Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 03266

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2019/03266

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.М БСБ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Ж.О-т холбогдох

 

Гэрээний төлбөрт 9 544 638 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул, С.Баярмаа, хариуцагч Ж.О, гэрч А.Гантөмөр, Д.Баярцэцэг, Б.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.М БСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хатан Манцуй цэцэрлэг нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Ж.От цэцэрлэгийн барилгын гадна, дотно тохижилт, эд хөрөнгө болон бүх маркетинг, менежмент, хүүхдийн төлбөрийн асуудлыг 100 хувь хариуцаж цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн, тогтвортой явуулахын тулд цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллахаар харилцан тохиролцож Хамтран ажиллах гэрээг байгуулсан болно.Тус гэрээний 3 дугаар бүлгийн 3-т Мөн цэцэрлэгийн хувьсах зардал 7,5 саяас 11 сая төгрөг сар бүр улсаас орж ирдэг.Иймд цэцэрлэгийн нийт эргэлтийн хөрөнгө 27 840 000-31 340 000 төгрөг эргэлдэх болно, мөн тус гэрээний 4-т Үүсгэн байгуулагч нь өөрийн байр эд хөрөнгөө зах зээлийн хуулийн дагуу гүйцэтгэгчид ашиглуулж байгаа учраас уг эргэлтийн мөнгөнөөс 7,5-(11 сая батлагдсан дүн) төгрөгийг үйл ажиллагааны ашиг болгон авах боловч гүйцэтгэгч талын хүсэлтээр 7,5 сая төгрөгийг үүсгэн байгуулагч авахаар тохиролцож, үлдсэн 20,340,000 төгрөгийг гүйцэтгэгч тал захиран заруулах эрхтэй байхаар тохиролцов.Гүйцэтгэгч тал нь үүсгэн байгуулагчид төлөх төлбөрөө бэлнээр болон дансаар төлж болно.Гүйцэтгэгч талтай тохиролцсоны дагуу Хатан Манцуй цэцэрлэгийн дансанд орж ирсэн ямар ч төрлийн орлогоос үүсгэн байгуулагч нь сар бүр дээрх тохиролцсон мөнгөө авах эрхтэй, 5-т Гүйцэтгэгч нь өөрийн захиран зарцуулах 20,340,000 төгрөг+Хувьсах зардал 3,5 сая нийт 23,840,000 төгрөгөөс хүүхдийн хоолны зардал, багш ажилчдын зардал, багш ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл, ус цахилгааны төлбөр, бичиг хэргийн зардал, урсгал засварын зардал, бусад зардлыг төлж үлдсэн мөнгийг өөрийн болгон авах эрхтэй гэж тус тус заасны дагуу хувьсах зардлаас төлөөгүй үлдэгдэл 2 035 378 төгрөг, цэцэрлэгийн засварын зардал 1 595 000 төгрөг, тус гэрээний дагуу Ж.О нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байхдаа цэцэрлэгийн эд хөрөнгийг эвдэлж гэмтээн цаашид ашиглах боломжгүй болсон тул гэрээний 3 дугаар бүлгийн 1-т зааснаар Эд хөрөнгө үүсгэн байгуулагчийн хувийн эд хөрөнгө бөгөөд гүйцэтгэгч нь эд хөрөнгө хариуцсан карт тооллогын бүртгэлээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг хариуцан авч эд хөрөнгийн ашиглалтанд хяналт тавьж ажиллана, картаар хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн үзэмж, чанар байдлыг муутгасан, дутаасан, эвдэлж хэмхэлсэн зэрэгт тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 3 нугалан тооцож, барьцааны мөнгөнөөс суутган авна гэж заасны дагуу Ж.Оийн цэцэрлэгийн эд хөрөнгөнд учруулсан хохирлыг 3 /гурав/ нугалуулан 3,221,420*3=9 664 260 төгрөгийг нэхэмжилж байна.Тус үнийн дүнгээс барьцааны мөнгө суутган тооцсон болно.Иймд 9,664,260-3,750,000= 5,914,260 төгрөгийг Ж.О нь манай цэцэрлэгт учруулсан хохирол болон гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй учир нийт 2 035 378+1 595 000+5 914 260= 9 544 638 төгрөгийг нэхэмжилж байна.Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг байгуулсан, 7,500,000 төгрөг гэх тооцоонууд дээр маргадаггүй, тооцоонууд дээр сар бүрт нь тооцоо нийлээд гарын үсгээ зурж явдаг байсан.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг мөртлөө, бизнесийн зорилгоор ашиглах зүйл гарсан.Жишээ нь Ж.О нь оршуулганы хоол цэцэрлэгт хийсэн, бүжгийн хичээл ажиллуулж мөнгө олсон гэх мэт хүүхдийн аюулгүй байх орчныг үл хүндэтгэсэн үйлдлүүд гаргаж байсан тул хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг эсэхэд Бадамханд захирал эргэлзэж эхэлсэн.Мөн ажилтнуудын нийгмийн даатгалыг огт төлдөггүй асуудал гарсан.Улсаас орж ирсэн мөнгийг оёдлын бизнест оруулдаг, харилцъя гэхээр утсаа тасалдаг, цэцэрлэгт байж хүүхэд болон ажилчдад хяналт тавих ёстой байхад ирдэггүй.Ажилтнуудын болон хүүхдийн аюулгүй байдлыг анхаардаггүй хамтран ажиллахад үнэхээр хүнд нөхцөл байдал үүссэн тул цаашид хүлээлгүй хурдан хүлээж авахыг зорилго болгосон гэв.

 

Хариуцагч Ж.О шүүхэд гаргасан тайлбартаа:Хатан Манцуй БСБ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна.Хатан Манцуй БСБ надад холбогдуулан 9 544 638 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй байна.Дээрх 9 544, 38 төгрөг хаанаас, ямар учраас гарч ирсэн нь тодорхойгүй, хэргийн материалд хавсаргасан баримтууд нь ямар ч нотлох баримтын шаардлага хангахгүй байна.Би тус гэрээний дагуу Хатан Манцуй БСБ-д хувьсах зардалыг бүгдийг нь өгөөд түрээсийн төлбөр болон ус цахилгааны буюу хэрэглээний зардал, ажилчдын нийгмийн даатгал шимтгэлийг төлөөд зогсохгүй барьцаа мөнгө ч өгсөн.Анх уг гэрээг байгуулахдаа тус обьектыг би худалдаж авах зорилготой байсныг аль аль тал маань ч мэдэж байсан.Тиймээс би тус байрыг цаашид ашиглах зорилготой байсан учраас засвар үйлчилгээг үйл ажиллагаагаа явуулж эхлэхээс өмнө их л мөнгө төгрөг зарцуулж шинэ юм шиг л болгосон.Ийм байхад надаас засвар үйлчилгээний мөнгө нэхэмжилж байгааг гайхаж байна. Түүнчлэн эвдрэлтэй гэх эд зүйлсийг өмнө нь 2 талаас хүлээлцэж ямар асуудалгүй гээд хүлээлцэж өгсөн.Харин тухайн үед ямар нэгэн бичгээр акт үйлдээгүй боловч үйл явдалыг харсан гэрчүүд нотолно.Ийм байхад эд зүйлсийн үнийг надаас 3 нугалж төлүүлэх гэж байгааг нь би ойлгохгүй, би Хатан Манцуй БСБ-д ямар нэгэн төлбөр төлөх үүрэггүй, харин ч барьцаа мөнгөө буцаан авах эрхтэй.Иймд Хатан Манцуй БСБ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгчтэй 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллана гэж гэрээ байгуулсан, би энэ байрыг түрээслэх санаа байгаагүй, манайх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг ажиллуулаад 8-9 жил болж байна.Манайх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг учраас бид өөрийн гэсэн байртай болох сонирхолтой байсан, 2014 онд нэг төсөл хэрэгжих гээд энэ төслийхөө хүрээнд би анх Хатан манцуй цэцэрлэг дээр очиж үзэж байсан.Тухайн үед зарна гэсэн зар тавьсан байсан.Үүнээс хойш цэцэрлэг рүү очоогүй, Бадамханд захиралтай уулзаагүй, 2018 онд би оёдлын бизнес эрхлүүлж байгаад тэрнийхээ талаар асуух гэж очиход энэ байрыг зарна гэж байсан.Хэрвээ миний төсөл бүтвэл би энэ байрыг авах гэдэг зорилготой байсан болохоос биш энэ байрыг түрээслэж эрхлэгчээр ажиллах бодол байгаагүй.Төсөл 2 сарын дотор бүтнэ гэж тооцоолоод үзэхээр 11, 12 дугаар сарын үед болоод байсан.Цэцэрлэгт үйл ажиллагаагаа явуулаад эхэлсний дараа баг хамт олныг өөрчлөх хэцүү байдаг учраас би зээлээ бүттэл энэ цэцэрлэгийг ажиллуулж байя, зээл бүтчихвэл би худалдаж аваад үйл ажиллагаагаа явуулъя, бүтэхгүй бол ямартай ч түрээсийн гэрээгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байя гэж үйл ажиллагааг эхлүүлсэн.Ингээд 2018 оны 10 дугаар сарын 5-нд сард энэ цэцэрлэг дээр аудитын шалгалт орж ирэхэд ямар ч бичиг баримтгүй байсан.Учир нь миний өмнө түрээслэж байсан Мөнхцэцэг гэдэг хүн бүх бичиг баримтыг нь аваад өгөөгүй гэдэг тайлбар хэлсэн, Мөнхцэцэгтэй холбогдохоор намайг наад хүмүүс чинь 3,500,000 төгрөгийн өртэй гээд дээрэмдсэн учраас би энэ бичиг баримтыг өгөхгүй гэсэн.Тэгээд би зарим журнал юмыг нь нөхөж бичсэн.Эндээс үзэхэд энэ байгууллага ямар байгууллага болох нь мэдэгдэж эхэлсэн.Энэ баримт бол Хатан Манцуй цэцэрлэгээс гаргаж өгсөн баримт юм.Би энэ хамтран ажиллах гэрээнд ач холбогдол өгөөгүй, хэрвээ 2, 3 сар болоод зээл бүтчихвэл би энэ цэцэрлэгийг салгаад авчихаж болох юм байна гэсэн бодолтой байсан.Хэрвээ энийг өөр хүн худалдаж авахаар болвол мэдэгдэнэ гэсэн заалт байгаа.Тухайн үедээ цэцэрлэгт хүүхдүүд явж байсан.Өмнөх жилүүдийг харахад маш цөөхөн хүүхэдтэй цэцэрлэг байсан.Төрөөс орж ирдэг мөнгийг Бадамханд гэдэг хүний дансаар оруулаад үүнээсээ 7,500,000 төгрөгийг төлөх ёстой.Энэ үүргээ 9 дүгээр сараас 5 сар хүртэл хүлээгээд 67,500,000 төгрөгийг өгөх ёстой байсныг төлсөн.Цэцэрлэгийн хэрэглээний зардалд 699,000 төгрөг, ашиглалтын зардалд 699,533 төгрөгийг өгсөн байна.Энэ цэцэрлэгт 2,035,000 төгрөгийн өр авлага үлдээгүй. Нийт 84,777,580 төгрөг Бадамханд захирлын дансанд орсон.Үүнээс 67,500,000 төгрөгийг цэцэрлэгийн ашиг орлого гэж өгсөн байна.Өөрийнхөө ашиглаж байсан оёдлын түрээсэндээ нийтдээ 4,960,000 төгрөг өгөх ёстой байсныг өгсөн.Ингээд нийт 74,748,568 төгрөгийн тооцоо хийх ёстойгоос 86,147,570 төгрөг төлснөөс зөрүү нь 11,699,002 төгрөг болж байна.Энэ мөнгөнөөс өөрөө авсан нь 9,431,540 төгрөгийг хасах юм бол, 1,987,000 төгрөгийн өглөгтэй биш авлагатай болж байна.Цэцэрлэг тодорхой хэмжээгээр элэгдэж хорогдоно.Байнга засвар үйлчилгээ хийгдэнэ.Бид нар цэцэрлэг хүлээж авахдаа ямар нэгэн засвар хийсэн байр хүлээж аваагүй.Анх цэцэрлэгийг авахад сантехник хагарсан байсан.Бид нар анх энэ байрыг худалдаж авна гэсэн бодолтой байсан тул маш их сэтгэл гаргаж орос будгаар засвараа хийсэн, явцын дунд нэг давхраас ус алдсан учраас бид нар засна гэсэн бодолтой байсан, 2019 оны 5 дугаар сарын 31-нд манай багш нарт цэцэрлэгийг суллаж өг гэдэг шаардлага тавьсан байсан.Тэгээд засварын мөнгөнд 1,500,000 төгрөг нэхсэн учраас би өөрөө засварыг чинь хийж өгье гэдэг шаардлага тавьсан.Гэтэл эд нар нэг ч үг хэлүүлэлгүйгээр тал талаас дайраад байсан.Тэр битгий хэл чи хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй амьдарч байгаа шүү гэж хэлсэн.Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг ажиллуулаад 9 жил болж байгаа ч ямар нэгэн байдлаар тусламж, зээл авч байгаагүй.Би түүгээрээ ч бахархдаг, би ямартай ч өөрөө засварыг хийе гэж энийг бичиж өгсөн.Байрыг хүлээлцэхэд Бадамханд захирлын хүү, С.Баярмаа нар ирж хүлээж авсан.Нойлыг засах гэтэл замаск, будаг, авчихвал би хүнээр хийлгэчихье гэхээр нь би барилгын материалыг нь авч өгсөн. Тоглоомнуудын тухайд бид нар эвдэрсэн болон муудсан тоглоомыг битгий ашиглаарай гээд бүгдийг нь шатны доорх хонгилд хурааж, өөрсдийнхөө тоглоомнуудыг тавиад ашигласан, хэмхэрсэн гэх зүйлийг шалгуулсан.Жишээ нь өсгөгчтэй хөгжим ажиллахгүй байна гэсэн ч гурвуулаа ажиллаж байсан.Том шкаф угаалгын өрөөнд байсныг нь бид нар орсон өдрөө салгаад, шатны доор хураасан, буцаагаад эвлүүлээд өгсөн.Нэг ч удаа ашиглаагүй.Каварцын гэрэл эвдэрсэн байсан гэсэн өөрсдөө яаж ашигладагаа мэддэггүй байсан.Төгөлдөр хуур болон цахилгаан төгөлдөр хуур байсан учраас бид нар нэг ч удаа ашиглаагүй.Эд нарт өөрсдөд нь түлхүүр байдаг, хагас бүтэн сайнд ордог байсан, нэг ирэхдээ төгөлдөр хуурийн ар талыг онгойлгосон байсан.Энийг ашиглаж үзэх гэж хүн дуудаж үзүүлсэн гэсэн.Ингээд харахаар манайд эдний талд төлөх төлбөр байхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд болон талуудын тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.М БСБ нь хариуцагч Ж.От холбогдуулан хувьсах зардлаас төлөөгүй үлдэгдэл 2 035 378 төгрөг, засварын зардлын 1 595 000 төгрөг, эд хөрөнгөд учруулсан хохирол 9 664 260 төгрөг нийт 13 294 638 төгрөгөөс барьцааны мөнгө 3 750 000 төгрөгийг хасаад үлдсэн 9 544 638 төгрөгийг Ж.Оээс шаардаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр Х.М БСБ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Х.М БСБ нь Ж.Отэй 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хамтран ажиллах нэртэй гэрээ байгуулсан байх боловч энэхүү хэлцлийн агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна.

 

Х.М БСБ нь өөрийн өмчлөлийн цэцэрлэгийн зориулалттай барилгыг доторх эд хөрөнгийн хамт Ж.От 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 13 сарын хугацаатай эзэмшүүлэх, Ж.О нь тодорхой хэмжээний мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлөхөөр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн үндэслэлд нийцэж байна.

 

Ж.О нь дээрх гэрээний хугацаанд тухайн барилгад цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэн явуулсан үйл баримтад талууд маргахгүй байхад Х.М БСБ нь хариуцагчаас хувьсах зардлаас төлөөгүй үлдэгдэл 2 035 378 төгрөгийг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

 

Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 242 дугаар тогтоолоор Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлалыг баталсан байх бөгөөд хувьсах буюу норматив зардал гэдэг нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд гарч байгаа үйл ажиллагааны зардлыг цэцэрлэг болон сургуульд төрөөс өгч байгаа мөнгөн хөрөнгө байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь гэрээний төлбөрт тооцож, хувьсах зардлаас төлөөгүй үлдэгдэл гэж шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь тухайн цэцэрлэгт хэдийд, ямар засвар хийсэн тухайгаа баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан засварын ажлын хөлс, материалын тооцоог хэн, санхүүгийн анхан шатны ямар баримтыг үндэслэж гаргасан нь тодорхойгүй байх тул 1 595 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.

 

Мөн тухайн цэцэрлэгийн доторх эд хөрөнгийг 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Ж.От хүлээлгэн өгсөн баримтгүй атлаа цэцэрлэг хүлээлцэхэд эвдрэл гарсан эд хөрөнгө гэх баримтыг ямар тооцооллоор, хэн, хэдийд гаргасан нь тодохойгүй байхад үүнийг гэрээнээс учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Ж.О-ээс 9 544 638 /есөн сая таван зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун гучин найман/ төгрөг гаргуулахыг хүссэн Х.М БСБ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 51.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     З.ДОРЖНАМЖИН