Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00857

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 129/ШШ2020/00024 дүгээр шийдвэр,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар магадлалтай,

*******ын нэхэмжлэлтэй,

Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Отгонжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.08-ны өдрийн 515 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 24 тоот магадлал, УДШ-ийн 2018 оны 1850 тоот тогтоолоор иргэн П.Оюунгэрэл, Гантуяа нарт 97,699,880 төгрөгийн төлбөрийг төлөхөөр болж уг материал шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очсоноор гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж эхэлсэн. Уг төлбөрөөс миний бие нь хэсэгчилсэн хэлбэрээр 15,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх төгрөгийг төлүүлэхээр албадлага хэрэглэж миний эзэмшлийн /хувьчлагдаагүй/ Эрдэнэбулган сумын 3-р баг, 1-р 10-н жилийн зүүн урд байрлах залуучуудын гудамж 5-503 тоотод байрлах нэгж талбарын 65113010014 дугаартай 340 м.кв орон сууцны зориулалттай газар, мөн дутуу баригдсан барилгыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар үнэлгээчин томилж үнэлүүлсэн. Ингэж үнэлэхдээ газрыг 36,926,000 төгрөгөөр, дутуу баригдсан барилгыг 100,126,400 төгрөгөөр тус тус үнэлсэн гэсэн мэдэгдлийг надад хүргүүлсэн. Миний бие тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Орон нутгийн зах зээлийн үнэлгээнд тухайн газар 36,926,000 төгрөгөөс хавь илүү давсан үнэлгээтэй. Газрын үнэлгээ бодитой гараагүй гэж үзэж гомдол гаргаж байна. Газар дээр баригдсан орон сууцны /дутуу/ барилгын үнийг хэт доогуур үнэлсэн байна. Тухайн барилгыг барихад зарцуулсан материал, ажлын хөлс, тээврийн зардал гэх мэт зүйлийг тооцож үзэхэд 100,126,400 төгрөгөөс хэт давсан тооцоо байдаг. Төлбөртэй хүний юм үнэгүй гэх ойлголт байхгүй гэж ойлгож байгаа бөгөөд ямар тооцоо судалгаагаар дээрх үнэлгээг гаргасан нь ойлгомжгүй байна. Мэдэгдлээс өөр барих баримтгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь надад ямар хүнээр үнэлгээ тогтоолгох гэж буй талаар мэдэгдээгүй, мөн үнэлгээ тогтоосон тухай баримттай танилцуулаагүй бөгөөд үүнийг танилцуулах шаардлагагүй гэж тайлбарлаад байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь надад тухайн шинжээч буюу үнэлгээчинг татгалзах эрх байх ёстой гэж үзэж байна. Ямар үнэлгээчний, хэдний өдрийн, хэдэн тоот эрхийн актаар яаж энэ үнэлгээг хийсэн нь тодорхойгүй бөгөөд тодорхойлж өгөхгүй байгаа нь нөгөө талд үйлчлээд байгаа гэх хардлагыг төрүүлж байна. Иймээс Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.10.22-ны өдрийн 01/1329 тоот мэдэгдэл хүргүүлэх албан бичигт дурдсан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Хатанбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.08-ны өдрийн 515 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.05-ны өдрийн 24 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018.12.14-ний өдрийн 1850 тоот тогтоолоор *******аас 97,699,880 төгрөг гаргуулж П.Оюунгэрэл, Г.Гантуяа нарт олгохоор шийдвэрлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч *******ын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 1 дүгээр 10-н жилийн зүүн урд залуучуудын гудамж 5-503 тоотод байрлах 340 м.кв газар, мөн дутуу баригдсан барилгын хамт 2019.09.19-ний өдрийн 19010136, 19010139/09 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч төлбөр төлөгч, авагч нараас үнийн саналыг шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулан авахад зөрүүтэй харилцан тохиролцоогүй тул ШШГТхуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачлагаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2019.10.02-ны өдрийн 19010136, 19010139/10 дугаар тогтоолоор шинжээчийг томилсон. Төлбөр төлөгч *******т 2019.09.19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хураахдаа шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд шинжээч томилж албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдэж хууль тайлбарлаж өгсөн байна. Иймд төлбөр төлөгч *******ын гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 129/ШШ2020/00024 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, 1-р 10-н жилийн сургуулийн зүүн урд, Залуучуудын гудамж 5-503 тоотод байрлах, 6513010014 нэгж талбарын дугаартай 340 мкв газар, дутуу барилгын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 129/ШШ2020/00024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Отгонжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг анхан шатны шүүхийн 2020.01.06-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2020.02.17-ны өдрийн 06 дугаар магадлалаар шүүх хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

Нотариатын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт нотариатч тогтоосон загварын дагуу үйлдсэн тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэж заасан. Хариуцагч талын шүүхэд өгсөн нотлох баримтад Архангай аймгийн тойргийн нотариатч Д.Рагчаабазар би энэ хуулбарын үнэн зөвийг гэрчлэв гэсэн нотариатчийн баталгааны тэмдэг болон 216 дугаар бүхий тамгаа дарсан энэ үйлдлийг нотлох баримтыг нотариатчаар гэрчлүүлээгүй гэж үзэх учиргүй. Яагаад гэвэл нотариатч зөвхөн өөрийн нэр бүхий тэмдэг, тамгыг хэрэглэж бичиг баримтын үнэн зөвийг гэрчилдэг. Ийм учир хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан. Гэтэл нотариатчийг өөрийн нэр бүхий тэмдэг дээрээ гарын үсэг зураагүй гэсэн үндэслэлээр нотлох баримтыг нотариатч гэрчлээгүй гэж үзэж давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн *******ын төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хуулийн дээрх заалтыг ойлгож тухайн нотлох баримт ногариатаар гэрчлэгдээгүй гэж гомдол, тайлбар гаргаагүй болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино. 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо: ...анхан шатны шүүх хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн... гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж, Нотариатын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д нотариатч нь тогтоосон загварын дагуу үйлдсэн тамга, баталгааны тэмдэг хэрэглэнэ гэж, Нотариатын үйлдэл хийх зааврын 1.1.-д нотариатч, ...нь нотариатын үйлдлийг хийхдээ хууль, энэхүү зааврыг мөрдөнө гэж, 2.9.-д Нотариатч гэрчилсэн баримт бичигт соёмбо бүхий нотариатчийн тамганы дугаарыг тод гаргаж, баталгааны тэмдгийн бичилтийг хийх ба баталгаат гарын үсгээ зурна. Энэ шаардлагыг хангаагүй үйлдэл хүчингүйд тооцогдоно гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл болсон шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг нотолсон хэргийн 20-45 дугаар талд авагдсан баримтууд нь нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд байх бөгөөд эдгээр хуулбар дээр дарагдсан баталгааны бичигт тус баримтын хуулбар үнэн болохыг нотолсон нотариатчийн гарын үсэг зурагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тэдгээр баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь заалтыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулах боломжгүй гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасан шаардлагад нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Б.Отгонжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЦОЛМОН

                                                                                ШҮҮГЧИД                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                                                     Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД