Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ш-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 129/ШШ2020/00024 дүгээр шийдвэртэй 

Б.Ш-ын нэхэмжлэлтэй 

ШШГГ-т  холбогдох 

үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагчийн төлөөлөгч Б.Х, нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмаа нар оролцов. 

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Миний бие Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 515 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 24 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 1 850 дугаартай тогтоолоор иргэн Д.О, Г.Г нарт 97 699 880 төгрөгийн төлбөрийг төлөхөөр болж, уг материал шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очсоноор гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж эхэлсэн. Уг төлбөрөөс миний бие нь хэсэгчилсэн хэлбэрээр 15 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэх төлбөрийг төлүүлэхээр албадлага хэрэглэж миний эзэмшлийн /хувьчлагдаагүй/ Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, 1 дүгээр 10 жилийн сургуулийн зүүн урд, Залуучуудын гудамжны 5-503 тоотод байрлах нэгж талбарын 65113010014 дугаартай 340 м.кв орон сууцны зориулалттай газар, мөн дутуу баригдсан барилгыг ШШГГ үнэлгээчин томилж үнэлүүлсэн. Ингэж үнэлэхдээ газрыг 36 926 000 төгрөгөөр, дутуу баригдсан барилгыг 100 126 400 төгрөгөөр тус тус үнэлсэн гэсэн мэдэгдлийг надад хүргүүлсэн. Миний бие тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Орон нутгийн зах зээлийн үнэлгээнд тухайн газар 36 926 000 төгрөгөөс илүү давсан үнэлгээтэй. Газрын үнэлгээ бодитой гараагүй гэж үзэж гомдол гаргаж байна. Газар дээр баригдсан орон сууцны барилгыг /дутуу баригдсан/ хэт доогуур  үнэлсэн байна. Тухайн барилгыг барихад зарцуулсан материал, ажлын хөлс, тээврийн зардал гэх мэт зүйлийг тооцож үзэхэд 100 126 400 төгрөгөөс хэт давсан тооцоо байдаг. Төлбөртэй хүний юм үнэгүй гэх ойлголт байхгүй гэж ойлгож байгаа бөгөөд ямар тооцоо судалгаагаар дээрх үнэлгээг гаргасан нь ойлгомжгүй байна. Мэдэгдлээс өөр барих баримтгүй байна. ШШГГ нь надад ямар хүнээр үнэлгээ тогтоолгох гэж буйг мэдэгдээгүй, мөн үнэлгээ тогтоосон баримттай танилцуулаагүй бөгөөд үүнийг танилцуулах шаардлагагүй гэж тайлбарлаад байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь надад тухайн шинжээч буюу үнэлгээчинг татгалзах эрх байх ёстой гэж үзэж байна. Хэн гэдэг үнэлгээчний хэдний өдрийн хэдэн тоот эрхийн актаар яаж энэ үнэлгээг хийсэн нь тодорхойгүй бөгөөд тодорхойлж өгөхгүй байгаа нь нөгөө талд үйлчлээд байгаа гэх хардлагыг төрүүлж байна. Иймээс ШШГГ-ын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/1329 тоот мэдэгдэл хүргүүлэх албан бичигт дурьдсан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагч болон түүний төлөөлөгчдийн гаргасан хариу тайлбарт: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 515 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 24 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1 850 тоот тогтоолоор Б.Ш-аас 97 699 880 төгрөг гаргуулж Д.О, Г.Г нарт олгохоор шийдвэрлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Ш-ын Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, 1 дүгээр 10 жилийн сургуулийн зүүн урд, Залуучуудын гудамж, 5-503 тоотод байрлах 340 м.кв газрыг дутуу баригдсан барилгын хамт 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19010136, 19010139/09 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн саналыг шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулан авахад зөрүүтэй харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно” гэж заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19010136, 19010139/10 дугаар тогтоолоор шинжээчийг томилсон. 2019.09.19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хураахдаа төлбөр төлөгч Б.Ш-т шинжээч томилж, албадан дуудлага худалдаанд оруулах талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр мэдэгдэж, хууль тайлбарлаж өгсөн байна. Иймд төлбөр төлөгч Б.Ш-ын гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 129/ШШ2020/00024 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Ш-ын хариуцагч Архангай аймгийн ШШГГ-т холбогдуулан гаргасан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, 1-р 10-н жилийн сургуулийн зүүн урд, Залуучуудын гудамж 5-503 тоотод байрлах, 6513010014 нэгж талбарын дугаартай 340 мкв газар, дутуу барилгын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ш-аас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.   

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр Б.Ш-ын нэхэмжлэлтэй тус аймаг дахь ШШГГ-т холбогдох эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг 2020.01.06-ны өдөр хэлэлцээд 24 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилж үнэлгээ хийлгэхдээ буюу үнэлсэн үнэлгээний талаархи ямар ч баримтыг Б.Ш-т танилцуулаагүй. Өөрөөр  хэлбэл ямар үнэлгээчнээр үнэлүүлсэн, ямар үнэлгээ гарсан талаар мэдэгдээгүй хирнээ зөвхөн мэдэгдэх хуудас хүргүүлээд мэдэгдэх хуудсанд гомдол гаргах эрх үүсэхээс өөр эрх төлбөр төлөгчид олгоогүй. Б гэдэг үнэлгээчнийг томилсон талаар мэдэгдэж танилцуулсан бол тухайн үед татгалзах эсэх асуудлыг шийдэх учиртай. Түүнээс биш шийдвэр гарсан хойно татгалзах үндэслэлээ тайлбарлах нь утгаа алдсан зүйл болно. Одоо шинжээчийг татгалзаж болохоор байгаа бол үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ мэргэшээгүй, үнэлгээчин биш гэсэн үндэслэлээр татгалзахаар байна. Шинжээчийн дүгнэлтийг Б.Ш-т танилцуулах нь төлбөр төлөгчийн эдлэх ёстой эрхийг хуулийн хүрээнд эдлүүлж байна гэж үзэх үндэслэл болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Ш 2019.10.29-ний өдөр Архангай аймаг дахь ШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулахыг шаардсаныг /хх 1-4/ хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ. /хх-19/

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтад үндэслэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Хэргийн оролцогч нь бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хэргийн 20-45 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудад нотариатч гарын үсэг зураагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангахгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Шүүхээс гарч байгаа шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан байна. 

 

Үндэслэл бүхий шийдвэр гаргах нэг нөхцөл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримт хуульд заасан шаардлага хангасан байх явдал юм. Нотлох баримт хуульд заасан шаардлага хангаагүй байхад түүнд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно. 

Давж заалдах шатны шүүхээс хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 129/ШШ2020/00024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Т.ДАВААСҮРЭН

                                                                  ШҮҮГЧИД                 В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                    Д.БЯМБАСҮРЭН