Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/00349

 

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/00349

 

ГК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03612 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ГК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л ХХК, Ж.Г нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт, гэрээ цуцласнаас учирсан хохиролд 89 528 352 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батгарьд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Янжинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 Нэхэмжлэгч ГК ББСБ ХХК-ийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л ХХК-ийг төлөөлж менежер Т.Т, Ж.Г нар нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 55 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй, үүргийн гүйцэтгэлд Л ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, Бага тойруу 43-83 тоот хаягт байрлалтай 192 м.кв талбайтай, 1 өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Улмаар 2018 оны 05 сарын 11-ний өдөр 44 000 000 төгрөгийг зээлдэгч Т.Тодбилэг өөрийн Голомт банкны харилцах дансаар, мөн өдөртөө 6 000 000 төгрөг, үлдэгдэл 5 000 000 төгрөгийг 2018 оны 05 сарын 14-ний өдөр зээлдэгч Т.Т бэлнээр авсан. Зээлдэгч нар нь зээл авсан өдрөөс хойш 2018 оны 06 сарын 11-ний өдөр 2 242 192 төгрөг, 2019 оны 03 сарын 12-ны өдөр 3 000 000 төгрөг төлсөн. Зээлдэгчдийн хүсэлтээр 2019 оны 04 сарын сүүлчийн өдөр, 2019 оны 08 сарын сүүлчийн өдөр хүртэл хугацаа өгсөн боловч зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тул гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 54 980 274 төгрөг, зээлийн хүү 33 897 114 нэмэгдүүлсэн хүү 640 964 төгрөг, нотариатын төлбөр 10 000 төгрөг, нийт 89 528 352 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л ХХК-ийн шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбарт: Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 05 сарын 11-ний өдөр дуусгавар болно. Зээлдэгч Ж.Г тус зээлийг бүхэлд нь авч,н амины орон сууцандаа зарцуулсан тухай тайлбарсан. Ж.Г зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү бүгдийг нь хариуцна гэдгээ бичгээр баталж илэрхийлсэн. Манай компани энэ зээлээс нэг ч төгрөг хэрэглээгүй.  Зээлдүүлэгч нь зээлдэгч Ж.Г-ийн эзэмшлийн газар эзэмших эрх, түүн дээр баригдсан барилгыг барьцаанд авах тухай хүсэлтийг хангахгүй байгаа нь үндэслэлгүй.  Барьцааны гэрээнд зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиолдолд, шүүхийн бус журмаар дуудлага худалдаанд оруулна гэж заасан. Энэ утгаараа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь харьяаллын бус, өөрөөр хэлбэл, шүүхийн харьяаллын бус шаардлага. Иймд компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Г шүүхэд гаргасан тайлбарт: ГК ББСБ ХХК-аас 55 000 000 төгрөгийн зээл авч, одоо хүүгийн хамт 85 000 000 төгрөг төлөх нь үнэн боловч энэ төлбөрийг төлж барагдуулах хугацаа болоогүй, гэрээний хугацаа 2020 оны 05 сард дуусна. Уг зээлийг амины орон сууцны барилгын материалд бүрэн зарцуулсан нь үнэн тул төлбөрийг зөвхөн би төлж барагдуулна. Л ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Гэрээний хугацаа дуусаагүй буюу үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болоогүй, гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Л ХХК нь Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тул барьцааны гэрээнд зааснаар барьцааны зүйлээр шаардлага хангуулах бол Сүхбаатар дүүргийн шүүхэд хандах нь зүйтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Л ХХК, Ж.Г нараас зээлийн гэрээний үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 88 614 383.40 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ГК ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 913 968.60 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Л ХХК, Ж.Г нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11 хороолол, /14191/ Бага тойруу, 43 байрны 83 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y-2203022908 дугаарт бүртгэгдсэн 192 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 745 992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК, Ж.Г нараас 601 022 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 100200300941 тоот данснаас 70 200 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Л ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх процессын хуулийн болон материаллаг хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, тус зээлийг эргэн төлөх хугацаа нь 2020 оны 05 сарын 11-ний өдөр байхад гэрээг нэг тал дангаар цуцалсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч нарт гэрээг цуцлах мэдэгдэл өгөөгүй. Зээлийн болон барьцааны гэрээг цуцлах мэдэгдэл бүртгэлгүй тухай улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтыг шүүх үнэлээгүй. Хүчин төгөлдөр барьцааны гэрээнд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиолдолд, шүүхийн бус журмаар дуудлага худалдаанд оруулна гэж заасан. Шүүхийн бус харъяаллын шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ нэг талыг барьсан, хугацаа нь дуусаагүй гэрээний үүргийг биелүүл гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэв Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар гэрээг цуцлах, түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар шаардах тухай мэдэгдлүүдээ хуульд заасан журмаар бүртгүүлсэн бол гэрээ зохих ёсоор цуцлагдсанд тооцогдох байсан. Гэхдээ ийнхүү шүүхийн бус журмаар хангуулахын тулд, зээлийн болон барьцааны гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон байх ёстой. ГК ББСБ ХХК нь гэрээний бүхий л хугацаанд, түүнчлэн гэрээ цуцлагдсаны дараа ч хүү болон нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар гаргуулан авч эрх ашиг нь дээд зэргээр хамгаалагддаг тухай дүгнэлт өгөөгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч ГК ББСБ ХХК нь хариуцагч Л ХХК, Ж.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт, гэрээ цуцласнаас учирсан хохиролд 89 528 352 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар Гэрээний хугацаа дуусаагүй,шүүхээс урьдчилан шийдвэрлэх журамтай гэж маргажээ.

Хариуцагч Л ХХК, Ж.Г нар нэхэмжлэгч ГК ББСБ ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 55 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэхээр, үүргийн гүйцэтгэлд хариуцагч Л ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол, 43 дугаар байрны 83 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай 192 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалахаар тус тус тохиролцсон байна. /хх 23-29, 39/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Хариуцагч Л ХХК-аас дээрх зээлийн гэрээний зээлдэгчээр Т.Тодбилэг компанийг төлөөлөн гарын үсэг зурах зөвшөөрөл олгосон, нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 44 000 000 төгрөгийг дансаар, 6 000 000 төгрөгийг мөн дансаар, мөн оны 05 дугаар сарын 14-ний өдөр 5 000 000 төгрөгийг бэлнээр тус тус хариуцагч Л ХХК-ний төлөөлөгч Т.Тодбилэгт хүлээлгэн өгсөн, хариуцагчаас 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2 242 192 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 5 242 192 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 31-33/ Зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.1.1-д зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээл, хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу удаа дараа төлөөгүй тохиолдолд ББСБ өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар зохицуулсан. Хэргийн 26 дугаар талд авагдсан зээл буцаан төлөх хуваариас үзэхэд зээлдэгч нар гэрээгээр тогтоосон хугацааг удаа дараа зөрчиж төлбөрөө төлөөгүй байна. /хх 26, 34-36/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх юм.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт заасан үүргийн ялимгүй зөрчилд удаа дараагийн хугацаа хэтрүүлсэн зөрчил хамаарахгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Хэргийн 34-36 дугаар талд авагдсан баримт, төлбөр төлсөн байдал, төлбөрийн хуваарь зэргийг харьцуулан үзвэл нэг талын санаачилгаар гэрээг цуцласныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. /хх-34-36 тал /

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах, мөн цуцлагдах хүртэл хугацааны гэрээний үүргийг мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид нотариатын зардал буюу хохирол учирсан байх тул 10 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зөв.

Нэхэмжлэлээс 913 968 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцсэн байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт энэ хуулиар нарийвчлан зохицуулаагүй бол Иргэний хуулийн ерөнхий журам үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцаа /цаашид барьцаа гэх/-ны гэрээнд үйлчилнэ.

Талууд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ. Барьцааны гэрээнд улсын бүртгэгчийн тэмдэг дарагдсан. /хх 27-29/ Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар талууд барьцааны зүйлийг шүүхээс гадуур, мөн шүүхийн журмаар худалдаж болохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн.

Хариуцагчийн хувьд шүүхийн шийдвэрийн дагуу барьцааны зүйлийг гэрээнд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дуудлага худалдаанд оруулахаас өмнө сайн дураараа худалдан борлуулах ажиллагаа хийхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л ХХК Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 1-23 тоот хаягт албан ёсны бүртгэлтэй байх тул шүүхийн харъяалал зөрчөөгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна. /хх11, 46/

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03612 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 675 792 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ш.ОЮУНХАНД