлөлт, тооцоолол зэрэгт маргаантай байна.

Зохигч 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тухайлан гэрээний хугацааг сунгасан баримт үйлдээгүй. Харин 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай болон диспозитив зарчимд нийцсэн. Иймд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд гэрээг сунгагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцэх юм.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүүг сарын 4 хувь болгон бууруулсан тул хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 25 000 000 төгрөг, зээлийн хүүд 15 767 000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангид 12 550 000 төгрөг, нийт 53 317 000 төгрөг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгөөс 4 100 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгснөө Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул дээрх 4 100 000 төгрөг түүнд ногдох хүү, анзыг нэхэмжлэгч шаардах эрхгүй.

Мөн хэргийн 9 дүгээр талд авагдсан төлбөр төлөх тухай хэлцлээр Э.Т, Г.Б нар Г.Г-д 14 250 000 төгрөгийн төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцжээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах юм. Уг тохиролцоонд 14 250 000 төгрөгийн төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар хугацааны хувьд тохиролцсон байна. Харин уг гэрээгээр талуудын хоорондын өмнөх зээлийн төлбөр 14 250 000 төгрөгт хүү, алданги тооцох агуулга байхгүй байна.

Хариуцагч Э.Т нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Г.Б гарын үсэг зурсан тул хамтран үүрэг хүлээнэ, уг мөнгийг Г.Б төлөх ёстой гэж тайлбарладаг боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр үүрэг гүйцэтгэгчийн хэн алинаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг, мөн хуулийн 282 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож, хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийсэн байх тул зээл, хүүг түүнчлэн анзыг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуульд нйицжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/02061 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 429 834 төгрөг, хариуцагчаас төлсөн 122 132 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ш.ОЮУНХАНД