Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00531

 

З.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02632 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 251 дугаар магадлалтай,

З.Н-ын нэхэмжлэлтэй,

Монгол улсын боловсролын их сургуульд холбогдох

Урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2015 онд тус сургуулийн Санхүүгийн албанд Сургалт үйлдвэрлэлийн төв, Хэвлэх цех, Инноваци гэсэн 3 жижиг аж ахуйн нэгжийн нягтлан бодогчоор ажилд орсон. Ажиллах хугацаандаа 2016 оны 7 сарын 18-ны өдрөөс жирэмсний амралтаа авах ёстой байсан ч хагас жилийн тайлан гаргаж байгаад 2016 оны 7 сарын 06-ны өдөр ажил дээрээ цус алдаж эх нялхсын дутуу төрөлтийн тасагт хүргэгдэж генепрал гэдэг тариаг гараасаа нэг ч цаг салгалгүйгээр 18 хоног залгаж байгаад сүүлдээ тариандаа дийлдэхээ байгаад 2016 оны 7 сарын 25-ны өдрийн 22 цаг 05 минутад яаралтай хагалгаанд орж хүүхдээ дутуу төрүүлсэн. Хүндрэлтэй дутуу төрснөөс болж хүүхэд жин багатай, бие сул, эхийн бие сул дорой байсан учир удаан хугацаагаар эмнэлгээр явсан. Ажиллаж байх хугацаандаа ажлын байрны дарамтад маш ихээр өртөж байсан нь дутуу төрөхөд нөлөөлсөн гэж би боддог. Хүүхдээ 3 нас хүртэл асрах өргөдөл гаргаснаар хүүхэд асрах чөлөөний хугацааг 2019 оны 7 сарын 25-ны өдрийг хүртэл олгож МУБИС-ийн захирлын тушаал гарсан. Чөлөөний хугацаа дуусч ажилдаа орохоор 2019 оны 7 сарын 24-ний өдөр ажил дээрээ очсон. Тухайн үед сургууль амралтын байдалтай захирал эзгүй байсан. Үүний дараа 2 удаа ажилдаа орохоор МУБИС-ийн төв байранд очсон боловч захиралтай таараагүй. Сургуулийн бүх ажилчид амарсан энэ үед захирал эзгүй, намар бүх ажилчид ажилдаа орохоор асуудал шийдэгддэгийг би мэднэ. Иймд би ажилд орох өргөдлөө 9 сарын 04-нд өгсөн. 2019 оны 9 сарын 27-ны өдрийн албан бичгэн дээр 7 сарын 22-ны өдөр хүртэл хуулийн дагуу 3 жил ажлын байрыг хадгалсан боловч хуулийн хугацаанд ажилдаа ороогүй тул ажлын байраар хангах боломжгүй гэж бичсэн байна. 2019 оны 10 сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн МУБИС-д хийгдсэн бүтцийн өөрчлөлтийн дагуу Сургалт үйлдвэрлэлийн төв, Хэвлэх цех хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлаас 2019 оны 10 сарын 28-ны өдрөөс чөлөөлж Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэсэн тушаалыг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байсан боловч огт мэдэгдээгүй хууль зөрчсөн ноцтой үйлдэл гаргасан гэж үзэж байна. Өөр ажлын байр санал болгосон ч тухайн ажлын байранд ажиллах боломжгүй, 6 сарын тэтгэмж өгвөл эвлэрэх боломжтой гэдгийг хэлсэн боловч эвлэрээгүй. Хөдөлмөрийн хууль зөрчиж намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул МУБИС-ийн хэвлэх цех, сургалт үйлдвэрлэлийн төв, инновацийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ... МУБИС-ийн зүгээс 2016 оны 7 сарын 25-наас 2019 оны 7 сарын 25-ныг хүртэл 3 жилийн хугацаанд З.Н-ын ажлын байрыг хадгалж нийгмийн даатгалыг тасралтгүй төлж ирсэн. З.Н- нь 2019 оны 7 сарын 25-нд ажилдаа орох ёстой чөлөөний хугацаа дууссан байтал 2019 оны 9 сарын 04-ний өдөр үргэлжлүүлэн ажиллуулах тухай хүсэлтийг МУБИС-ийн захиргаанд ирүүлсэн. Энэ үеэр МУБИС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 08 тоот тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийгдэж Хэвлэх цех, Сургалт үйлдвэрлэлийн төв нь олон жил үр ашиггүй ажилласан нь тогтоогдож татан буугдсан, тоног төхөөрөмжүүдийг Дүрслэх урлаг технологийн сургууль, Ерөнхий боловсролын сургуульд тус тус шилжүүлснээр нягтлан бодогч З.Н-ын ажлын байр байхгүй болсон. МУБИС-ийн зүгээс 2019 он 9 сарын 27-ны өдрийн 2/1943 тоот албан бичгээр ажлын байраар хангах боломжгүй болохыг мэдэгдсэн. МУБИС-ийн захирлын 2019 оны 10 сарын 30-ны өдрийн Б/163 дугаар тушаалаар З.Н-ыг ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1-д заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмжийг 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тэтгэмж олгосон. Ажилд орох өдрөөс ажлаас чөлөөлсөн тушаал гарах хүртэлх хооронд завсардсан 08, 09 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх асуудлыг бид Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст албан бичгээр хандсан боловч шийдвэрлэх боломжгүй хариуг өгсөн. З.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу МУБИС-ийн зүгээс ажлын байраар хангах зорилгоор түр жирэмсний амралттай байгаа хүний оронд ажиллуулж байгаад өөр ажлын байр гарахаар шилжүүлээд ажиллуулах санал тавьсан боловч хүлээж аваагүй. Төрийн албаны тухай хуулиараа 6 сарын тэтгэмж өгөх боломжгүй учраас бид эвлэрэхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02632 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч З.Н-ын Монгол Улсын Боловсролын Их сургуульд холбогдуулан гаргасан МУБИС-ийн хэвлэх цех, сургалт үйлдвэрлэлийн төв, инновацийн төвийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Н-ын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 251 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасан нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн. Хэрэгт авагдсан МУБИС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 9 сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор баталсан Боловсролын их сургуулийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, Боловсролын их сургуулийн Захирлын ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай 2019 оны 10 сарын 30-ны өдрийн Б/163 дугаар тушаал, шүүх хуралдааны тэмдэглэл, мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан нэгж татан буугдсан эсэх талаарх зохигчдын тайлбар зэргээр хэргийн үйл баримт хангалттай нотлогдсоор атал “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй” гэх нотлох баримтад үндэслээгүй дүгнэлтийг хийсэн. Шүүх “Нэхэмжлэгчийн жирэмсний амралттай байгаа хүний орон тоон дээр ажиллуулах санал тавьсан, хүлээж аваагүй гэх, хариуцагчийн жирэмсний амралттай байгаа хүний оронд түр ажиллуулаад шинээр орон тоо гарахаар үндсэн ажилтнаар авч ажиллуулах санал тавьсан боловч хүлээж аваагүй” гэх тайлбарыг “...Талуудын маргаанд ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах хуулийн зохицуулалт хэрэгжих байсан эсэх зохигчид энэ талаар мэтгэлцсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна...” гэх нотлох баримтад үндэслээгүй дүгнэлтийг хийсэн. Нэхэмжлэгч “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх ёстой боловч мэдэгдээгүй Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул МУБИС-ын хэвлэх цех, сургалт үйлдвэрлэлийн төв, инновацийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү..” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу агуулгаа тодорхойлсон байтал “Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга тодорхой биш, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд гомдлыг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

З.Н-, Монгол улсын боловсролын их сургуульд холбогдуулан урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин  хөлстэй  тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй, “орон тоо хасагдсан” гэж тайлбарласан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчийн хоорондох эрх зүйн маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нягтлан бодогчийн ажлын байр “татан буугдсан” гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

З.Н-, Монгол улсын боловсролын их сургуульд нягтлан бодогчоор ажиллаж, тус сургуулийн нэгж болох хэвлэх үйлдвэр, сургалтын төв, иновацийн үйлдвэрлэлийн албыг хариуцан ажиллаж байсныг зохигч маргаагүй байна.

Түүнийг ажлаас чөлөөлж, Монгол улсын боловсролын их сургуулийн захирал 2019 оны 10 сарын 30-ны өдөр Б/163 тоот тушаал гаргахдаа тус сургуульд хийсэн бүтцийн өөрчлөлтийн дагуу гэж заагаад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, сургуулийн удирдах зөвлөлийн 2019 оны 09 сарын 18-ны өдрийн тогтоолыг баримталжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.” гэж заасан байна.

Иновацийн үйлдвэрлэлийн албыг 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 03 тоот тогтоолоор 2015-2016 оны хичээлийн жилд татан буулгахаар шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагджээ.

Харин сургуулийн бүтэц орон тоог шинэчлэн тогтоох тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 09 сарын 17-ны өдрийн 08 тоот тушаал, түүний 1-р хавсралтаас үзвэл, Сургалт үйлдвэрлэлийн төвийг Дүрслэх урлаг, технологийн сургуульд, Хэвлэх үйлдвэрийг лаборатори ерөнхий боловсролын сургуульд тус тус шилжүүлж харъяалал өөрчилсөн байх боловч ажиллагсдын талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс З.Н-ын хариуцан ажиллаж байсан дээрх 2 нэгж татан буугдсан, эсхүл өөр сургуулийн харъяалалд очсон, түүнчлэн З.Н-ын ажлын байрны орон тоо хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхой бус гэж үзэхээр байна.

Дээрх нөхцлийг бүрэн тогтоохгүйгээр нэхэмжлэгч З.Н-ын “урьд эрхэлж байсан буюу нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцээгүй байна.

Нөгөө талаар, З.Н- 3 хүртэлх насны хүүхэд асрах чөлөөтэй байсан нь тогтоогдсон байна. Хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан бөгөөд хэрэв чөлөөтэй байх хугацаанд ажилтны орон тоо хасагдсан эсхүл цөөрсөн бол ажилтанд өөр ажил олж өгөхийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заажээ.

Дээр дурдснаар нэхэмжлэгч З.Н- нь өөрийн ажиллаж байсан нэгж татан буугдаагүй, эрхэлж байсан ажлын орон тоо хасагдаагүй гэж үзэж, “нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох-”ыг хүссэн, эсхүл хуульд заасан үүргийн дагуу өөр ажил олж өгөхийг даалгахыг хүссэн аль нь болохын тодруулах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Харин магадлалд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг дүгнэсэн нь зохигчийн маргаанд хамааралгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 251 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Монгол улсын боловсролын их сургууль нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ