Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00249

 

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00249

 

 

ТХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/02090 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч МУЗ ТББ, ЮФ ББСБ ХХК, Г.А, Ц.С, Д.Э нарт холбогдох,

Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсний улмаас гарсан зардалд Г.А-аас 15 919 025 төгрөг, МУЗ-өөс 7 076 183 төгрөг, Д.Э-ээс 7 954 738 төгрөг, Ц.С-аас 888 103 төгрөг, ЮФ ББСБ ХХК-аас 15 919 025 төгрөг, нийт 47 757 075 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн, хариуцагч Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч ТХБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ТХБ ХХК нь иргэн Д.Энхтайвантай байгуулсан түрээсийн гэрээгээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жуулчны гудамж-35 хаягт байрлах Дельта төвийн В1, 1, 2-р давхрын нийт 972 м.кв талбайд үйл ажиллагаа явуулдаг. Тус барилга нь 5 давхар оффисын зориулалттай, дараах иргэд, аж ахуйн нэгжүүд хэсэгчлэн өмчилдөг. Үүнд:

Д.Э /В1, 1, 2 давхар, Г.А /3 дугаар давхар, 324 м.кв/, Д.Э /4 дүгээр давхар, 162 м.кв/, МУЗ /4 дүгээр давхар, 144 м.кв/, Ц.С /4 дүгээр давхар, 18 м.кв/, ЮФ ББСБ /5 дугаар давхар, 324 м.кв/

Дельта төв нь анх 2003 онд ашиглалтад орсон бөгөөд сүүлийн жилүүдэд гадна фасадыг зориулалтын бус материалаар хийсний улмаас аюулгүй байдлын шаардлага хангахгүй, явган хүний зам дээр унах, хүний амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Улмаар 2017 оны 3-р сард барилгад Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч шалгалт хийж дараах зөрчлийг илрүүлж, уг зөрчлийг арилгах арга хэмжээ авах тухай 2017 оны 3 сарын 28-ны өдрийн албан тоотыг Дельта төв хоршоонд, хувийг ТТХБ-д хүргүүлсэн. Үүнд:

1. Зост Трейд ХХК-ийн зураг төслийн товчоонд боловсруулсан 01/02 шифртэй зураг төсөлд гадна фасадныг чулуун өнгөлгөөтэй хийхээр төлөвлөсөн боловч 240x120мм хэмжээтэй азбестан өнгөлгөөтэй гипсэн хавтангаар хийсэн байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасныг

2.  Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, батлагдсан зураг төсөлгүй барилгын дээвэр дээр реклам сурталчилгааны байгууламж хийсэн нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.10-т заасныг тус тус зөрчсөн.Тээвэр хөгжлийн банк нь барилгын аюулгүй байдалд анхаарал хандуулан 2017 оны 2-р сараас эхлэн Дельта төвийн өмчлөгч нарын үүсгэн байгуулсан Дельта төв хоршоонд болон өмчлөгч нарт удаа дараа дээврийн хэсэгт байрлуулсан реклам сурталчилгааны самбар унах магадлалтай, бэхэлгээ суларч муудсан, шаардлага хангахгүй байх тул зохих арга хэмжээ авах тухай 01/2-45 тоот мэдэгдэл, фасад шаардлага хангахгүй материалаар хийгдэж бэхэлсэн, салхи бороонд унаж бусдын эрүүл мэнд, амь нас, эд материалд хохирол учруулах эрсдэлтэй байх тул гадна фасадыг засаж шинэчлэх талаар арга хэмжээ авах тухай 01/2-46 тоот хүсэлт, фасадны засварыг банкны зардлаар бага өртгөөр, зориулалтын шаардлага хангахуйц материалаар эхлүүлэх тухай 01/2-53а тоот саналыг тус тус хүргүүлсэн. Албан тоотуудыг хүлээн аваад Дельта төв хоршооноос 2017 оны 03 сарын 10-ны өдөр 03/01 тоот засварын ажлын төсөв, эдийн засгийн тооцоог гарган өгөх тухай албан тоот, Монголын Урлагийн зөвлөлөөс 2017 оны 03 сарын 09-ний өдөр ижил агуулга бүхий 19/17 дугаар албан тоотыг тус тус ирүүлсэн, банкнаас 2017 оны 03 сарын 13-ны өдөр 01/2-59 тоот албан бичгийг нарийвчилсан тооцооны хамт хүргүүлсэн. Дараа нь Дельта төв хоршооноос 2017 оны 03 сарын 15-ны өдөр банкинд өгсөн 03/03 тоот хариу өгсөн. Ийнхүү олгосон зөвшөөрлийн дагуу банк Шинэсүнжий ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2017 оны 04 сараас 2017 оны 09 сарын хооронд барилгын 2, 3, 4, 5 давхарын гадна фасадны засварт 17 832 400 төгрөг, ажлын хөлсний зардал 38 064 400 төгрөг, барилгын зүүн талын гадна хаалганы тамбурын засварын төлбөр 7 779 300 төгрөг, нийт 63 676 100 төгрөгийн зардлыг Шинэсүнжий ХХК-д төлж ажлыг бүрэн гүйцэтгүүлсэн.

Засварын зардлыг эхний ээлжинд банк гаргаж, бусад өмчлөгч нараас нэхэмжлэн төлүүлэхээр тохирсны дагуу ажлыг хийлгэсэн, мөн барилгын ажил явагдаж байх хугацаанд Дельта төв хоршоо болон өмчлөгч нараас аливаа байдлаар эсэргүүцсэн, ажлыг зогсоохыг шаардсан ямар ч үйлдэл гаргаагүйг дурдах шаардлагатай.Засварын ажил бүрэн дуусмагц банкнаас 2017 оны 09 сарын 07-ны өдөр 01/2-241-ээс 01/2-244 тоот албан бичгүүдээр Г.А-аас 15 919 025 төгрөг, МУЗ ТББ-аас 7 076 183 төгрөг, Д.Э-ээс 7 954 738 төгрөг, Ц.С-аас 888 103 төгрөг, ЮФ ББСБ-аас 15 919 025 төгрөг нэхэмжилсэн.

Өмчлөгч, түрээслүүлэгч Д.Э-д ногдох хэсгийн засварыг зардал болох 15 919 025 төгрөгийг түүнтэй харилцан тохиролцсоны дагуу түрээсийн төлбөрөөс суутгасан.

Банк маш хямд төсвөөр, өмчлөгч нарт санхүүгийн дарамт багатай байдлаар урьдчилан төлбөрийг төлж, богино хугацаанд, чанар стандартын шаардлага хангасан байдлаар засварыг гүйцэтгүүлсэн. Мөн өөрийн зардлаар барилгын цахилгааны ерөнхий оруулгын самбарт байрлах шаардлага хангахгүй гал хамгаалагчийг сольж, хүчний таслуур, клем шинээр суурилуулах холболтыг шинэчлэх ажлыг хийж төвийн бүх цахилгаан хангамжийн үүсгүүрийг шинэчилсэн. Иймд Г.А-аас 15 919 025 төгрөг, МУЗ ТББ-аас 7 076 183 төгрөг, Д.Э-ээс 7 954 738 төгрөг, Ц.С-аас 888 103 төгрөг, ЮФ ББСБ ХХК-аас 15 919 025 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.А, Д.Э, Ц.С, МУЗ ТББ, ЮФ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Бидэнд ийм засвар үйлчилгээ хийх гэж байгаа гэдэг талаар албан ёсоор мэдэгдэж, төлбөр зардлыг хэрхэн хуваарилах, хэдий хугацаанд хэрхэн хийж гүйцэтгэх талаар мэдэгдээгүй, гэрээ баримт бичиг үйлдээгүй. Энхтайван нь Тээвэр хөгжлийн банк 972 м.кв талбай буюу нийт барилгын талбайн 50 хувийг дээр нь 6 давхарт 324 м.кв талбайг эзэмшиж байгаа нь нийт барилгын 70 хувийг эзэмшдэг гэсэн тооцоо гарч байна. Гэсэн атлаа гадна фасадны нийт зардлаас ганцхан давхарт оногдох төлбөр гэх 15 919 025 төгрөгийг төлсөн гэдэг.  Өмнөх онуудад дээврээс борооны дусаал гоожоод өмчлөгч нар засвар хийхэд манайх В1,1,2 давхрыг эзэмшдэг тул танай асуудал надад хамаагүй гээд засварын зардлаас хуваалцаж байгаагүй. Үйлчлүүлэгчдээ татахын тулд өнгө үзэмжээ сайжруулах засвар хийчихээд биднээр төлбөр төлүүлэх гэж байна. Рекламны самбарыг мэргэжлийн хяналтын шаардлагаар буулгуулсан гэсэн утгатай зүйлийг нэхэмжлэлдээ бичсэн байх боловч н.Энхтайван гэгч 6 давхар болгож барилгад давхар нэмэх зорилгоор хийгдсэн булхай болохоос үнэхээр аюултай нөхцөл үүсээгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.А-аас 15 919 025 төгрөг, МУЗ-өөс 7 076 183 төгрөг, Д.Э-ээс 7 954 738 төгрөг, Ц.С-аас 888 103 төгрөг, ЮФ ББСБ-аас 15 919 025 төгрөг, нийт 47 757 075 төгрөг гаргуулах тухай ТХБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396 735.38 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Отгонбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Дельта төвийн гадна талд засвар хийснээр зөвхөн хариуцагч нарын эрх ашиг дээрдэж, эд хөрөнгө нь сайжирч байгаа бус, дараах ач холбогдол бүхий нөхцөл байдлууд үүссэн. Барилгын гадна тал /фасад/-ын дулаалгыг галд тэсвэртэй хөөсөнцөр хавтангаар бүрэн бүрснээр хэдийд ч учирч болох галын аюулаас хариуцагч нарын өмч хөрөнгийг хамгаалах урьдчилсан нөхцөл байдлыг бүрдүүлсэн, олон жил засвар хийгээгүйгээс материалын элэгдэлд орсон барилгын гадна тал /фасад/ хуулран унаж, ойр орчинд бусдын эд хөрөнгөд хохирол учруулах зэрэг урьдчилан харах боломжгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлсэн, гуравдагч этгээдэд болон хүрээлэн байгаа орчинд хэдийн үүссэн аюултай нөхцөл байдлыг зайлуулсан,бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй хохирол учрах аюулыг арилгасан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 02-07-112/222 тоот улсын байцаагчийн дүгнэлтэд зөрчлийг арилгах талаар заасан.

Шүүх зөвхөн хариуцагчийн эрх ашиг, эд хөрөнгөд хамааруулан дүгнэж, хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэрлэсэн. Бусдын эд хөрөнгө болон эрх ашиг гэдэгт зөвхөн хариуцагчийн эд хөрөнгө, эрх ашиг бус харин хэн нэгэн гуравдагч этгээдийн эд хөрөнгө, эрх ашиг мөн хөндөгдөх талаар хуульчилсан. Зайлшгүй зардалд яагаад барилгын ханын унах эрсдэлтэй хавтанг сольж учрах аюулыг цаг алдалгүй холдуулж байгаа бодит зардал орохгүй байгаа нь ойлгомжгүй. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, ямар учраас зайлшгүй зардалд тооцох боломжгүй гэж дүгнэсэн талаараа огт тайлбарлаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч талаас "...ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээд өөрөө уг үүргийг гүйцэтгэж эхлэх буюу уг үүргээс татгалзах хүртэл үүргийг гүйцэтгэсэн" байдлыг шүүх огт дүгнээгүй. Нэхэмжлэгч тал 2017 оны 03 сараас 2017 оны 08 сарын хугацаанд Дельта төвийн байранд нийт 55 000 000 төгрөгийн зардал бүхий гадна фасадын ажлыг гүйцэтгэж байхад хариуцагч нар өөрөө фасадын ажлыг түйцэтгэж эхлээгүй, татгалзал гаргаагүй, засварын ажил эхлэхээс дуусах хүртэл ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй талаар тодруулж дүгнэлт хийсэнгүй.

Шүүх зохигчдын хооронд ямар харилцаа үүссэн талаар огт дүгнэлт гаргаагүй. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрх үүсээгүй гэж, мөн шүүх хуралдааны явцад өөрчлөгдсөн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч өөрийн төсөөллөөр шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлж, нэхэмжлэлдээ дурдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэр нь биш харин өөр үндэслэл тогтоогдвол шүүх тухайн харилцааны төрлийг тогтоож, уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу маргааныг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Шүүхээс талуудын хооронд үүссэн харилцааг тодорхойлж, дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх ёстой.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн байхад өмнө нь гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд өөрийн санаачлагаар дүгнэлт өгснийг, тэр дундаа хуулийг буруу тайлбарлан шийдвэртээ тусгасныг хүлээн зөвшөөрөхгүй. Зардлыг төлөхөөс өмнө түүний хэмжээнд маргаж байгаа тохиолдолд өөрт нь шаардлага гаргаж болохгүй гэсэн болохоос бус, харин ийм маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх хүний эрхийг хуулиар бүр мөсөн хязгаарласан зохицуулалт биш,6 дугаар давхарыг барьсан этгээд барилгын бүтэн гадна өнгөлгөөг солих үүрэг хүлээдэг болохыг хууль зүйн ямар үндэслэлээр гаргаж, дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дугаар зүйлд заасан шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан арга журмын дагуу шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч ТХБ  ХХК нь дундаа хэсгээр өмчилдөг өмчлөгчдийн хөрөнгө болох 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийн нийтийн эзэмшлийн зүйлд хамаарах гадна фасадыг азбестан хавтан өнгөлгөөтэй байсныг чулуун хавтан өнгөлгөөтэй болгож, гол хаалгыг засварласан зэрэг ажлын зардалд өмчлөгч гэх этгээдүүдийн өмчлөлийн зүйлийн талбайд хувь тэнцүүлэн Г.А-аас 15 919 025 төгрөг, МУЗ ТББ-аас 7 076 183 төгрөг, Д. Э-ээс 7 954 738, Ц.С-аас 888 103 төгрөг, ЮФ ББСБ ХХК-иас 15 919 025 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуацгч нар эс зөвшөөрч өмчлөгчдийн зөвшөөрлийг авахгүйгээр засвар хийсэн гэж маргажээ. /хх 1-5/

Нэхэмжлэгч нь иргэн Д.Э-тай байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр дээрх Дельта төв барилгын 972 м.кв талбайд үйл ажиллагаа явуулдаг гэж тайлбарласан. Тус барилга нь 5 давхар оффисын зориулалттай барилга бөгөөд өмчлөгчдийн талаар Д.ЭВ1/зоорийн болон 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 648 м.кв, 2 дугаар давхрын 324 м.кв, Г.А 3 дугаар давхрын 321м.кв, МУЗ ТББ 4 дүгээр давхрын 144 м.кв, ЮФ ББСБ ХХК 5 дугаар давхрын 324 м.кв талбайг тус тус өмчилдөг талаар баримтууд авагджээ. /хх 135-140/

Хэсгээр хамтран өмчлөгчид 2017 оны 2 сараас тус барилгын нийтийн үйлчилгээг хариуцах Дельта төв хоршоог байгуулсан талаар тайлбарлажээ. /хх 198/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... Уг барилга 2003 онд ашиглалтад орсон. 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтэд чулуун өнгөлгөөтэй байхаар төлөвлөсөн боловч азбестан өнгөлгөөтэй гипсэн хавтангаар хийсэн нь .., аюул учруулахгүй бат бэх тогтвортой байх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах хэмжээнд байсан тул Дельта төв хоршоотой зөвшилцөн Шинэсүнжий ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2017 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 63 676 100 төгрөгийн зардлыг гаргаж засварын ажил гүйцэтгүүлсэн, засварын ажил явагдаж байхад нэг ч өмчлөгч эсэргүүцээгүй гэж тодорхойлжээ. /хх 205,159-175,17/

Талууд нэхэмжлэгч фасадыг өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр засварлах эрхтэй эсэх, өмчлөгч нараас зөвшөөрөл авсан эсэх, фасадыг зориулалтын бус материалаар хийсний улмаас аюулгүй байдлын шаардлага хангахгүй болж улмаар явган хүний зам дээр унах бусдын амь нас эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл бий болсон эсэх, зайлшгүй засвар хийх шаардлага үүссэн эсэх, Дельта төв хоршоо өмчлөгч нарын өмнөөс засварын ажлыг эрхлэн зөвшөөрөл өгөх эрхтэй субьект мөн эсэх зэрэг асудлуудаар маргажээ. /хх-196,199/ Түүнчлэн,ТХБ  ХХК нь 972 м.кв талбай буюу нийт талбайн 50 хувийг, түүнчлэн 6 дугаар давхарт 324 м.кв талбайг эзэмшиж байгаа нь нийт талбайн 70 хувийг эзэмшдэг гэсэн тооцоо гарч байхад ганцхан давхарт ногдох 15 919 025 төгрөгийг төлсөн гэж хариуцагч нар нэхэмжлэлийн тооцоололд маргажээ.

Анхан шатны шүүхээс маргаан бүхий үйл баримтад дүгнэлт хийхдээ үйл баримт, нотлох баримтыг харьцуулан дүгнээгүй. Эрх зүйн аль харилцааг үндэслэн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлсноор зохих хуулийн заалтыг хэрэглэх, түүнд хамаарах үйл баримт бүрэн тогтоогдсон эсэх, зайлшгүй шаардлагатай нотлох баримт авагдсан эсэхийг эцэслэн дүгнэх боломжтой болох юм.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваадаг. Мөн хуулийн 488 дугаар зүйлийн 488.4 дэх хэсэгт зааснаар дундаа хэсгээр өмчлөгчид нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын журмыг тогтоосон бол уг журмыг эрх шилжүүлэн авсан этгээдүүд нэгэн адил мөрдөх юм. Талууд Дельта төв хоршоог байгуулсан гэх бөгөөд уг хоршоо нь нийтийн эзэмшлийн талбайд засвар хийлгэх зөвшөөрөл өгөх эрхтэй байсан эсэх талаар маргаж байгаа нөхцөлд хоршооны дүрэм журам, эрх, үүрэг, үйл ажиллагааны талаарх баримт тухайн хэрэгт авагдаагүй байна. /хх 37/ Уг хоршоо хэргийн оролцогч нартай ямар харилцаатай болох нь тодорхойгүй байна.

Дельта төвийн барилгын гадна фасадыг засахад гарч байгаа зардал нь зайлшгүй шинжтэй буюу аюулыг зайлуулахад шаардлагатай хэмжээний зардал байсан уу, зайлшгүй хэмжээнээс илүү гарсан уу гэдэг асуудлыг тодруулах шаардлагатай.

Бусад этгээдийн өмнөөс үүргийг нь даалгаваргүйгээр гүйцэтгэж гарах ёстой зардлыг гаргасан эсхүл үүргийг нь өмнөөс гүйцэтгэсний аль ч тохиолдолд зардлын хэмжээ зайлшгүй байсан уу гэдэг нь хэрэгт ач холбогдолтой үйл баримт юм. Хэргийн 49 дүгээр талд авагдсан Дельта төв барилгын өмчлөгч нарын хурлын тэмдэглэл гэх баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь өгөх, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүхээс хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл жинхэнэ эхийг шаардан авах ажиллагаа хийгээгүй байна. Хариуцагч талаас маргаан бүхий барилгын гадна фасадыг засварласан байдал, барилгын нөхцөл байдлын талаар үзлэг хийлгэх хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үүргээ шүүх биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Барилгын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар барилгын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх юм.

Барилгын гадна фасад зураг төсөлд заагдаагүй материалаар хийгдсэн, Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа гэх Улсын байцаагчийн дүгнэлт, барилгын гадна фасадны засварын ажил эхэлж үргэлжилж байхад өмчлөгч нар эсэргүүцэн зогсоох арга хэмжээ авсан эсэх байдалд эрх зүйн дүгнэлт хийх, өмчлөгч нарын нийт талбайн хэмжээг тодорхойлох, нэхэмжлэлийн тооцооллыг аргачлалын хувьд шалгах,эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтыг харьцуулан дүгнэх, нотлох үүргийн хувиарлалт хийх, үйл баримт бүрэн тогтоогдсон эсэхэд дүгнэлт өгснөөр хуулийг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой.

 

Зохигчийн хооронд болон өмчлөгч нарын хариуцах зүйл, зардал, зардлын талаар маргаж байсан эсэх, зардал нь зайлшгүй байсан уу, зохих ёсоор мэдэгдсэн эсэх зэрэг тухайн хэрэгт ач холбогдолтой үйл баримтууд бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав. /хх 220-224/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/02090 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 396 735 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД