Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 3612

 

 

 

 

                            2019 оны 12 сарын 18 өдөр

 Дугаар 101/ШШ2019/03612

 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  “Г ББСБ” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Л” ХХК /РД:*******/

 

Хариуцагч:  Р овогт Ж. Г /РД:/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 89,528,352 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Х нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Г ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г ББСБ”ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №1/450 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ аван иргэд болон аж ахуйн нэгжид үл хөдлөх хөрөнгө ба хөдлөх хөрөнгө барьцаалан зээлийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж. “Л”ХХК-ийг төлөөлж менежер албан тушаалтай Хаадай овогт Тугбадрахын Тодбилэг (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ), Ж.Г нар нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн хүсэлт гаргасныг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр манай байгууллага 55,000,000 /Тавин таван сая/ төгрөгийг 24 /Хорин дөрвөн/ сарын хугацаатай 4 /Дөрөв/ хувийн хүүтэйгээр Л ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан ЗГ1805/20 тоот Зээлийн гэрээ, ҮБГ 1805/20 тоот Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг хамтран байгуулж №1177821 тоот Барьцаалбар үйлдэн нотариатаар баталгаажуулан, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн зориулалттай зээл авсан. Тухайн.үед зээлийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 44,000,000 /Дөчин дөрвөн сая/ төгрөгийг зээлдэгч Т.Т өөрийн Голомт банкны харилцах дансаар, мөн өдөртөө 6,000,000 /Зургаан сая/ төгрөгийг зээлдэгч Т.Т бэлнээр авсан ба зээлийн үлдэгдэл болох 5,000,000 /Таван сая/ төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгч Т.Т бэлнээр авсан болно. Гэвч зээлдэгч нар нь зээл авсан өдрөөс хойш 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2,242,192 /Хоёр сая хоёр зуун дөчин хоёр мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 /Гурван сая/ төгрөгийг л тус тус төлснөөс өөр зээлийн төлбөр төлөөгүй ба манай байгууллагаас холбогдох шаардлагуудыг бичгээр болон утсаар, гэрт нь очиж уулзаж амаар өгч байсан боловч зээлдэгч нар өнөөдрийг хүрч нэмж ямар нэгэн төлбөр төлөөгүй байна. Иймд ЗГ1805/20 тоот зээлийн гэрээний Хавсралт №1-д заасан зээл, түүний хүүг буцааж төлөх хуваарийг удаа дараа ноцтойгоор зөрчиж байсан тул гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, зээлдэгч нарын хүсэлтээр 2019 оны 4 дүгээр сарын сүүлчийн өдөр, 2019 оны 8 дугаар сарын сүүлчийн өдөр хүртэл тус тус хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, зээлийн гэрээг ноцтой зөрчиж байгаа учир Иргэний хуулийн 225 дугаар зүйл, мөн хамтран байгуулсан ЗГ1805/20 тоот зээлийн гэрээний 4.1.1-д заасан үндэслэлээр манай байгууллагын зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 11-р сарын 01-ний өдрийн байдлаар манай байгууллагаас олгосон үндсэн зээлийн үлдэгдэл 54,980,274 /Тавин дөрвөн сая есөн зуун наян мянга хоёр зуун далан дөрөв/ төгрөг, үндсэн зээлийн хүү 33,897,114 /Гучин гурван сая найман зуун ерэн долоон мянга нэг зуун арван дөрөв/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 640,964 /Зургаан зуун дөчин мянга есөн зуун жаран дөрөв/ төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйл 227.3-д заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал буюу шүүхэд холбогдох материалуудыг гэрчлүүлсэн нотариатын төлбөр болох 10,000 /Арван мянга/ төгрөг, нийт 89,528,352 /Наян есөн сая таван зуун хорин найман мянга гурван зуун тавин хоёр/ төгрөг байна. Иймд зээлдэгч Л ХХК, Ж.Г нартай байгуулсан ЗГ1805/20 тоот Зээлийн гэрээг цуцалж байгаа тул үлдсэн зээлийн үлдэгдэл, үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 89,528,352 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулан манай байгууллагад олгож өгнө үү. Мөн хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ЗГ1805/20 тоот зээлийн гэрээний баталгаа болгон зээлийн барьцаанд бариулсан барьцаа хөрөнгө болох Л ХХК-ний өмчлөлийн Улсын бүртгэлийн  дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 192 M2 талбайтай, 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн журмаар албадан борлуулж үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардлыг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Хариуцагч Л ХХК, Ж.Г нараас шүүхийн тэмдэгтийн хураамжийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлтэй. Зээлийн үйлчилгээ үзүүлдэг. Л ХХК, Ж.Г нар зээлийн хүсэлт гаргаснаар 55 саяыг сарын 4 хувийн хүүтэйгээр 24 сараар зээлүүлсэн. Улмаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Улмаар барьцаалбар үйлдэж бүртгэлийн газар бүртгүүлсэн. 44 саяыг дансаар 6 сая болон 5 саяыг тус тус бэлнээр авсан. Зээлдэгч нь 2,242,192 төгрөг болон 3 сая төгрөгийг тус тус төлж өөр төлбөр хийгдээгүй. Иймд зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийг зөрчсөн тул сануулж бодит боломж олгосон. Хугацаа өгсөн боловч энэ хугацаанд зээлийг төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 225-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй. Үндсэн зээл 54 980 274 төгрөг, хүү 33 897 114 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 640 964 төгрөг, Иргэний хуулийн 227.3 -д заасан нотариатын зардал 10 000 төгрөг, нийт 89 528 352 төгрөг гаргуулна. Иймд хариуцагч нараас уг мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Гэрээний хугацаа дуусаагүй боловч үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээг цуцалж байгаа юм. 2 удаа төлбөр хийсэн, өөр төлбөр хийгээгүй. Л ХХК нь Баянзүрх дүүрэгт оршин байдаг гэв.

 

Хариуцагч Л ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Г ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Г ба Л ХХК-д холбогдох иргэний хэрэгт Л ХХК-иар 89 528 352 төгрөг төлүүлэх, тус компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:

  1. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, тус зээлийг эргэн төлөх хугацаа нь 2020 оны 5-р сарын 11-ний өдөр байгаа. Энэ гэрээ эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй, өнөөдрийг хүртэл тус бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байгаа.
  2. Зээлдэгч Ж.Г хариу тайлбартаа тус зээлийг бүхэлд нь авч, өөрийн амины орон сууцанд бүгдийг нь зарцуулсан тухай бичгээр тайлбар өгсөн байна. Зээлдэгч Ж.Г зээлийн үндсэн өр болон хүү, нэмэгдүүлсэн хүү бүгдийг нь хариуцна гэдгээ бичгээр баталж илэрхийлсэн. Манай компани энэ зээлээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй, түүнээс гадна, яг ямар үндэслэлээр хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.
  3. Зээлдүүлэгч нь зээлдэгч Ж.Г-н эзэмшлийн газар эзэмших эрх, түүн дээр баригдсан барилгыг барьцаанд авах тухай хүсэлтийг хангахгүй байгаа нь үндэслэлгүй байгаа.
  4. Барьцааны гэрээнд зааснаар бол, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиолдолд, шүүхийн бус журмаар дуудлага худалдаанд оруулна гэж заасан, гэхдээ ийнхүү хангуулахын тулд, зээлийн болон барьцааны гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон байх ёстой. Энэ утгаараа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь харьяаллын бус, өөрөөр хэлбэл, шүүхийн харьяаллын бус шаардлага байна.

Манай компанид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Л ХХК-ний өмгөөлөгч Б.Я нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын тайлбарыг танилцсан. 2 жилээр зээл олгосон, бүртгэлд бүртгэгдсэн. Үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах шаардлагын барьцааны гэрээг үзвэл талууд шүүхэд хандахгүйгээр барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тохирсон. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг харвал 41-47 дугаар зүйлийг үзвэл барьцаалагч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй л байдаг. Зээлийг эргэн төлөх хуваарийг тохирсон. Үүргийг гүйцэтгэх эцсийн хугацаа нь 2020 оны 5 сард байгаа. Хариуцагч Ж.Г нь хугацаандаа зээлээ төлнө гээд байдаг. Энэ хугацаан дахь хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч нь авах тул ямар нэг хохирол байхгүй. Гэрээ нь албан ёсоор цуцлагдаагүй, улсын бүртгэлд бүртгэлтэй гэж хариуцагч нарын тайлбар нь 43-д барьцааны зүйлийг шүүхийн болон гадуур худалдана гэсэн. Гэрээнд барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар худалдахаар тохирсон. Хуулийн 44-т хэрхэн худалдахыг заасан. Шүүхээс гадуур барьцааны зүйлийг худалдах талаар мэдэгдэл бүртгэлд бүртгэгдээгүй байгаа юм. Гэрээний хугацаа дуусаагүй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэдэг нь эргэлзээтэй юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль нь илүү нарийвчилсан зохицуулалттай юм. Гэрээний хугацааг гүйцээвэл яасан юм бэ. Иймд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь шүүхийн харьяаллын бус шаардлага байна. Хариуцагч Г нь зээлийг авч ашигласан талаар тайлбарласан. Эхний шаардлагын талаар маргаагүй. Иргэний хуулийн 225-д зааснаар гэрээг цуцалсан гэж байна. Хариуцагч нар хэн аль нь гэрээг цуцлах мэдэгдлийг хүлээж аваагүй байна. Гэрээний хугацаа дууссаны дараа төлбөрийг нэхэх боломжтой байна гэв.

 

Хариуцагч Ж.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г нь Г ББСБ-аас 55 сая төгрөгийг зээл авч, одоо хүүгийн хамт 85 сая төгрөг болоод байгаа нь үнэн боловч энэ төлбөрийг төлж барагдуулах эцсийн хугацаа болоогүй, дахиад хагас жил дутуу байгаа буюу гэрээний хугацаа 2020 оны 5-р сард дуусна. Тэр болтол надад хугацаа байгаа тул би энэ төлбөрийг төлөх зорилгоор олон ажил хөөцөлдөж хичээсээр байна. Би авсан зээлээ ХУД-ийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа амины орон сууцны барилгын материалд бүрэн зарцуулсан нь үнэн тул төлбөрийг зөвхөн би төлж барагдуулах юм. Энэ үндэслэлээр Л компанид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нөгөө талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй байх дараах үндэслэл байна гэж үзэж байна. Үүнд:

1. Гэрээний хугацаа дуусаагүй буюу үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болоогүй байхад нэхэмжлэгч нь шүүхээр явах хугацааг тооцож угтуулж нэхэмжлэл гаргасан гэж ойлгогдож байна. Гэрээний дагуу шаардлага хангуулахаар дараа нь гэрээний хугацаа дуусаж, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсний дараа ч шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэгч хохирохгүй, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөө бүгдийг гаргуулаад л авах хуулийн зохицуулалттай биз дээ. Гэрээгээр хугацаа яах гэж тохирдог юм бэ? Хугацаа бол зээлийн гэрээний гол нөхцөл гэж би ойлгодог. Нэхэмжлэгч өөрөө хугацаагаа зөрчиж байгаа нь нэхэмжлэл гаргах үндэслэл болохгүй, гэрээ хүчин төгөлдөр хэвээр улсын бүртгэлд байгаа.

2. Барьцааны гэрээнд зааснаар барьцааны зүйлээр шаардлага хангуулах бол шүүхийн бус журмаар шийдвэрлэнэ гэж заасан. Ийм харьяаллын бус маргааныг шүүх хүлээн авахаас татгалзах ёстой.

3. За шүүх хүлээж аваад шийддэг юм аа гэхэд Баянзүрх дүүргийн шүүх нь мөн л харьяаллын бус байгаа юм. Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгөөр барьцааны шаардлага хангуулна гэж байгаа тохиолдолд Сүхбаатар дүүргийн шүүхэд хандах ёстой байсан. Учир нь ИХШХШТХ-ийн 14 дүгээр зүйл. Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах, 14.1 Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. Гэтэл шүүхийн онцгой харьяаллыг тодорхойлсон байна. 16 дугаар зүйл Шүүхийн онцгой харьяалал. 16.1. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана. 14.2. Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана. /хариуцагч Л компани нь Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гэжээ.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Г ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэг, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 89,528,352 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

           

Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага болон хариуцагч Л ХХК нь Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тул шүүхийн харьяалал зөрчсөн гэж маргаж байна.

            Шүүх хуралдааны товыг хариуцагч Ж.Гд нэхэмжлэлийн хувийг гардуулахад тодорхойлсон хаягаар, хариуцагч Л ХХК-ний төлөөлөгч Т.Т-т мэдэгдэх хуудсаар гарын үсэг зуруулж мэдэгдсэн. Гэвч хариуцагч Ж.Г, хариуцагч Л ХХК-ний төлөөлөгч Т.Т нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагч Л ХХК-ний өмгөөлөгчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

Зохигчид 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1805/20 дугаар зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан байна. /хэргийн 23-29 дүгээр тал/ Зээлийн гэрээгээр 55,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар зээлдүүлж, зээлэхээр тохиролцжээ.

            Энэхүү зээлийн гэрээний дагуу 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 44,000,000 төгрөгийг дансаар, 6,000,000 төгрөгийг бэлнээр, мөн оны 05 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр тус тус хариуцагч Л ХХК-ний төлөөлөгч Т.Т-т олгосон байна. /хэргийн 31-33 дугаар тал/

            Ийнхүү зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Л ХХК-ний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалахыг Т.Т-т тус хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4 дүгээр шийдвэрээр зөвшөөрсөн байна. /хэргийн 39, 11-16 дугаар тал/

            Дээрх үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй.

            Хариуцагч нар нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь шүүхийн харьяалал зөрчсөн гэж маргаж байна. Эрх бүхий этгээдээс олгосон зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь шүүхийн онцгой харьяалалд хамаарахгүй тул хариуцагч нарын дээрх тайлбар үндэслэлгүй.

            Мөн хариуцагч нар нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаггүй тул шүүхийн харьяалал зөрчигдсөн гэж маргасан. Гэвч хэргийн 11 болон 46 дугаар талд байх хариуцагч Л ХХК-ний улсын бүртгэлийн ,,,,,, дүгээр гэрчилгээний хуулбараар уг хуулийн этгээд нь Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй байх бөгөөд улсын бүртгэл үнэн зөв байх зарчимтай. Түүнчлэн хариуцагч нар нь Л ХХК нь Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа гэж тайлбарлаж байх боловч өөрийн тайлбарыг нотлоогүй ба дээрх ,,,,,,, дүгээр гэрчилгээний хуулбарт энэ талаар тэмдэглэгдээгүй байна. Үүнээс гадна хариуцагч Л ХХК-ний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд “Бид улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасан байгаа” гэх тайлбараас үзэхэд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

           

Зохигчид зээлийн гэрээний хавсралтаар зээлийг буцаан төлөх хуваарийг тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2,242,192 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 5,242,192 төгрөг төлсөн гэж тайлбарласан бол хариуцагч нар үүнээс илүү төлбөр төлсөн эсэх талаар маргаагүй. Улмаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, нэмэлт хугацаа тогтоож байсан болох нь хэргийн 34-36 талд байгаа баримтаар тогтоогдсон. Хэдийгээр хариуцагч Л ХХК-ний өмгөөлөгч нь уг мэдэгдлийн хүлээн аваагүй гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч талаас боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэж үзэхээр байх тул дээрх тайлбар үндэслэлгүй. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид нэг талын санаачлагаар зээлийн гэрээг цуцлах эрх үүссэн байна.

            Улмаар дээрхээс хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээсэн байх тул гэрээний үргэлжилсэн хугацаанд ногдох хүүг тооцвол:

            Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул зээлийн гэрээ 17 сар, 20 хоног үргэлжилж, хэрэгжсэн. Зээлийн гэрээгээр сарын хүүг 4 хувь гэж тохиролцсон байх тул 1 сард 2,200,000 /55,000,000*4%/ төгрөг, 17 сард 37,400,000 төгрөгний хүү тооцогдоно. Харин 1 жилд 26,400,000 төгрөгний хүү тооцогдох тул Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачилал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын тухай журмын 2.2-т зааснаар 1 хоногт 72,328.77 төгрөг, 20 хоногт 1,446,575.40 төгрөгний хүү тооцогдоно. Үүнийг нэгтгэн тооцвол хариуцагч нар нь гэрээний хугацаанд үндсэн зээлд 55,000,000 төгрөг, хүүнд 38,846,575.40 төгрөг, нийт 93,846,575.40 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

            Харин нэхэмжлэгч нь нэг талын санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй юм. Иймд нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

           

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 10,000 төгрөг шаардсан. Хэргийн 38 дугаар тал байх үйлчилгээний хөлс төлсөн баримтын огноо нь нэхэмжлэлийн үндэслэл болох зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлсэн огноотой тохирч байна. Иймд дээрх 10,000 төгрөгний үйлчилгээний хөлсийг шүүхэд нэхэмжлэл гаргахад бүрдүүлсэн баримттай холбоотойгоор гарсан зардал гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх үүрэгтэй. Улмаар хариуцагч нар нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэмэлт зардал буюу хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар 10,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс гарсан зардал дээр нэмж тооцвол нийт 93,856,575.40 төгрөг ба үүнээс төлсөн 5,242,192 төгрөгийг хасвал 88,614.383.40 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 913,968.60 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болжээ. Мөн өдөр ,,,,, дүгээр барьцаалбар үйлдсэн байна. Энэхүү барьцааны гэрээний зүйл нь СБД, 8-р хороо, байрлах, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн 192 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байна. /хэргийн 27-29 дүгээр тал/ Энэхүү эд хөрөнгө нь хариуцагч Л ХХК-ний өмчлөлд бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000216945 дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 22 дугаар тал/ Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч нь 675,792 /605,592+70,200/ төгрөг төлөхөөс 745,992 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар буцаан олгосон болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Л ХХК, Ж.Г нараас зээлийн гэрээний үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 88,614,383.40 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 913,968.60 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Л ХХК, Ж.Г нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11 хороолол, /14191/ Бага тойруу, 43 байрны 83 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y-2203022908 дугаарт бүртгэгдсэн 192 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 745,992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК, Ж.Г нараас 601,022 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 100200300941 тоот данснаас 70,200 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД