Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 110/2016/0058/з |
Дугаар | 221/МА2017/0325 |
Огноо | 2017-05-04 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2017/0325
2017 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 221/МА2017/0325 | Улаанбаатар хот |
Д.Айжаны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Досболат, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Цэрэндагва нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0021 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Д.Айжаны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0021 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.2, 17.4, 17.6, 17.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Айжаны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Айжаныг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Баяннуур сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилоогүй тус хэлтсийн даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Баяннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд нэхэмжлэгч Д.Айжаныг томилохыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хамитхан давж заалдах гомдолдоо: “... Болсон асуудлын талаар: гуравдагч этгээд Х.Жадыра нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын төвд оршин суудаг бөгөөд Баяннуур сум дахь Нийгмийн даатгалын улсын байцаагч өндөр насны тэтгэвэрт гарч сул орон тоо гарснаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/08 тоот тушаалаар байнгын ажлын байранд сул орон тоонд нийгмийн даатгалын байцаагчаар томилогдож, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын А/25 тоот тушаал жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт авч, ажлаас түр чөлөөлөгдсөн билээ. Гэтэл тухайн орон тоонд ажиллаж байсан Жадырагийн амаржсаны чөлөө дуусаагүй байхад тухайн орон тоонд Айжаныг томилохыг даалгах тухай Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 110/ШШ2017/0021 тоот шийдвэр нь дараах үндэслэлээр холбогдох хууль бус шийдвэр гэж үзэн:
Нэхэмжлэгч Д.Айжан нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан “Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад оролцож 70,16 оноогоор тэнцэж, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд орох иргэдийн нөөцөд бүртгэгдсэн байна.
Энэ нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажлыг сонгон шалгаруулах журам баталсан Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтын 2-т зааснаар “Төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, түүнээс дээш албан тушаалтанд хамрагдах” бөгөөд уг журмын 10 дугаар заалтад заасан ёсоор явуулсан сонгон шалгаруулалт юм.
Гэтэл “Төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад” орсон Д.Айжаныг Баян-Өлгий аймгийн Баяннуур сум дахь “төрийн жинхэнэ албан тушаалын” сул орон тоо болох Нийгмийн даатгалын улсын байцаагчийн орон тоонд Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 37 тоот тогтоолоор нэр дэвшүүлсэн нь Улсын Их хурлын 2006 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 40 дүгээр зүйлд “Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд томилогдохыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орох” гэснийг зөрчсөн.
Тухайлбал Д.Айжан нь Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын ажлын байранд сонгон шалгаруулалтад орсон ба ЭМД-ын улсын байцаагчийн орон тоо тэс ондоо албан тушаалын байр юм. Энэ талаар анхан шатны шүүх нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн.
Д.Айжан нэрийг Баяннуур сумын нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан тушаалд дэвшүүлсэн тухай Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 37 тоот тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн явдал юм.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн нэр дэвшүүлсэн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 17.3-д заасныг үндэс болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Хэрэв Д.Айжаныг төрийн албаны нөөцөд байгаа гэж үзэж тухайн албан тушаалд томилоход нэр дэвшүүлсэн бол Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар дэвшүүлэх ёстой юм.
Д.Айжаныг Баяннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоонд нэр дэвшүүлэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам батлах тухай 99 дүгээр тогтоолоор баталсан журмын 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасныг ноцтой зөрчсөн.
Тухайлбал Төрийн албаны салбар зөвлөлийн дарга оролцоогүй нарийн бичгийн хамт 4 хүний бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргасан нь тухайн заалтыг зөрчсөн явдал юм.
Жадрагийн хувьд жирэмсний амралттай байсан дараа нь хүүхэд гаргасан, хүүхэд маань нэг нас хүрээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчсөн болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус эрхийн акт учраас хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Баяннуур сумын Нийгмийн даатгалын байцаагч Х.Даулетбекийг өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түүнийг төрийн албанаас чөлөөлжээ.
Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2016 оны 02 дугаар сард тус аймгийн Өлгий сумын Засаг даргын “Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга”-ын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулснаас нэхэмжлэгч Д.Айжан тэнцэн, төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байна.
Улмаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 37 тогтоолоор “Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Баяннуур сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагч”-ийн албан тушаалд Даулетбек овогтой Айжаныг томилуулахаар нэр дэвшүүлсэн байх бөгөөд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга түүнийг ямар нэгэн үндэслэлгүйгээр тус ажлын байранд томилоогүй байна.
Нэхэмжлэгч Д.Айжан төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдэн, “сумын нийгмийн даатгалын байцаагч”-ийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан байхад хариуцагч нь Д.Айжаныг уг албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасантай нийцэхгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн төрийн алба хаах хуулиар олгогдсон эрхийг зөрчжээ.
Төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг Төрийн албаны зөвлөлөөс сонгон, томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж заасны дагуу иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргаж төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан баталгаажуулах үүрэгтэй тул анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Баяннуур сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилоогүй тус хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баяннуур сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд нэхэмжлэгч Д.Айжаныг томилохыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр, гуравдагч этгээд Х.Жадыра нь маргаан бүхий албан тушаалд түр томилогдсон, мөн уг албан тушаалд томилогдох төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй зэргээс үзэхэд түүний төрийн алба эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй юм.
Тодруулбал, төрийн алба эрхлэх ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг төрд ажиллуулах талаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж заасан байна.
Иймд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн Д.Айжаныг маргаан бүхий албан тушаалд томилохгүй байгаа захиргааны албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Тиймээс анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР