Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.М-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2020/00074 дүгээр шийдвэртэй

С.М-ын нэхэмжлэлтэй

Г.Б-т холбогдох 

3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

нэхэмжлэгч С.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М, хариуцагч Г.Б, нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Би 2017 оны өвөл азаргаа их насны нэг морьтой хамт авчирч Г.Б-ын хашаанд тэжээлд оруулсан. Азаргаа Тамирын Бугатын нэг хүнд 3 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцсон байсан. Тэр үед Г.Б нь “би авмаар байна, надад зарчих” гээд гуйгаад байхаар нь өгсөн. Үнийг нь 3 000 000 төгрөгөөр тохирсон бөгөөд өөрөө болохоор мөнгөндөө адуу оролцуулна гэж байсан. Өртөг болох 3 000 000 төгрөгийг нэхэхээр өгнө гэж явсаар өдийг хүрлээ. Энэ хооронд би азарганыхаа өртгийг авч чадахгүй /дахин азарга худалдаж авах байсан/ өөрийнхөө гүүг айлын азарганд 1 гүүг 200 000 төгрөгөөр тохиролцон 5 гүүг хураалгаж 2 жил гаруй боллоо. Надад маш их хохиролтой байна. Г.Б-т адуугаа ашиглуулаад 3 жил болсон. Ийм учраас Г.Б-аас миний азарганы өртөг 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Миний бие 2017 онд С.М-тай хамт нэг азарга авчирч хашаандаа тэжээж байсан. С.М надад “найз нь азаргаа зарчихдаг юм бил үү” гэхээр нь “авах хүн байгаа юм уу?” гэж асуусан. Тэгэхэд “өөрсдийнхөндөө зарчихаар хөлс мөнгө нь олдохгүй хэцүү юм даа” гээд байхаар нь би “чи найздаа зарчих, би чамд нэг унагатай гүү өгье, ногооноор авбал хээлтэй гүү, даагатай нь өгье” гэж тохиролцсон юм. С.М өөрөө ч зөвшөөрсөн бөгөөд энэ наймааг хийж байхад мөнгөний талаар юу ч яригдаагүй. С.М надад хандан “би наймааны адуугаа авъя” гэхээр нь би “чи найзынхаа мөнгийг өгчих, найз нь адууг чинь ачаад ирье” гэж хэлсэн. С.М надад 3 000 000 төгрөгийн зээлтэй байж байгаад 1 500 000 төгрөгийг цувуулан өгч одоо 1 500 000 төгрөгийн өртэй байгаа юм. Уг азаргыг манай хашаанд өвөл тэжээж байгаад Батцэнгэл сум руу авч явсан. Үүнийг С.М өөрөө хамгийн сайн мэдэж байгаа. С.М-ын нэхэмжлэлд бичсэн азаргаа 3 000 000 төгрөгөөр зарсан, мөн Батцэнгэл сум руу хэлэлгүй ачиж явсан гэдэг зүйлүүд бүгд худлаа. Энэ бүгдийг гэрчлэх хүмүүс байгаа. С.М миний 1 500 000 төгрөгийг өгчих юм бол энэ азарга болон унагатай гүүг дааганы хамт авчраад өгөхөд бэлэн байна. С.М-ын надаас авсан мөнгө нь хүний мөнгө байсан. Хүү, алданги тооцож энэ тэр гэхгүй өдийг хүргэсэн юм. Бидний энэ маргаантай байгаа асуудлыг зөв шийдэж өгнө гэдэгт танай байгууллагад итгэж байна.” гэжээ.  

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2020/00074 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Б-аас 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгч С.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “С.М би Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2020/00074 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх миний нэхэмжлэлтэй Г.Б-т холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй болсон. Учир нь хариуцагч Г.Б миний азаргыг худалдан авсан болохоо хүлээн зөвшөөрч, зөвхөн тохирсон үнийн талаар маргаж байхад нэхэмжлэгч талыг шаардлагаа баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн. Худалдах-худалдан авах гэрээг бид амаар хэлэлцэн тохиролцож байгуулсан. Гэрээний зүйл болох азаргыг хариуцагч эзэмшилдээ авсан боловч үнийг төлөөгүй болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон. Хариуцагч үнийг төлөхөөс татгалзаж байгаа үндэслэлээ надаас 3 000 000 төгрөг авах ёстой байсан бөгөөд 1 500 000 төгрөгийн авлагатай гэж тайлбарласан ба энэхүү худал тайлбараа баримтаар нотлоогүй, мөн сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч 3 000 000 төгрөгөөр тохиролцсон болохоо баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь илтэд нэг талыг барьсан шийдвэр болсон. Би гэрээнээс татгалзаагүй бөгөөд гэрээний дагуу шилжүүлэн өгсөн азарганыхаа үнийг нэхэмжилсэн. Хариуцагч азарганы үнэнд унагатай, даагатай гүү өгөхөөр тохирсон гэж тайлбарласаар байхад гэрээнээс татгалзаж учирсан хохирлоо нэх гэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх зарчмыг зөрчиж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2020/00074 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтыг үндэслэл бүхий тогтоогоогүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлоогүй, улмаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй байна. Шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж үзлээ. 

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Г.Б-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. 

Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, азарганы үнэнд 3 000 000 төгрөг өгөхөөр тохироогүй, харин унага, даагатай гүү өгөхөөр тохиролцсон гэж тайлбар гаргажээ. 

Зохигчид  2017 онд арилжааны гэрээ байгуулж, худалдагч тал буюу нэхэмжлэгч С.М нь азаргыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал буюу хариуцагч Г.Б нь унага, даагатай гүүг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг тус тус хүлээсэн байна. 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээнээс үүссэн гэж үзсэн нь  учир дутагдалтай болжээ. 

Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. 

Нэхэмжлэгч азаргаа 3 000 000 төгрөгөөр худалдсан гэж нэхэмжилж байх боловч үүнийг нотлох баримт хэрэгт байхгүй ба хариуцагч “...“өөрсдийнхөндөө зарчихаар хөлс мөнгө нь олдохгүй хэцүү юм даа” гээд байхаар нь би “чи найздаа зарчих, би чамд нэг унагатай гүү өгье, ногооноор авбал хээлтэй гүү, даагатай нь өгье” гэж тохиролцсон юм.” /хх-11/ гэсэн тайлбарыг өгчээ. Нэхэмжлэгч С.М нь азаргаа 3 000 000 төгрөгөөр худалдсан биш, харин унага, даагатай гүүгээр арилжсан болох нь уг тайлбараас харагдаж байна. Энэ утгаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх  нь учир дутагдалтай болно. 

 

Харин зохигчдын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. 

 

Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг. 

 

Худалдан авагч тал гэрээний зүйлийг шилжүүлээгүй бол худалдагч өмчлөлдөө шилжүүлэн авахаар шаардах эрхтэй болно. 

 

Нэхэмжлэгч тал хариуцагчид азаргыг хүлээлгэн өгсөн ба харин хариуцагч тал нэхэмжлэгчид унага, даагатай гүүг хүлээлгэн өгөөгүй байх тул хариуцагчаас унага, даагатай гүүг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагч Г.Б нь “С.М миний 1 500 000 төгрөгийг өгчих юм бол ... унагатай гүүг дааганы хамт авчраад өгөхөд бэлэн байна.” гэж тайлбар гаргаж байх боловч 1 500 000 төгрөгийн талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2020/00074 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Б 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар хариуцагч Г.Б-аас гүү 1, даага 1, унага 1-ийг гаргуулж нэхэмжлэгч С.М-т олгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтын “зааснаар” гэсний ард “хариуцагч Г.Б-аас 62 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.М-т олгож,” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Т.ДАВААСҮРЭН

                                                                          ШҮҮГЧИД                В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                           Д.БЯМБАСҮРЭН