Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 00036

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.О--ы нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/03010 дугаар шийдвэртэй, Ч.О-ы нэхэмжлэлтэй, “П Ч Д Т”-ХХК-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.О-, түүний өмгөөлөгч Ө.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.О- нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Хариуцагч байгууллагын Дорнод аймгийн Матад суманд байрлах 19 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазад тогоочоор 9 жил ажилласан. 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 19/40 дугаартай “Ажилчдыг ур чадвар, давуу талаар нь шигшиж сайжруулах шийдвэрийн тухай” гэсэн баримтыг танилцуулсан ба шийдвэрт тодорхой нэр заагаагүй байсан. Уншиж танилцаад ажилтны мэргэжил, мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн сахилга бат, ажлын гүйцэтгэл хандлага, хэлтсийн үнэлгээ зэргээс хамаарч шигшинэ гэж ойлгосон. Энэхүү шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангана гэсэн итгэлтэй байсан. Учир нь, хамгийн өндөр мэргэжлийн зэрэгтэй, архи, тамхи, гэмт хэрэг зөрчлийн ямар нэгэн алдаа дутагдалгүй, компанийн дүрэм, үйл ажиллагаанд гомдол, шүүмжлэл гаргадаггүй, үүрэгт ажлаа хийдэг тул дурдсан асуудал хамааралгүй гэж 100 хувь итгэлтэй байсан ч ажлаас халсан. Үндэслэлийн талаар дарга /БНХАУ-ын/ нараас асуухад “... чи ажлаа сайн хийдэг, мэргэжил боловсролын шалгуур хангасан, архи, дарсны зөрчилгүйг мэднэ, танай менежерээс ирүүлсэн нэрс дунд чиний нэр байна, бид мэдэхгүй...” гэсэн.

Ингээд М.Наран менежерээс тодруулахад “мэдэхгүй” гэсэн. Тэрээр өнгөрсөн 9 жилийн хугацаанд үл ялиг шалтгаанаар сахилгын арга хэмжээ авч байсан ч гомдол гаргаж байгаагүй. Түүнээс биш хятад дарга нар дарамт, шахалт үзүүлж байгаагүй. Өнгөрсөн хугацаанд шилдэг ажилтан болж шагнал, урамшуулал авдаг байсан. Одоогийн байдлаар санхүүгийн хувьд маш хүндрэлтэй байна. Сар бүр 1 062 000 төгрөгийн зээл төлөх, өндөр настай аав, ээж, эхнэр бага насны 2 хүүхдийн амьдрал ахуйг авч явах гээд санхүүгийн дарамт ирж байна.

Хариуцагч тушаал шийдвэртээ ...хөрөнгө оруулалтын эрчимтэй хөгжлийн үе шатнаас техник технологийн эрчимтэй үе шат руу шилжсэн тул компанийн өнөөгийн үйл ажиллагаанаас хүртэх үр ашиг муу, хөрөнгө оруулалтын хэмжээ багасч, компанийн ажилтны тоо хэт ихээр давсан. Компани ур чадвараар нь 31 ажилтныг шигшин сайжруулсан гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасны дагуу сануулах арга хэмжээ авсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэжээ.

Гэтэл тушаал хууль зүйн үндэслэлгүй нь хэргийн баримтуудаар тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 19/19-34 дугаар тушаалд огноо байхгүй, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 19/40 тоот тушаал, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.1-ийг үндэслэн бүтэц зохион байгуулалтаар ажилтанг шигшин сайжруулах ажлыг зохион байгуулсан, ажлын байр болон орон тоог цөөрүүлсэн ажилтнуудын ажлыг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгож ээлжийн амралтыг санхүү хариуцсан н.Дашзэвэгт даалгасугай гэсэн байсан. Дотоод журмын 3.4.1-д ажилтантай байгуулсан гэрээг цуцлах тухай зохицуулалт бий. Тушаалд ажлаас халсан үндэслэлийг тодорхой бичнэ гэж заасан байхад үндэслэлээ тайлбарлаагүй, хэдэн орон тоо хасагдаж цөөрсөн нь тодорхойгүй байгаа.

Иймд тус байгууллагын 19 дүгээр талбайн үйлдвэрийн баазын тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны 83 хоногийн цалин нийт 12 309 564 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: “П Ч Д Т”-ХХК нь 2005 оноос Монгол улсад “бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд тус улсын хууль, тогтоомжийг хүндэтгэн даган биелүүлж орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ зэргээр нийгэм, эдийн засагт                             зохих хувь нэмрээ оруулж байгаа юм. Компанийн газрын тос олборлож буй 19,                                                21 дүгээр талбайнуудад нийт ажилчдын 79.2 хувь буюу Монгол улсын 537 иргэн ажилладаг.

2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 19/40 дугаартай “Ажилчдыг ур чадвар, давуу талаар нь шигжиж сайжруулах шийдвэрийн тухай” гэсэн ерөнхийлөгч /гүйцэтгэх захирал/ -ийн шийдвэр гарсан. Уг шийдвэрт “П Ч Д Т”-ХХК нь хөрөнгө оруулалтын эрчимтэй үе шатнаас технологийн эрчимтэй хөгжлийн үе шат руу шилжсэн байгаа тул компанийн өнөөгийн үйл ажиллагаанаас хүртэх ашиг муу, хөрөнгө оруулалтын цар хэмжээ жилээс жилд багасаж хумигдаж байгаа, 2018 онд дээд шатнаас тогтоосон хөдөлмөр эрхлэх ажилтнуудын хэмжээтэй харьцуулахад компанийн ажилчдын тоо хэт ихээр давсан. Компани нь ажилтны мэргэжил, мэдлэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар ажил олгогч энэ хуулийн 40.1.1. 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэнэ гэсний дагуу хавсралтад заасан 31 ажилчдын жагсаалтад орсон ажилтан тус бүрд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Мэдэгдэл гардуулж танилцуулсан.

Уг мэдэгдэлд 19/40 тоот тушаалд заасны дагуу компани нь ажилтны мэдлэг, мэргэжил, ур чадвар, хөдөлмөрийн сахилга бат, ажлын гүйцэтгэл, хандлага, хэлтсийн ажилчдын үнэлгээ болон Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.4.1 зэрэгт үндэслэн таны ажлын байрны орон тоог цөөрүүлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдэж байна. Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгох бөгөөд компанийн хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнд заасны дагуу тэтгэмжийг олгох болно гэж тусгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1-т аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтныг тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болдог. Энэ тохиолдолд урьдчилан мэдэгдэж, тэтгэмж олгодог бөгөөд манай байгууллагын хувьд өнөөгийн үйл ажиллагаанаас хүртэх ашиг муу, хөрөнгө оруулалтын цар хэмжээ багасаж байгаатай холбогдуулж ажилтны тоог цөөрүүлсэн. Энэ талаар Ч.О-д мэдэгдэж, ажлаас халагдсаны тэтгэмж 6 432 545 төгрөгийг түүний “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн дансанд шилжүүлэн олгосон.

Нэхэмжлэгч Ч.О-ы хувьд 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс ажилласан. Сүүлийн жилүүдэд ажилд хайнга хандаж, удирдлагын тавьсан шаардлагыг үл биелүүлэх зөрчил удаа дараа гаргах болсон. 2016-2019 оны хооронд нийт 6 удаа сахилгын шийтгэл ногдуулсан. 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэж сануулах шийтгэл, мөн оны 5 дугаар сарын 31-нд сахилгын шийтгэл, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.6.1-т заасан удирдах ажилтны өгсөн зөвлөмж, зааварчилгааг дагаж мөрдөөгүй гэх зөрчил гаргаснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл 131.1.1-т заасан арга хэмжээ авсан. Уг зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

19/40 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэхдээ компани, ажилтны мэргэжил мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн сахилга бат, ажлын гүйцэтгэл, хандлага, хэлтсийн үнэлгээ зэрэгт үндэслэж шударга зарчимч байдлаар 31 ажилчдыг шигшиж халсан. Ч.О- эдгээр үндэслэлүүдэд бусад хамтран ажилладаг ажилтнуудыг бодвол хандлага тааруу, сахилгын зөрчил удаа дараа гаргасан зэрэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаас халагдсан тул нэхэмжлэгчийг тогоочийн ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.О-ыг “П Ч Д Т”-ХХК-ийн Дорнод аймгийн Матад сум дахь 19 дүгээр талбайн үйлдвэрийн баазын тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “П Ч Д Т”-ХХК-иас 8 744 514 төгрөг гаргуулан Ч.О-д олгох,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “П Ч Д Т”-ХХК-иас 225 062 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Шүүх “П Ч Д Т”-ХХК нь Дорнод аймгийн матад сумын 19 дүгээр талбайн тогоочийн орон тооноос хэдийг хассан талаар, тушаал шийдвэр гаргаагүй байна гэж дүгнэсэн нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлагад  хамааралгүй бөгөөд ач холбогдолгүй. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 19/40 тушаал, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 19/19-34 дугаар тушаалууд нь Хөдөлмөрийн хуульд нийцсэн эсэх, ажилтны хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсэх талаар дүгнэх шаардлагатай болохоос тогоочийн албан тушаалаас хэдийг хассан эсэх нь уг маргаанд хамааралгүй юм.

Шүүх тогоочийн орон тоог цөөрүүлсэн гэх байдал баримтаар тогтоогдохгүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа талаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж шийдвэртээ тусгасан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 19 дүгээр талбайд хичнээн тогооч ажилладагаас хэдийг хассан талаарх нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан ч шүүх 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 15038 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16994 дугаар захирамжуудаар “уг талбайд аж ахуйн хэлтэст хичнээн тогооч ажиллах ёстой байдаг, хичнээн тогоочийг хасч цөөрүүлж байгаа шийдвэр нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй” гэж дүгнэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

Шүүх хэрэгт хамааралгүй гэж үзсэн үндэслэлээрээ хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэнтэй нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ч.О- нь хариуцагч “П Ч Д Т”-ХХК-д холбогдуулан, Дорнод аймгийн Матад суманд байрлах 19 дүгээр талбайн үйлдвэрлэлийн бааз, захиргаа, аж ахуйн хэлтэс, тогоочийн ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа нэмэгдүүлж ажилгүй байсан 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 83 хоногийн цалинд нийт 12 309 564 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. /хх1-3, 78, 136-138/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ажил олгогчийн зүгээс 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 19/40 дугаартай “Ажилчдыг ур чадвар, давуу талаар нь шигшиж сайжруулах шийдвэрээр орон тоог цөөрүүлэхээр болсон. Ч.О- нь удаа дараа сахилгын шийтгэл хүлээж байсан тул уг шигшилтэд хамаарч түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.1-т тус тус заасныг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” ажил олгогчийн 19/19-34 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ талаар түүнд мэдэгдэж, ажлаас халагдсаны тэтгэмж болох 6 432 545 төгрөгийг олгосон. Ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 19/19-34 дугаар тушаал болон нэгдүгээр хавсралтаас үзвэл /хх36-37/, “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, “П Ч Д Т”-ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 19/40 тоот тушаал, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.1-т заасныг үндэслэн компанид бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, ажилчдаа шигшин сайжруулах ажил зохион байгуулж буйтай холбогдуулан ажлын байр, орон тоог цөөрүүлсэн хавсралтад заагдсан ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, тухайн ажилчдын ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгийг олгож тооцоо хийхийг холбогдох албан тушаалтанд даалгасан байх ба хавсралтад нэхэмжлэгч Ч.О- хамрагдсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана гэжээ.  Ажил олгогч талд хуульд заасан дээрх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх хуулиар олгосон боловч дээрх тушаалын үндэслэл болох “орон тоог цөөрүүлсэн”-тэй холбоотой баримт хэрэгт авагдаагүйн гадна ажил олгогч шийдвэрийнхээ үндэслэлийг хуульд нийцсэн эсэх талаар нотлох үүргээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлээгүй байна. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ, шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс энэ талаар удаа дараа гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “хичнээн тогооч ажиллах ёстойгоос хэдийг хасч цөөрүүлсэн нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй” гэж дүгнэсэн атлаа шаардлагагүй гэх энэхүү үндэслэлийг хариуцагч тал баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасантай нийцээгүй гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгчийн хувьд ажил олгогчоос гаргасан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй үндэслэлээр эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ тохиолдолд ажил олгогч буюу хариуцагч тал өөрийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэл болон нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилох үндэслэлгүй гэдгээ нотлох үүрэгтэй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэсэнтэй нийцнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч тал хуулиар тогтоосон дээрх үүргээ хэрэгжүүлсэн гэх байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх нэхэмжлэгч талаас гаргасан “хэдэн тогоочийн орон тоог хэд болгон цөөрүүлсэн” талаарх хүсэлтийг хангахдаа “31 ажилтныг шигшиж, сайжруулахдаа үндэслэсэн баримт”-ыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх94-96/

 

Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үндэслэл зааж хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоог цөөрүүлсэн гэх боловч дээрх хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.  

 

Иймд дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/03010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “П Ч Д Т”-ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн                                                          дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход                              саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         Т.ТУЯА