Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2019/02061

 

                                             

 

 

 

 

 

 

 

 

                                     2019         11          25

            182/ШШ2019/02061

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: Г. Г

Хариуцагч: Э. Т

зээлийн гэрээний үүрэгт 69.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонголзул нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Э.Т нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр надтай зээлийн гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэйгээр хугацаа хэтэрвэл хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож авсан. Зээлийн гэрээгээ нотариатаар гэрчлүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд Чингэлтэй дүүрэг, 7-р хороо, хувьсгалчдын г-11 гудамж, 1в тоот хаягтай 360 м.кв газар, тус газар дээрх 720 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан барьцааны гэрээгээ үл хөрөнгийн бүртгэлийн газраар бүртгүүлэн баталгаажуулсан юм. Э.Т нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн нөхөр гэх н.Батбаяртай хамт ирж уулзаад зээлийн гэрээгээ сунгах хүсэлт тавин гэрээг 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгаж, үндсэн зээл болох 25.000.000 төгрөг дээр нэмж 4.100.000 төгрөг зээлсэн. Нийт зээлийн хэмжээ 29.100.000 төгрөг болсон. Э.Т нь үндсэн зээл болох 29.100.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5057263173 тоот дансаар дансаар шилжүүлэг хийлгэн авсан. Э.Т нь 2019 оны 05 дугаар сард надтай ирж уулзан зээлийн төлбөрөө тооцоход 86.418.000 төгрөг болсон. Э.Т нь 17.418.000 төгрөгийн хүүг хөнгөлж, 69.000.000 төгрөг төлөхөөр надтай тохиролцсон юм. Үүнээс одоогоор ямар ч мөнгө төлөөгүй байгаа. Э.Тгаас үндсэн зээл 29.100.000 төгрөг, алданги 14.550.000 төгрөг, зээлийн хүү 25.350.000 төгрөг нийт 69.000.000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү. Зээлийн хүүг сарын 4 хувиар бодож, алдангиас 2.000.000 төгрөг хасаж болох юм гэв.

Хариуцагч хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Г.Гантулгын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь зээлийн гэрээний үүрэгт 29.100.000 төгрөгийг Э.Тд хүлээлгэн өгөөгүй юм. Түүнчлэн иргэний хэргийн ажиллагаанд хамтран зээлдэгч Г.Батбаяр гэх хүн байгаа бөгөөд энэ хүн уг зээлийг Э.Тгаар дамжуулан Г.Гас авсан болохоос Г.Г Э.Т нар бие биенээ танихгүй, мөн хамтран зээлдэгч гэх иргэн Г.Батбаяр нь Э.Тг нэхэмжлэгчтэй танилцуулсан байдаг. Э.Тгийн Г.Гтай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.Батбаяраас шаардах хэрэгтэй. Мөн Э.Тг энэ зээлийг хариуцна гэж үзэж байгаа бол Батбаяр зээлээс төлөөд үлдсэн байсан 14.250.000 төгрөгийг төлөхөөр хийсэн хэлцлийг үндэслэхийг хүсэж байна гэв.

 

            Шүүх нэхэмжлэл, зээл болон барьцааны гэрээ, төлбөр төлөх тухай хэлцэл, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Э.Тд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 69.000.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа Г.Батбаяр уг зээлийг авахуулсан, тэр төлөх ёстой ба хариуцагчаар төлүүлнэ гэвэл 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Төлбөр төлөх тухай хэлцэл”-ийн дагуу төлнө гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Э.Т 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Г.Гтай зээлийн гэрээ байгуулж, Г-2202005920 дугаар гэрчилгээний дугаартай Чингэлтэй дүүрэг, 7-р хороо, хувьсгалчдын г-11 гудамж, 1в тоот хаягтай 360 м.кв газар, улсын бүртгэлийн эрхийн Ү-2202021650 дугаарт бүртгэлтэй тус газар дээрх 720 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж 25.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлдэн, Э.Т 25.000.000 төгрөгийг хүлээн авсан тухай гэрээн дээр тэмдэглэсэн байна.

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тэд дахин зээлийн гэрээ байгуулж, урьд зээлийн гэрээний хугацааг 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгах, хамтран зээлдэгчээр Г.Батбаярыг оруулж, нэмж 4.100.000 төгрөгийг Г.Гас зээлдэхээр тохиролцсон байна. Мөн энэ өдөр “Төлбөр төлөх тухай хэлцэл” гэгчийг байгуулж, Г.Гд төлөх 14.250.000 төгрөгийг 2017 оны 06 сарын 01-ний өдрийн дотор төлөх, хугацаа хэтрүүлбэл алданги тооцохоор зааж Г.Г, Э.Т, Г.Батбаяр нар гарын үсэг зуржээ. Үндсэн зээлийн гэрээний хугацаа 2018 оны 07 дугаар 07-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээлдүүлэгчид мөнгийг буцаан төлөөгүй байна.

Г.Г, Э.Т нар  2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулж, сунгаагүй явж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тэд дахин гэрээ байгуулж, урьд зээлийн гэрээний хугацааг 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгасан байх тул эхний удаад нэг сар, дараа нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн хүүг тооцох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч зээлийн хүүг сарын 4 хувь болгон бууруулсан ба үүгээр тооцож үзэхэд зээлийн хүү 15.767.000 төгрөг, үндсэн зээлийн хамт зээлийн өр 40.767.000 төгрөг болж байна. Талууд гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн өрийг төлөөгүй тохиолдолд алданги төлүүлэхээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч алдангид 14.550.000 төгрөг нэхэмжилснээ 2.000.000 төгрөгөөр бууруулж байна. Нийт 53.317.000 төгрөгийг Э.Тгаар Г.Гд төлүүлэх үндэслэлтэй байна.

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэмж 4.100.000 төгрөгийг зээлдсэнд Г.Батбаяр оролцсон ба нэхэмжлэгч мөнгийг Э.Т, Г.Батбаяр нарын хэнд өгсөн нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй байх тул Э.Тгаар төлүүлэхээр шийдвэрлэх боломжгүй байна.

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан “Төлбөр төлөх тухай хэлцэл” нь үндсэн гэрээ биш бөгөөд хариуцагчийн тайлбарласнаар түүнд заагдсан 14.250.000 төгрөг нь зээлээс төлөөгүй үлдсэн үлдэгдэл биш байна. Учир нь талууд дахин гэрээ байгуулж 25.000.000 төгрөг зээлдсэн гэрээний хугацааг 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгасан атлаа 14.250.000 төгрөгийг “Төлбөр төлөх тухай хэлцэл”-д 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр заажээ. Энэ нь 14.250.000 төгрөг нь төлөөгүй үлдсэн төлбөр бүхэлдээ биш болохыг харуулж байх ба нэхэмжлэгч үүнийг гэрээний хугацааг сунгахын тулд зөвхөн хүүг тооцож богино хугацаанд төлүүлэх тохиролцоо гэж тайлбарлаж байна.

Хариуцагчаар нийт 53.317.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлүүлэх, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  

 

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-ийг баримтлан Э.Тгаас 53.317.000 төгрөгийг гаргуулж Г.Гд олгож, нэхэмжлэгчийн 15.683.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 502.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 424.535 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгосугай.

 

  1. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Г-2202005920 дугаар гэрчилгээний дугаартай Чингэлтэй дүүрэг, 7-р хороо, хувьсгалчдын г-11 гудамж, 1в тоот хаягтай 360 м.кв газар, улсын бүртгэлийн эрхийн Ү-2202021650 дугаарт бүртгэлтэй тус газар дээрх 720 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахаар тогтоосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД