Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 251

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00251

 

 

З.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02632 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч МУБИСд холбогдох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Буянжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2015 онд тус сургуулийн Санхүүгийн албанд Сургалт үйлдвэрлэлийн төв, Хэвлэх цех, Инноваци гэсэн 3 жижиг аж ахуйн нэгжийн нягтлан бодогчоор ажилд орсон. Ажиллах хугацаандаа 2016 оны 07 сарын 18-ны өдрөөс жирэмсний амралтаа авах ёстой байсан ч хагас жилийн тайлан гаргаж байгаад 2016 оны 07 сарын 06-ны өдөр ажил дээрээ цус алдаж эх нялхсын дутуу төрөлтийн тасагт хүргэгдэж генепрал гэдэг тариаг гараасаа нэг ч цаг салгалгүйгээр 18 хоног залгаж байгаад сүүлдээ тариандаа дийлдэхээ байгаад 2016 оны 07 сарын 25-ны өдрийн шөнө 22 цаг 05 минутад яаралтай хагалгаанд орж хүүхдээ дутуу төрүүлсэн. Хугацаагаараа бол 09 сарын дундуур төрөх ёстой байсан юм. Хүндрэлтэй дутуу төрснөөс болж хүүхэд жин багатай, бие сул, эхийн бие маш сул дорой байсан учир удаан хугацаагаар эмнэлгээр явсан. Ажиллаж байх хугацаандаа ажлын байрны дарамтад маш ихээр өртөж байсан нь дутуу төрөхөд нөлөөлсөн гэж би боддог. Хүүхдээ 3 нас хүртэл асрах өргөдөл гаргаснаар хүүхэд асрах чөлөөний хугацааг 2019 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл олгож МУБИС-ийн захирлын тушаал гарсан. Чөлөөний хугацаа дуусч ажилдаа орохоор 2019 оны 07 сарын 24-ний өдөр ажил дээрээ очсон. Тухайн үед сургууль амралтын байдалтай захирал эзгүй байсан. Үүний дараа 2 удаа ажилдаа орохоор МУБИС-ийн төв байранд очсон боловч захиралтай таараагүй учир чадаагүй. Би энэ сургуульд ажиллаад 14 жилийн нүүрийг үзэж байна. Сургуулийн бүх ажилчид амарсан энэ үед захирал эзгүй, намар бүх ажилчид ажилдаа орохоор асуудал шийдэгддэгийг би мэднэ. Иймд би ажилд орох өргөдлөө 09 сарын 04-нд өгсөн юм. 2019 оны 09 сарын 27-ны өдрийн албан бичгэн дээр 7 сарын 22-ны өдөр хүртэл хуулийн дагуу 3 жил ажлын байрыг хадгалсан боловч хуулийн хугацаанд ажилдаа ороогүй тул ажлын байраар хангах боломжгүй гэж бичсэн байна. 2019 оны 10 сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн МУБИС-д хийгдсэн бүтцийн өөрчлөлтийн дагуу Сургалт үйлдвэрлэлийн төв, Хэвлэх цех хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс чөлөөлж Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэсэн тушаалыг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байсан боловч огт мэдэгдээгүй хууль зөрчсөн ноцтой үйлдэл гаргасан гэж үзэж байна. МУБИС-ийн Захиргааны хувьд миний ажилд орох хүсэлтгүйгээр намайг шууд ажилд томилох ёстой байсан. Миний ажлын байр байхгүй болсон гэдгийг мэдсэн. Сая өөр ажлын байр санал болгосон ч тухайн ажлын байранд ажиллах боломжгүй, 6 сарын тэтгэмж өгвөл эвлэрэх боломжтой гэдгийг хэлсэн боловч эвлэрээгүй. Хөдөлмөрийн хууль зөрчиж намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул намайг МУБИС-ийн хэвлэх цех, сургалт үйлдвэрлэлийн төв, инновацийн төвийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: З.Н нь 2015 онд МУБИС-ийн Хэвлэх цех, Сургалт үйлдвэрлэлийн төв, Инновацийн төв зэрэг аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулдаг нэгжүүдийг хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрж түүнээс хойш 3 жилийн хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан. 2016 оны 07 дугаар сарын 25-наас 2019 оны 07 дугаар сарын 25-ныг хүртэл 3 жилийн хугацаанд МУБИС-ийн зүгээс З.Нын ажлын байрыг хадгалж нийгмийн даатгалыг тасралтгүй төлж ирсэн. З.Н нь 2019 оны 07 дугаар сарын 25-нд ажилдаа орох ёстой чөлөөний хугацаа дууссан байтал 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үргэлжлүүлэн ажиллуулах тухай хүсэлтийг МУБИС-ийн захиргаанд ирүүлсэн. Энэ үеэр МУБИС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 08 тоот тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийгдэж Хэвлэх цех, Сургалт үйлдвэрлэлийн төв нь олон жил үр ашиггүй ажилласан нь тогтоогдож татан буугдсан, тоног төхөөрөмжүүдийг Дүрслэх урлаг технологийн сургууль, Ерөнхий боловсролын сургуульд тус тус шилжүүлснээр нягтлан бодогч З.Нын ажлын байр байхгүй болсон. МУБИС-ийн зүгээс 2019 он 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/1943 тоот албан бичгээр ажлын байраар хангах боломжгүй болохыг мэдэгдсэн. МУБИС-ийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/163 дугаар тушаалаар З.Ныг ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1-д заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмжийг 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тэтгэмж олгосон. Ажилд орох өдрөөс ажлаас чөлөөлсөн тушаал гарах хүртэлх хооронд завсардсан 08, 09 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх асуудлыг бид Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст албан бичгээр хандсан боловч шийдвэрлэх боломжгүй хариуг өгсөн. З.Нын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу МУБИС-ийн зүгээс ажлын байраар хангах зорилгоор түр жирэмсний амралттай байгаа хүний оронд ажиллуулж байгаад өөр ажлын байр гарахаар шилжүүлээд ажиллуулах санал тавьсан боловч хүлээж аваагүй. Төрийн албаны тухай хуулиараа 6 сарын тэтгэмж өгөх боломжгүй учраас бид эвлэрэхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч З.Нын МУБИСд  холбогдуулан  гаргасан МУБИС-ийн хэвлэх цех, сургалт үйлдвэрлэлийн төв, инновацийн төвийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Нын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч байгууллагын нэхэмжлэгчийн ажлын байр МУБИС-ийн захиргааны бүтэц байгаа гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Надад МУБИС-ийн захирлын 2018 оны 01 сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар 2018 оны 01 сарын 02-ноос 2019 оны 07 сарын 25 хүртэл 1 жил 6 сарын хугацаатай хүүхэд асрах чөлөө олгосон. Чөлөөний хугацаа дуусахад ажилд орох тухай өргөдлөө өгөхөөр сургуульд очиход захирал эзгүй, сургуулийн бүх ажилчид амарсан байсан тул 9 дүгээр сарын 4-нд өгсөн. Гэтэл МУБИС-ийн 2019 оны 09 сарын 27-ны 2/1943 дугаартай албан бичигт “хуулийн дагуу З.Нын ажлын байрыг 3 жил хадгалсан боловч та хуулийн хугацаанд ороогүй тул одоо ажлын байраар хангах боломжгүй” гэсэн. Албан бичгийн агуулгаас үзэхэд 2019 оны 7 сарын 22-нд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргаагүй, ажилдаа ороогүй гэж буруутгадаг. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,4-т заасныг баримтлах ёстой. Албан бичигт МУБИС-ийн салбар, нэгж татан буугдсан, өөрчлөгдсөн, шилжсэн тухай огт дурдаагүй. Ийнхүү бүтцийн өөрчлөлтийн тухай огт мэдэгдээгүй атлаа МУБИС-ийн захирлын 2019 оны 10 сарын 30-ны Б/163 дугаар тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, МУБИС-ийн дүрмийн 4.4.1, МУБИС-ын Удирдах зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны 08 дугаар тогтоолыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь дээрх 2/1943 дугаартай мэдэгдлийн агуулгатай зөрчилдөж байна. Анхан шатны шүүх 2/1943 дугаартай албан бичгээр мэдэгдсэн гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д нийцэхгүй, ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулах ёстой бөгөөд уг мэдэгдэлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж, хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл заалтад нийцүүлэн шийдвэр гаргах ёстой. Гэтэл 2/1943 дугаартай албан бичиг нь хөдөлмөрийн гэрээг бүтцийн өөрчлөлтийн улмаас цуцлах тухай хуулинд заасан хугацааны өмнө өгсөн мэдэгдэл биш болох нь хөдөлмөрийн гэрээг хэзээ дуусгавар болох тухай болон бүтцийн өөрчлөлт хийгдсэн тухай дурдаагүйгээр нотлогдоно. Түүнчлэн Хэвлэх цех, Сургалт үйлдвэрлэлийн төвийг өөр нэгжид шилжүүлсэн байхад татан буулгасан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар Б/163 тоот тушаалаар МУБИС-д хийсэн бүтцийн өөрчлөлтийн дагуу З.Ныг Сургалт үйлдвэрлэлийн төв, Хэвлэх цех хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэсэн хирнээ миний нийгмийн даатгалын төлөлтийг 9 болон 10 дугаар сарыг тасалдуулсан нь гаргасан тушаалтай зөрчилдсөн.Үүнээс хамааран ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй байгаа юм. Нийгмийн даатгалын тайлангаар сүүлийн 3 сар тасралтгүй төлөлттэй байж ажилгүйдлийн тэтгэмж олгогддог. Дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 16-ны 181/ШШ2019/02632 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нотлох баримтыг үйл баримтад харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв оновчтой тайлбарлан хэрэглэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч З.Н нь хариуцагч МУБИСд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажил олгогч 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/131 дүгээр тушаал гаргаж, З.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримтлан “...Сургалт үйлдвэрлэлийн төвийг Захиргаа аж ахуйн харьяаллаас Дүрслэх урлаг технологийн сургуулийн харьяалалд шилжүүлсэн...” гэсэн үндэслэлээр цуцалсан байна. /хх-13 дугаар тал/

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж,  мөн 106 дугаар зүйлийн 106.2-т ”Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж тус тус заасан. Талуудын маргаанд хуулийн эдгээр зохицуулалт хэрэгжих байсан эсэх, хэрхэн хэрэгжүүлсэн болох нь тодорхойгүй, зохигчид энэ талаар мэтгэлцсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга тодорхой биш, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгчийн эгүүлэн тогтоолгохоор шаардаж буй МУБИС-ийн Хэвлэх цех, сургалт үйлдвэрлэлийн төв, Инновацийн төв хариуцсан нягтлан бодогчийн ажил, албан тушаал байхгүй тохиолдолд шүүх бодитоор байхгүй албан тушаалд ажилтныг эгүүлэн ажиллуулахаар тогтоох боломжгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх учиртай. Нөгөө талаар тухайн ажлын байр, албан тушаал цомхтгогдсон бол ажил олгогч өөр ажил олж өгөх үүрэгтэй. Энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

 Хэргийн үйл баримт болон маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, энэ талаар зохигчид хангалттай мэтгэлцээгүй тул хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

            Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

     ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

                                                        Б.НАРМАНДАХ