Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/00317

 

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/00317

 

ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01969 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П ХХК, Т.Э, Д.Г нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2 742 135 416 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, ТБ ХХК-ийн барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Д.Г-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батсүх, Н.Батгэрэл, хариуцагч Паркнайн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваажанцан, хариуцагч Д.Ганхуягийн өмгөөлөгч Т.Отгонпүрэв, Д.Бум-Аюуш, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч ТБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: П ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 300 тоот зээлийн гэрээ байгуулж, 3 937 656 803 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 0,9 хувь, жилийн 10,8 хувийн хүүтэй /нэмэгдүүлсэн хүү сарын 0,18 хувь, жилийн 2,16 хувь/-тэйгээр, мөн өдрийн 301 тоот зээлийн гэрээгээр 600 000 000 төгрөгийг сарын 1,0 хувь, жилийн 12,0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар барилгын угсралтын үйл ажиллагааны зориулалтаар зээлсэн. Зээлдэгчийн зээлийн өрийн үлдэгдэл 300 тоот гэрээгээр 2019 оны 05 дугаар сарын 27-ны байдлаар үндсэн зээл 1 678 466 680 төгрөг, хүү 833 830 237 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161 461 167 төгрөг, нийт 2 673 758 085 төгрөг, 301 тоот гэрээний үүрэгт хүүгээс 57 457 669.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 10 872 061 төгрөг, нийт 68 329 730.40 төгрөг, нотариатын зардалд 47 600 төгрөг, нийт 2 742 135 416 төгрөгийг П ХХК, Д.Г нараас гаргуулж өгнө үү.

Банк, зээлдэгч нарын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 300, 301 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагчийн дараах үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалж, барьцааны зүйлийг хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Үүнд:

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг урд дэнж /17100/ Нүхтийн зам 4 тоот, Ү-2206018935, 000274145, 1967.99 м.кв аялал жуулчлалын объект, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг урд дэнж /17100/ Нүхтийн зам 5-р барилгын 6 тоот, Ү-2206023393, 000235064, 250 м.кв 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга /аялал жуулчлалын объект/, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг урд дэнж /17100/ Нүхтийн зам 5-р барилгын 4 тоот, Ү-2206023391, 000235062, 250 м.кв 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга /аялал жуулчлалын объект/, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4-р хороолол, Жалханз хутагт Дандинбазарын гудамж 35-р байрны 48 тоот, Ү-2205035339, 000268812, 166.53 м.кв 4 өрөө орон сууц, 250 м.кв 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг урд дэнж /17100/ Нүхтийн зам 42тоот, Ү-2206018345, 000155754, 764 м.кв 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга /аялал жуулчлалын объект/, Богдхан уулын ДЦГхороо яармаг урд дэнж 17100/ Нүхтийн зам, Г-1/78 2 га ашиглах эрхтэй газар болно. Уг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэ-Очироос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагаас 2 543 836 493 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. П ХХК-ийн захирал Т.Э, хувь нийлүүлэгч Д.Г нар нь ТБ ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 301 дугаар зээлийн гэрээ байгуулсан. Дээрх гэрээгээр тохирсон үнийн дүн болох 600 000 000 төгрөг нь П ХХК-ийн дансанд орж, мөнгийг зориулалтын дагуу ашигласан бөгөөд 301 тоот зээлийн гэрээтэй хариуцагчийн зүгээс маргахгүй. 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 300 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 3 937 656 803 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 10,8 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон боловч П ХХК-ийн дансанд 3 937 656 803 төгрөг орж ирээгүй. Нэхэмжлэгч ТБ ХХК нь хий бичилт бүхий зээлийн дансны хуулга, мемориалын баримт, депозит дансны хуулга зэргийг нэхэмжлэгч нь өөрийн банкны теллерийн дардастайгаар гарган өгсөн.

Хэргийн 69 дүгээр талд авагдсан мемориал баримтад 3 937 656 803 төгрөгийн зээл олгов гэсэн бичилт байх боловч харилцагч хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Хариуцагч талаас 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийг зориулалтын дагуу гаргасантай холбоотой баримтуудыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөөгүй. Зээлийн гэрээгээр тохирсон зээлийн үнийн дүнг бодит байдал дээр зээлдэгчид олгоогүй учраас 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 190 тоот зээлийн өрөнд барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №300 болон №301 тоот зээлийн гэрээнд хамтран зээлдэгч бус хувь нийлүүлэгчийн хувиар оролцсон. Тухайн үед П ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан, одоо хувьцаа эзэмшигч биш болсон. Түүнчлэн, тус зээлээр олгогдсон мөнгийг миний зүгээс ашигласан эсхүл захиран зарцуулсан үйлдэл байхгүй. Иймд захиран зарцуулж байсан этгээд нь П ХХК тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагадаа: Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Нүхтийн зам-2, Парк-9 цогцолборын 2-р байр, 2 давхар 04 тоот 185 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Х.А-ийг, Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Нүхтийн зам-2, Парк-9 цогцолборын 2-р байр, 1 давхар 02 тоот 185 мкв талбай бүхий орон сууц, 27, 28 тоот авто машины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Т-ыг, ХУД, 8-р хороо, Нүхтийн зам-4, Парк-9 цогцолборын 2-р байр, 2 давхар 03 тоот үл хөдлөх эд хэрөнгийн өмчлөгчөөр Я.Долгоржавыг, ХУД, 8-р хороо, Нүхтийн зам-4, Парк-9 цогцолборын 2-р байр, 01 давхар 01 тоот орон сууц, 2-р машины зогсоол, авто машины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Бурам мишээл ХХК-ийг, Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Нүхтийн зам-4, Парк-9 цогцолборын 4-р байр, 2 давхар 04 тоот 250 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Н.Батжаргалыг, Хан-Уул дүүрэг, 8- р хороо, Нүхтийн зам-5, Парк-9 цогцолборын 5-р байр, 3 давхар 06 тоот 250 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Ганбатыг тус тус тогтоож, Төрийн банк ХХК болон Паркнайн ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 300, 301, 302 дугаар барьцааны гэрээний тус үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн барьцаанд барьцаалсан холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх,

Ц.Түмэнжаргал нь П ХХК-тай 2010 оны 10 сарын 28-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Парк-9 аялал жуулчлалын цогцолборын ХУД, 8-р хороо, Нүхтийн зам-2 хаягт байрлах орон сууцын 2-р байр, 1 давхар 02 тоот 185м2 талбай бүхий барилгыг болон 2 машины зогсоол /№27,28/-ийн 200 000 ам. долларын,

Х.Алтангэрэл нь эхнэр Ц.Отгонмаагийн хамт П ХХК-тай 2010 оны 12 сарын 16-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ХУД, 8-р хороо, Нүхтийн зам-2, Парк-9 цогцолборын 2-р байр, 2 давхар 04 тоот 185 м.кв талбай бүхий орон сууцны 470 000 000 төгрөгийн,

Н.Батжаргал нь П ХХК-тай 2011 оны 07 сарын 06-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ХУД, 8-р хороо, Нүхтийн зам-4, Парк-9 цогцолборын 4-р байр, 2 давхар 04 тоот 250 м.кв талбай бүхий орон сууцны 400 000 ам. долларын,

Д.Ганбат нь П ХХК-тай 2011 оны 08 сарын 11-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ХУД, 8-р хороо, Нүхтийн зам-5, Парк-9 цогцолборын 5-р байр, 3 давхар 06 тоот 250 м.кв талбай бүхий орон сууцыг 500 000 ам. долларын,

Я.Д нь П ХХК-тай 2010 оны 09 сарын 18-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ХУД, 8-р хороо, Нүхтийн зам-4, Парк-9 цогцолборын 2-р байр, 2 давхар 03 тоот орон сууцны 200 000 ам. долларын,

Бурам мишээл ХХК нь П ХХК-тай 2012 оны 07 сарын 06-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ХУД, 8-р хороо, Нүхтийн зам-4, Парк-9 цогцолборын 2-р байр, 1 давхар 01 тоот орон сууц, 2-р машины зогсоолын хамт 400 000 ам.долларын ажлын хөлс, санхүүжилтийг хийж, барилгын ажил гүйцэтгүүлсэн.

Дээрх орон сууцууд болон гараашийн хамт Төрийн банкны зээлийн барьцаанд тавьж 4 тэрбум гаруй төгрөгийн зээл авч, түүнийхээ үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 300, 301, 302 тоот барьцааны гэрээ байгуулсан болохыг Төрийн банк ХХК-ийн нэхэмжпэлтэй П ХХК-д холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр татагдсанаар олж мэдсэн. Иймээс барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус. Иймд бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ТБ ХХК-ийн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбарт: Тухайн үед зээлдэгч нь гуравдагч этгээдтэй орон сууцны захиалгын гэрээ байгуулсан талаарх ямар ч мэдээллээр банкийг хангаагүй. Иймд бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч П ХХК, Д.Ганхуяг нараас 2 742 135 415 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-нд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд энэхүү шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т зааснаас бусад хэсгээр дор дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Үүнд:

- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам 4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206018935 дугаарт бүртгэлтэй, дуусаагүй барилга;

- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам 5 дугаар барилгын 6 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206023393 дугаарт бүртгэлтэй, дуусаагүй барилга;

- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам 5 дугаар барилгын 4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206023391 дугаарт бүртгэлтэй, дуусаагүй барилга;

- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам 2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, дуусаагүй барилга;

- Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз худагт Дамдинбазарын гудамж 35 дугаар байрны 48 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205035339 дугаарт бүртгэлтэй 166,53 м2 4 өрөө орон сууц.

3.  Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дор дурдсан эд хөрөнгийг Төрийн банк ХХК-ийн барьцааны эрхээс чөлөөлж, Үүнд:

 -     Хан Уул дүүргийн 8 дугаар хорооны Яармагийн урд дэнж, Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018935 дугаарт бүртгэлтэй 1967.99 м2 4 дүгээр барилгаас гуравдагч этгээд Н.Батжаргалын захиалан бариулсан 2 давхрын 4 тоот хаягт байрлах 250 м2 талбайд үүссэн барьцааны эрх;

-     Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206023393 дугаарт бүртгэлтэй, 5 дугаар барилгаас гуравдагч этгээд Д.Ганбатын захиалан бариулсан нь 3 давхрын 6 тоот хаягт байрлах, 250 м2 талбайд үүссэн барьцааны эрх;

-     Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, 2 дугаар барилгаас гуравдагч этгээд Х.Алтангэрэлийн захиалан бариулсан 2 давхрын 4 тоот хаягт байрлах,185 м2 талбайд үүссэн барьцааны эрх;

-     Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, 2 дугаар барилгаас гуравдагч этгээд Я.Долгоржавын захиалан бариулсан 2 давхрын 3 тоот хаягт байрлах, 185 м2 талбайд үүссэн барьцааны эрх;

-     Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, 2 дугаар барилгаас гуравдагч этгээд Ц.Түмэнжаргалын захиалан бариулсан 1 давхрын 2 тоот хаягт байрлах, 185 м2 талбай, 27, 28 дугаартай машины зогсоолд үүссэн барьцааны эрх;

-     Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, 2 дугаар барилгаас гуравдагч этгээд Бурам мишээл ХХК-ийн захиалан бариулсан 1 давхрын 2 тоот хаягт байрлах, 185 м2 талбай, нэг машины зогсоолд үүссэн барьцааны эрх, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу гуравдагч этгээдүүдийн холбогдох эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 254 505.66 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч П ХХК, Д.Г нараас 13 915 189 төгрөгийг, хариуцагч Т.Э-аас 23 400 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгон, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 842 400 төгрөг (тус бүр 140 400 төгрөг)-ийг улсын орлого болгож, хариуцагч ТБ ХХК, П ХХК-аас 421 400 төгрөг гаргуулж гуравдагч этгээд тус бүрт 70 200 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Г-ийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн давж заалдах гомдолд: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 25.1.2-т заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шуүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй. Д. Ганхуягийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 182/Ш32019/04522 дугаартай захирамжаар хамтран хариуцагчаар татсан. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэлээр Г.Халиунд шүүхэд төлөөлөх эрхийг олгосон бөгөөд /Зхх 82/ шүүхээс Г.Халиунд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гардуулсан. ТБ ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа 129 921 595 төгрөгөөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг гардуулаагүй, нэхэмжлэл гардуулсан гэх баримт нь үндсэн нэхэмжэлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага аль нь болох тодорхойгүй, мөн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тайлбараар /Зхх 208/ итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбаатараас татгалзсан тайлбарыг шүүхэд хүргүүлснээс хойш хэргийн материалтай танилцуулаагүй хурлын тов мэдэгдэлгүйгээр шүүх хурлыг явуулсан.

Д.Г нь 300 тоот зээлийн гэрээнд хувьцаа эзэмшигчээр гарын үсэг зурсан байх ба зээлийн гэрээнд ямар эрх зүйн байдлаар оролцсоныг компанийн дүрэм, зээл авах үеийн эрх бүхий этгээдүүдийн гаргасан шийдвэр зэргийг хэрэгт хавсаргаж үйл баримтыг үнэн зөв тогтоогоогүй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч П ХХК, Д.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 742 135 418 төгрөг гаргуулах, барьцааны гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч Т.Э-д холбогдуулан түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Х.А, Н.Б, Д.Г, Ц.Т, Я.Д, БМ ХХК нар нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн зам, Парк 9 цогцолборт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, Төрийн банкны П ХХК-тай байгуулсан 300, 301, 302 дугаартай барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр холбогдох үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцааны эрхээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргажээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хариуцагч Д.Ганхуягт хэргийн материал танилцуулаагүй, үндсэн нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагын алийг гардуулсан нь тодорхойгүй гэх гомдол үндэслэлтэй, харин шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх гомдол үндэслэл муутай байна.

Анхан шатны шүүх хариуцагч Д.Г-т 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн шүүхийн мэдэгдэх хуудас 4 дүгээр хавтаст хэргийн 183 дугаар талд авагдсан байх ба уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Түүнчлэн, хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй тул, уг үндэслэлээр хариуцагч Д.Г-ийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Харин нэхэмжлэгч талаас 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт 2 543 836 493 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар үндсэн нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн хүүг 68 329 730 төгрөгөөр, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зээлийн хугацаа хэтэрсэн хүүг 129 921 595 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн байна. /хх 82-83, 3хх 63/

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагаа явуулах ёстой. Хариуцагч Д.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гардуулсан баримт хэрэгт авагдсан байх боловч нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагын алийг гардуулсан нь тодорхойгүй, хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагч Д.Г нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиун, А.Э нарт олгосон итгэмжлэлээсээ татгалзсан байхад шүүх хариуцагчид хэргийн материал танилцуулах ажиллагаа хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн байна.

Хэрэгт авагдсан баримтууд нь хариуцагч Д.Г-ийг маргаан бүхий зээлийн гэрээнд иргэний хувьд тухайн компанийг төлөөлж хамтран зээлдэгч болсон уу эсвэл хувьцаа эзэмшигчийн хувьд тухайн гэрээний тал болсон уу гэх нөхцөл байдлыг тодруулахын тулд тухайн этгээдэд хэргийн материалтай танилцаж, мэтгэлцэх боломж олгох ёстой.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй. Мөн шүүхийн шийдвэрт тавигдах техникийн хувьд шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт бие даасан шаардлага гаргасан оролцогчдыг бичээгүй орхигдуулсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01969 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 868 389 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ш.ОЮУНХАНД