Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 285

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00285

 

 

Ц.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02616 дугаар шийдвэртэй Ц.О-гийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан Ц.О-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /13321/, Улаанхуаран гудамж, 25а байрны 3 тоот, 56.39 м.кв талбайтай Ү-2204083568 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцанд төлбөр төлөгч Ц.Огийн өгсөн үнийн саналыг төлбөр төлөгч “Рилайнс” ББСБ, ХХК хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 215 дугаар тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дээр дурдсан хөрөнгийг 74 501 622 төгрөгөөр үнэлсэн. “Сэлэнгэ Эстимэйт” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой гаргаж чадаагүйгээр төлбөр төлөгчийн эрх ашиг хохирч байна.“Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар төлбөр төлөгч Ц.Огийн өмчлөлийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /13321/, Улаанхуаран гудамж, 25а байрны 3 тоот, 56.39 м.кв талбайтай Ү-2204083568 тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2583 дугаар шийдвэрээр Цэрэнжамцын Ононгоос 65 922 946 төгрөгийг гаргуулж Рилайнс ББСБ-д олгох, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204083568 дугаарт бүртгэгдсэн Ц.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 16-р хороо, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж 25а байрны 3 тоотод байрлах 56.39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 19280388 тоот үүсгэх тогтоолоор эхлүүлэн явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Ц.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 16-р хороо, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж 25а байрны 3 тоотод байрлах орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 156/02 тогтоолоор битүүмжилж, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 156/04 тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч өмчлөгч, төлбөр авагч талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч Ц.О өөрийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг 169 170 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Рилайнс ББСБ үл зөвшөөрч хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгон, албадан дуудлага худалдаанд оруулах талаар хүсэлт ирүүлсэн тул 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 215 тоот шинжээч томилох тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход 74 501 622 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад мэдэгдэх хуудсаар танилцуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхнаасаа төлбөр төлөгч Ц.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, уг мэдэгдлийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гардаж авсан энэ нь уг мэдэгдэлд түүний өөрийнх нь гараар бичсэн тэмдэглэгээгээр тогтоогдож байгаа. Гэтэл шүүхэд гомдол гаргахдаа хуульд заасан хугацааг 1 хоногоор хэтрүүлж гаргасан байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж 25а байр, 3 тоотод байрлах, 56.39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч түүний төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ц.Огийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тус дүүргийн шүүх 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаараа хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...хуульд тусгайлан заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн байх тул... гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч төлбөр төлөгч Ц.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөрөнгийн үнэлгээний тайлантай 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр танилцаж, хуульд заасны дагуу 7 хоногийн дотор буюу 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй учир анхан шатны шүүх хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын  маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 215 тоот Шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2583 дугаар захирамжаар Ц.О нь 65 644 759 төгрөгийг  “Рилайнс ББСБ” ХХК-д 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах, хариуцагч нар сайн дураар дурдсан хугацаанд шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж 25а байр, 3 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204083568 дугаартай, 56.39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 19286388 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн үйл баримт хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 19-21 дүгээр тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ц.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж 25а байр, 3 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204083568 дугаартай, 56.39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, битүүмжилж, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэгчийн эдгээр ажиллагаа хүчинтэй байна. /хх-ийн 24-25, 28-29 дүгээр тал/

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцэх ба төлбөр төлөгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг 169 170 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргаснаас үзэхэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэхээр байна. /хх-ийн 27-30 дугаар тал/

Хариуцагч байгууллагаас 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 215 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагчийн дээрх ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. /хх-ийн 31 дүгээр тал/

“Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж 25а байр, 3 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204083568 дугаартай, 56.39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 74 501 622 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 36-55 дугаар тал/

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн  гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч байгууллага эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 07 сарын 10-ны өдөр төлбөр төлөгчид танилцуулж мэдэгдсэн, төлбөр төлөгч үнэлгээний талаарх гомдлоо 2019 оны 07 сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан байгаагаас үзэхэд тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн байна./хх-1-2,58/ Нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

Хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн, төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02616 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                   

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

                

                                      ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                       Б.НАРМАНДАХ