Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

                 129/ШШ2020/00074

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: С.М-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Г.Б-т холбогдох

3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:тть

 

Нэхэмжлэгч С.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2017 оны 04 сард өөрийн орос эрлийз хүрэн алаг азаргаа хүнд 3.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцож байсан. Тэр үед Г.Б нь би авмаар байна. Надад зарчих гээд гуйгаад байсан. Тэгээд миний азаргыг надад хэлж ярилгүй Батцэнгэл сум руу авч явсан. Өртөг болох 3.000.000 төгрөгөө нэхэхээр өгнө гэж явсаар өдийг хүрлээ. Энэ хооронд би азарганыхаа өртгийг авч чадахгүй \дахин азарга худалдаж авах байсан\ өөрийнхөө гүүг айлын азарганд 1 гүүг 200.000 төгрөгөөр тохиролцож 5 гүүг хураалгаж 2 жил гаран боллоо. Надад маш их хохиролтой байна. Иймийн учраас Г.Баас миний азарганы өртөг 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2017 онд М-тай хамт 1 азарга авч ирсэн юм. Уг азаргыг манай хашаанд тэжээж байсан юм. М- надад найз нь азаргаа зарчихдаг юм бил үү гэж хэлсэн. Авах хүн байгаа юм уу гэтэл өөрсдийнхөндөө зарчихаар хөлс мөнгө нь олдохгүй хэцүү гээд байхаар нь би “чи найздаа зарчих. Би чамд 1 унагатай гүү өгье, ногооноор авбал хээлтэй гүү, даагатай нь өгье” гэж тохиролцсон юм. М- өөрөө ч зөвшөөрсөн энэ наймааг хийж байхад мөнгөний асуудал юу ч яригдаагүй. М- надад хандан би наймааны адуугаа авъя гэсэн. Тэгэхээр нь би “чи найзынхаа мөнгийг өгчих, найз нь адууг чинь ачаад ирье” гэж хэлсэн. \Үүнд унагатай гүү, даага\ М- надад 3.000.000 төгрөгийн зээлтэй байж байгаад 1.500.000-г нь увуу, цувуу өгч байгаад одоо 1.500.000 төгрөгийн өгцөөтэй байгаа юм. Уг азаргыг манай хашаанд өвөл тэжээж байгаад Батцэнгэл сум руу авч явсан. Үүнийг М- өөрөө хамгийн сайн мэдэж байгаа. М-ын нэхэмжлэлд бичсэн азаргаа 3.000.000 төгрөгөөр зарах, мөн Батцэнгэл сум руу хэлэлгүй ачиж явсан гэдэг зүйлүүд бүгд худлаа. Энэ бүгдийг гэрчлэх хүмүүс байгаа. М- миний 1.500.000 төгрөгийг өгчих юм бол энэ азарга бол азарга унагатай гүү дааганы хамт авчраад өгөхөд бэлэн байна. М-ын надаас авсан мөнгө хүний мөнгө байсан. Хүү алданги тооцож энэ тэр гэхгүй өдийг хүргэсэн юм. Бидний энэ маргаантай байгаа асуудлыг зөв шийдэж өгнө гэдэгт танай байгууллагад итгэж байна гэжээ.

Нэхэмжлэгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны өвөл би азарга адуугаа, их насны нэг морьтой хамт авчирч Б-ын хашаанд авчирч тэжээлд оруулсан. Азарга адууг Тамирын Бугатаас нэг хүн авье гэж байсан.  Тэгсэн Б- надад өгчих гээд байхаар нь өгсөн. Мөнгөн дүн нь 3.000.000 төгрөгөөр тохироод өөрөө болохоор мөнгөндөө  адуу оролцуулна гэж байсан. Тэгээд мөнгө авах гэтэл урдаас сонин юм яриад байгаа. Б- адуугаа ашиглуулаад 3 жил болсон. Иймд азарганы үнэ 3.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны өвөл М- нь их насны морь, азарга адууг манай хашаанд тэжээлд оруулсан. Бид нар гэр бүлийн найзууд. Тэгээд нэг өдөр М- азарга адууг хүнд зарна гээд өөрийн хүндээ өгөх жаахан тиймхэн байна гэхээр нь манай хашаанд нэг жил байсан юм чинь тэгвэл надад өгчих би нэг унагатай гүү, нэг даага өгөөд авъя гэж тохирсон. Ноднин М- надаас мөнгөө авъя гэсэн. Уг нь шүүх гэхгүйгээр шийдэх байсан. Эхлээд миний мөнгийг өгчих. Охин дүүгээс авсан болохоор хэцүү юм. Би нөгөө өгнө гэсэн 3 тооны адуугаа ч ачаад аваад ирье гэсэн. Тэгсэн чинь М- тийм юм байхгүй. Чамайг шүүх дээр ясыг чинь цайлгана гэсэн. Манай малчины дэргэд М- миний адууг битгий цааш нь хийчихээрэй гэж хэлсэн. Би М-т бэлэн 3.000.000 төгрөг зээлсэн. Надад М- аав хагалгаанд ороход 1 сая төгрөг, эхнэр Солонгос явахад 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг эргүүлж өгсөн. Үлдсэн 1.500.000 төгрөгийг өгөхгүй байна. М- мөнгөөрөө авсан самраа өөр хүнд өгсөн гэсэн. Тэгсэн тэр хүн нь мөнгийг нь өгөхгүй байгаа юм байна лээ. Тэгээд М- одоо болохоор би мөнгө аваагүй. Чи нотлоодох гээд байна. Би эхлээд хохирлоо барагдуулчихвал мөнгийг нь эсвэл нь адууг нь ч гэсэн өгч болно гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Г.Бт холбогдуулан худалдсан азарганы үнэ 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Г.Б нь азаргыг худалдан авахад мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэхээр тохиролцоогүй, унагатай гүү, даага өгнө гэж тохиролцсоныг өгч болно, эсвэл азаргыг буцаан авч болно гэсэн байр суурийг илэрхийлж байна. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид азарга худалдсан үйл баримтыг талууд маргаагүй тогтоогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг, 25 дугаар зүйлийн 25.1.3 38 дугаар зүйлийн 38.6-д шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэх тухай хэргийн оролцогчийн эрхийг тус тус заасан байдаг. Нэхэмжлэгч С.М, хариуцагч Г.Б нарт хэргийн оролцогчийн үүрэг болон шүүхэд хандаж нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргах эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад удаа дараа танилцуулсан болно. 

 

Нэхэмжлэгч С.М нь хариуцагчийн тайлбарлаж буй унагатай гүү, даага өгөх, эсвэл азаргыг буцаах тухай байр суурийг зөвшөөрөхгүй 3.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх боловч худалдсан азарганы үнийг 3.000.000 төгрөгөөр тохиролцсон тухай, азарга  3.000.000 төгрөгөөр үнэлэгдэх талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, хариуцагч Г.Б нь азарганы үнийг мөнгөөр тохиролцоогүй, унагатай гүү, даагаар тохиролцсон гэх боловч үүнийгээ мөн баримтаар нотлоогүй, унагатай гүү, даагыг хэдэн төгрөгөөр тооцон үнэлж тохиролцсон талаар баримтгүй байна. 

Хариуцагч Г.Б шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч С.Мыг өөрөөс нь өмнө нь зээлсэн 3.000.000 төгрөгийн үлдэгдэл 1500000 төгрөгийг өгвөл унагатай гүү даагыг өгнө, мөнгө зээлж байсан талаар гэрч асуулгана гэсэн тайлбар гаргаж байх боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй учир шүүх мөнгө зээлсэн гэх асуудлыг шийдвэрлээгүй болохыг дурдаж байна. 

 Хариуцагч Г.Б нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй учир нотолгооны дарааллын хувьд нэхэмжлэгч С.М 3 сая төгрөг гаргуулах өөрийн шаардлагаа нотлох үүрэгтэй.

Шүүх хуралдааны явцад шүүхэд хандаж гаргах нотлох баримт болон нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлт гаргах эсэхийг тодруулахад нэхэмжлэгч, хариуцагч талууд хүсэлт болон нотлох баримт гаргаагүй болно. 

Иймд 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадахгүй байх учир нэхэмжлэгч С.Мын хариуцагч Г.Баас 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.  

Энэхүү шүүхийн шийдвэр нь гэрээнээс татгалзах, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол гаргуулахаар шүүхэд хандах нэхэмжлэгчийн эрхэд хаалт болохгүй болохыг дурдаж байна. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Б 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Мын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950  төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН