Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/00318

 

 

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/00318

 

Ш.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/02448 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Ц-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.У-т холбогдох,

Гэм хорын хохиролд 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цэрэндолгор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ш.Ц-ын байранд түр амьдарч байсан Л.У нь зөвшөөрөлгүйгээр 2001 оны 10 сарын 24-ний өдөр хуурамч бичиг баримт үйлдэн итгэл эвдэж, Ш.Ц-ын нэр дээр байсан орон сууцыг хууль бусаар өмчлөлдөө шилжүүлэн авсан байсныг 2017 оны 06 сард мэдсэн. Энэ байранд нэхэмжлэгчийн аав, ээж, ах, эгч, дүү нар 40 жил амьдарсан гэр бүлийн гал голомт юм. Л.Уранчимэг нь нэхэмжлэгчийн гарын үсэг, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, түүний төрсөн дүү мэтээр бусдад итгүүлж цааш нь худалдан борлуулж, хууль бусаар ашиг олж, Ш.Ц-ыг илт хохироосон. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч хөөн хэлэлцах хугацаа дууссан болохыг мэдэгдсэн. Гэм хорын хохирол учруулсан үндэслэл бүхий хангалттай нотолгоо байна. Иймд Л.У-ээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Арьс ширний 26 дугаар байрны 11 тоот 2 өрөө байрыг бусдад худалдан борлуулсан үнийн дүн болох 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.У-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хан-Уул дүүргийн Арьс ширний 26-р байрны 11, 12, 15 тоот сууцанд 1978-2013 оныг хүртэл 35 жил амьдарсан ба 2000 онд АШ-26-11 тоот байрыг 3 000 000 төгрөгөөр Ороолон гэх хүнээс худалдан авч, 2013 он хүртэл 13 жил амьдарсан. АШ-26 байр нь анх 1933 онд баригдсан, насжилт өндөртэй, 2013 онд 80 жил болсон байр тул улсын комиссоос хүн амьдрах шаардлага хангахгүй гэж акт тавьсан байсан. Амьдарч байсан сууцны тааз байнга нурж, амь насанд аюул учруулж болзошгүй болсон ба тэр үед миний бие 7 сартай жирэмсэн, 3, 513 настай 3 хүүхэд нөхрийн хамт амьдарч байсан ба бид гэр бүл, үр хүүхдүүдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх ёстой учраас тэр байрыг зараад хадам эмээгийн хашаанд амьдарсан. Хариуцагч АШ-26-12 тоотод амьдарч байхад АШ-26-11 тоот айлын хөрш байраа тэр үеийн ханшаар 3 000 000 төгрөгөөр зарна гэхэд 2000 оны 09 сарын 01-ний өдөр 11 тоотод амьдарч байсан Ч.Энхтайван, Ж.Ороолон нарт 2 500 000 төгрөг өгч, үлдэгдэл 500 000 төгрөгийг дараа өгөхөөр тохиролцож тус байранд орсон. 2001 оны 07 сарын 16-ны өдөр үлдэгдэл 500 000 төгрөгийг өгч дуусгаж, нотариатаар гэрчлүүлж баримт үйлдсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

ШүүхИргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.4, 497 дугаар зүйлийн 497.1, дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.У-гээс гэм хорын хохиролд 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цэрэндолгорын давж заалдах гомдолд: Ш.Ц нь АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны 1992 оны 04 сарын 25-ны өдөр олгосон 920926 дугаарын ордерийг үндэслэн ОСГ-ын 6 хорооны 26 байрны 2 өрөөтэй 11 тоот орон сууцыг хөлслөх гэрээ байгуулсан. 1992 оны 03 сарын 26-ны өдөр ээж Сахьяа нь өргөдөл гарган Ш.Ц-ын нэр дээр байрыг шилжүүлсэн.Ш.Цэрэнханд 1998 онд АНУ руу явахдаа Ороолонд удаан хугацаагаар үнэ төлбөргүйгээр хөлслөн ашиглуулан амьдруулахаар үлдээсэн. Гэтэл Ороолон нь Л.У-т дамжуулан, Л.У нь 2001 оны 10 сарын 24-ний өдөр хуурамч бичиг баримт үйлдэн өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2013 оны 05 сарын 16-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээг М.Ганбаттай байгуулан ХУД-ийн 3 хороо, арьс ширний 26-11 тоотын, Ү-2206008634 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй,үл хөдлөх хөрөнгийг 20 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Цагдаад 2017 оны 08 сарын 08-ны өдөр хандсан ч 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 01 тоот прокурорын тогтоолоор "Л.У нь нотлох баримтуудаар иргэн Ш.Ц-ын байрыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болох нь тогтоодож байна. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн,хэрэг үүсгэн шалгахаас татгалзсан гэсэн хариу өгсөн.

Шинжээчийн дүгнэлтэд бичгийн хэв нь Ш.Ц-ынх биш Л.У-ийн гэх бичгийн хэвийн харьцуулах загваруудтай тохирч байна, 2001380 дугаартай ашиглах эрхийн баримт нь засвартай байна хэмээн дүгнэсэн. Зөрчигдсөн эрхийг сэргээж учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасаар байтал хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож; дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

   

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч Л.У-т холбогдуулан гэм хорын хохиролд 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 920926 тоот ордерыг үндэслэн маргаан бүхий орон сууцыг хөлслөн, эзэмшилдээ авсан байх ба 1996 онд батлагдсан Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй, 121 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эзэмшиж байгаа сууц /өрөө/-аа хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргах гэж заасны дагуу тэрээр орон сууцыг хувьчлан авах өргөдлөө холбогдох байгууллагад гаргаагүй. Улс даяар явагдсан нийтэд илэрхий энэ үйл явдлаас хойш тоолоход 20 гаруй жил өнгөрч, эрхийн зөрчлийг мэдэж, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

 

Хэргийн 65 дугаар талд ... Ш.Ц нь АНУ-д суралцан, цаашид ажиллаж амьдрах болсон тул 2000 оноос хойш хамтран амьдрагч авга ахын охин Л.Уранчимэгт тус байрыг шилжүүлэн эзэмшүүлэх эрхийн бичгийг олгож өгнө үү гэх бичгийн баримт авагдсан байх ба уг бичвэрт шинжилгээ хийсэн шинээчийн дүгнэлтүүдэд шинжилж буй 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Орон сууц хуваарилалтын тасагт гаргасан Ш.Ц-ын гэх гар бичвэр өргөдөл нь Л.У-ийн гэх гар бичгийн хэвийн харьцуулах загваруудтай тохирч байна гэжээ. /хх 71, 166, 187/

 

Дээрх баримтаас үзэхэд хариуцагч Л.У нь нэхэмжлэгч Ш.Ц-ын эрх ашгийг хөндсөн байж болох боловч уг үйл баримт нь 2001 онд болсон байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэж заасны дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий 10 жилийн хугацаа өнгөрчээ.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/02448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ш.ОЮУНХАНД