Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 284

 

МАГАДЛАЛ

2020.02.03                                                 Дугаар                                          Улаанбаатар хот

Б.Гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02795 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Гатжаргал, Ц.Ц нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 45 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагч Ц.Цгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Энхтунгалаг         

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга       ....                нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:  Ц.Ц, Б.Гатжаргал нарт 2019 оны 1 сарын 5-ны өдөр 50 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд 11-11 БУЛ улсын дугаартай 2011 оны Тоёота Ланд Крузер-200 маркийн автомашиныг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 4 сарын 5-ны өдөр дууссан боловч хариуцагч нар зээлийн төлбөрөөс үндсэн зээл болон хүүнд 35 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 35 000 000 төгрөг, алданги 10 500 000 төгрөг, нийт 45 500 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар хариуцагч Ц.Цгийн гаргасан тайлбараас зөрүүтэй байгааг гайхаж байна. Ц.Ц нь мөнгө аваагүй гэж маргаагүй байхад мөнгийг шилжүүлээгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэсэн агуулгаар тайлбар гаргаж байгаа нь ёс зүйд нь нийцэхгүй. Ц.Ц нь бичгээр гаргасан хариу тайлбартаа Ч.Батжаргалтай хамтарч барилгын материал оруулж ирэхээр тохиролцож мөнгө зээлсэн, гэрээ байгуулахад байсан гэж тайлбарласан гэжээ.

Хариуцагч Б.Гатжаргал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Ц мөнгө хэрэгтэй байна, миний таньдаг барилгын компанид урдаас барилгын материал нийлүүлж, хэдэн төгрөгний ашиг гарах ажил байна гэсэн санал тавиад мөнгө олоод өг гэсэн. Тэгээд миний бие Б.Гтэй ярьж 50 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр болж Ц.Цд хэлэхэд тэгье гээд нотариат дээр очиж зээлийн гэрээ хийж, Ц.Цгийн машиныг барьцаалж зээл авсан. Мөнгө миний данс руу орсон бөгөөд уг мөнгийг тухайн үед Ц.Ц нь өөрийнхөө дансруу биш өөр хүний дансруу авсан. Урагшаа барилгын материал авахдаа Цэцгээ явсан, би ирэхэд нь ачааг нь хүлээж авсан. Би тэр компанийг нь мэдэхгүй Цэцгээ л сайн таньдаг юм. Ингээд миний дансруу 35 000 000 төгрөг орсныг би Б.Гэд шилжүүлсэн. Ц.Цтэй хэдхэн хоногийн өмнө уулзахад түр хүлээлгэж байгаач 35 000 000 төгрөгийг өгөөд эвлэрье гэж ярьж байсан. Миний хувьд мөнгийг нь Ц.Цгээс аваад төлнө гэсэн бодолтой байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

            Хариуцагч Ц.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Гатжаргал бид хоёр мөнгө олох талаар ярилцаж байтал миний харилцагч байгууллага надад санал тавьж барилгын материал оруулж өгөөч гэсэн. Би уг саналыг Б.Гатжаргалд хэлэхэд хүргэн болох Гансүхээс мөнгө зээлнэ гэсэн. Хэд хоногийн дараа Б.Гээс 50 000 000 төгрөг зээлэх болсон гэж Б.Гатжаргал намайг нотариат дээр дуудаж мөнгө зээлсэн гэрээ хийнэ гэсэн. Би гэрээг үзэж 10% өндөр байна гэтэл хүргэнтэй дараа нь хүүг нь ярьж болно зүгээр гэж хэлээд машины гэрчилгээгээ аваад ир барьцаа биш зүгээр л ард нь хэвлүүлээд болоо гэж хэлээд миний машины гэрчилгээг авсан. Тэр мөнгө нь миний дансаар ороогүй Батжаргалын дансанд орж, орсон мөнгөөр нь барилгын материал Хятад улсаас авч нийт 70 000 000 төгрөгийн бараа материалыг Мотивац ХХК-д 2019 оны 1 сарын 16-нд хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш Мотивац ХХК-иас Батжаргалын дансанд 35 000 000 төгрөг нь шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл 35 000 000 төгрөгийг удаа дараа нэхэж төлбөрөө барагдуулахыг шаардаж байгаа. Мөн үлдсэн 35 000 000 төгрөгийг 12 сард өгч дуусгана гэсэн бөгөөд энэ бүх болсон явдлыг мэдсээр байж намайг шүүхэд өгсөнд гомдолтой байна. Иймд уг иргэний хэргийн хариуцагчаас намайг хасаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартай: Ц.Ц нь Б.Гатжаргал, Б.Гтэй зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлсэн бөгөөд зээлсэн мөнгийг Б.Гатжаргал захиран зарцуулсан гэх тайлбар өгдөг. Тиймээс зээлийн гэрээг надтай хийгдээгүй гэж тайлбарладаг. Б.Гатжаргал хувийн зүгээс мөнгө өгч бараа захиж явуулж байсан. Б.Г мөнгө өгнө гэж зээлийн гэрээ хийсэн боловч надад бэлнээр эсхүл миний дансанд мөнгө хийгээгүй. Хэрэв хийсэн бол магадгүй өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө барьцаалж барьцааны гэрээ хийх байсан. Нэгэнт зээлийн гэрээ хийгдээгүй байхад миний өмчөөр барьцааны гэрээ хийгдээгүй гэж үзэж байна. Харин Б.Г, Б.Гатжаргал нар нь хамаатан садны хүмүүс учир хоорондоо ярилцаж тохиролцоод миний автомашиныг минь барьцаанд тавьсан. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.Гатжаргалтай би бизнес хийж, өгч авалцдагаа үгүйсгэхгүй. Харин би Б.Гтэй ямар нэг харилцаанд ороогүй. Өнөөдрийг хүртэл надад бэлнээр болон дансаар ямар нэгэн мөнгө өгөөгүй учир барьцаалбар хийгдээгүй байна. Хэрэв надад мөнгө өгсөн бол би зөвшөөрөх байсан. Энэ 2 хүмүүс хоорондоо ярилцаад яваад байдаг гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Гатжаргал, Ц.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 39 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гэд олгож, илүү нэхэмжилсэн 6 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Гатжаргал, Ц.Ц нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Ц.Цгийн өмчлөлийн 11-11 БУЛ улсын дугаартай, Тоёота Ланд крузер маркийн автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 455 650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Гатжаргал, Ц.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 352 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гэд олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02795 дугаартай шийдвэрийг хариуцагч Цэцэгээ би хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Учир нь шүүх хуулийг буруу тайлбарласан. Үүнд: шүүх хэргийг шийдвэрлэхдээ, хоёр хариуцагчтай хэрэгт хэнээс хэдэн төгрөг ямар үндэслэлээр гаргуулахыг огт заагаагүй, мөн нэхэмжлэлийн шаардлага ч тодорхой бус байдаг нэхэмжлэлд хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа нэхэмжлэгч өөрөө тодорхойлоогүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4, 118.5 дахь заалтууд, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэгчид ашигтай талыг харсан бөгөөд талуудын эрх тэгш байдлыг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг зөрчсөн байдаг учир нь энэ хэрэгт хариуцагч Ц.Ц би нэхэмжлэгч Б.Гээс огт мөнгө аваагүй, харин хариуцагч Б.Гатжаргалын өгсөн мөнгөөр нь өөрийнх нь захисан барааг аваад “Мотивац” ХХК-д өөрийнх нь хүсэлтээр хүлээлгэн өгсөн, Б.Гатжаргал энэ компаниас 35 000 000 төгрөгөө авсан, надаас биш өөрийнхөө ярилцаж тохироод бараа өгсөн компаниасаа мөн үлдэгдэл мөнгөө ч  авна гэдгээ шүүхэд илэрхийлж хэлсэн байхад шүүх заавал ганцхан надаас гаргуулах гэж, нэхэж байгаа мөнгөнөөс хэд дахин үнэтэй миний өмчлөлийн машиныг битүүмжилсэн. Энэ хэргийн нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б.Гатжаргал нар хүргэн, хадмын харилцаатай хамаатан садан хүмүүс зориуд нийлж миний машиныг авах зорилготой ийм нэхэмжлэл шүүхэд гаргасан нь тодорхой байхад надаас энэ мөнгийг гаргуулах гээд байгаа нь шүүх хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан байдаг. Мөн Б.Гатжаргалаас хэдэн төгрөг, надаас хэдэн төгрөг гаргуулах гээд байгаа нь тодорхой бус байгаа нь хэрвээ Б.Гатжаргал мөнгийг төлөхгүй бол ямарч хариуцлага үүрэхгүй миний машинаар төлүүл гэсэн агуулгатай шийдвэр гаргаж байгаа нь зөвхөн надад бүх хариуцлагыг үүрүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг зөрчсөн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь ....мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг гэснээр нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн гэтэл Цэцгээ би нэхэмжлэгч Гансүхээс өөрийн өмчлөлд огт мөнгө аваагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын мэдүүлгээр нотлогддог. нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлд огт мөнгө аваагүй, зээлийн гэрээ Я.Гансүхтэй хийсэн гэж үзэх үндэслэл байхгүй байхад Иргэний хуулийн 281.1, 282.4 дэх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндсээрээ буруу тул шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Уг шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа боловч өөрийн эдийн засгийн боломжоос шалтгаалан надад төлүүлэхээр гаргасан мөнгөний 5 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс хууль зөрчин гаргасан шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүхэд буцаан хуулийн алдаануудыг засаж, үндэслэлгүйгээр надад оногдуулсан 5 сая төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн зохих зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

            Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Гатжаргал, Ц.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45 500 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч Б.Гатжаргал зээлийн гэрээний төлбөрийг зөвшөөрч, хариуцагч Ц.Ц барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

            Б.Г болон Б.Гатжаргал, Ц.Ц нар нь 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 50 000 000 төгрөгийг  зээлж, зээлийн барьцаанд Ц.Цгийн өмчлөлийн 11-11 БУЛ улсын дугаартай, Тоёота Ланд Крузер маркийн автомашиныг барьцаалсан үйл баримт хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 3 дугаар тал/

Талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт нийцнэ.

Барьцаат зээлийн гэрээний 1-д талууд гэрээний хугацааг 3 сар байхаар, зээлийн үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоногийн 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцжээ. 

            Хариуцагч буюу зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ  хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй, зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах эрхтэй бөгөөд шүүх үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн гэрээний дагуу тохирсон алданги, нийт 39 000 000 төгрөгийг зээлдэгч нараас  гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт нийцсэн болно.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан ба зохигчдын ”50 000 000 төгрөг Б.Гатжаргалын дансанд орж, уг мөнгийг Ц.Ц өөр хүний данс руу шилжүүлж авч барилгын материал авсан” гэх агуулга бүхий тайлбараас үзэхэд зээлдэгч хариуцагч нарын өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

            Хариуцагч Ц.Ц ”миний дансанд мөнгө шилжүүлж өгөөгүй, энэ хэргийн хариуцагч биш байтал мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй” гэх тайлбар, гомдол гаргах боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох талаар зохицуулсан тул зээлдүүлэгч 2 зээлдэгчээс мөнгийг шаардсаныг буруутгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчээс авсан 50 000 000 төгрөгөөр хариуцагч Б.Гатжаргал, Ц.Ц нар Хятад улсаас барилгын материал авч Мотивац ХХК-д 2019 оны 1 сарын 16-нд 70 000 000 төгрөгийн бараа материал хүлээлгэн өгсөн.  Мотивац ХХК-иас Б.Гатжаргалын дансанд 35 000 000 төгрөг шилжүүлсэнийг нэхэмжлэгчид өгсөн, үлдэгдэл 35 000 000 төгрөгийг уг компаниас шаардаж авах зэрэг үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон./хх-19/

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагч Б.Гатжаргал Ц.Ц нар зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлтэй. Иймд хариуцагч Ц.Цгийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Талууд гэрээний 2-т Зээлийн барьцаанд 11-11 БУЛ улсын дугаартай, Тоёота Ланд Крузер 200 маркийн 2011 оны автомашиныг барьцаалж байгаа талаар тохиролцжээ./хх-3/

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасан.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтанд үүргийн гүйцэтгэлийн барьцааны зүйл буюу хөдлөх хөрөнгө болох  Ц.Цгийн өмчлөлийн 11-11 БУЛ улсын дугаартай Тоёота Ланд крузер маркийн автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан нь алдаатай болжээ. Тодруулбал, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага албадан худалдах журмыг зохицуулдаг бол Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй болохыг заасан байхад  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасан нь буруу болно.  

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/02795 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Гатжаргал, Ц.Ц нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйл болох Ц.Цгийн өмчлөлийн 11-11 БУЛ улсын дугаартай, Тоёота Ланд крузер маркийн автомашины үнээс шаардлагаа хангуулах эрхтэйг дурдсугай” гэж  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Ц.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй..

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

                                                                                       Б.НАРМАНДАХ