Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00064

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02255 дугаар шийдвэртэй, Ч.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, “С” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяа-гийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ч.Б би өөрийн өмчлөлийн ХУД, 4 хороо Нүхтийн зам гудамж, 36/1 тоот байшинг барьцаалан “О” ХХК-иас зээл авсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсоны улмаас зээлээ эргүүлэн төлж чадаагүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны 02299 дугаар шийдвэрээр “О” ХХК-д 194 024 500 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 155 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу ХУД, 4 хороо. Нүхтийн зам гудамж, 36/1 тоот байшингийн зах зээлийн үнэлгээг “С” ХХК тогтоосон. Уг компанийн хийсэн үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4/13449 дугаар мэдэгдлээр хүргүүлсэн байна.

Дээрх үнэлгээ зах зээлийн бодит үнэлгээ болж чадаагүй. Учир нь, үнэлгээ тогтоохдоо газрын үнэ ханш гэсэн хэсэгт 2017 оны 5 дугаар сарын байдлаар тооцож авсан нь цаг хугацааны хувьд бодит байдалд нийцэхгүй дүгнэлт байна. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-д заасан шаардлага болох тайланд зайлшгүй тусгах мэдээлэл болох үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаар “С” ХХК-ийн мэдээллийг тусгахдаа “Даатгалын нэр” гэсэн хэсэгт “М” ХХК гэсэн нь үнэлгээчин Г.О-ын хариуцлагын даатгалтай эсэх нь тусгагдаагүй гэж үзнэ. Иймд үнэлгээг зөвшөөрөхгүй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон “С” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2018/00733 дугаар тогтоолоор Ч.Б-аас 195 152 573 төгрөгийг гаргуулж “О” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж 36/1 тоотод байрлах эрхийн улсын Ү-2206023618 дугаарт бүртгэлтэй 250.85 м.кв талбайтай хувийн сууц, гараашаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Ч.Б-т шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх хувийн сууц, гараашийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18290882/02 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хураасан. Төлбөр төлөгч нь төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүйн улмаас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 313 дугаар тогтоолоор шинжээч томилоход 890 497 200 төгрөгөөр үнэлэгдсэн.

Дээрх үнэлгээг талуудад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 4/1640, 4/1641 дүгээр албан бичгүүдээр мэдэгдэхэд төлбөр төлөгч Ч.Б үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00751 дугаар шийдвэрээр үнэлгээчний тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингээд талуудаас дахин үнийн санал авахад тохиролцоогүй тул 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 155 дугаар тогтоолоор “” ХХК-ийг томилоход 865 634 041 төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнийг талуудад 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4/13449 тооот албан бичгээр тус тус мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнийн 70 хувь болох 605 943 289 төгрөгөөр тооцон 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Үүнээс өмнө үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд алдаа гараагүй, зөвхөн үнэлгээчний үнэлгээ гаргах тусгай зөвшөөрлийн эрхийн хугацаа дууссан байсан үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгож байсан. Талууд дахин үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ хийлгэнэ гэж зааснаар ажиллагаа явагдсан. Ч.Б нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт гаргаагүй. Тухайн санхүүгийн байгууллагад төлбөр төлөх тухай Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж, хугацаа авч байгаа тул цаашид ажиллагааг үргэлжлүүлэх боломж олгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ч.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 8237 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 155 дугаар шинжээч томилох тогтоолын дагуу ХУД, 4 хороо, Нүхтийн зам гудамж, 36/1 тоот байшингийн зах зээлийн үнийг тогтоох үнэлгээг “С” ХХК хийсэн. Хөрөнгийн үнэлгээ зах зээлийн бодит үнэлгээ болж чадаагүй. Хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо газрын үнэ ханшийг 2017 оны 5 дугаар сарын байдлаар тооцсон нь цаг хугацааны хувьд бодит нөхцөлд нийцэхгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-д үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээллийг тусгана гэжээ.

Гэтэл гүйцэтгэгч компанийн талаарх мэдээлэлд “С” ХХК-ийн мэдээллийг тусгахдаа “Даатгалын нэр” гэсэн хэсэгт “М” ХХК гэсэн нь үнэлгээчин Г.О хариуцлагын даатгалтай эсэх талаарх хуульд заасан мэдээлэл тусгагдаагүй гэж үзэх тул уг тайлан хуульд заасан шаардлага хангаагүй байна. Шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй мэтээр шийдвэрт тусгасан нь бодит байдалд нийцэхгүйн зэрэгцээ шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, ойлгомжтой байх шаардлагыг хангасангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 36/1 тоотод байрлах 250.85 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зах зээлийн үнэлгээг 865 634 041 төгрөгөөр үнэлсэн “С” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх1-2/

 

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шаардлагыг эс зөвшөөрч, хөрөнгийн үнэлгээг тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл зааж маргасан байна. /хх39/

 

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02299 дугаар шийдвэрээр Ч.Б-аас 194 024 500 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 1 128 073 төгрөгийн хамт гаргуулж, “О” ХХК-д олгох, Ч.Б нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 36/1 тоот хаягт байрлах Ү-2206023618 улсын бүртгэлийн дугаартай, 000434157 тоот эрхийн гэрчилгээтэй 250.85 м.кв талбайтай хувийн сууц, гараашийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ. /хх41-58/

 

Төлбөр төлөгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 183/ГХ2018/00692 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, /хх40/ хариуцагч байгууллага шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа үүсгэж /хх59/, нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах, төлбөр төлөхийг мэдэгдэх зэрэг хуульд заасан ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна. /хх62-67/

 

Хариуцагч тал нь төлбөр төлөгч Ч.Б-ын барьцааны эрхээр хязгаарлагдсан түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад тэрээр 1 200 000 000 төгрөг гэж ирүүлснийг, төлбөр авагч “О” ХХК эс зөвшөөрч үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан нь хэргийн баримтаар тогтоогджээ. /хх74-75/ Энэ тохиолдолд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзнэ. Иймд хариуцагч байгууллага нь төлбөр авагч талын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авч 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 155 дугаар тогтоолоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох шинжээчээр “С” ХХК-ийг томилжээ. /хх76/. Эрх бүхий байгууллагын дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасныг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлын үндэслэлээ, шинжээч “С” ХХК нь түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо газрын үнэ ханшийг 2017 оны 5 дугаар сарын байдлаар тооцсон нь хөрөнгийн үнэлгээ зах зээлийн бодит үнэлгээ болж чадаагүй, мөн тайланд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-д заасан мэдээлэл бүрэн тусгагдаагүй буюу үнэлгээчин Г.О нь хариуцлагын даатгалтай эсэх нь тусгагдаагүй буюу хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх агуулгаар тайлбарлажээ.

 

“С” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 155 дугаар тогтоолын дагуу Улсын бүртгэлийн Ү-2206023618 дугаартай, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, нүхтийн зам 36/1 тоот хаягт байрлах 250.85 м.кв талбай хувийн сууц, гарааш зэргийг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээний орлого, өртөг, жишиг үнийн хандлагын аргыг хэрэглэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнийг 865 634 041 төгрөг гэж тодорхойлсон байна. /хх77-114/

 

Тайлангийн 18 дах талд “газрын үнэ ханш” гэх хэсэг нь уг тайлангийн 7 дугаар бүлэг буюу Монгол улс дахь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн байдал гэх мэдээллийн агуулгаар тусгагдсан ба үүнийг нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд нөлөөлсөн гэж үзэхгүй тул зах зээлийн бодит үнэлгээ болж чадаагүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.  

 

Түүнчлэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-т үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн дугаар, хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээллийг хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан байна гэж заасан ба “С” ХХК-ийн дээрх тайланд гүйцэтгэгч компани болон үнэлгээчний талаарх мэдээлэл бүрэн тусгагдсан гэж үзнэ. /хх81/ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг тодорхой нэрлэн заасан байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан тайлан уг шаардлагыг хангаагүй буюу хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллага шинжээчээр “С” ХХК-ийг томилж, уг компани “М” ХХК-д хариуцлагын даатгалтай талаарх мэдээлэл тусгагдсан, улмаар үнэлгээчин Г.О-т үнэлгээний тайланд гарын үсэг зурах итгэмжлэлийг тухайн хуулийн этгээдээс олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./хх112/ Иймд үнэлгээ тогтоох шинжээчээр томилогдсон үнэлгээчин хариуцлагын даатгалд хамрагдсан эсэх талаарх мэдээлэл тусгагдаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Дээрх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Т.ТУЯА