Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/02795

 

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/02795

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: Г /РД:/-ын нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч:  Б /РД:/, 

 

Хариуцагч: Ц /РД:/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 45 500 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мөнхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, хариуцагч Я.Б, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.Гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г нь Ц.Ц, Я.Б нарт 2019 оны 1 сарын 5-ны өдөр 50 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд Х БУЛ улсын дугаартай 2011 оны Тоёота Ланд Крузер-200 маркийн автомашиныг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 4 сарын 5-ны өдөр дууссан боловч хариуцагч нар зээлийн төлбөрөөс үндсэн зээл болон хүүнд 35 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 35 000 000 төгрөг, алданги 10 500 000 төгрөг, нийт 45 500 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар хариуцагч Ц.Цгийн гаргасан тайлбараас зөрүүтэй байгааг гайхаж байна. Хариуцагч Ц.Ц нь мөнгө аваагүй гэж маргаагүй байхад мөнгийг шилжүүлээгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэсэн агуулгаар тайлбар гаргаж байгаа нь хэр ёс зүйд нь нийцэж байгааг ойлгохгүй байна. Хариуцагч Ц.Ц нь бичгээр гаргасан хариу тайлбартаа Ч.Бтай хамтарч барилгын материал оруулж ирэхээр тохиролцож мөнгө зээлсэн, гэрээ байгуулахад байсан гэж тайлбар гаргасан байдаг гэв.

 

Хариуцагч Я.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Ц мөнгө хэрэгтэй байна. Миний таньдаг барилгын компанид урдаас барилгын материал нийлүүлж, хэдэн төгрөгний ашиг гарах ажил байна гэсэн санал тавиад мөнгө олоод өг гэсэн. Тэгээд миний бие Б.Гтэй ярьж 50 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр болж Ц.Цд хэлэхэд тэгье гээд нотариат дээр очиж зээлийн гэрээ хийж, Ц.Цгийн машиныг барьцаалж зээл авсан. Мөнгө миний данс руу орсон бөгөөд уг мөнгийг тухайн үед Ц.Ц нь өөрийнхөө дансруу биш өөр хүний дансруу авсан. Урагшаа барилгын материал авахдаа Ц явсан, би ирэхэд нь ачааг нь хүлээж авсан. БИ тэр компанийг нь мэдэхгүй Ц л сайн таньдаг юм. Ингээд миний дансруу 35 000 000 төгрөг орсныг би Б.Гэд шилжүүлсэн. Ц.Цтэй хэдхэн хонгийн өмнө уулзахад түр хүлээлгэж байгаач 35 000 000 төгрөгийг өгөөд эвлэрье гэж ярьж байсан. Миний хувьд мөнгийг нь Ц.Цгээс аваад төлнө гэсэн бодолтой байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч Ц.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б бид хоёр мөнгө олор талаар ярилцаж байтал миний харилцагч байгууллага надад санал тавьж барилгын материал оруулж өгөөч гэсэн. Би уг саналыг Бд хэлэхэд хүргэн болох Гээс мөнгө зээлнэ гээд явсан. Хэд хоногийн дараа Гээс 50 000 000 төгрөг зээлэх болсон гэж Б намайг нтоариат дээр дуудаж мөнгө зээлсэн гэрээ хийнэ гэсэн. Би гэрээг үзэж 10% өндөр байна гэтэл хүргэнтэй дараа нь хүүг нь ярьж болно зүгээр гэж хэлээд машины гэрчилгээгээ аваад ир барьцаа биш зүгээр л ард нь хэвлүүлээд болоо гэж хэлээд миний машины гэрчилгээг авсан. Тэр мөнгө нь миний дансаар ороогүй Бын дансанд орж орсон мөнгөөр нь Хятад улсаас М ХХК-д 2019 оны 1 сарын 16-нд нийт 70 000 000 төгрөгийн бараа материал хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш Мотибац ХХК-иас Бын дансанд 35 000 000 төгрөг нь шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл 35 000 000 төгрөгийг удаа дараа нэхэж төлбөрөө барадуулахыг шаардаж байгаа. Мөн үлдсэн 35 000 000 төгрөгийг 12 сард өгч дуусгана гэсэн бөгөөд энэ бүх болсон явдлыг мэдсээр байж намайг шүүхэд өгсөнд гомдолтой байна. Иймд уг иргэний хэргийн хариуцагчаас намайг хасаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартай: Ц нь Б, Гтэй зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлсэн бөгөөд зээлсэн мөнгийг Б захиран зарцуулсан гэх тайлбар өгдөг. Тиймээс зээлийн гэрээг надтай хийгдээгүй гэж тайлбарладаг. Б хувийн зүгээс надад захиж явуулж байсан мөнгө өгч байсан. Б бид хоёрын хооронд үйл ажиллагаа явуулдаг зүйл байгаа. Г мөнгө өгнө гэж зээлийн гэрээ хийсэн боловч надад бэлнээр эсхүл миний дансанд мөнгө хийгээгүй. Хэрэв хийсэн бол магадгүй би өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө барьцаалж барьцааны гэрээ хийгдэх байсан. Гэтэл нэгэнт зээлийн гэрээ хийгдээгүй байхад миний өмчлөлийн барьцаалбар хийгдээгүй зээлийн гэрээн дээр хийж байгаа барьцаалбарыг барьцааны гэрээ хийгдээгүй гэж үзэж байна. Харин Г, Б нар нь хамаатан садны хүмүүс учир хоорондоо ярилцаж тохиролцоод миний автомашиныг минь барьцаанд тавьсан. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний дансаар орсон, надад бэлнээр өгсөн мөнгө огт байхгүй. Бтай би бизнес хийж, өгч авалцдагаа үгүйсгэхгүй. Харин би Гтэй ямар нэг харилцаанд ороогүй. Өнөөдрийг хүртэл надад бэлнээр дансаар ямар нэг мөнгө өгөөгүй учир барьцаалбар хийгдээгүй байна. Хэрэв надад мөнгө өгсөн бол би зөвшөөрөх байсан. Энэ 2 хүмүүс хоорондоо ярилцаад яваад байдаг гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г Я.Б, Ц.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35 000 000 төгрөг, алданги 10 500 000 төгрөг, нийт 45 500 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 39 000 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Талуудын хооронд 2019 оны 1 сарын 05-ны өдөр барьцаат зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр Ц.Ц, Я.Б нар нь 2019 оны 1 сарын 05-ны өдрөөс 2019 оны 4 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаатай 50 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, сар бүр хүүгээ төлөхөөр зээлж, зээлийн гэрээний барьцаанд Ц.Цгийн өмчлөлийн Х БУЛ улсын дугаартай, Тоёота Ланд крузер маркийн автомашиныг барьцаалж, төлбөрөө төлөхгүй 3 сар өнгөрмөгц борлуулж төлбөрөө авч болохоор тохиролцжээ./хх-ийн 3/

Дээрх гэрээний дагуу хариуцагч нар нь үндсэн зээл 50 000 000 төгрөг, үндсэн хүү 15 000 000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2019 оны 4 дугаар сарын 05-ны өдрөөс хойш хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй байх ба хариуцагч Я.Бын дансанд 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн асуудлаар болон зээлийн гэрээний үүрэгт 35 000 000 төгрөгийг төлсөн асуудлаар талууд маргаангүй байна.

Талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээ хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэснээр нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Харин хариуцагч тал зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй, түүнчлэн Ц.Цтэй зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул хариуцах үндэслэлгүй гэж тайлбар гаргасан хэдий ч энэ талаараа хавтаст хэрэгт бичгийн баримтаар нотлоогүй байна.

Тодруулбал, хариуцагч Я.Б, Ц.Ц нар нь хамтарч М ХХК-д барилгын материал нийлүүлэхээр тохиролцож, улмаар барилгын материалыг нийлүүлж, уг компаниас 35 000 000 төгрөг Я.Бын дансанд орж ирснийг хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч нарын нэхэмжлэгчид төлсөн 35 000 000 төгрөгний 15 000 000 төгрөгийг гэрээний үүрэгт төлөх хүүнд тооцож, үлдэх 20 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох үндэслэлтэй.

 

Түүнчлэн талуудын байгуулсан гэрээнд алдангийг хоногт 0,3 хувиар тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн дүнг үндсэн зээлийн үлдэгдэл 30 000 000 төгрөгөөс 30 хувиар тооцох үндэслэлтэй байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн шаардлагаас 39 000 000 төгрөгийг /үндсэн зээл 30 000 000+ алданги 9 000 000/ хангаж, үлдсэн 6 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Ц.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбо 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд шүүх хуралдаанд эзгүйгээр шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь: 

 

 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Б, Ц.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 39 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гэд олгож, илүү нэхэмжилсэн 6 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Б, Ц.Ц нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Ц.Цгийн өмчлөлийн Х БУЛ улсын дугаартай, Тоёота Ланд крузер маркийн автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 455 650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Я.Б, Ц.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжинд 352 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гэд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ