Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2019/03010

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 04 өдөр  Дугаар 101/ШШ2019/03010    Улаанбаатар хот

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д аймгийн Х сумын 0 дугаар баг, 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух Ш овогт Ч.О /РД: /-ы нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Б. Доржийн гудамж 14, Тайж, 0 зочид буудалд байрлах “П” ХХК /РД /-нд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Янжинлхам нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.О миний бие Шаталсан сургалттай техник технологийн сургууль болон Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Хүнсний технологийн дээд сургуулийг “Хоол үйлдвэрлэлийн техникч, технологич” мэргэжлээр 5 жил суралцаж төгссөн. Би одоогоос 9 жилийн өмнө 20 насандаа би Д аймгийн М суманд байрлах “П” ХХК-ийн 19-р талбайн үйлдвэрлэлийн баазад тогоочоор ажиллах болсон. Би энэ байгууллагад тасралтгүй 9 жил ажиллаж байгаад 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ байхад 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Ажилчдын ур чадвар давуу талаар нь шигшин сайжруулах 19-40 шийдвэрийн тухай танилцуулсан. Тухайн шийдвэр дээр нь ямар нэгэн хүний нэр заасан асуудал байгаагүй. Мөн миний уншиж ойлгосноор бол тухайн ажилтнуудаас шигшихдээ ажилтны мэргэжил мэдлэг ур чадвар.хөдөлмөрийн сахилга бат, ажлын гүйцэтгэл хандлага, хэлтсийн үнэлгээ зэргээс хамаарна гэж ойлгосон. Тухайн үед би өөрийгөө энэ шалгуурыг бүрэн хангасан хүн байна гэсэн өөртөө итгэлтэй байсан. Яагаад гэвэл хамт ажиллаж байгаа хүмүүсээс мэргэжлийн зэргээрээ хамгийн өндөр нь, архи тамхины болон гэмт хэрэг зөрчлийн ямар нэгэн алдаа дутагдалгүй, компанийн дүрэм үйл ажиллагаанд ямар нэгэн гомдол тавьж, шүүмжилж байгаагүй, урьдах ажлаа хийгээд л явдаг хүн юм чинь энэ асуудал надад хамааралгүй байх гэж 100 хувь итгэлтэй явсан юм. Энэ нэхэмжлэл гаргахтай зэрэгцүүлэн би өөрийн ажилласан 9 жилийн хугацаанд намайг болоод олон зуун Монгол ажилчдыг ямар хүнд амьдралаас өдий зэрэгт хүргэснийг нь мэддэг болохоор би энэ компанидаа ямар ч гомдол байхгүй гэдгээ хэлмээр байна. Тухайлбал би сургууль төгсөөд л бүх асуудал шийдэгдэх мэт ойлгож явсан 20 насанд минь ажлын амтыг мэдрүүлж 70 саяын зээлээр ч гэсэн ипотекийн байранд оруулж эхнэр 2 хүүхэд, аав ээж ах дүү нарыг минь ажиллаж амьдрах таатай нөхцөлөөр хангасан, мөн л дуртай үедээ очиж аль ч банкнаас амьдралд тулгарсан асуудлаа шийдвэрлүүлэх гэж зээл хүсэхэд Монгол Улсын ямар ч банк зээл гаргаад л өгчихдөг. Яагаад гэвэл энэ нэр хүндтэй компанид удаан жил ажиллаж байгаа юм байна гээд надад болон манай компанид итгэж аль ч банк санхүүгийн зээл олгож байгаа хэлбэр гэдгийг би энэ “Петро чайна дачин тамсаг монгол” ХХК-д ажиллаж амьдрал ахуйгаа залгуулж байгаагийн үр шим гэж ойлгож ирсэн гэдгээ хэлмээр байна. Шигшин сайжруулах мэдэгдлийг уншаад би хятад дарга нартай уулзсан. Яагаад намайг ажлаас халах гэж байгаа юм бэ? би ямар алдаа дутагдал гаргасан юм бэ? би энд ажиллаад тогтвор суурьшилтай 9 жил болж байна? Би архи огт хэрэглэдэггүй, ажлаас чөлөө авч ажлыг цалгардуулдаггүй, шигшиж сайныг нь авна гэчхээд яагаад хамгийн өндөр мэргэжлийн хүнээ гаргаж байгаа юм бэ? гэж асуухад тэдгээр хүмүүс чамайг ажлаа сайн хийдэг, мэргэжил боловсролын шалгуур хангасан, архи дарсны ямар ч зөрчил гаргадаггүй гэдгийг чинь мэднэ. Гэхдээ танай менежерээс ирүүлсэн нэрс дотор чиний нэр байна. Тийм болохоор бид мэдэхгүй гэж тайлбарлаж байсан. Би үүний учрыг олох санаатай М.Наран менежертэй уулзахад бид гаргаж өгөөгүй, Хятадууд л ийм шийдвэр гаргачихлаа. Би яаж мэдэх бэ, Монгол улс чинь биднийг хал гээд байгаа юм бишүү гэж тавласан. Өөрөө өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаагаас гадна 3 сарын цалингийн тэтгэмж авах гэж энэ 17 хүний бүрэлдэхүүнд оруулсан гэдгийг хэн ч хараад ойлгоно. Би энэ ажиллах 9 жилийн хугацаанд би өөрийгөө 100 хувь алдаа дутагдалгүй, өндөг шиг өөгүй ажилласан гэж хэлэхгүй. Би 2016 оноос хойш М.Наран гэх менежерт яльгүй зүйлийг минь сахилгын шийтгэл нэрээр дарж дарамталж явсныг нь сая л ойлголоо. 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажлын хариуцлага алдсан, ажилдаа хайнга хандсан гээд сануулах арга хэмжээ авсан. /тайлбар: Тухайн өдөр Ганбаатар гэх туслах тогооч хонины мах эвдэж шулж янзлаад хаях ясаа коридорт гаргадаг бөгөөд үйлчлэгч цэвэрлэгээ хийж байхдаа хаяж болохгүй байх гэж бодоод гал тогоонд оруулсныг бид анзааралгүй гарч явсан. Өглөө нь М.Наран менежер хог хаягдлаа хаяагүй гээд сануулах шийтгэл ногдуулах саналтай явуулсан. Би үүнийг зөвшөөрөхгүй байсан ч өөртөө буруу өгөөд л орхисон. /2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 18:00 цагт Олборлолтын 2-р хэсэг 1-11-ийн ажилчдын оройн хоолыг түүхий хийж ажлын хариуцлага алдсан гэж 3 сарын үндсэн цалинг 15 хувиар бууруулах саналыг М.Наран менежер удирдлагуудад тавьж шийдвэрлэсэн. /тайлбар: Би үүнийг хүлээн зөвшөөрнө. Тухайн хоолны төмс нь зажлууртай болсон байсан./ 2017 оны 01 дүгээр сарын 05,06-ны өдрүүдэд ажлаас хоцрон зөрчил гаргасан гэж сануулах шийтгэлийг мөн л М.Наран менежер хүргүүлсэн. /тайлбар: Би үүнийг хүлээн зөвшөөрнө. Тухайн үед сэтгэл зүйн хувьд хүндрэлтэй гэр бүлийн маргаантай шөнө нь янз бүрийн юм бодож унтаж чадалгүй байгаад 5 минут хоцорсон байсан нь үнэн. Би үүнийг хүлээн зөвшөөрнө./ 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр удирдлагын өгсөн зөвлөмж зааварчилгааг дагаж мөрдөөгүй, ажилдаа хариуцлага алдаж, аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчсөн гэж сануулах шийтгэлийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр М.Наран менежер гаргаж Олборлолт хариуцсан захирал Д.Цолмонгоор гарын үсэг зуруулсан. Энэ бол үнэхээр миний буруу биш байсан. Би тухайн өдөр ажлаа хийж дуусаад ширээгээ арчиж цэвэрлэж байгаад гараа ширээний сэтэрхий төмөрт ураад эмчид хандаад ОМ тогтоолгоно, гэнэтийн ослын даатгалаас мөнгө гаргуулна, компаниас мөнгө гаргуулахгүй гэхэд М.Наран менежер надад гараа урсан асуудал чинь гайгүй юм байна. Манай ЗАА-н хэлтэс Осол Мэргэжлийн Актгүй хамт олон болох зорилт тавиад байна, чи гараа исгэснийхээ төлөө юун сүртэй юм бэ гэхээр нь би зөвшөөрөөд гартаа 2 оёдол тавиулаад ажлаа үргэлжлүүлэн хийж байтал ийм шийтгэл оногдуулсан байсан. Би үүнд маш их гомдолтой байдаг. Өмнөх бүх шийтгэлүүдийг оногдуулахдаа Үйлдвэрийн баазын захирлаар хамгийн түрүүнд баталгаажуулж гарын үсэг зуруулж хянуулдаг байсан. Гэтэл энэ миний буруугүй асуудлыг Олборлолт хариуцсан Д.Цолмонгоор гарын үсэг зуруулаад намайг буруутгаж орхисон. Миний энэ ажиллах хугацаанд явсан сахилгын шийтгэлээс ажилд 5 минут хоцорсон, хоолны төмс түүхий болсон зэрэг нь миний буруу байсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Бусад нь үнэхээр М.Наран гэдэг хүний хийж байгаа ажил. Яагаад М Наран гэдэг хүнд холбож тайлбарлаад байгаа вэ гэвэл энэ хүн манайд өөрийн талын хамаатан садан ч юм уу? эсвэл өөртэй нь ямар нэгэн холбоогоор орж ирсэн хүмүүстээ арга хэмжээ авалгүй, бор зүрхээрээ яваа мань мэтийн хүмүүст хатуурхаж өчүүхэн төдий алдааг уулын чинээ болгож байдагт маш их гомдолтой байдаг. Түүнээс биш Хятад дарга нар ямар ч дарамт шахалт үзүүлж байгаагүй. Үнэхээр л би муу ажилтан юм бол манайд М.Наранг оролцуулаад 3 менежер байдаг. М.Нарангаас бусад Буянхүү, Тогтохбаяр нар нь яагаад надад арга хэмжээ аваагүй юм бэ? яагаад намайг 2014 оны байгууллагын ажил мэргэжлийн аварга болгодог юм бэ? Яагаад Монголын тэргүүний залуу Алтан медалиар шагнадаг юм бэ? Намайг цомхтголд оруулсан шалтгаан нь ийм учиртай гэдгийг компанийн төв удирдлагууд мэдээсэй гэсэндээ энэ зүйлийг бичиж байна. Эрхэлж байсан ажлаа хийхээ больсноос хойш надад маш санхүүгийн дарамтууд ирж байна. Амьдарч буй байр минь 46,000,000 төгрөгний зээлтэй, сарын төлөлт нь 275,000 төгрөг, 18,00,000 төгрөгийн цалингийн зээлтэй, сарын төлөлт нь 527,000 төгрөг, эхнэрийн 8,000,000 төгрөгийн цалингийн зээлийн 260,000 төгрөгийн зээлийн төлөлтүүд нийтдээ сар болгон нийт 1,062,000 төгрөгийн зээл төлөхөөс гадна өндөр настай аав, ээж, эхнэр бага насны 2 хүүхдийнхээ амьдрал ахуй ар гэрийг авч явах гэж асар их санхүүгийн дарамт ирж байгаа тул өмнө нь эрхэлж байсан “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ийн Дорнод аймгийн Матад суман дахь 19-р талбайн үйлдвэрийн баазын тогоочийн ажил минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.О нь дээд боловсролтой тус компанид мэргэжлээрээ 9 дэх жилдээ ажиллаж байгаа. 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шигшин сайжруулах тухай гэсэн мэдэгдлийг Ч.Од хүргүүлсэн байдаг. Уг мэдэгдлийн гол үндэслэл нь ашиг муу, хөрөнгө оруулалт багасч байна. 2018 оны дээд шүүхээс тогтоосон хөдөлмөр эрхлэх ажилтнуудын тоотой харьцуулахад компанийн ажилтны тоо их байна. Манай байгууллага нь нийт 66 ажилтанг ажлаас нь халсан. Одоо энд ажиллаж байгаа хүмүүсээс мэргэжлийн боловсон хүчин цөөн, нас нь хөгшин байна. Шаардлагагүй ажлын байр бий болсон байна. Ажлын байрны ажилтныг шигшин сайжруулах арга хэмжээг авна гэсэн мэдэгдэл ирсэн. Нэхэмжлэгч хариуцагч компанийн тогоочийн ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 12,309,564 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Хариуцагчийн хариу тайлбар дээр 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1940 дугаартай ажилчдыг ур чадвараар шигших ерөнхийлөгчийн шийдвэр гарсан. Уг шийдвэрт хөрөнгө оруулалтын эрчимтэй үе шатнаас техник технологийн эрчимтэй үе шат руу шилжсэн. Өнөөдрийг үйл ажиллагаанаас хүртэх ашиг муу, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд багасч байна. Дээд шатнаас баталсан хөдөлмөр эрхлэх ажилтны тоотой харилцуулахад. компанийн ажилтны тоо хэт ихээр давсан байна. Компанийн зүгээс ур чадвараар нь 31 ажилтныг шигшин сайжруулсан. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасны дагуу заасны дагуу сануулах арга хэмжээ авсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. 31 ажилтныг шигшин сайжруулсан гэж хариу тайлбар болон тушаал шийдвэр дээрээ бичсэн байна. Гаргасан тушаал хууль зүйн үндэслэлгүй болох хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байгаа. Ерөнхийлөгч тушаал дээр он сар өдөр байхгүй байна. Энэ тушаал дээр 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 19/40 тушаал, дотоод журмын 3.4.1-ийг үндэслэн тушаах нь тус компани бүтэц зохион байгуулалтаар ажилтанг шигшин сайжруулах ажлыг зохион байгуулсан. Ажлын байр болон орон тоог цөөрүүлсэн дараах ажилтнуудын ажлыг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгож ээлжийн амралтын санхүү хариуцсан н.Дашзэвэгт даалгасугай гэсэн тушаал гаргасан байна. Мэдэгдэл дээр дурдагдсан үйл баримт энэ тушаал дээр тусгагдаагүй. Дотоод журмын 3.4.1-д ажилтантай байгуулсан гэрээг цуцлах тухай зохицуулалт байгаа.  Тушаалд ажлаас халсан үндэслэлийг тодорхой бичнэ гэж заасан. Уг тушаал дээр ажлаас халсан үндэслэлээ тайлбарлаагүй байна. Хэдэн орон тоо хасагдаж цөөрсөн нь тодорхойгүй тушаал байна. Энэ мэдэгдэлд заасан ажилтнуудыг бүгдийг халаагүй. Хариуцагчийн гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг харахад Ч.О нь дээд боловсролтой сургуулиа төгсөөд л тус байгууллагад ажиллаж байсан. Хүнсний технологич мэргэжлээр 5 жил сурсан. Тус байгууллагад тогоочоор л ажиллаж байсан. Өөр ямар ч ажил хийгээгүй. Шилдэг ажилтан болж байсан. Нэхэмжлэлийн шаардлага нь ажил эгүүлэн тогтоолгож, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны 83 хоногийн цалин 12,309,564 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “П” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “П” ХХК нь 2005 оноос Монгол улсад “бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагаа явуулах хугацаандаа Монгол улсын хууль, тогтоомжийг хүндэтгэж, даган биелүүлж “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”, “орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ” зэргээр Монгол улсын нийгэм, эдийн засагт зохих хувь нэмрээ оруулж байгаа юм. Мөн манай компанийн газрын тос олборлож буй 19, 21-р талбайнуудад нийт ажилчдын 79.2 хувь буюу 537 монгол ажилчид ажилладаг болохыг дурьдхад таатай байна. 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 19/40 дугаартай “Ажилчдыг ур чадвар давуу талаар нь шигжиж сайжруулах шийдвэрийн тухай” гэсэн ерөнхийлөгч /гүйцэтгэх захирал/ -ийн шийдвэр гарсан. Уг шийдвэрт “П” ХХК нь хөрөнгө оруулалтын эрчимтэй үе шатнаас технологийн эрчимтэй хөгжлийн үе шат руу шилжсэн байгаа тул компанийн өнөөгийн үйл ажиллагаанаас хүртэх ашиг муу, хөрөнгө оруулалтын цар хэмжээ жилээс жилд багасаж хумигдаж байгаа болно. 2018 онд дээд шатнаас тогтоосон хөдөлмөр эрхлэх ажилтнуудын хэмжээтэй харьцуулахад компанийн ажилчдын тоо хэт ихээр давсан байна. Компани нь ажилтны мэргэжил, мэдлэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1. 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж ” гэж заасны дагуу хавсралт буюу 31 ажилчдын нэрсийн жагсаалтад орсон ажилтан тус бүрд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Мэдэгдэл” гардуулж танилцуулсан уг мэдэгдэлд ", 19/40 тоот тушаалд заасны дагуу компани нь ажилтны мэдлэг, мэргэжил, ур чадвар, хөдөлмөрийн сахилга бат, ажлын гүйцэтгэл, хандлага, хэлтсийн ажилчдын үнэлгээ болон Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.4.1 дэх хэсэг зэрэгт үндэслэн таны ажлын байрны орон тоог цөөрүүлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдэж байна. Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 07 сарын 10-ны өдрөөр тасалбар болгох бөгөөд компанийн хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнд заасны дагуу тэтгэмжийг олгох болно” гэж тусгасан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1 дэх хэсэгт “Аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтныг тоог цөөрүүлсэн” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болдог. Энэ тохиолдолд урьдчилан мэдэгдэж, тэтгэмж олгодог бөгөөд манай байгууллагын хувьд өнөөгийн үйл ажиллагаанаас хүртэх ашиг муу, хөрөнгө оруулалтын цар хэмжээ жилээс жилд багасаж хумигдаж байгаатай холбогдуулж ажилтны тоог цөөрүүлсэн. Мөн Ч.О-д мэдэгдэж ажлаас халагдсаны тэтгэмж олгосон нь хавсралтаар авагдсан нотлох баримтуудаар харагдана. Ажилтан Ч.О-ы хувьд манай байгууллагад 2011 оны 09 дүгээр сарын 6-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд ажилдаа хайнга хандаж, удирдлагыг тавьсан шаардлагыг үл биелүүлэх зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргах болсон. 2016 оноос 2019 оны хооронд нийтдээ 6 удаа сахилгын шийтгэл ногдуулсан. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.6.1 дэх хэсэгт “Удирдах ажилтны өгсөн зөвлөмж, зааварчилгааг дагаж мөрдөөгүй” гэсэн зөрчил гаргасан. Уг зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр эүйл 131.1.1 дэх хэсэгт тусгагдсан арга хэмжээг авсан болно. Уг зөрчилөө ажилтан Ч.О нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. 19/40 дугаартай ерөнхийлөгч /гүйцэтгэх захирал/-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ компани нь ажилтны мэргэжил, мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн сахилга бат, ажлын гүйцэтгэл, хандлага, хэлтсийн үнэлгээ зэрэгт үндэслэж шударга зарчимч байдлаар 31 ажилчдыг шигшиж халсан бөгөөд ажилтан Ч.О нь эдгээр үндэслэлүүдэд бусад хамтран ажилладаг ажилтнуудыг бодвол хандлага тааруу, сахилгын зөрчил удаа дараа гаргаж байсан зэрэг үндэслэлээр Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаас халагдсан болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох тогоочийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч байгууллага нь 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Манай байгууллага нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19/40 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Уг тушаалд 31 ажилтанг шигшиж сайжруулах ёстой гэсэн байгаа. Нэхэмжлэгч талаас 19/40 дугаартай мэдэгдлийг танилцуулсан. Уг мэдэгдэл дээр ажилтны нэр бичигдээгүй байсан гэж маргадаг. Ч.Од мэдэгдэл гэсэн албан тоот хүргэгдсэн байгаа. Уг мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, хөдөлмөрийн дотоод журмын 8.3.1 үндэслэн таны ажлын орон тоог цөөрүүлж, таны хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид мэдэгдсэн. 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэж сануулах шийтгэлийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулсан. Үүнийг нэхэмжлэгч нь миний буруу биш гэж тайлбарладаг. 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр болон 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр тус тус сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Хэрэгт авагдсан баримтаар бол сахилгын шийтгэлийг тухайн цагт авсан харагдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг харахаар гомдол мэдүүлсэн болон гомдлын шинжтэй байна. Хавтаст хэргийн материал болон хариу тайлбарт дурдагдсан ажлын байрны тоог цомхтгосны тэтгэмж болох 6,432,545 төгрөгийг Ч.О өгсөн байгаа. Тус мөнгийг Ч.О-ы худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.О “П” ХХК-нд холбогдуулан Д аймгийн М сум дахь 0 дүгээр талбайн үйлдвэрийн баазын тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэмэгдүүлжээ.

 

Хариуцагч “П” ХХК 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 19/40 дугаартай “Ажилчдыг ур чадвар давуу талаар нь шигшиж сайжруулах тухай” гэсэн ерөнхийлөгч /гүйцэтгэх захирал/-ийн шийдвэр гаргаж, 31 ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, 2019 оны 07 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон тэтгэмж олгосон тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Ажил олгогч ажилтантай 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Ч.О-ыг Д аймгийн М суманд байрлах 0 дүгээр тайлбайн үйлдвэрийн баазад тогоочоор ажиллуулжээ.

 

Улмаар 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн захирлын 19/19-34 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, “П” ХХК-ийн 2019.05.27-ны өдрийн 19/40 тоот тушаал, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.4.1 дэх хэсгийг үндэслэн Ч.О-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 36 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хуульчилжээ.

 

Гэтэл хариуцагч “П” ХХК хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа ажилтны орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэл зааж байх боловч Д аймгийн М суманд байрлах 0 дүгээр тайлбайн хэдэн тогоочийн орон тооноос хэдийг хассан талаар тушаал, шийдвэр гаргаагүй байна.

 

Орон тоо цөөрүүлэх гэдэг нь хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил, ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоог хассаныг ойлгох юм.

 

“П” ХХК-ийн ямар шийдвэр, тушаалыг үндэслэн тогоочийн хэдэн орон тооноос хэдийг хассан нь тодорхойгүй, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19/40 дүгээр баримтаар “...дээд шатнаас гаргасан ажлын байрыг сайжруулах, шигших дүрмийн дагуу илүү бөгөөд давхар ажлын байрны бүтцийг нэгтгэх, хасах, цаашлаад харгалзах ажлын байрны ажилтныг шигшиж сайжруулах арга хэмжээ авна” гэж тодорхойлжээ.

 

Уг баримтаар тогоочийн орон тоог цөөрүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа байдлаа хариуцагч нь баримтаар өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд Ч.О-ыг Д аймгийн М суманд байрлах 0 дүгээр тайлбайн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 8,744,514 төгрөгийг “П” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Ч.О-ы 2019 оны 4, 5, 6 дугаар сарын дундаж цалин хөлс 2,335,494 төгрөг байх бөгөөд түүний ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 3 сар ажлын 16 хоногийн цалин 8,744,514 төгрөг болно. /2,335,494х3сар=7,006,482 төгрөг, 2,335,494:21.5=108,627 төгрөг, 108,627х 16 ажлын хоног=1,738,032 төгрөг, 7,006,482+1,738,032=8,744,514 төгрөг/

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Ч.О-ы нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ш овогт Ч.О-ыг “П” ХХК-ийн Д аймгийн М сум дахь 0 дүгээр талбайн үйлдвэрийн баазын тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “П” ХХК-иас 8,744,514 төгрөгийг гаргуулж, Ч.О-д олгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Ч.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч “П” ХХК-иас 225,062 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120..-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО