Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2022/01136

 

 

 

 

 

 

 

   2022         04         21                                         182/ШШ2022/01136

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ТХБ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.А, МУЗ ТББ, Д.Э, Д.О, ЮФ ББСБ ХХК-д тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хөрөнгөд засвар хийсний улмаас гаргасан зардалд  нийт 47,757,075 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.А,

            Хариуцагч МУЗ, Г.А, ЮФ ББСБ, Д.О нарын төлөөлөгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ш.Ж,

Хариуцагч Д.Э-н төлөөлөгч П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ТХБХХК нь иргэн Д.Этай байгуулсан Түрээсийн гэрээний үндсэн дээр Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Жуулчны гудамж-35 хаягт байрлах Д төвийн барилгын В1, 1, 2 дугаар давхрын нийт 972 м.кв түрээсийн талбайд банкны Урт цагаан салбарын үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд тус барилга нь 5 давхар оффисын зориулалттай, иргэн Д.Э/В1, 1, 2 давхар/, Г.А/3 дугаар давхар, 324 м.кв/, МУзөвлөл /4 дүгээр давхар, 144 м.кв/, Д.Э /4 дүгээр давхар, 162 м.кв/, Д.О /4 дүгээр давхар, 18 м.кв/, ЮФ ББСБ /5 дугаар давхар, 324 м.кв/ гэсэн иргэн, хуулийн этгээд өмчилдөг. Д төвийн барилга нь анх 2003 онд ашиглалтанд орсон бөгөөд сүүлийн жилүүдэд гадна фасадыг зориулалтын бус материалаар хийсний улмаас аюулгүй байдлын шаардлага хангахгүй болж, улмаар явган хүний зам дээр унах, хүний амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөнд хохирол учруулах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байдаг. Тийм учраас хариуцагч нар барилгынхаа гадна фасадыг засуулах талаар судалж байсан байдаг. Ингээд манай банкны зүгээс удаа дараа санал хүргүүлж, Д төвийн менежер Б гэдэг хүн ерөнхийдөө зөвшөөрсөн хариу өгдөг. Энэ талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлдэг. Манай байгууллагаас ирүүлсэн албан бичиг болгоныг өмчлөгч нарт тараадаг, хоршоо нэртэй боловч СӨХ шиг үйл ажиллагаа явуулдаг, тэр хоршооны эрх бүхий этгээд болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Улмаар 2017 оны 3 дугаар сард уг барилгад Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч шалгалт хийж дараах зөрчлийг илрүүлж, уг зөрчлийг арилгах арга хэмжээ авах тухай 2017 оны 3-р сарын 28-ны өдрийн албан тоотыг Д төв хоршоонд, хувийг ТХБхүргүүлсэн байдаг. Үүнд:

1.ЗТХХК-ийн зураг төслийн товчоонд боловсруулсан 01/02 шифртэй зураг төсөлд гадна фасадныг чулуун өнгөлгөөтэй хийхээр төлөвлөсөн боловч 240x120мм хэмжээтэй азбестан өнгөлгөөтэй гипсэн хавтангаар хийсэн байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т механик аюулгүй байдлыг хангах барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх гэсэн заалтыг,

2.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, батлагдсан зураг төсөлгүй барилгын дээвэр дээр реклам сурталчилгааны байгууламж хийсэн нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.10-т барилга байгууламжид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, сурталчилгааны болон гэрлэн чимэглэл байрлуулах ажлын зураг төсөл, түүний угсралт, бэхэлгээг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж, барилгын хийц, бүтээцэд эвдрэл, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

ТХБнь түрээслэн үйл ажиллагаа явуулж буй барилгын аюулгүй байдалд анхаарал хандуулан 2017 оны 2 дугаар сараас эхлэн Д төвийн барилгын өмчлөгч нарын үүсгэн байгуулсан Д төв хоршоонд болон өмчлөгч нарт удаа дараа хандаж байсан. Тухайлбал: барилгын дээврийн хэсэгт байрлуулсан реклам сурталчилгааны самбар унах магадлалтай, бэхэлгээ суларч муудсан, шаардлага хангахгүй байх тул зохих арга хэмжээ авах тухай 01/2-45 тоот мэдэгдэл, барилгын гадна фасад шаардлага хангахгүй материалаар хийгдэж бэхэлсэн, салхи бороонд унаж бусдын эрүүл мэнд, амь нас, эд материалд хохирол учруулах эрсдэлтэй байх тул гадна фасадыг засаж шинэчлэх талаар арга хэмжээ авах тухай 01/2-46 тоот хүсэлт, гадна фасадны засварыг банкны зардлаар бага өртгөөр, зориулалтын шаардлага хангахуйц материалаар эхлүүлэх тухай 01/2-53а тоот саналыг тус тус хүргүүлж хандаж байсан.

Дээрх албан тоотуудыг хүлээн аваад Д төв хоршооноос 2017.03.10-ны өдөр 03/01 дугаартай засварын ажлын төсөв, эдийн засгийн тооцоог гарган өгөх тухай албан тоот, МУзөвлөлөөс 2017.03.09-ны өдөр ижил агуулга бүхий 19/17 дугаар албан тоотыг тус тус ирүүлсэн бөгөөд тус банкнаас 2017.03.13-ны өдөр 01/2-59 тоот албан бичгийг нарийвчилсан тооцооны хамт хүргүүлсэн. Үүний дараа Д төв хоршооноос 2017.03.15-ны өдөр банкинд өгсөн 03/03 тоот хариундаа ... танай 01/2-59 тоот албан бичгийг Д төв байрны өмчлөгч нарт хүргүүлж танилцуулав. Энд дурдагдсан засварын ажлын тооцоо болон засварыг хийхийг тус байрны 3 болон 5 давхарын өмчлөгч нар зөвшөөрсөн ба 4 дүгээр давхарын өмчлөгчид одоогоор албан ёсоор хариу өгөөгүй ч тэднийг зөвшөөрнө гэдэгт итгэж байна гэсэн хариуг өгсөн байдаг.

Ийнхүү олгосон зөвшөөрлийн дагуу банк Ш ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2017 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд Д төвийн барилгын 2, 3, 4, 5 давхарын гадна фасадны засварыг материалын зардал 17,832,400 төгрөг, ажлын хөлсний зардал 38,064,400 төгрөг, барилгын зүүн талын гадна хаалганы тамбурын засварын төлбөр 7,779,300 төгрөг нийт 63,676,100 төгрөгийн зардлыг Ш ХХК-д төлж доорх засварын ажлыг бүрэн гүйцэтгүүлсэн. Үүнд: Барилгын хуучин гадна фасадны төмөр рамыг бүрэн хуулсан, орон сууц болон оффисын зориулалттай байруудад ашиглагдаж буй дулаалгын, галд тэсвэртэй хөөсөнцөр хавтангаар барилгын гадна фасадыг бүрэн бүрсэн, шаардлага хангасан гадна эмүлсээр будсан, барилгын зүүн талын гадна хаалганы үүдний өргөтгөлийг шинэчлэн засварлах зэрэг ажлуудыг шат дараатай барилгын норм стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэсэн.

Банк барилгын ажлыг дээр дурьдсан зөвшөөрөл дээр үндэслэн эхлүүлсэн бөгөөд бусад өмчлөгч нартай харилцан тохиролцсоны дагуу засварын зардлыг урьдчилан тодорхойлж, уг дүнг хуваан төлөх нөхцөлтэйгээр засвар хийлгэх, засварын зардлыг эхний ээлжинд банк гаргаж, бусад өмчлөгч нараас нэхэмжлэн төлүүлэхээр тохирсны дагуу засварын ажлыг хийлгэсэн, мөн барилгын ажил явагдаж байх хугацаанд Д төв хоршоо болон өмчлөгч нараас аливаа байдлаар эсэргүүцсэн, барилгын ажлыг зогсоохыг шаардсан ямар ч үйлдэл гаргаагүй. Харин өмчлөгч нар нь Э барилгын 6 дугаар давхрыг өөрөө ганцаараа орон сууцны зориулалтаар өмчилчихлөө, уг нь галлерей барьж дундаа өмчилнө гэж ярилцсан тохиролцоог зөрчлөө гэдгээс л маргаан үүссэн гэж ойлгогдож байгаа. Түүнээс биш засварыг муу сайн болсон гэж маргадаггүй, бид Иргэний хуулийн 496 дүгээр зүйлийн 496.2-т зааснаар нэгэнт өмчлөгч нарын барилгын гадна фасадыг засаж өөрөөсөө зардал гаргасан, хариуцагч нар бидний гаргасан зардлаар үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй. Тийм учраас хариуцагч нараас шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, бидний хямд, чанартай хийсэн засварын үр дүнд Д төвийн барилгын зах зээлийн үнэ цэнэ, өнгө үзэмжийг хэд дахин өсгөн, өмчлөгч нарт эдийн засгийн ашигтай нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Мөн банк өөрийн зардлаар барилгын цахилгааны ерөнхий оруулгын самбарт байрлах шаардлага хангахгүй гал хамгаалагчийг сольж, хүчний таслуур, клем шинээр суурилуулах холболтыг шинэчлэх ажлыг хийж Д төвийн барилгын бүх цахилгаан хангамжийн үүсгүүрийг шинэчилсэн.

Ингээд Барилгын засварын ажил бүрэн дуусмагц банкнаас 2017.09.07-ны өдөр 01/2-241-ээс 01/2-244 тоот албан бичгүүдээр өмчлөгч тус бүрт ногдох барилгын засварын зардлын төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэхийг хүргүүлсэн. Үүнд:

1.  Г.А-с 15,919,025 төгрөг,

2.  МУЗ-с 7,076,183 төгрөг,

3.  Д.Э-с 7,954,738 төгрөг,

4.  Д.-с 888,103 төгрөг,

5. ЮФ ББСБ-аас 15,919,025 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд тооцооллын хувьд үндэслэл бүхий байгаа. Учир нь 2-5 давхрын фасадын ажил хийсэн нийт талбай нь 1296 м.кв байгаа. Үүнийг бид өмчлөгч нарын өмчлөлийн талбайд хувааж, математикийн пропорцын аргаар тооцоход жишээлбэл, Анхбаярын хувьд 1296 м.кв-ыг 100% гэж үзээд 324 м.кв нь 25% болж байгаа. Ийнхүү гарсан нийт зардал болох 63,676,100 төгрөгийн 25% нь 15,919,025 төгрөг гэх мэтээр тооцсон байгаа. Харин ТХБ2 дугаар давхрын 324 м/кв талбайг өмчлөгч, түрээслүүлэгч Д.Эд ногдох хэсгийн засварыг зардал болох 15,919,025 төгрөгийг түүнтэй харилцан тохиролцсоны дагуу түрээсийн төлбөрөөс суутгасан. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд өмчлөгч нар төлбөр төлөхөөс зайлхийж байгаа тул хариуцагч Г.А-с 15,919,025 төгрөг, МУзөвлөл ТББ-аас 7,076,183 төгрөг, Д.Эээс 7,954,738 төгрөг, Д.Оээс 888,103 төгрөг, ЮФ ББСБ ХХК-иас 15,919,025 төгрөг, нийт 47,757,075 төгрөгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч МУзөвлөл, Г.А, ЮФ ББСБ, Д.О нарын төлөөлөгч Ц.Туяацэцэг, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. Үүнд:  

1.Нэхэмжлэгч бидэнд ийм засвар үйлчилгээ хийх гэж байгаа гэдэг талаар албан ёсоор мэдэгдэж, төлбөр зардлыг хэрхэн хуваарилах, төлбөр зардлыг хэдий хугацаанд хэрхэн хийж гүйцэтгэх талаар мэдэгдэж хамтран ярилцаж гэрээ баримт бичиг үйлдээгүй болно. Д хоршоо нь өмчлөгч нарын эрх хэмжээнд халдаж засвар хийх талаар хариу өгсөн, энэ талаараа гэрч Б хэлэхдээ байгууллагын үйл ажиллагаанд саад учруулаад яахав гэдэг байдлаар хариу өгсөн, асуудлыг ийм хэмжээнд хүрнэ гэж бодоогүй гэдэг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид өмчлөгч нарын өмнөөс засвар хийх эрх олгогдоогүй. Э болон ТХБ-НЫхооронд байгуулагдсан болзолт түрээсийн гэрээний дагуу Эы зөвшөөрөлгүй объектод засвар хийх эрхгүй, Э засвар хийх зөвшөөрөл олгосон баримтгүй. Тэгээд Эаасаа нэхэхгүй байж бусад өмчлөгч нараас зардлаа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

2.Мэргэжлийн хяналтын байгууллагаас ирсэн албан бичгийг манайд биш Тээврийн хөгжлийн банкинд ирүүлсэн, нэхэмжлэгч өөрсдөө Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан, үүнийх нь дагуу дүгнэлт гарсан байгаа. Тэр дүгнэлт дээр нь барилгын дээр байрлуулсан сурталчилгааны самбарыг буулгах асуудал дурдагдсан байгаа. Өмчлөгч нарын өмнөөс Д төв хоршоо зөвшөөрөл өгөх эрхгүй, дүрэмд зааснаар бүх гишүүдийн хурлаас асуудлыг хэлэлцэх ёстой, харин хурлаар хэлэлцсэн зүйл огт байхгүй. Гэхдээ 10 сард хуралдсан хурлаар бөөн хэрүүл болоод шийдэлд хүрээгүй дууссан байдаг. Ер нь ямар эрсдэл үүсээд, хэний эрүүл мэндэд аюул учрахаар байсан болоод засвар хийсэн юм бэ, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хийсэн. Монгол банкнаас байраа засварлахгүй бол үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохгүй байна гэж л тухайн үедээ ярьж байсан.

3.Нэхэмжлэгч тал засвараа хүмүүс амарсан хойгуур 8 сард хийсэн, бодит байдал дээр Э, ТХБхоёр нэг этгээд, Э буюу ТХБбайраа түрээслэгч, эс бөгөөс хувь эзэмшигч, хөрөнгө оруулагч нь өөрсдийн үйл ажиллагаандаа нийцүүлж өнгө үзэмжээ сайжруулж, үйлчлүүлэгчээ татах, 5 давхрын дээврийн ус гоожилтыг янзлах, фасад солих нэрээр 6 дугаар давхарт нэмэлт барилга барьсан. Уг нь өмчлөгч нар урлангийн зориулалтаар 6 дугаар давхрыг барьж, хамт ашиг хүртэх зорилготой байсан боловч Э тохиролцоондоо хүрээгүй. Өмнөх онуудад дээврээс борооны дусаал гоожоод өмчлөгч нар засвар хийхэд манайх В1,1,2 давхрыг эзэмшдэг тул танай асуудал надад хамаагүй гээд засварын зардлаас хуваалцаж байгаагүй этгээд, үйлчлүүлэгчдээ татахын тулд өнгө үзэмжээ сайжруулах засвар хийчхээд биднээр төлбөр төлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд хариуцагч нар төлбөр төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Д.Э-н төлөөлөгч П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын төлөөлөгч Ц.Т, өмгөөлөгч Ш.Ж нарын тайлбарыг дэмжиж байна гэв.

 

4.Нэхэмжлэгч тал, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.10‑ны өдрийн 5868 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хуулбар/, ТХБ-НЫхуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Мэргэжлийн хяналтын газрын 2017.03.28‑ны өдрийн 02‑07‑112/222 дугаар албан бичиг, шалгалт хийсэн тухай тэмдэглэл, ТХБ-сД төв хоршоонд хүргүүлсэн 2017.02.24‑ний өдрийн 01/2‑45 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2017.02.24‑ний өдрийн 01/2‑46 дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, 2017.03.07‑ны өдрийн 01/2‑53а дугаар албан бичиг, Материалын тооцоо, 2017.03.13‑ны өдрийн хүсэлтийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2017.09.07‑ны өдрийн нэхэмжлэл хүргүүлэх тухай албан бичгүүд, төлбөрийн нэхэмжлэхүүд, зардлын тооцоолол, 2017.03.13‑ны өдрийн гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ, 2017.12.19‑ний өдрийн хүсэлт гаргах тухай албан бичиг, Д төв хоршооны 2017.03.15‑ны өдрийн 03/03 дугаар албан тоотын хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2017.07.26‑ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, барилгын ажил гүйцэтгэсэн акт, Шин сүнжий ХХК‑ийн 2017.07.26‑ны өдрийн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, ТХБ-НЫ2017.07.26‑ны өдрийн кассын бэлэн зарлагын баримтууд, Д төв хоршооны 2017 оны засварын ажил хийж байх үеийн гэрэл зургууд, 2019 оны барилгын ажил дууссаны дараах байдлыг харуулсан гэрэл зургууд, ТХБХХК‑иас Д төв хоршоонд ашиглалтын зардал төлж байсан тухай баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

5.Хариуцагч тал Д.Э, Д.О нарын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд өгсөн.

 

6.Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу Д төвийн барилгын өмчлөгчдийн талаарх баримтууд буюу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, хариуцагч байгууллагуудын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмүүд, ТХБ, Д.Энарын хооронд байгуулагдсан бүх түрээсийн гэрээнүүдийг,

Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу Д төв хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2017.10.12‑ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус  шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

7.Тус шүүхийн 2022.03.10‑ны өдрийн 2943 дугаар шүүгчийн захирамжаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9‑д заасны дагуу Д төв ХХК‑иас 2022.03.23‑ны өдрийн тайлбар, Д төв хоршооны 2011.03.30‑ны өдрийн гишүүдийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Нэхэмжлэгч ТХБХХК нь хариуцагч Г.А-с 15,919,025 төгрөг, МУзөвлөл ТББ-аас 7,076,183 төгрөг, Д.Эээс 7,954,738 төгрөг, Д.Оээс 888,103 төгрөг, ЮФ ББСБ ХХК-иас 15,919,025 төгрөг, нийт 47,757,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид Д.Этай тохиролцон Д төв хоршооны В1, 1, 2 дугаар давхрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байхдаа Д төвийн барилгын гадна фасад Барилгын тухай хуулийг зөрчиж хийгдсэн орчин тойрондоо аюул учруулахуйц байгаа талаар эрх бүхий этгээдээс гаргасан дүгнэлт, тухайн үед өмчлөгч нар болон Д төв хоршооноос ирүүлсэн албан бичиг, зөвшөөрлийг үндэслэн засвар хийж, өөрөөсөө зардал гаргасан бөгөөд Д төв хоршооны өмчлөгч нар гадна фасадын засвар хийлгэхээр судалж байсан байдаг, харин гаргасан зардлаа өмчлөгч тус бүрээс өмчилж байгаа талбайн хэмжээгээр тооцож нэхэмжилсэн боловч өмчлөгч нар өнөөдрийг хүртэл төлбөр төлөхгүй, үндэслэлгүй хөрөнгөжиж, татгалзаж байгаа тул гарсан зардлаа шаардах эрхтэй гэж тайлбарлав.  

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь тус барилгын өмчлөгч биш, харин Д.Эы өмчлөлийн талбайг түүнтэй тохиролцон түрээсэлж байсан бөгөөд нэхэмжлэгчид ямар нэгэн засвар хийх эрх олгогдоогүй, үйл ажиллагаагаа явуулах шаардлагын үүднээс, мөн Д.Энь барилгад 6 дугаар давхар нэмж барих зорилгоор биднээс зөвшөөрөл авалгүй засвар хийсэн, Д төв хоршооны менежер өмчлөгч нарын өмнөөс зөвшөөрөл өгөх эрхгүй, гадна фасадыг солих шаардлага байхгүй байхад мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргуулж рекламны самбар авахуулсан учир нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.   

 

            3.ТХБХХК нь Д.Этай байгуулсан 2016.11.14‑ний өдрийн Болзолт түрээсийн гэрээний дагуу маргааны зүйл болсон, Д.Эы өмчлөлийн Чингэлтэй дүүргийн **-р хороо, , Жуулчны гудамж‑35 тоотод байрлах Д төвийн 0, 1, 2 дугаар давхрын нийт 972 м.кв талбайг оффисын зориулалтаар 2016.11.07‑ны өдрөөс 2021.12.31‑ний өдрийг хүртэлх хугацаагаар түрээсэлж, түрээслэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэн, түрээсийн төлбөрт 1 сарын 6,000,000 төгрөгийг Д.Эд төлөх, Д.Энь түрээслүүлэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэн, түрээсийн объектыг ТХБ-НЫэзэмшилд хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд талууд энэхүү гэрээнд 2017.02.20, 2017.04.20, 2019.02.01‑ний өдрүүдэд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

 

            Ийнхүү нэхэмжлэгч ТХБХХК нь Д.Эы өмчлөлийн Чингэлтэй дүүргийн **-р хороо, , Жуулчны гудамж‑35 тоотод байрлах Д төвийн 0, 1, 2 дугаар давхрын нийт 972 м.кв талбайг оффисын зориулалтаар ашиглаж эхэлсэн байх бөгөөд энэхүү барилгын:

зоорийн болон 1 давхрын 648 м.кв, 2 дугаар давхрын 324 м.кв талбайг үйлчилгээ, конторын зориулалтаар, 6 дугаар давхрын 313,82 м.кв талбай бүхий 3 өрөөг амины орон сууцны зориулалтаар Д.Э,  

3 дугаар давхрын 324 м.кв талбайг Г.А,

4 дүгээр давхрын 144 м.кв талбайг МУзөвлөл ТББ,

4 дүгээр давхрын 401, 403 тоотын 162 м.кв талбайг Д.Э,

4 дүгээр давхрын 403‑04 тоотын 18 м.кв талбайг Д.О,

5 дугаар давхрын 324 м.кв талбайг ЮФ ББСБ ХХК тус тус өмчилдөг байх ба, 2-5 дугаар давхрын нийт талбай нь 1296 м.кв /324 м.кв + 324 м.кв + 324 м.кв + 144 м.кв + 162 м.кв + 18 м.кв/ болж байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар Д төв барилгын өмчлөгчид болох хариуцагч нар нь дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах, дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хувааж хариуцах үүрэгтэй.

 

            4.Д төв барилга нь анх 2003 онд ашиглалтад орсон талаар зохигчид маргаагүй бөгөөд тухайн үеийн өмчлөгчид болох С.Ганболд, Д.Түмэнзаяа, Ц.Ариунаа, Д.Э, Г.А, Д.Болортуяа, Д.Э, Д.Энхтуяа, Д.Б нар нь 2003 онд Д төв хоршоог байрны ашиглалтын үйл ажиллагаа явуулах үндсэн үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулж, 2011.03.30‑ны өдөр дүрмийг шинэчлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, дүрэмд зааснаар удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, хоршооны дарга гэж байхгүй, харин хоршооны менежер буюу гүйцэтгэх удирдлага нь Д.Б байх ба, тэрээр хоршооны дүрмийн 32, 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж ирсэн, энэхүү хоршоо нь цомхон, 3‑5 ажилтантай, бүх гишүүдийн хурлаар асуудлыг шийдвэрлэдэг, өмчлөгч нар миний ажилд хяналт тавьдаг, хоршоо нь СӨХ‑ны чиг үүрэгтэй адил байдлаар Д төвийн барилгын ашиглалт хариуцан ажилладаг болохыг гэрч Д.Б мэдүүлсэн.

 

            Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь Иргэний хуулийн 488 дугаар зүйлийн 488.4-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын журмыг Д төв хоршоог байгуулах хэлбэрээр хэрэгжүүлсэн байх бөгөөд Д төв барилгын гадна хавтан ховхорч унасан, хотын төвд байхад үзэмжгүй байсан шалтгааны улмаас барилгын өмчлөгчид болох хариуцагч нар Д төвийн гадна фасадыг засварлах талаар 2013 оноос судалгаа явуулж, үнэ ханш судалж байсан, энэхүү хүсэл зориг дээр үндэслэн нэхэмжлэгч ТХБХХК нь Д төвийн барилгын 0, 1, 2 дугаар давхрын нийт 972 м.кв талбайг оффисын зориулалтаар түрээсэлж эхэлснээс хойш 2‑5 дугаар давхрын гадна фасадын засвар хийх хүсэлт, тооцооллыг 2017 оны 02 сараас 03 сарын хооронд Д төв хоршоо болон өмчлөгч нарт удаа дараа албан бичгээр хүргүүлсэн, мөн 2017.02.27‑ны өдөр Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт хүргүүлж, Д төв барилгын ашиглалтын төлөв байдалд дүгнэлт гаргуулахыг хүссэн байна.

 

            5.Улмаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч ТХБ-НЫгаргасан дээр дурдсан хүсэлтийн дагуу хяналт, шалгалт явуулж 2017.03.28‑ны өдрийн 02‑07‑112/222 дугаар албан бичгээр хариу өгсөн байх бөгөөд уг албан бичгийн дүгнэлт хэсэгт:

1.эрх бүхий байгууллагаар гадна фасадын ажлын зураг төсөл хийлгэж тусгай зөвшөөрлийн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т механик аюулгүй байдлыг хангах барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх гэсэн заалтын хэрэгжилт хангуулах,

2.дээвэрт байрлах реклам, сурталчилгааны байгууламж нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.10-т барилга байгууламжид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, сурталчилгааны болон гэрлэн чимэглэл байрлуулах ажлын зураг төсөл, түүний угсралт, бэхэлгээг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж, барилгын хийц, бүтээцэд эвдрэл, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх гэсэн заалтыг... хангахгүй байгаа тул реклам сурталчилгааны байгууламжийг буулгаж, барилгын ашиглалтын хэвийн нөхцөлийг хангуулах нь зүйтэй болохыг дурдаж, хувийг ТХБболон Д төв хоршоонд тус тус хүргүүлжээ.

 

Мөн Д төв хоршоо нь нэхэмжлэгч ТХБХХК-ийн гадна фасадын засвар хийх талаар хүргүүлсэн удаа дараагийн хүсэлтэд 2017.03.15-ны өдрийн 03/03 дугаар албан бичгээр зөвшөөрсөн агуулгатай хариу өгсөн байх бөгөөд уг албан бичигт “танай 01/2-59 тоот бичгийг Д төв байрны өмчлөгч нарт хүргүүлж танилцууллаа. Энэ дурдагдсан засварын ажлын тооцоо болон засварыг хийхийг тус байрны 3 болон 5 давхрын өмчлөгч нар зөвшөөрсөн ба 4 дүгээр давхрын өмчлөгчид одоогоор албан ёсоор хариу өгөөгүй хэдий ч зөвшөөрнө гэдэгт итгэж байна. Энд зөвхөн барилгын гадна фасадын засвар яригдаж байгаа гэдгийг ТХБ-ны захирал асан Д.Эд ойлгуулах нь зөв, учир нь дээвэрт хийгдэх засварыг өмчлөгч нар тусдаа хэлэлцэн ярилцах болно” гэсэн байна.

 

Энэ талаар Д төв хоршооны менежер, гэрч Д.Б “өмчлөгч нар 2013 оноос гадна фасадын засвар хийх талаар судалж ирсэн боловч үнэ ханш нь тохирохгүй байсан учир хийгээгүй байсан, ерөнхийдөө барилгын гадна хавтан ховхорч унасан, хотын төвд байхад өнгө үзэмжгүй байсан, ТХБ-НЫзахирал Отгонбаяр гэх хүн Монгол банкнаас байр нь үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй байна гэсэн, мөн Мэргэжлийн хяналтын газраас албан бичиг ирсэн, тийм учраас байрны гадна талыг засах саналыг хоршоонд болон өмчлөгч нарт ирүүлсэн, би ирүүлсэн албан бичгийг тухайн үед өмчлөгч нарт танилцуулсан, тэгээд би байгууллагын үйл ажиллагаанд саад учруулаад яахав дээ гэдэг үүднээс албан бичгийг бичиж өгсөн, энэхүү албан бичгээр ийм үр дагавар үүснэ гэдгийг мэдээгүй, би өмчлөгч нарын өмнөөс албан ёсоор засвар хийх зөвшөөрөл өгөх эрхтэй бол биш” гэсэн утга бүхий мэдүүлгийг өгсөн.

 

6.Гэрч Д.Бы мэдүүлэг, ТХБболон өмчлөгч нар, Д төв хоршооны өөр хоорондоо харилцсан албан бичиг, хоршооны дүрмийн 4, 5 дугаар зүйл, 5 дугаар зүйлийн 5.1.3, 32, 33 дугаар зүйлд зааснаас үзвэл, Д төв хоршоо нь өмчлөгч нарын оффисын барилгын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, харуул хамгаалалт, их болон урсгал засварын асуудлыг хариуцан шийдвэрлэх, менежер буюу гүйцэтгэх удирдлага нь бүх гишүүдийн хуралд үйл ажиллагаагаа тайлагнах, хариуцлага хүлээхээр байх бөгөөд, энэхүү эрхийнхээ хүрээнд менежер Д.Б нь ТХБХХК, Мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлсэн албан бичиг бүрийг өмчлөгч тус бүрт танилцуулж, эцэст нь өөрөө засвар хийх зөвшөөрлийг олгосон гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагч талын гаргасан “хоршооны дарга буюу менежер Д.Б өмчлөгч нарыг төлөөлөх эрхгүй, өмчлөгч нараас зөвшөөрөл аваагүй, ТХБгадна фасадын засвар хийх эрх олгогдоогүй” гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

            7.Нэхэмжлэгч ТХБХХК нь 2017.03.13-ны өдөр Ш ХХК-тай байгуулсан гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээгээр маргааны зүйл болсон, хариуцагч нарын дундын өмчлөлийн хөрөнгө болох оффисын зориулалттай, Д төв барилгын 2, 3, 4, 5 дугаар давхрын гадна фасадын ажлыг Ш ХХК-иар 30 хоногийн хугацаанд барилгын норм, стандартад нийцүүлэн хийлгэх, фасадын ажлын материалын зардал 17,832,400 төгрөг, ажлын хөлс нь 38,064,400 төгрөг, нийт 55,896,800 төгрөгийг нэхэмжлэгч ТХБХХК нь Ш ХХК-нд төлөхөөр тохиролцжээ.

 

            Мөн ТХБХХК, Ш ХХК-ийн хооронд 2017.06.14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр оффисын зориулалттай, 6 давхар Д төв барилгын зүүн талын гадна хаалганы тамбурын хэсгийг засварлан шинэчлэх ажлыг Ш ХХК нь барилгын норм, стандартад нийцүүлэн 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, ТХБХХК нь ажлын хөлсөнд 7,779,300 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байна.

 

            8.Дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу Ш ХХК нь Д төв барилгын 2-5 дугаар давхрын гадна фасадын ажил болон барилгын зүүн талын гадна хаалганы тамбурын хэсгийг 2017 оны 03 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарын хооронд хийж гүйцэтгэн, барилгын хуучин гадна фасадны төмөр рамыг бүрэн хуулсан, дулаалгын, галд тэсвэртэй хөөсөнцөр хавтангаар барилгын гадна фасадыг бүрэн бүрсэн, шаардлага хангасан гадна эмүлсээр будсан, барилгын зүүн талын гадна хаалганы үүдний өргөтгөлийг шинэчлэн засварлах зэрэг ажлуудыг шат дараатай барилгын норм стандартын дагуу хийж гүйцэтгэн, сүүлийн ажлыг 2017.07.26-ны өдөр ажил гүйцэтгэсэн актаар ТХБХХК-нд хүлээлгэн өгсөн байх ба, ТХБХХК нь Ш ХХК-ийн ирүүлсэн хүсэлт, өргөдлийн дагуу 2017.03.17-ны өдрөөс 2017.07.26-ны өдрийн хооронд кассын бэлэн зарлагын баримтуудаар нийт 64,829,600 төгрөгийг Ш ХХК-нд төлжээ.

 

            Тодруулбал, маргааны зүйл болсон, хариуцагч нарын дундын өмчлөлийн хөрөнгө болох Д төв барилгын гадна фасад нь 2003 онд ашиглалтад орсноос хойш засвар хийгдээгүй байсны улмаас засварлах, шинэчлэх хэрэгцээ шаардлага байсан зохигчдын хүсэл зоригийн нэгдэл байдал дээр үндэслэн энэхүү засварын ажил хийгдсэн, засварын ажлын үр дүнд хариуцагч нарын дундын өмчлөлийн Д төв барилгын 2-5 дугаар давхрын гадна фасадын өнгө, үзэмж сайжирсан байх бөгөөд нэхэмжлэгч ТХБХХК-иас гарсан 64,829,600 төгрөгийн засварын ажлын зардал нь хариуцагч нарын өмчлөлийн хөрөнгийн бүрэн бүтэн байлгах нөхцлийг хангаж, засан сайжруулсан, хэрэгцээт байдлыг нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна. Харин бусдад аюултай, эрх ашигт нь учирч болзошгүй байсан аюулыг зайлуулсан, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор засвар хийгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            9.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ТХБХХК-ийн үйл ажиллагаа явуулах орчин нөхцлөө сайжруулах хүсэл зориг, өмчлөгч нар дундын өмчлөлийн барилгын гадна фасадыг засан сайжруулах зорилгоор судалгаа хийлгэж байсан хүсэл зоригт үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн дүгнэлтийн хүрээнд Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т заасан “механик аюулгүй байдлыг хангах барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх”, 46 дугаар зүйлийн 46.1.10-т “барилга байгууламжид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, сурталчилгааны болон гэрлэн чимэглэл байрлуулах ажлын зураг төсөл, түүний угсралт, бэхэлгээг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж, барилгын хийц, бүтээцэд эвдрэл, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх” гэсэн заалтуудын хэрэгжилтийг хангах,   реклам сурталчилгааны байгууламжийг буулгаж, барилгын ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг хангуулах зорилгоор өмчлөгч нар, Д төв хоршооны зөвшөөрлийн үндсэн дээр дурдсан засварыг нэхэмжлэгч ТХБХХК ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр Ш ХХК-иар гүйцэтгүүлж, өөрөөсөө зардал гаргасан, хариуцагч нар бусдын зардлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, тэдний өмчлөлийн барилгад засан сайжруулалт хийгдэж, өнгө үзэмж нь сайжирсан, хэрэгцээт байдал нь нэмэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Иймд хариуцагч талын гаргасан “... барилгын гадна фасадыг солих шаардлага байхгүй байхад мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргуулж рекламны самбар авахуулсан учир нэхэмжлэл үндэслэлгүй...” гэх тайлбар няцаагдаж байна.

 

 

 

            Нэхэмжлэгч ТХБХХК нь өөрөөс гаргасан 64,829,600 төгрөгийн зардлаа 63,676,100 төгрөг гэж тооцон, өмчлөгч болох хариуцагч тус бүрээс өмчлөлийн талбайн хувь хэмжээнд ногдох байдлаар, математикийн пропорцын аргаар тооцоолол хийж, 2-5 давхрын фасадын ажил хийсэн нийт 1296 м.кв талбайг өмчлөгч нарын өмчлөлийн талбайн хэмжээнд хуваасан байх бөгөөд Г.Аын хувьд 1296 м.кв талбайг 100% гэж үзээд, түүний өмчилдөг 324 м.кв талбай нь 25% болсон, улмаар нийт зардал болох 63,676,100 төгрөгийн 25% нь 15,919,025 төгрөг гэх мэтээр тооцсон гэж тайлбарлаж байна. Энэхүү тооцооллын дагуу нэхэмжлэгч ТХБХХК нь 2017.09.07-ны өдөр хариуцагч ЮФ ББСБ ХХК-иас 15,919,025 төгрөг, Г.А-с 15,919,025 төгрөг,  МУзөвлөл ТББ-аас 7,076,183 төгрөг, Д.Эээс 7,954,738 төгрөг, Д.Оээс 888,103 төгрөгийг тус тус нэхэмжилж, Д.Эд холбогдох 15,919,025 төгрөгийг түүнтэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрт суутгаж, үлдэх 47,757,075 төгрөгийг дурдсан хэмжээгээр хариуцагч нараас шаарджээ.

 

            10.Нэхэмжлэгч талын энэхүү математикийн пропорцын аргачлалыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд 324 м.кв, адил талбай өмчилдөг Д.Э, Г.А, ЮФ ХХК-ийн хувьд 1296 м.кв талбайг 100%, 324 м.кв талбай нь 25%, нийт зардал болох 63,676,100 төгрөгийн 25% нь тус бүр 15,919,025 төгрөг гэж тооцогдсон нь үндэслэлтэй байна.

 

            Харин шүүх, хариуцагч МУзөвлөл ТББ-ын хувьд 1296 м.кв талбайг 100%, 144 м.кв талбай нь 11,1%, нийт зардал болох 63,676,100 төгрөгийн 11% нь 7,068,047 төгрөг болсныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 7,076,183 төгрөгөөр,

            Д.Эийн хувьд 1296 м.кв талбайг 100%, 162 м.кв талбай нь 12,5%, нийт зардал болох 63,676,100 төгрөгийн 12,5% нь 7,959,512 төгрөг болсныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 7,954,738 төгрөгөөр,

Д.Оийн хувьд 1296 м.кв талбайг 100%, 18 м.кв талбай нь 1,4%, нийт зардал болох 63,676,100 төгрөгийн 1,4% нь 891,465 төгрөг болсныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 888,103 төгрөгөөр тус тус тооцлоо.

 

Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болсон, Д төвийн нийт 6 давхар барилгыг бүхэлд нь нэр дурдсан 6 иргэн өмчилдөг байх бөгөөд Д.Эы 2 дугаар давхарт байрлах 324 м.кв талбайн хэмжээнд хамаарах 15,919,025 төгрөгийг нэхэмжлэгч ТХБХХК нь нийт зардал болох 63,676,100 төгрөгөөс хасаж, үлдэгдэл 47,757,075 төгрөгийг бусад 5 хариуцагчаас өмчилдөг талбайн хэмжээгээр тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасантай нийцэж байна гэж үзлээ.

 

11.Энэхүү тооцооллын дагуу нэхэмжлэгч ТХБХХК нь 2017.09.07-ны өдөр хариуцагч тус бүрт нэхэмжлэх хүргүүлж, төлбөр төлөхийг шаардаж байсан байх боловч хариуцагч нар нь төлбөрийг төлөхөөс татгалзсан байна.

           

            Хариуцагч нарын төлбөр төлөхөөс татгалзах болсон шалтгаан нь “...5 дугаар давхрын дээврээс ус гоождог, дээврийг засах зорилгоор 6 дугаар давхарт урлан барьж, өмчлөгч нар хамтран ашиг хүртэх талаар ярилцсан тохиролцоогоо Д.Эзөрчиж, 6 дугаар давхрыг ганцаараа барьж, орон сууцны зориулалтаар гэрчилгээ авсан, Д.Э, ТХБхоёр угтаа нэг хүмүүс, тийм учраас 6 дугаар давхрын байрыг барих зорилгоор гадна фасадын засвар хийсэн гэж зардлыг хариуцагч нараар төлүүлэх үндэслэлгүй...” гэсэн тайлбартай холбоотой болох нь 2017.10.12-ны өдрийн Д төв байрны өмчлөгч нарын хурлын тэмдэглэлээр давхар тогтоогдсон бөгөөд энэ нь гадна фасадын засварыг хийхийг зөвшөөрсөн анхны үйл баримтад хамааралгүй, энэ үндэслэлээр хариуцагч нар төлбөр төлөхөөс татгалзах нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзлээ.

 

            12.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т “хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй”, 496.3.3-т “шаардлага хариуцах этгээд зардлыг нөхөн төлөхөөс өмнө түүний талаар маргасан” бол шаардлага гаргаж болохгүй гэж зохицуулсан.  

           

Үүргийн эрх зүйн шаардах эрхүүд дотроос үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр бий болдог шаардах эрхүүд нь хүчин чадлын хувьд харьцангуй сул эрхэд хамаардаг бөгөөд энэ ч агуулгаар Иргэний хуулийн 496 дугаар зүйл нь хохирол бус зардал гэх томьёоллыг хэрэглэсэн ба зардал нь түүнийг үүсгэсэн этгээдийн сайн дурын шийдлээс бий болсон байдгаараа хохирлоос ялгагддаг.

 

Өөрөөр хэлбэл, өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа, өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргаснаас тухайн зардал гаргасан этгээдийн хөрөнгө багасаж, алдагдал хүлээсэн бол гаргасан зардлыг буцаан шаардах эрхтэй бөгөөд энэхүү зардалд тухайн этгээдийн хөрөнгийг бүрэн бүтэн байлгах нөхцөлийг хангаж, алдагдлыг нь багасгасан, эсхүл засан сайжруулж ашигтай, хэрэгцээтэй байдлыг нэмэгдүүлсэн байхыг ойлгоно.

 

Энэ төрлийн шаардах эрхийн онцлог, мөн чанар нь ялимгүй татгалзалд, сайн дураараа бусдын өмнөөс гаргасан зардлыг нөгөө тал төлөхөөс татгалзах эрхээр үгүйсгэгдэх хэдий ч хариуцагч нар маргааны зүйл болсон, тэдний дундын өмчлөлийн Д төв барилгын гадна фасадын 2-5 дугаар давхрын засварын ажлыг хийхийг анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, төлбөр төлөхийг татгалзаж байгаа үндэслэл нь засвар хийсэн үйл баримттай бус харин Д.Э6 дугаар давхрыг нэмж барьсантай холбоотой өөр асуудал болохыг шүүх дээр нэгэнт дүгнэсэн тул хариуцагч нарын татгалзлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

13.Иймд хариуцагч нар нь нэхэмжлэгч ТХБ-сгаргасан зардлыг өөрт ногдох, өмчилсөн талбайн хэмжээгээр хариуцах хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч Г.А-с 15,919,025 төгрөг, ЮФ ББСБ ХХК-иас 15,919,025 төгрөг, МУзөвлөл ТББ-аас 7,068,047 төгрөг, Д.Эээс 7,954,738 төгрөг, Д.Оээс 888,103 төгрөг, нийт 47,748,938 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТХБХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 8137 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

   Нэхэмжлэгч ТХБХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 396,735 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 396,735 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ТХБХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар хариуцагч Г.А-с 15,919,025 төгрөг, ЮФ ББСБ ХХК-иас 15,919,025 төгрөг, МУзөвлөл ТББ-аас 7,068,047 төгрөг, Д.Эээс 7,954,738 төгрөг, Д.Оээс 888,103 төгрөг, нийт 47,748,938 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТХБХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 8137 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ТХБХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 396,735 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 396,735 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ТХБХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.ЭНХТУЯА