Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 109

 

 

Д.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 804 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1110 дугаар магадлалтай, Д.С-д холбогдох 1705016420771 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Д-ны С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Д.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Яллах дүгнэлтэд гэрч Д.Ц, Э.А нарын мэдүүлгийг яллах үндэслэл болгосон бөгөөд хоёр өөр цаг хугацаанд болсон асуудалд хоёуланд нь Ж.Ц-т гэмтэл учруулсан мэтээр яллахыг зорьсон. Тодруулбал, Ж.Ц-ыг студийн Э гэх залуу аваад гарахад шатан дээр тэрийж хэвтчихээд явахгүй байсан гэдэг. Бармен охин туслах гээд очиход хэл амаар доромжлоод өшиглөөд байхаар нь Д.Ц-г дуудаж, улмаар Э буудлын хүлээлгийн сандал дээр суулгаж орхиод явсны дараа Д.Ц түүнийг лифтэнд суулган өрөөнд нь оруулсан байдаг. Д.С-ийн түлхэлтийн улмаас ямар нэгэн гэмтэл учраагүй. Караокений машинаас буйдан хүртэл 3 метр гаруй зайтай, Д.С суугаагаараа түлхэхэд тийм их хүч үйлчлэхгүй. Гэрч Н.М, Д.Ц нарын мэдүүлгээр 23 цагийн үед Ж.Ц-ын биед гэмтэл учраагүй болох нь нотлогдсон. Түүнчлэн гэрч Н.М “хүчтэй унасан юм байхгүй, их биеэрээ унасан, толгойгоо цохьсон асуудал байхгүй”, гэрч Э “Ц их биеэрээ газар унасан, цус гарсан зүйл байгаагүй” гэх зэргээр болсон явдлыг тодорхой мэдүүлээд байхад Д.С-ийг Ж.Ц-т тийм олон тооны гэмтлийг санаатай учруулсан мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Ж.Ц Д.С дээр очоод пиво нэхсэн, Д.С Д.Ц-тайгаа ярь гээд гаргасан, буцаж орж ирээд хоёр авдар шилээ авья гэхээр нь өгсөн. Шилээ даахгүй болохоор нь өргөлцөөд явах гэтэл уурлаад хэл амаар доромжилсон. Д.С-ийг текэн дээр байж байхад түүнийг хэл амаар доромжлоод гэнэт босч ирээд үсдээд авсан гэдэг. Д.С тавиулах гээд бас үсдсэн байдаг. 03 цагийн үед болсон бодит байдал энэ бөгөөд тэдний дэргэд студийн М, буудлын ээлжийн харуул, ресепшин А, зөөгч Б нар байсан. Гэтэл Ж.Ц олон удаа өшиглөсөн мэтээр мэдүүлж буй нь түүнийг худлаа хэлж байгааг нотолж байна. Ж.Ц нь Ц-ийнх руу хоёр удаа явсан нь гэрч А-ийн мэдүүлгээр нотлогддог.

Хохирогч Ж.Ц харанхуй шөнө хоёр удаа гарч явахдаа унаж туссан, хэн нэгэнд зодуулан гэмтэл авсан байхыг үгүйсгэхгүй. Шинжээчийн 14419 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг дүгнэлтэд дурдсан олон тооны гэмтлийг хэзээ, хаана авсан нь тодорхойгүй байхад Д.С-ийг уг гэмтлүүдийг учруулсан мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Түүнчлэн Ж.Ц хэрэг болсны маргааш эмнэлгээр яваад цагдаа дээр очоогүй гэдэг бөгөөд өвчний түүхэнд “толгойны зүүн зулай орчим зөөлөн эд хавдартай, эмзэг /зүсэгдсэн шархтай/” гэсэн байх ба тухайн үед Ж.Ц-ын толгойноос цус гараагүй болохыг бүгд гэрчилдэг төдийгүй яаж, хэдийд зүсэгдсэн шарх толгойд үүсэх болов гэдгийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй.

Ж.Ц-ын хөлний шилбэ, өвдөг, тохойнд үүссэн гэмтлүүд нь согтуу мөлхөх, агсам тавих явцад нь, гуя, ташаа, шуу, бугалга, цээжинд караокений машин унаснаас гэмтэл үүссэн байлаа гэхэд толгойн дахь зүсэгдсэн шарх юуны улмаас хэн учруулсан нь тодорхойгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн хэргийг шалгах явцад “Ангара” зочид буудлын камерын бичлэгийг хураан авсан ба энэ нь хэрэгт авагдаагүй байна. Хэрэгт “дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж Ж.Ц-ын толгойд зүсэгдсэн шарх үүссэн байсан эсэх, Ж.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө тухайн буудлаас гарсан эсэх, маргааш өдөр нь хаагуур явсан эсэхийг тогтоолгох үүднээс камерын бичлэгийг шалгуулж, бодит үнэнийг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн хүсэлт, гомдлыг гаргасан боловч хэргийг хэт нэг талыг барьж зөвхөн шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дээрх нөхцөл байдлуудад үнэлэлт, дүгнэлт өгч Д.С-ийн үйлдэл холбогдолд эргэлзээтэй зүйл их байгааг харгалзан үзэж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Г гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан болон давж заалдах шатны шүүх Д.С-д холбогдох хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн Д.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.С нь 2017 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Ангара” зочид буудал дахь өөрийн түрээслэн ажиллуулдаг караокед Ж.Ц-той “караокений төхөөрөмж татаж унагаалаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түлхэж унагаах, үсдэх зэргээр хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь “зүүн зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, тохой, шуу, баруун шуу, цээж, баруун, зүүн ташаа, баруун гуя, баруун, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.С-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцон хуульд заасан төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч Д.С-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх үед гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул давж заалдах шатны шүүх Д.С-д холбогдох хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс тогтоосон нөхцөл байдлыг няцаан үгүйсгэсэн үндэслэл бүхий нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “гэмт хэргийн үйл баримт үндэслэлтэй тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох”-ыг хүссэн гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй” бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах эрх хэмжээтэй тул хэргийн үйл баримтыг өөрчлүүлэх, үүнтэй холбогдуулан хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 804 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1110 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН