Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0988

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн гуравдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Жи Эй Би Өү Ти ХХК /РД:5590396/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Өлзийбаяр,

Хариуцагч: Н О С К ХК

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Энхмаа, П.Гэрэлт-Очир нарын хоорондын Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/06 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Наранзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхмаа, П.Гэрэлт-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Жи Эй Би Өү Ти ХХК нь Нийслэл орон сууцны корпораци ХК-ийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/06 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.

2. Нэхэмжлэгч компани нь гэрээ цуцлагдсан гэдгийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мэдэж, Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03/2797 дугаартай албан бичгээр хариуг авч, 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1 Монгол Улсын Хөгжлийн банкны төлбөр төлөхтэй холбоотой үүсэж буй хүндрэлтэй холбоотой төлбөр төлөх этгээдийг тодорхойлох нь манай компанийг тухайн ус дулаан дамжуулах төвийн үйл ажиллагааг эрхэлж, тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж явуулахад хоорондоо харилцан хамааралтай асуудал биш,

3.2 Манай компанийн зүгээс энэ шийдвэрийг илт хууль бус захиргааны акт гэж эс хүлээн зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзсэн,

3.3 Нийслэлийн орон сууцны компораци ХК-тай байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 191025 дугаартай хамтран ажиллах гэрээний үүргээ манай компанийн зүгээс огт зөрчөөгүй. Анх гэрээ байгуулсан цагаас өнөөдрийг хүртэл ямар нэгэн алдаа дутагдалгүй ашиглалтыг хариуцаж, гэрээнд заасан үүргээ зөрчилгүй биелүүлж ирсэн,

3.4 Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хөндөгдөж байна. Дуртай үедээ гэрээ байгуулаад цаг үе хүнд байхад хэн ч хариуцаж аваагүй байх үед нь манай компанид хариуцуулж өгөөд үйл ажиллагаа нь өнөөдөр жигдрээд болоод ирэхээр энэ гэрээ хэлцлээ цуцалж байгаа нь итгэлийг хамгаалах зарчмыг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Компанийн хувьд анх 2015 оноос эхлэн барилгын дараах ашиглалтын үйлчилгээ болох орон сууцын хорооллын ашиглалтын засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэж айл өрх, аж ахуй нэгжийн халаалт болон цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, нийт 52 ажилтныг ажлын байраар хангаж үйл ажиллагааг тогтмол явуулж ирсэн. Хан-Уул дүүргийн 26 дугаар хороонд байрлах Буянт-Ухаа 2 хорооллын 972 айлын өрхийн болон ус дулаан дамжуулах төвийн ашиглалт засвар үйлчилгээ, Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-тай байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1910/25 дугаартай ашиглалт хариуцуулж, хамтран ажиллах гэрээгээр өнөөдрийг хүртэл хариуцаж тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн. Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний чанар бүтээмжийг сайжруулах, хувийн хэвшлийн хөгжлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилго тавиад 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөн 340 дугаартай тогтоол гаргасан. Энэ тогтоолд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хувьд алсын хараа 2050 гээд гэх мэт энэ урт хугацааны хөгжлийн бодлого, шинэ сэргэлтийн бодлогод зааснаар төр өөрийнхөө ажил үйлчилгээ тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хувийн хэвшилд даалгах энэ ерөнхий чиг баримжааг ерөнхий зорилго төлөвлөлтийг ч гэсэн маш ноцтойгоор зөрчиж байгаа гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцан авсан ажлаа ямар нэгэн алдаа доголдолгүй, зөрчилгүй хийсэн.

Төр өөрөө ажлаа хийлгүүлж байж алдаа дутагдал гаргаагүй байхад нь Хөгжлийн банкны өр төлбөртэй холбоотой асуудлаар үндэслэл болгож цуцалж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/06 дугаартай гэрээ дуусгавар болох тухай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 47 дугаар зүйлийн 47.1.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалтад заасныг тус тус зөрчиж гаргасан илт хууль бус захиргааны акт байгаа учраас энэхүү тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтад зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Наранзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөгжлийн банкинд төлөх ёстой өр төлбөр хэцүү байгаа учраас энэ асуудлыг шийдэхийн тулд төлөх байгууллагыг олох зорилгоор Орон сууцны нийтийн аж ахуйг удирдах газарт ашиглалтыг шилжүүлэх гэдэг тайлбарыг дурдсан байгаа юм. Хөгжлийн банкинд Нийслэлийн орон сууцны корпорацаас хичнээн төгрөг төлсөн болох баримт хэрэгт хавсаргаагүй. Энэ нь нотлогддоггүй. 2019.10.25-ны өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэл хугацаанд тухайн орон сууцны корпораци манай байгууллагад нэг ч удаа төлбөр огт төлөөгүй асуудал байгаа. Төлбөрөө нэхэх аргаар зөрүүлж ямар нэгэн байдлаар төрийн өмч гэх байдлаар шантаачилж тухайн хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа олон хүний цалин хөлсийг хязгаарлаж, тэнд оршин сууж байгаа оршин суугчдын эрх ашгийг хөндөхөөр илт хууль бус шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн дүрэмд тухайн төрийн зээл тусламж хандиваар баригдсан орон сууцыг зорилтод бүлгийн иргэдэд түрээслүүлэх, эсхүл тодорхой хэмжээгээр лизингээр олгох эрх үүргийг хүлээж авсан. Тухайн байрыг ашиглах ус дулааны, инженерийн дэд бүтцийг шилжүүлж аваад өөр газарт шилжүүлэх үүрэг нь дүрэм болон Нийслэлээс олгосон эрх хэмжээнд байхгүй. Өөрт хамааралгүй чиг үүргийг хэрэгжүүлж захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Тухайн захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй. Хэрэгт авагдсан компанийн явсан болон ирсэн бичгийн бүртгэлээр тодорхой харагдана гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Энэ маргаан нь 2019 онд эхэлсэн. 2019 онд Нийслэлийн Засаг даргын А/1358 дугаар захирамж гарсан. Тус захирамжийн 1.4-т Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт Ухаа 1, 2 дугаар хорооллыг Ус дулаан дамжуулах, ашиглалт үйлчилгээний орон сууцны нийтийн аж ахуй удирдах газарт шилжүүлэхээр заасан. Энэ үед Жи Эй Би Өү Ти ХХК нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаад энэ маргаан нь 2022 оны сүүл хүртэл явсан. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3530 дугаартай захирамжаар Нийслэлийн Засаг даргын захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн. 2020 оны 5975 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 223 тоот тогтоол дээр заасан байдаг. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлалтай Буянт-Ухаа-2 хорооллын 2019 онд ашиглалтад орсон дээрх 18 орон сууцыг хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөд хамгаалах зорилгоор шүүхийн шийдвэр гарах хүртэл Жи Эй Би Өү Ти ХХК-д хариуцаж ажиллуулах үүрэг болгосугай гээд тогтоол гарсан. Манай байгууллагаас 2020.04.15-ны өдөр 220 тоот шаардлагыг Жи Эй Би Өү Ти ХХК-д хүргүүлсэн байдаг. Хот суурин ус хангамж ариутгах татуургын зохицуулах зөвлөлийн 2020.04.02-ны өдрийн 293 тоот албан хүсэлт гаргах тухай. Улаанбаатар хотын захирагчийн албанд 2020.05.18-ны өдрийн 382 тоот хамтран ажиллах хүсэлт, Орон сууцны нийтийн удирдах газарт 2020.04.07-ны өдрийн 261 дүгээр хүсэлт гаргах тухай , Эрчим хүчний зохицуулах хороонд 2020.02.27-ны өдрийн 159 тоот хүсэлт тавих тухай гээд албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн. Эдгээр нь хавтаст хэрэгт авагдсан гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гэрэлт-Очир шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн хүрээнд татгалзаж байна. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж байгаа асуудал нь дулааны төлбөртэй холбоотой асуудал. Дулааны төлбөртэй холбоотой асуудлыг манайхаас шаардангуут эсрэгээр нь гэрээ цуцлах асуудал яригдаж байгаа юм. Энэ тал дээр манайх огт маргаагүй. Ямар нэгэн байдлаар манайх төсвөөс мөнгө авдаггүй. Өөрөө санхүүждэг байгууллага. Сул байгаа байрууд дээр иргэдийг оруулахаар иргэдэд тайлбарлаад хүлээлгэх ажил явагдаж байгаа. Иргэдээс зарим нэг орчихсон, айлууд нь хэсэгчилсэн тоотой гарсан төлбөрийг төлөөд байраа шилжүүлээд явж байгаа учраас энэ тал дээр ямар ч асуудал байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; гэж заасан. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. 2019 онд нийтэд сонгон шалгаруулах Буянт-Ухаа2 хорооллын 2 дугаар хэсэг буюу 972 айлын 18 блок орон сууцанд иргэдийг хамруулах ажлыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 223 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргад үүрэг болгоод Нийслэлийн Засаг даргын тогтворжуулагч агентлаг орон сууцыг иргэдэд хамруулах ажлыг хариуцаж байгаагийн хувьд Нийслэлийн орон сууцны корпораци ХК энэ асуудлыг шийдсэн. Тухайн гэрээ дээр нь 73 тэрбум төгрөгийн өртөг дотор 4,8 тэрбум төгрөгийн ус, дулаан, тоног төхөөрөмж, шугам сүлжээний өртөг өөрөө цуг багтаад орчихсон байдаг. Энэ өртгийг 2019-2024 оны 7 дугаар сар хүртэл 5 жилийн хугацаанд өр төлбөрийг нь төлж барагдуул гэх үүрэгтэйгээр Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарчихсан байдаг. Энэ үүрэг шилжээд гарч ирж байгаа юм. Иргэдийг үндсэндээ 972 айлын орон сууцад хамруулах ажлыг зохион байгуулахад ямар нэгэн журам шаардлагатай учраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2019 онд 115, 114 дүгээр тогтоолыг гаргасан байдаг. 115 дугаар тогтоолоор квотын зарчим тогтоосон. Үндсэндээ 972 айлын орон сууцын 30%-ийг нь энгийн төлсөн, 30%-ийг нь түрээслээд өмчлөх, 40% дээр нь газрыг орон сууцаар чөлөөлөөд чөлөөлсөн газар дээрээ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тогтоож өгсөн. 114 дүгээр тогтоолоор иргэдээ яаж сонгон шалгаруулах вэ гэдэг асуудлыг журамлаж өгөөд энэний дагуу иргэдээ хамруулсан.

Иргэдийг хамруулах үед 970 айл орохгүй. Эхнээсээ цуваад эхний байр ашиглалтад ороод эхлэхээр нийтийн ус дулаанаар хангах эрх ашиг хөндөгдөж эхэлнэ. Ус дулаан зайлшгүй шаардлагатай байсан учраас тухайн хамгийн ойрын байсан Буянт-Ухаа 2 хороолол 2 дугаар хэсгийн 18 блок манай дээр ирчихсэн байсан. 1 дүгээр блок нь нэхэмжлэгч компани ашиглаж байсан учраас шууд үндсэндээ манай захиргааны байгууллагаас нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор ажиллах ёстой байсан. Тийм учраас энэхүү гэрээг 2019 онд байгуулсан гэсэн үг. Гэрээний 3.1.1 дүгээр заалт дээрээ гэрээний аль ч үед Нийслэлийн орон сууцны корпораци өөрөө шийдвэр гаргах, эсхүл Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гаргасан тохиолдолд энэ гэрээг дуусгавар болгоно гэдгийг заагаад гэрээг байгуулчихсан байдаг.

Захиргааны гэрээний хувьд өөрийн онцлог нь эхний байдлаар дуусгавар болгох зохицуулалттай. Хувийн хэвшлийн нөхцөл байдал гарангуут айл өрхүүд хорио цээрийн дэглэмд орох үед өр төлбөрөө төлж чадахгүй болсон. Монгол банкны бодлогын зээлийн хүү 13%-тай орж ирсэн. Айлууд 30%-аар бүрдүүлээд 2024 онд үлдсэн 70%-аа зээлийн банк буюу арилжааны банкаар дамжуулаад 70%-аа гаргаж өгөх ёстой. Бид нарт энэ нөгөө нэг зээл чинь гарахгүй нь тодорхой болоод эхэлсэн. Үүнийг бид нар цаашаа уламжлаад явж байтал Монгол Улсын Засгийн Газраас 2022 онд 220 гэсэн тогтоол гаргасан. Тухайн тогтоолын 1.4 дэх заалт дээр Монгол Улсын Хөгжлийн банкинд үндсэндээ Нийслэлийн орон сууцны корпорацын эзэмшиж буй 972 айлын орон сууц буюу энэ дулааны сүлжээний гэрээг бондын аргаар тусгай зохицуулалттай компаниар дамжуулж Хөгжлийн банканд эзэмшүүлэх замаар барагдуул гээд тогтоол гарчихсан юм. Иргэдэд 2024 он гэхэд дуусах гээд 15 жил хүртэл сунгах бололцоотой болчхож байгаа юм. Сунгах болохоор эдийн засгийн үр ашгийн тооцооллыг 4,8 тэрбум төгрөгийг ус дулаан дамжуулах төв гарч ирээд байгаа юм.

Ус дулаан дамжуулах төвийн 4,8 тэрбум төгрөгийг түрээслээд өмчлөх айлуудын 30% нь энгийн түрээсийн айлуудаа бонд болгоод шилжүүлээд үүн дээр өртгийг нэмэх гэхээр Орон сууцны тухай хуулийн 141.1-т Орон сууцны байшингийн инженерийн гадна шугам сүлжээ, дэд өртөө, ус, дулаан дамжуулах төв болон бусад үйлчилгээний газарт зарцуулсан хөрөнгийг орон сууцны өртөгт оруулж тооцохыг хориглоно. гэж заасан. Хөгжлийн банкны төлөх гээд байгаа хүүг нь шингээж тооцож болохгүй байгаа юм. Хүүг нь шингээгээд тооцохоор одоогийн байдлаар нийтдээ 991 сая төгрөг буюу одоогоор 1 тэрбум гарчхаад байгаа юм. Энэ бүгдийг 15 жилээр бодвол иргэдийн төлбөр 2 сая хүрэхгүй, 1 сая 950 орчим мянган төгрөгөөр авч болох нь 2 сая 600 мянган төгрөг болох гээд байгаа юм. Гэтэл бид нар Нийслэлийн зорилтот бүлэг рүү хандсан. Худалдан авах чадваргүй. Гэрээ байгуулсан болоод л жилийн дараа гэрээгээ цуцлах асуудлууд маш ихээр гарах гээд байгаа байхгүй юу.

Тийм учраас нийтийн эрх ашигт маш сөргөөр нөлөөлнө. Үүнийг бид уламжлаад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 115 дугаар тогтоолоор квот тогтоочхоод байгаа. 30%-ийг нь энгийн түрээс гээд. Энгийн түрээс болчихоор түрээсээ төлж болохгүй учраас хүсэлт гаргасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 оны 77 дугаар тогтоолоор 115 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Тийм учраас манайхтай хамааралтай ус дулааны дамжуулах төлбөртэйгөөс үл хамааран Жи Эй Би Өү Ти ХХК-д гэрээгээ дуусгавар болгох мэдэгдлийг өгсөн. Яагаад гэвэл дулаан дамжуулах төвийн 4,8 тэрбум төгрөгийг төлөх этгээдийг бид нар тодорхойлох боломжгүй. Манайх иргэдээс зөвхөн орон сууцынхаа төлбөрийг л цуглуулж авсан. Үүн дээр тооцож болохгүй. Тооцож болохгүйн хувьд 4,8 тэрбум төгрөгийг төлөх зайлшгүй шаардлагатай болоод байдаг. Дээр нь хүү алданги нь тавигдаад байхад энэ нь иргэдийн метр квадрат дээр яригдаад байдаг. Ийм учраас гэрээ цуцлах актаа гаргасан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Жи Эй Би Өү Ти ХХК нь Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2015 оны 00458 дугаартай тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны дулаанаар зохицуулалттай хангах 70/2017 дугаартай тусгай зөвшөөрөл, 2021 оны дулаан түгээх 69/2017 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн дагуу орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ашиглалт хариуцуулж, хамтран ажиллах 1910/25 дугаартай гэрээгээр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Буянт-Ухаа 2 хорооллын 972 айлын ус, дулаан дамжуулах ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллахаар болжээ.

3. Дээрх гэрээний дагуу Нийслэлийн орон сууцны корпораци ХК-д 2020 оны 3 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны 170,021,134 /нэг сая хорин нэгэн мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийн үлдэгдлийг төлөхийг мэдэгдэж, нэхэмжлэгч компани удаа дараа албан бичгээр хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй, үйл баримттай талууд маргаангүй байна.

4. Хариуцагч захиргааны байгууллага 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Түр гэрээг дуусгавар болгох А/06 тоот тушаалыг Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хамт нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байна.

5. Тус мэдэгдэлд Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 293 дугаар тогтоол, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8 дахь заалт, Ашиглалт хариуцуулж, хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн Буянт-Ухаа 2 хорооллын 18 блок орон сууцны ус, дулаан дамжуулах төвийн өртгийг Хөгжлийн банкинд төлөхөд үүсэж буй хүндрэлтэй холбоотой төлбөр төлөх этгээдийг тодорхойлох шалтгаанаар гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэснийг Жи Эй Би Өү Ти ХХК нь бүхэлд нь илт хууль бус захиргааны акт гэж үзэж, ингэхдээ ...Хөгжлийн банканд төлбөр төлөх этгээдийг тодорхойлох гэх шалтгаан нь гэрээг анх байгуулах үед байсан нөхцөл байдал, төлбөр төлөх этгээдийг тодорхойлоход манай компанитай байгуулсан гэрээг цуцлах ямар ч шаардлагагүй, тухайн хорооллын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэж байгаа этгээд хэн байхаас үл хамаарна... гэж маргажээ.

6. Маргаан бүхий Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Түр гэрээг дуусгавар болгох тухай А/06 тоот тушаалаас үзвэл Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 293 дугаар тогтоол, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8 дахь заалт, Ашиглалт хариуцуулж, хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Буянт-Ухаа 2 хорооллын 2 дугаар ээлжийн 18 блок орон сууцны дулаан дамжуулах төвийн өртгийг Хөгжлийн банканд төлөхөд үүсэж буй хүндрэлтэй холбоотой төлбөр төлөх этгээдийг тодорхойлох, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 293 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт заасан үүрэг хэрэгжиж дууссантай холбогдуулан Жи Эй Би Өү Ти ХХК-тай 2019 онд байгуулсан 1910/25 тоот Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах түр гэрээг дуусгавар болгосон байна.

7. Эрчим хүчний зохицуулах хорооноос Жи Эй Би Өү Ти ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн шаардлагын хавсралтад заасан хэрэглэгчид үйлчлэх 69/2017, 70/2017 тоот, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх 00458 тоот тусгай зөвшөөрлийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгаж олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

8. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1910/25 Ашиглалт хариуцуулж, хамтран ажиллах түр гэрээгээр Буянт-Ухаа 2 хорооллын хоёрдугаар ээлжийн 972 айлын орон сууцны хорооллын айл өрхийн болон Ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг, хариуцан ажиллах, түүнтэй холбоотой бусад эрх, үүргийг зохицуулсан байна.

9. Уг гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.1-д Талууд энэхүү гэрээгээр дараах гол нөхцөлийг харилцан тохиролцож, зөвшөөрчээ.Үүнд:

9.1 Гэрээний хоёрдугаар зүйлийн 2.1.1-д Захиалагч байгууллага нь өөрийн захиалгаар Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 972 айлын орон сууцны хорооллын айл өрхийн болон Ус, дулаан дамжуулах төвийн ашиглалтын үйл ажиллагааг ашиглалт хариуцсан байгууллагад актаар хүлээлгэн өгөх,

9.2 Гэрээний гуравдугаар зүйлийн 3.1-т Энэхүү гэрээг түр хугацаагаар байгуулж байгаа бөгөөд нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн удирдлага, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн аль нэгээс шийдвэр гарах хүртэл хугацаагаар байгуулах-аар зааж Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн Ерөнхий захирал Б.Сүхбаатар, Жи Эй Би Өү Ти ХХК-ийн захирал С.Алтанчимэг нар баталсан байна.

10. Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 293 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлалттай Буянт-Ухаа 2 хорооллын 2019 онд ашиглалтад орсон дээрх 18 орон сууцны хэрэглэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэлх хугацаанд дулаан түгээх, хангах үйл ажиллагааг нь түр хариуцан ажиллахыг Жи Би Өү Ти ХХК-д үүрэг болгосон байх бөгөөд шүүхээр уг асуудлууд эцэслэн шийдвэрлэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Захиргааны хэргийн болон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдож байна.

11. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна гээд 11.1.2-д захиргааны гэрээ гэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно, 52.2.3-д төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөөр хэрэгжүүлэхээс бусад дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд, 58 дугаар зүйлийн 58.1-т Захиргааны гэрээнд энэ хуулийн тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ гэсэн хуулийн зохицуулалттай.

12. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Жи Эй Би Өү Ти ХХК нь Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай сайн дурын үндсэн дээр Ашиглалт хариуцуулж, хамтран ажиллах түр гэрээ байгуулсныг захиргааны гэрээ гэж үзэхээр байна.

13. Нэхэмжлэгч Жи Эй Би Өү Ти ХХК нь Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/06 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байгаа бөгөөд уг гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт захиргааны гэрээ илт хууль бус байх тохиолдлуудад хамааруулан үзэх боломжгүй байна.

14. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 223 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Буянт-Ухаа 2 орон сууцны хорооллын 972 айлын 18 барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авч, түрээсийн орон сууцны санд шилжүүлэн иргэдийг хамруулах үүргийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Нийслэлийн орон сууцны корпораци ХК нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар байгуулагдаж, нийслэлийн иргэдэд зориулсан түрээсийн олон талт төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг орлогод нийцсэн, хямд өртөг бүхий орон сууцанд хамруулах үндсэн зорилго бүхий хаалттай хувьцаат компани байна.

15. Дээрх шийдвэрийн дагуу Буянт-Ухаа 2 орон сууцны хорооллын 18 блок барилгууд, түүнтэй холбогдох инженерийн шугам, сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн барилга болон бусад тоног төхөөрөмжийг Хөгжлийн банкнаас нийслэлийн өмчид шилжүүлэн авч, уг барилга нь 4.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэн Хөгжлийн банканд барьцаанд байдаг бөгөөд зээлийн төлбөр, төлбөрийн хүүг Нийслэлийн орон сууцны корпораци ХК нь Хөгжлийн банканд төлдөг болох нь хавтаст хэрэг авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

16. Буянт-Ухаа 2 орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний хууль ёсны өмчлөгч нь Нийслэл байх тул Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГазарт шилжүүлэн үйл ажиллагааг нь хариуцуулахаар шийдвэрлэснийг илт хууль бус гэж үзэх боломжгүй байна.

17. Нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банкны хооронд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2/48 тоот зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулан жил тутамд 6 хувийн хүүгээр тооцож, гэрээний нийт өртөг 73,299,478,779.89, үүнээс ус, дулаан дамжуулах төвийн үнэ 4,800,000,000 /дөрвөн тэрбум найман зуун сая төгрөг/-ийн өртөг байсан болох нь тогтоогдож байна.

18. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс 2019 онд 115 дугаартай тогтоолоор Буянт-Ухаа 2 хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлд шилжүүлж байгаатай холбогдуулан дээрх орон сууцны 30 хувийг зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн орон сууц, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулан зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

19. Тэдгээр орон сууцны ашиглалтын цахилгаан, ус дулааны үйлчилгээг нэхэмжлэгч компанид түр гэрээгээр хариуцуулан, энэхүү гэрээ үргэлжилж байх хугацаанд ус, дулаан дамжуулах төвийн 4.8 тэрбум төгрөгийн зээлийн хүү болон хугацаа хэтэрсэн алдангийн төлбөрүүд нэмэгдэж 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар хүү нь 991,824,658 төгрөг болсон болсон байх тул нийт түрээслэгч иргэдийн эрх ашиг хөндөгдөх эрсдэлтэй болох нь тогтоогдож байна.

20. Учир нь Нийслэлийн орон сууцны корпораци ХК нь Хөгжлийн банкны зээлийн эргэн төлбөрийг Буянт-Ухаа 2 хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдсан айл өрхийн орон сууцны м.кв тутмын төлбөрөөс төлж байгаа бөгөөд Орон сууцны тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141 .1-т Орон сууцны байшингийн инженерийн гадна шугам сүлжээ, дэд өртөө, ус дулаан дамжуулах төв болон бусад үйлчилгээний газарт зарцуулсан хөрөнгийг орон сууцны өртөг оруулж тооцохыг хориглоно гэж заасныг зөрчиж байгаа тул захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно гэж зааснаар түр гэрээг дангаар цуцлах шийдвэр гаргасан нь дээрх хуулийн зохицуулалт болон 2019 оны 1910/25 дугаартай Ашиглалт хариуцуулж, хамтран ажиллах түр гэрээний гуравдугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

21. Нийслэлийн Засаг даргын харьяа Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т тус ус, дулаан дамжуулах төвийг шилжүүлэн өгснөөр айл өрхийн ашиглалтын төлбөрөөс инженерийн гадна шугам сүлжээг ашиглан худалдсан бүтээгдэхүүний төлбөрт ногдох шимтгэл хувийн компанид шилжихгүйгээр ус дулаан дамжуулах төвийн төлбөрийг төлөх боломжтой гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

22. Мөн Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 2 дугаар ээлжийн 18 барилгын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга угсралтын ажлыг 2018 онд Барилга, хот байгуулалтын яам, Хөгжлийн банк, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ, Сан ХХК нар харилцан тохиролцож дөрвөн талт гэрээгээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

23. Нөгөөтэйгөөр маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/06 тоот тушаалыг илт хууль бусад болохыг тогтоосноор нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхээргүй байна.

24. Учир нь Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захирлын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Түр гэрээг дуусгавар болгох тухай А/11 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Жи Эй Би Өү Ти ХХК-тай байгуулсан түр гэрээний дагуу хамтран ажиллаж байсан боловч ...1043, 1044, 1046, 1047, 1049, 1050, 1051, 1052, 1054, 1055, 1057, 1058 дугаар байрнуудын оршин суугчдын халаалтын төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцон их хэмжээний төлбөр хуримтлагдан байгууллагын санхүүд хүндрүүлсэн нөхцөл байдал үүсгэсэн гэсэн үндэслэлээр түр гэрээг 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон нийслэлийн өмчийн харьяа байгууллага болох Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГазартай 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр гэрээ байгуулан оршин суугчдад мэдээлэл хүргэж, гэрээг шинэчлэн байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захирлын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаал, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-аас Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 159 тоот, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГазарт хүргүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 261 тоот, Жи Эй Би Өү Ти ХХК-д хүргүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 282 тоот, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ зохицуулах зөвлөлд хүргүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 293 тоот, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 382 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна.

25. Энэхүү захиргааны акттай нэхэмжлэгч талаас маргаагүй өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болох нь тогтоогдож байна.

26. Иймд нэхэмжлэгч Жи Эй Би Өү Ти ХХК-ийн шүүхэд гаргасан ...Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/06 тоот тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй... гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 52 дугаар зүйлийн 52.1, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Жи Эй Би Өү Ти ХХК-аас Нийслэл орон сууцны корпораци ХК-д холбогдуулан гаргасан Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/06 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ