Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 225

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00225

 

 

 

ХМ боловсрол сургалтын байгууллагын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/03266 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХМ боловсрол сургалтын байгууллагын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.От холбогдох, гэрээний төлбөрт 9 544 638 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул, хариуцагч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ХМ” цэцэрлэг нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Ж.От цэцэрлэгийн барилгын гадна, дотно тохижилт, эд хөрөнгө болон бүх маркетинг, менежмент, хүүхдийн төлбөрийн асуудлыг 100 хувь хариуцаж цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн, тогтвортой явуулахын тулд цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллахаар харилцан тохиролцож Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээний 3 дугаар бүлгийн 3 дахь хэсэгт мөн цэцэрлэгийн хувьсах зардал 7,5 саяас 11 сая төгрөг сар бүр улсаас орж ирдэг. Иймд цэцэрлэгийн нийт эргэлтийн хөрөнгө 27 840 000-31 340 000 төгрөг эргэлдэх болно мөн тус гэрээний 4 дэх хэсэгт Үүсгэн байгуулагч нь өөрийн байр эд хөрөнгөө зах зээлийн хуулийн дагуу гүйцэтгэгчид ашиглуулж байгаа учраас уг эргэлтийн мөнгөнөөс 7,5 сая төгрөгийг үйл ажиллагааны ашиг болгон авах, үлдсэн 20 340 000 төгрөгийг гүйцэтгэгч тал захиран заруулах эрхтэй байхаар тохиролцов. 5 дахь хэсэгт Гүйцэтгэгч нь өөрийн захиран зарцуулах 20 340 000 төгрөг+Хувьсах зардал 3,5 сая нийт 23 840 000 төгрөгөөс хүүхдийн хоолны зардал, багш ажилчдын зардал, багш ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл, ус цахилгааны төлбөр, бичиг хэргийн зардал урсгал засварын зардал бусад зардлыг төлж үлдсэн мөнгийг өөрийн болгон авах эрхтэй гэж тус тус заасан. Хувьсах зардлаас төлөөгүй үлдэгдэл 2 035 378 төгрөг цэцэрлэгийн засварын зардал 1 595 000 төгрөг тус гэрээний дагуу Ж.О нь төлөөгүй. Цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байхдаа цэцэрлэгийн эд хөрөнгийг эвдэлж гэмтээн цаашид ашиглах боломжгүй болсон тул гэрээний 3 дугаар бүлгийн 1 дэх хэсэгт зааснаар Эд хөрөнгө үүсгэн байгуулагчийн хувийн эд хөрөнгө бөгөөд гүйцэтгэгч нь эд хөрөнгө хариуцсан карт тооллогын бүртгэлээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг хариуцан авч эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж ажиллана, картаар хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн үзэмж чанар байдлыг муутгасан дутаасан, эвдэлж хэмхэлсэн зэрэгт тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 3 нугалан тооцож барьцааны мөнгөнөөс суутган авна гэж заасны дагуу Ж.Оийн цэцэрлэгийн эд хөрөнгөнд учруулсан хохирлыг 3 /гурав/ нугалуулан 3 221 420*3=9 664 260 төгрөгийг төлүүлнэ. Тус үнийн дүнгээс барьцааны мөнгө суутган тооцсон болно. Иймд 9 664 260-3 750 000= 5 914 260 төгрөгийг Ж.О нь манай цэцэрлэгт учруулсан хохирол болон гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй учир нийт 2 035 378+1 595 000+5 914 260= 9 544 638 төгрөгийг нэхэмжилж байна. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг байгуулсан 7 500 000 төгрөг гэх тооцоонууд дээр маргадаггүй тооцоонууд дээр сар бүрт нь тооцоо нийлээд гарын үсгээ зурж явдаг байсан. Мөн ажилтнуудын нийгмийн даатгалыг огт төлдөггүй байсан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ХМ” боловсрол сургалтын байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. 9 544 638 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй. Дээрх 9 544 638 төгрөг хаанаас ямар учраас гарч ирсэн нь тодорхойгүй, хэргийн материалд хавсаргасан баримтууд нь ямар ч нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Би тус гэрээний дагуу “ХМБСБд хувьсах зардлыг бүгдийг нь өгөөд түрээсийн төлбөр болон ус цахилгааны буюу хэрэглээний зардал, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд зогсохгүй барьцаа мөнгө ч өгсөн. Анх уг гэрээг байгуулахдаа төсөл хэрэгжүүлж тус объектыг би худалдаж авах зорилготой байсныг аль аль тал маань ч мэдэж байсан.Тиймээс би тус байрыг цаашид ашиглах зорилготой байсан учраас засвар үйлчилгээг үйл ажиллагаагаа явуулж эхлэхээс өмнө их мөнгө зарцуулж шинэ юм шиг болгосон байхад надаас засвар үйлчилгээний мөнгө нэхэмжилж байгааг гайхаж байна. Түүнчлэн тус эвдрэлтэй гэх эд зүйлсийг өмнө нь 2 талаас хүлээлцэж ямар нэгэн асуудалгүй гээд хүлээлгэж өгсөн.Харин тухайн үед ямар нэгэн бичгээр акт үйлдээгүй боловч үйл явдлыг харсан гэрчүүд нотолно. “ХМ боловсрол сургалтын байгууллагын ямар нэгэн төлбөр төлөх үүрэггүй харин ч барьцаа мөнгөө буцаан авах эрхтэй. Нэхэмжлэгчтэй 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллана гэж гэрээ байгуулсан,.Бид нар цэцэрлэг хүлээж авахдаа ямар нэгэн засвар хийсэн байр хүлээж аваагүй. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр манай багш нарт цэцэрлэгийг суллаж өг гэдэг шаардлага тавьсан байсан.Тэгээд засварын мөнгөнд 1 500 000 төгрөг нэхсэн учраас би өөрөө засварыг чинь хийж өгье гэдэг шаардлага тавьсан. Гэтэл эд нар нэг ч үг хэлүүлэлгүйгээр тал талаас дайраад байсан учир ямартай ч өөрөө засварыг хийе гэж энийг бичиж өгсөн. Засах гэтэл замаск будаг авчихвал би хүнээр хийлгэчихье гэхээр нь би барилгын материалыг нь авч өгсөн Байрыг хүлээлцэхэд Бадамханд захирлын хүү С.Баярмаа нар ирж хүлээж авсан.  Тоглоомнуудын тухайд бид нар эвдэрсэн болон муудсан тоглоомыг ашиглаагүй, бүгдийг нь шатны доорх хонгилд хурааж, өөрсдийнхөө тоглоомнуудыг тавиад ашигласан, хэмхэрсэн гэх зүйлийг шалгуулсан. Жишээ нь өсгөгчтэй хөгжим ажиллахгүй байна гэсэн ч гурвуулаа ажиллаж байсан.Том шкаф угаалгын өрөөнд байсныг нь бид нар ашиглаагүй, орсон өдрөө салгаад, шатны доор хураасан, буцаагаад эвлүүлээд өгсөн. Кварцын гэрэл эвдэрсэн  гэсэн ч өөрсдөө яаж ашигладгаа мэддэггүй байсан. Цахилгаан төгөлдөр хуур байсан учраас бид нар нэг ч удаа ашиглаагүй. Манайх эдний талд төлөх төлбөр байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Оээс 9 544 638 төгрөг гаргуулахыг хүссэн “ХМ” боловсрол сургалтын байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 51.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “ХМ” цэцэрлэг нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Ж.От цэцэрлэгийн барилгын гадна, дотно тохижилт, эд хөрөнгө болон бүх маркетинг, менежмент хүүхдийн төлбөрийн асуудлыг 100 хувь хариуцуулж, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулахын тулд цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллуулахаар харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг байгуулсан. Ийнхүү “ХМ” цэцэрлэг нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг Ж.От хүргүүлж талууд гэрээг цуцалсан бөгөөд 2019 оны 6 сарын 14-ний өдөр цэцэрлэгийг дараах байдлаар хүлээлцсэн. 1. Цэцэрлэгийн эд хөрөнгө эвдэлж гэмтээсэн хохирол 3 221 420*3=9  664 260 төгрөг. 2. Цэцэрлэгийн анги танхим талбайг нэг жилийн турш ашигласан учраас элэгдэл хорогдолд засварын ажил 1 595 000 төгрөг. 3. Цэцэрлэг ашигласны төлбөрийн үлдэгдэл 2 035 378 төгрөгийн өр үүсгэж тооцоо нийлсэн. Ж.Оийн төлөх ёстой нийт өр нь 13 294 638 төгрөг болно. ”ХМ” цэцэрлэг нь Ж.Оийн гэрээний дагуу барьцаанд байршуулсан 3 750 000 төгрөгийг дээрх нэхэмжилж буй үнийн дүнгээс хасан тооцож нэхэмжлэл гаргасан. ... Шүүхийн дүгнэлтээс үзвэл шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэсэн учир хөлслүүлэгч буюу “ХМ” боловсрол сургалтын байгууллагад цэцэрлэг ашиглуулсны төлбөрийг шаардах эрх үүсэж байна.Нэхэмжлэгч “ХМ” боловсрол сургалтын байгууллага нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хүүхдийн цэцэрлэгийг ажиллуулдаг бөгөөд нийт эргэлтийн хөрөнгө нь 27 840 000-31 340 000 төгрөг байдаг. Үүнээс цэцэрлэгийн хувьсах зардалд төрөөс 7,5-11 сая төгрөг хүртэл мөнгө орж ирэх бөгөөд тус мөнгийг хариуцагч Ж.Оийн хүсэлтээр талууд цэцэрлэг ашиглуулсны төлбөрт сар бүр суутгаж тооцохоор тохиролцсон. Үлдэгдэл 20 340 000 төгрөгийг Ж.О өөрөө захиран зарцуулж байхаар тохиролцсон. /Гэрээний 3 дахь бүлгийн 4 дэх хэсэгт/ Учир нь хувьсахын зардал нь тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын дансанд буюу ХМ цэцэрлэгийн дансаар орж ирдэг байсан. Гэтэл шүүх “ХМ” боловсрол сургалтын байгууллага гэрээний үндсэн дээр тооцоо нийлж хариуцагчаас нэхэмжилж буй цэцэрлэг ашиглуулсны төлбөрийн үлдэгдлийг төрөөс хувьсахын зардлыг дутуу олгосноос үүссэн өр гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч төрөөс хувьсахын зардлыг дутуу олгосон үүнээс болж өр үүссэн гэх мэтээр огт маргаагүй бөгөөд төрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааны зардалд олгосон мөнгийг Ж.Отэй тохиролцож цэцэрлэг ашиглуулсны төлбөрт суутгаж явсан атал тус шаардах эрхийг хуульд нийцэхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Цэцэрлэг хүлээлцсэн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй. Цэцэрлэгийг 2019 оны хичээлийн жилд ашигласан учир цэцэрлэгийн барилгад элэгдэл хорогдол үүсэх нь тодорхой бөгөөд талууд ямар засвар шаардлагатайг тодорхойлж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 1 595 000 төгрөгийн төсвийг ХМ цэцэрлэг зохиож Ж.О нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээний хавсралт байдлаар оруулсан байхад шүүх нэхэмжлэгч байгууллага нь тухайн цэцэрлэгт хэдийд ямар засвар хийсэн тухайгаа баримтаар нотлоогүй хэрэгт авагдсан засварын ажлын хөлс материалын тооцоог хэн санхүүгийн анхан шатны ямар баримтыг үндэслэж гаргасан нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг бодитоор үнэлээгүй байна. Мөн тухайн цэцэрлэгийн доторх эд хөрөнгийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ж.От хүлээлгэн өгсөн баримтгүй атлаа цэцэрлэг хүлээлцэхэд эвдрэл гарсан эд хөрөнгө гэх баримтыг ямар тооцооллоор, хэн, хэдийд, гаргасан нь тодорхойгүй байхад үүнийг гэрээнээс учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн. Талууд цэцэрлэгийг анх хүлээлцсэн эсэхэд огт маргаагүй бөгөөд цэцэрлэгийг буцаан хүлээлгэн өгөхөд эд хөрөнгийн жагсаалт үйлдэж түүнийг зах зээлийн үнийн дүнгээр эвдэрсэн эд хөрөнгийг төлж өгөхөөр харилцан тохиролцож акт үйлдэн Ж.О нь гарын үсэг зурсан бөгөөд тухайн актыг хэзээ үйлдсэн нь тодорхой он сартайгаа байх бөгөөд эвдрэл, гэмтлийг хэрхэн засах тухайгаа Ж.О илэрхийлж гарын үсэг зурсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй нотлох баримтыг шүүх үндэслэлгүйгээр үнэлээгүй нь “ХМ” цэцэрлэгт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг зөрчиж байгаа болно. Гэрээний 3 дугаар бүлгийн 1 дэх хэсэгт цэцэрлэгийн эд хөрөнгийг үзэмж чанар байдлыг муутгасан, дутаасан, эвдэлж гэмтээсэн зэрэгт тухайн эд хөрөнгийг 3 нугалан төлүүлэх гэж заасныг үндэслэн 3 нугалж төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж ядаж бодит хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Иймд хариуцагч Ж.Оээс цэцэрлэг ашигласан төлбөр гэрээнээс учирсан хохирол болох 3 221 420+2 035 378+1 595 000= 6 851 799 төгрөг үүнээс барьцаа 3 750 000 төгрөгийг хасаад нийт 3 101 798 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгөхийг хүсэж байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг агуулаагүй байх тул шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “ХМ” боловсрол, сургалтын байгууллага нь хариуцагч Ж.От холбогдуулан гэрээний үүрэгт 9 544 638 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“ХМ” цэцэрлэг нь Ж.От цэцэрлэгийн барилгын гадна, дотно тохижилт, эд хөрөнгө зэргийг ашиглуулах, хариуцагч Ж.О нь бүх бүх маркетинг, менежмент, хүүхдийн төлбөрийн асуудлыг 100 хувь хариуцаж цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн, тогтвортой явуулахын тулд цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах үүргийг хүлээсэн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-г харилцан тохиролцож, байгуулсан үйл баримт хэрэгт авагдсан  гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-6-9/

Талуудын хооронд бичгээр байгуулагдсан Хамтран ажиллах нэртэй гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн цэцэрлэгийн зориулалттай барилгыг доторх эд хөрөнгийн хамт хариуцагчид 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл ашиглуулах, хариуцагч сар бүр 7 500 000 төгрөг  төлөхөөр тохиролцсон ба тэдний хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгч буюу хөлслүүлэгч нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад эд хөрөнгийг шилжүүлснийг, хөлслөгч нь ашиглаж хөлс төлөх үүргээ биелүүлж тооцоо нийлж байсан баримт хэрэгт авагдсан байна. /хх-1415/

Хоёр талын тооцоо нийлсэн дээрх актаас харахад эд хөрөнгө ашигласны хөлс төлөх үүргээс 2 035 000 төгрөг төлөөгүй, үлдэгдэл тооцоотой, уг төлбөрийг төлснөө нотлоогүй тул нэхэмжлэгч байгууллага уг мөнгийг шаардах эрхтэй.

Гэвч эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч нь Ж.Оийн 3 750 000 төгрөгийг барьцаа болгон авсан, гэрээ дуусахад буцаан өгөөгүй, 2 035 000 төгрөгийг уг барьцаа хөрөнгөөс суутган авч байгаа тухай зохигчид тайлбарлаж, энэ талаар маргаагүй байна. Иймд 2 035 000 төгрөгийг гаргуулах талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүх хувьсах зардлаас төлөөгүй үлдэгдэл гэж шаардах эрхгүй, хуульд нийцэхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хөлсөлсөн эд хөрөнгийн эвдрэл гэмтэл, засвартай холбоотой зардлыг нэхэмжлэгч эргэлзээгүй баримтаар нотлоогүй, хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Эвдрэл гарсан эд хөрөнгийн жагсаалт гэх баримт нь тухайн эд хөрөнгө ямар эвдрэл гэмтэлтэйг, цаашид ашиглах боломжгүй болсныг хөлслөгч буруутай болохыг, мөн засварын зардлын ажлын хөлс, материалын тооцоо нь бодитой эсэхийг тус тус эргэлзээгүй нотлохгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/03266 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 579 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

             

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.ОТГОНЦЭЦЭГ

                

                               ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Б.НАРМАНДАХ