Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00399

 

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00399

 

ӨМ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/02638 дугаар шийдвэртэй, ӨМ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагчНШШГБХЗХТБАА холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч ӨМ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01229 дүгээр шийдвэрээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 162 982 480 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Москвагийн гудамж, 133/4 дүгээр байрны зоорийн давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон үнэлгээчин Вендо ХХК-аас 172 992 378 төгрөгөөр үнэлсний дагуу уг үнэлгээний 70 хувь буюу 121 094 664 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/3761 тоот мэдэгдлийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн 1 м.кв талбайг 750 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөрөнгө үнэлсэн Вендо ХХК нь зах зээлийн жишиг үнэлгээгээр үнэлсэн боловч үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Иймд уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НШШГБХЗХТБАА шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1229 дүгээр шийдвэрээр ӨМ ХХК-аас 163 955 342 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу төлбөр төлөгч ӨМ ХХК-ийн өмчлөлийн Ү-2201033152, Ү-2201033153, Ү-2201033154, Ү-2201033158, Ү-2201033159, Ү-2201033160, Ү-2201033161 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 133/4 дүгээр байрны 1-1, 1-2, 1-3, 1-4, 2-1, 2-2, 2-3 тоотуудад байрлах зоорийн давхрын үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хурааж, үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээч болох Вендо ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээг тогтоолгосон. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул НШШГБХЗХТБАА холбогдох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 133/4 дүгээр байрны зоорийн давхарт байрлах 1-1, 1-2, 1-3, 1-4, 2-1, 2-2, 2-3 тоот хаягт байрлах, зоорийн давхрын үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 172.992.378 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч ӨМ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ӨМ ХХК-аас нөхөн төлүүлэх шүүхийн зардал 300 000 төгрөгийг гаргуулж шинжээч Итгэлт-Эстимэйт ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайвангийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

Шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцээгүй. Албадан дуудлага худалдааны доод үнийг 121 094 664 төгрөгөөр тогтоосноор төлбөр төлж чадахгүй нөхцөл байдал үүсч байна. Нэхэмжлэгчийн зүгээс 1 м.кв талбайг нь 750 000 төгрөгөөр тооцон 162 000 000 төгрөгөөр доод үнийг тогтоох санал гаргасан тохиолдолд төлөх ёстой төлбөрийн хэмжээнээс илүү үнээр зарагдах боломжтой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх зарчим ноцтой зөрчигдөж, "Вендо" ХХК болон "Итгэлт Эстимэйт" ХХК-иудын шинжээчийн дүгнэлт буюу үнэлгээний тайлан ойлгомжгүй, хуульд заасан шаардлага хангаагүй байхад үнэлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамжны 133/4 дүгээр байрны зоорийн давхарт байрлах хөрөнгүүдийг 121 094 664 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх-1-2,128/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01229 дүгээр шийдвэрээр ӨМ ХХК нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 162 982 480 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар ӨМ ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 133/4 дүгээр байрны 1-1, 1-2, 1-3, 1-4, 2-1, 2-2, 2-3 тоотуудад байрлах зоорийн давхрын үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хураасан, үнэлгээний талаар талууд харилцан тохиролцож чадаагүй тул Вендо ХХК-ийг шинжээчээр томилж 172 992 378 төгрөгөөр уг хөрөнгийг үнэлсэн, үнэлгээний 70 хувь буюу 121 094 664 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/3761 тоот мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 1 м.кв-ын үнэлгээг 750 000 төгрөгөөр, хариуцагч 500 000 төгрөгөөр үнэлэх саналыг ирүүлж талууд үнийн талаар харилцан тохиролцож чадаагүй тул үнэлгээчнээр үнийг тогтоолгосныг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч гомдлын үндэслэлээ Вендо ХХК-ийн үнэлгээ ойлгомжгүй, хуульд нийцсэн байх зарчим хангаагүй, 1 м.кв-ыг хэдэн төгрөгөөр үнэлсэн, нийт үнэлгээг хэрхэн гаргасан нь тодорхойгүй Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй гэж тодорхойлсон.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, хөрөнгийн үнэлгээ хийх явц дахь хөрөнгийн үнэлгээний стандарт, дүрэм, журам, норм, нормативыг зөрчсөн аливаа тохиолдлын талаар тэмдэглэсэн байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх талаар зохицуулсан. Мөн үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх/-ийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл, үйлчлүүлэгчийн нэр, хаяг, регистрийн дугаар болон шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл, хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт, хугацаа болон тайлангийн он, сар, өдөр, үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт, өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл, тайлангийн хамрах хүрээ, хязгаарлах нөхцөл, ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал, тогтоосон үнэ цэнэ, стандарт, аргачлалын дагуу хийсэн талаарх үнэлгээчний мэдэгдэл зэргийг тусгахаар заасан. Хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаас үзэхэд дээрх шаардлагыг тусгасан, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан байх тул үнэлгээ хуульд нийцсэн гэж үзнэ. /хх 87-112/

Түүнчлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн 1 м.кв-ыг Вендо ХХК 797 198 төгрөгөөр, Итгэлт эстимэйт ХХК нь 1 м.кв-ыг 756 500 төгрөг тус тус үнэлсэн нь төдийлөн зөрүүгүй, харин ч шийдвэр гүйцэтгэлийн шатанд өндрөөр үнэлжээ. Хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, уг дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцжээ. Мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд нийцсэн.

 

Иймд Шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй, төлөх ёстой төлбөрийн хэмжээнээс илүү үнээр зарагдах боломжтой байсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж залдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/02638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ш.ОЮУНХАНД