Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2019/02448

 

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2019/02448

Улаанбаатар хот

 

                                                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, .. тоотод оршин суух, Боржигон овогт Шын Ц -ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, ... тоот хаягт оршин суух Боржигин овогт Лын У -т холбогдох,

 Гэм хорын хохиролд 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц, түүний өмгөөлөгч Ю.Т, хариуцагч Л.У, түүний өмгөөлөгч Д.Ц, иргэдийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.                                                   

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ц шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний төрсөн дүү Ш.Ц нь 1998 онд АНУ-д сурч амьдрахаар яваад одоог болтол Монгол улсад ирээгүй 21 жил болж байгаа бөгөөд удахгүй эх орондоо ирэхээр болж байтал түүний байранд түр амьдарч байсан Л.У гэгч түүний зөвшөөрөлгүйгээр байрыг нь 2001.10.24-нд хуурамч бичиг баримт үйлдэн итгэл эвдэж, Ш.Цын нэр дээр байсан орон сууцыг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байсан болохыг бид 2017 оны 6 сард мэдсэн. Энэ байранд миний аав, ээж, ах, эгч, дүү бид нар 40 жил амьдарсан манай гэр бүлийн гал голомт гэдгээрээ нэн үнэ цэнэтэй байр  юм.  Хариуцагч Л.У нь түүний гарын үсэг, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, түүний төрсөн дүү мэтээр бусдад итгүүлж цааш нь худалдан борлуулж, хууль бусаар ашиг олж, Ш.Цыг илт хохироосон. Холбогдох асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан боловч түүний үйлдэл холбогдол нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцах хугацаа дууссан болохыг мэдэгдсэн тул гэм хорын хохирол учруулсан үндэслэл бүхий хангалттай нотолгоо байгаа тул Монгол улсын Иргэний хуульд зааснаар хэрэг үүсгүүлэн шалгуулах үндэслэлтэй байна. Иймд иргэн Л.У нь залилан мэхлэх замаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны ... тоот 2 өрөө байрыг бусдад худалдан борлуулсан үнийн дүн болох 20 000 000 төгрөгийг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Хан-Уул дүүргийн ... тоот сууцанд 1978-2013 оныг хүртэл 35 жил амьдарсан ба энэ хугацаанд 2000 онд АШ-26-11 тоот байрыг 3 сая төгрөгөөр О гэх хүнээс худалдан авч, 2013 он хүртэл 13 жил амьдарсан. АШ-26 байр нь анх 1933 онд баригдсан, насжилт өндөртэй, 2013 онд 80 жил болсон байр тул улсын комиссоос хүн амьдрах шаардлага хангахгүй гэж акт тавьсан байсан. Миний амьдарч байсан сууцны тааз байнга нурж, амь насанд аюул учруулж болзошгүй болсон ба тэр үед миний бие 7 сартай жирэмсэн, 3, 5 , 13 настай 3 хүүхэд нөхрийн хамт амьдарч байсан ба бид гэр бүл, үр хүүхдүүдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх ёстой учраас тэр байрыг зараад хадам эмээгийн хашаанд амьдарсан. Л.У миний бие АШ-26-12 тоотод амьдарч байхад АШ-26-11 тоот айлын хөрш байраа тэр үеийн ханшаар 3 000 000 төгрөгөөр зарна гэхэд 2000-9-01- нд 11 тоотод амьдарч байсан Ч.Э, Ж.О нарт 2 500 000 төгрөгийг өгч, үлдэгдэл 500 000 төгрөгийг дараа өгөхөөр тохиролцож тус байранд орсон. 2001.07.16-нд Ж.О, Ш.Ц нар манай гэрт ирж үлдэгдэл 500 000 төгрөгийг нэхэж, орцоор дүүрэн чанга дуугаар “мөнгөө өгөхгүй бол өгсөн 2 500 000 төгрөгийг чинь буцааж өгөөд байраа авна” гэж хэлж байсан. Энэ үед миний төрсөн эгч Л.Ж, манай хажуу өрөөг хөлсөлж амьдарч байсан айл байсан. Ингээд 2001.07.16-нд үлдэгдэл 500 000 төгрөгийг өгч дуусгаж, нотариатаар гэрчлүүлж баримт үйлдсэн. Миний шударга хөдөлмөрөөр худалдаж авсан 13 жил тасралтгүй амьдарч, энэ хугацаанд 2008, 2010, 2013 онуудад тус тус амаржиж, 3 хүүхэд төрүүлж, нөхөр 4 хүүхдийн хамт ичиж зоволгүй, айж эмээлгүй амьдарч байсан байрыг минь, намайг түр амьдарч байсан байраа хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлж авч, худалдан борлуулсан гэсэн байна.

Ш.Ц нь намайг тус байранд 13 жилийн хугацаанд түр амьдарч байсан гэж байгаа нь үндэслэлгүй ба 2001.07.15-нд мөнгө нэхэж ирснээс хойш 2017.09.11-ний өдөр 16 жилийн дараа Д.П гэдэг өмгөөлөгч дагуулан нисэхэд манай гэрт ирсэн. Хэрэв энэ хүний байрыг түрээслэн амьдарч байсан бол 16 жилийн турш тус байрыг нуртал  үнэхээр байрны эзэн хэвээрээ байсан л юм бол хөрөнгөө хариуцаж, түрээсийн мөнгөө нэхэж,  нэг ч удаа болов ирж уулзах байсан. Гэтэл ийм юм огт болоогүй, тус байрыг надад худалдсан тул ийм үйл явдал болох ч ёсгүй. 19 жилийн дараа намайг гүтгэж, миний нэр төрд халдаж, сэтгэл санаа болон эдийн засаг, эрүүл мэндийн хувьд хохироож байгаа тул би маш их гомдолтой байна. Ш.Цын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Л.Ут холбогдуулан нэхэмжлэгч Ш.Ц нь гэм хорын хохиролд 20 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц нь “... Арьс ширний 26 дугаар байрны 11 тоот 2 өрөө байранд миний аав, ээж, ах, эгч, дүү бид нар 40 жил амьдарсан манай гэр бүлийн гал голомт гэдгээрээ нэн үнэ цэнэтэй байр, уг орон сууцанд дүү Ш.Ц амьдарч байгаад 1996 онд өөрийн танил О гэх хүнийг оруулж, өөрөө 1998 оны 11 сард АНУ руу яваад өнөөдрийг хүртэл ирээгүй. Л.У нь  гарын үсэг, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, түүний төрсөн дүү мэтээр бусдад итгүүлж цааш нь худалдан борлуулж, хууль бусаар ашиг олж, Ш.Цыг илт хохироосон тул уг байрыг бусдад худалдан борлуулсан үнийн дүн болох 20 000 000 төгрөгийг өөрт учирсан хохирол гэж үзэж, гэм хорын хохиролд 20 000 000 төгрөг шаардаж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.

 

           Хариуцагч Л.У нь “...намайг АШ-26-12 тоотод амьдарч байхад АШ-26-11 тоот айлын хөрш байраа тэр үеийн ханшаар 3 000 000 төгрөгөөр зарна гэхэд 2000-09-01- нд 11 тоотод амьдарч байсан Ч.Э, Ж.О нарт 2 500 000 төгрөгийг өгч, үлдэгдэл 500 000 төгрөгийг 2001.7.16-нд өгч дуусгаж, нотариатаар гэрчлүүлж баримт үйлдэн худалдаж авсан, Ш.Цын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ” гэж маргажээ.

 

          Нэхэмжлэгч Ш.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн нэрээр нэхэмжлэл гаргаж андуурсан байх тул залруулж зөвтгөх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлснийг шүүх хянан, нэхэмжлэгчийг Ш.Цаар сольж 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 200 дугаар шүүхийн тогтоол гаргасан байна./х.х-ийн 26, 28/

 

         Хэргийн баримтаас үзвэл Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ... тоот 2 өрөө  орон сууцыг нэхэмжлэгч Ш.Ц эзэмшиж байсан болох нь хавтаст хэргийн 54, 55 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна. Маргааны зүйл болох орон сууцыг эзэмшиж байсан Ш.Ц уг орон сууцаа 1996 онд иргэн Огийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлж, 1998 оны 11 сард өөрөө АНУ руу явсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд хариуцагч Л.Уийн нөхөр Б.Л, Л.У нар уг орон сууцыг О, түүний охин Ч.Э нарт 3 000 000 төгрөг төлж, эзэмшил, ашиглалтандаа шилжүүлэн авч байсан болох нь хавтаст хэргийн 92 дугаар талд авагдсан баримтаар, 2001 оноос 2017.09.11-ний өдөр хүртэл 16 жилийн турш хариуцагч Л.У гэр бүлийн хамт уг орон сууцанд амьдарч байсан болох нь хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

         Нэхэмжлэгч Ш.Ц маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ... тоот 2 өрөө  орон сууцаа иргэн Огийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлсэн, иргэн Од төлбөр төлж  хариуцагч Л.У өөрийн эзэмшилдээ шийлжүүлсэн үйл баримтууд талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул гэм хорын хохиролд 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хаиуцагчаас шаардсан нь үндэслэлгүй байна.

 

         Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1996 онд маргааны зүйл болох  орон сууцыг иргэн Огийн эзэмшилд үлдээсэн гэж тайлбарлаж байгаа атал гэм хорын хохирлыг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

 

         Мөн уг орон сууцанд хариуцагч 16 жил амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх шалтгаан баримтаар тогтоогдоогүй бөгөөд 1998 оноос хойш Монгол Улсад оршин суугаагүй талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч хэдийгээр дээрх хугацаанд өөрийн эх орондоо оршин суугаагүй гэх боловч өөрийн эд хөрөнгөтэй холбоотой эрхээ бусдад итгэмжлэл олгох замаар хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой ба хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журмыг өөрчлөх, хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй байна.

 

       Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна”, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” байхаар хуульд заасан бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул хариуцагч Л.Ут холбогдох гэм хорын хохиролд 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ш.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг нотлох баримтыг өөрөө  цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд  уг үүргээ хэрэгжүүлээгүй, биелүүлээгүй болно. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118  дах хэсэгт заасныг удирдлага болгон

                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.4, 497 дугаар зүйлийн 497.1, дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Уээс гэм хорын хохиролд 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Цын нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

   

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ

 

                             ШҮҮГЧИД                                    Б.МӨНХЖАРГАЛ

 

      Ц. УРАНГУА