Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00599

 

Ч.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02255 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр  сарын 10-ны өдрийн 64 дугаар магадлалтай,

Ч.Б-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие өөрийн өмчлөлийн ХУД, 4 хороо Нүхтийн зам гудамж, 36/1 тоот байшинг барьцаалан ОИ ББСБ ХХК-иас зээл авсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсоны улмаас зээлээ эргүүлэн төлж чадаагүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны 02299 дугаар шийдвэрээр ОИ ББСБ ХХК-д 194.024.500 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 155 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу ХУД, 4 хороо, Нүхтийн зам гудамж, 36/1 тоот байшингийн зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ-Эстимэйт ХХК тогтоосон. Уг компанийн хийсэн үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4/13449 дугаар мэдэгдлээр хүргүүлсэн байна. Дээрх үнэлгээ зах зээлийн бодит үнэлгээ болж чадаагүй. Учир нь, үнэлгээ тогтоохдоо газрын үнэ ханш гэсэн хэсэгт 2017 оны 5 дугаар сарын байдлаар тооцож авсан нь цаг хугацааны хувьд бодит байдалд нийцэхгүй дүгнэлт байна. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-д заасан шаардлага болох тайланд зайлшгүй тусгах мэдээлэл болох үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаар Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн мэдээллийг тусгахдаа Даатгалын нэр гэсэн хэсэгт Монгол даатгал ХХК гэсэн нь үнэлгээчин Г.Отгонбаярын хариуцлагын даатгалтай эсэх нь тусгагдаагүй гэж үзнэ. Иймд үнэлгээг зөвшөөрөхгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 6 сарын 07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Ч.Б-т шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хувийн сууц, гараашийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18290882/02 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хураасан. Төлбөр төлөгч нь төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүйн улмаас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 313 дугаар тогтоолоор шинжээч томилоход 890.497.200 төгрөгөөр үнэлэгдсэн. Дээрх үнэлгээг талуудад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 4/1640, 4/1641 дүгээр албан бичгүүдээр мэдэгдэхэд төлбөр төлөгч Ч.Б- үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00751 дугаар шийдвэрээр үнэлгээчний тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингээд талуудаас дахин үнийн санал авахад тохиролцоогүй тул 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 155 дугаар тогтоолоор Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг томилоход 865.634.041 төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнийг талуудад 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4/13449 тооот албан бичгээр тус тус мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнийн 70 хувь болох 605.943.289 төгрөгөөр тооцон 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ОИ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: ...Талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ хийлгэнэ гэж зааснаар ажиллагаа явагдсан. Ч.Б- нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт гаргаагүй. Тухайн санхүүгийн байгууллагад төлбөр төлөх тухай Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж, хугацаа авч байгаа тул цаашид ажиллагааг үргэлжлүүлэх боломж олгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02255 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ч.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 8237 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр  сарын 10-ны өдрийн 64 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шинжээчээр ажилласан Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэлгээ болж чадаагүй. Хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо газрын үнэ ханш гэсэн хэсэгт 2017 оны 5 дугаар сарын байдлаар газрын үнэ ханшийг тооцож авсан нь цаг хугацааны хувьд бодит нөхцөлд нийцэхгүй дүгнэлт гарчээ гэж үзэхээр байна. Тайлан нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлага хангахгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд тайланд тусгах мэдээллийг хуульчилсан байх ба 9.3.1-д үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаархи мэдээлэл гэжээ. Хөрөнгө үнэлгээний тайланд гүйцэтгэгч компанийн талаарх мэдээлэлд Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн мэдээллийг тусгахдаа Даатгалын нэр гэсэн хэсэгт Монгол даатгал ХХК гэсэн нь үнэлгээчин Г.Отгонбаяр нь хариуцлагын даатгалтай эсэх талаарх хуульд заасан мэдээлэл тусгагдаагүй гэж үзнэ. Үнэлгээ хийхдээ харьцуулалт хийсэн бусад байшингаас Ч.Б-ын байшингийн давуу тал болох төвлөрсөн инженерийн шугамд холбогдсон байдлыг харгалзаагүй, итгэлцүүрийг хэрэглээгүй хамгийн бага үнэ тогтоосон. Ийн үнийг буулгахдаа итгэлцүүрийг хэрхэн ашигласнаа тайланд тусгаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж чадаагүй, төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй мэтээр шийдвэрт тусгасан нь бодит байдалд нийцэхгүй байхын зэрэгцээ шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, ойлгомжтой байх шаардлага хангасангүй. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ч.Б-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ, “....Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн тогтоосон үнэлгээ бодит байдалд нийцээгүй, шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэжээ.

Хариуцагч  “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдэээжээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, нэхэмжлэгчийн гомдолд дурдснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

Ч.Б-аас 194.024.500 төгрөг гаргуулж ОИ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02299 дугаар шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх явцдаа шүүхийн шийдвэрт заасан барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэх, хураан авах ажиллагаа хийж улмаар анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор талуудаас үнийн санал авсан боловч төлбөр авагч, төлбөр төлөгч тохиролцоогүй байна. Иймээс шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчөөгүй байна.

Шинжээчээр томилогдсон Сэлэнгэ эстимэйт ХХК нь барьцааны хөрөнгө болох Хан- Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 36/1 тоот хаягт байрлах 250 м.кв  талбайтай 2 давхар хувийн сууц, гараажийн хамт 865.634.041 төгрөгөөр үнэлснийг, шийдвэр гүйцэтгэгч уг үнэлгээний талаар 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 4/13449 тоот албан бичгээр мэдэгджээ.

Шинжээчийн дээрх үнэлгээг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй бөгөөд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан, тогтоосон үнэ тухайн хөрөнгийн зах зээлийн үнэд тохирсон гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Шинжээч дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журам, аргачлалын дагуу үнэлгээ тогтоосон, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд заасан хөрөнгө болох хувийн сууц болон гараажийг үнэлж, тухайн шинжээчээр ажиллаж буй компанийн шаардлагатай мэдээллүүд тайланд тусгагдсан байна.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02255 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 64 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Ч.Б- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ