Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/00420

 

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/00420

 

Л.Т-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00068 дугаар шийдвэртэй, Л.Т-н нэхэмжлэлтэй, хариуцагч ХУДНДХ холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8 497 338 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ичинноров, Н.Ганцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Т-ын нэхэмжлэлийн шаардлага, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 29-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байсныг Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 сарын 03-ны өдрийн 0016 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Л.Т-ыг тэтгэврийн байцаагчаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 063 333 төгрөг олгуулахаар өөрчилж шийдвэрлэсэн. Гэтэл ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс Улсын дээд шүүхийн тогтоол гарах хүртэл хугацааны цалингийн зэрэг дэвийн нэмэгдэл 20 хувь буюу 2 289 230 төгрөгийг авах үндэслэлтэй. Мөн 2019 оны 03 сарын 18-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсний дагуу 2019 оны 09 сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын Б/54 дугаар ажилд томилох тухай тушаал гарсан. Иймд миний ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс Улсын дээд шүүхийн тогтоол гарах хүртэл хугацааны мэргэшлийн зэргийн нэмэгдэл 2 289 230 төгрөг, Хяналтын шатны шүүхийн тогтоол гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилох тухай тушаал гарах хүртэл хугацааны цалин 6 208 108 төгрөг, нийт 8 497 338 төгрөгийг ХУДНДХ гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХУДНДХ итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

Нэхэмжлэгчийн шаардаад байгаа зүйл нь хөөн хэлэлцэх хугацаагаар тасалдсан бөгөөд ажилгүй байсан хугацааны олговортой холбоотой асуудлыг шүүх нэгэнт шийдсэн, тэрхүү шийдвэрийг биелүүлсэн байх тул нэхэмжлэгч Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн тогтоол гарсан 2019 оны 03 сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны мэргэшлийн зэргийн нэмэгдэл болох үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх 2 289 230 төгрөгийг ХУДНДХ-даргаас шаардах эрхгүй.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХУДНДХ-ээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 228 729 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Туулд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1 979 379 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Т-ын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу олгох ёстой олговроос дутуу олгосон мэргэшлийн зэргийн нэмэгдэл 2 289 230 төгрөгийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Т-н ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг ХУДНДХ даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 908 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХУДНДХ-ээс улсын тэмдэгтийн хураамжид 65 037 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Т-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Т-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш ажил олгогч нь шүүхийн тогтоолыг биелүүлэхгүй байсаар 2019 оны 09 сарын 10-ны өдөр Нийслэлийн ХУДНДХ даргын Б/54 дугаартай Л.Туулыг ажилд томилох тухай тушаал гарсан боловч ажилгүй байсан хугацааны цалинг гүйцэд олгоогүй буюу 1 482 130 төгрөгийг дутуу тооцоолсон.Учир нь цалин олговор бүтэн тооцогдсон 3 сарын дундаж цалин 814 833 төгрөг байхад 787 166 төгрөгөөр тооцсон.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 4 226 728 төгрөг дээр нэмж 1 482 130 төгрөг гаргуулахаар гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 5 708 858 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх дундаж цалин хөлс тодорхойлохтой холбоотой хуулийн заалт, журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэрийг хэвлэх үед техникийн алдаа гаргасныг залруулан дүгнэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч ХУДНДХ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 497 338 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1-3, 63-65/

Нэхэмжлэгч нь ХУДНДХ-ийн даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/15, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/12 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахаар шаардсаныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0016 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Л.Т-ыг тэтгэврийн байцаагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 063 333 төгрөг олгуулахаар өөрчилж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ./ хх-8-35/

Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ХУДНДХ-н даргын Б/54 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг хуучин эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон, 4 063 333 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлсөн үйл баримтад талууд маргаангүй. /хх-36-37/

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол 2019 оны 03 дугаар сарын 18-нд гарсаар байхад 2019 оны 09 дүгээр сарын 10-нд ажилд авах тушаалыг гаргасан тул уг өдрөөс ажилд эгүүлэн томилох тухай тушаал гарах хүртэлх хугацааны цалин олговорт 6 208 108 төгрөг, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс мөн тогтоол гарах хүртэл хугацааны мэргэшлийн зэргийн нэмэгдэл 2 289 230 төгрөг нийт 8 497 338 төгрөгийг авах ёстой гэж нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ. /хх-30-35/

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгодог. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар зүйлд зааснаар дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох юм.

Хэргийн 58 дугаар талд авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгч буюу ажилтны ажлаас халагдсан 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс өмнөх 4, 5, 6 дугаар сарын цалингийн дунджаар бодож үзэхэд 03 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 4 732 245 төгрөг гарч байна. Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан тооцоолол нь байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан шаардлага хангаагүй байгаа боловч шүүхэд гаргасан бусад баримтаар цалин хөлсний хэмжээг тодорхойлох боломжтой байна. Иймд энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нь ажил гүйцэтгэсний төлөө өгсөн олгож буй цалин хөлс биш, ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой сөрөг үр дагавар арилгахад чиглэсэн нөхөх олговор юм.

Олговор, цалин хөлс нь хоёр өөр ойлголт бөгөөд олговрыг хэм хэмжээ тогтоосон акт буюу Хөдөлмөр, Нийгэм хамгааллын сайдын тушаалын дагуу тооцох юм. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор энэхүү тушаалд заасан. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгох юм. Дээрхээс өөр аргачлалаар мэргэшсэн зэргийн нэмэгдлийг дундаж цалин хөлстэй тэнцэх олговор дээр нэмж олгох эрхийг Хөдөлмөрийн тухай хуулиар олгоогүй. Иймд ажилтан ажилгүй байсан хугацааны мэргэшлийн зэргийн нэмэгдэл 2 289 230 төгрөгийг шаардах эрхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт агуулгын хувьд зөв болжээ.

Харин анхан шатны шүүхийн дундаж цалин хөлс тодорхойлох журмыг буруу тайлбарлан хэрэглэснээс гаргасан тооцооллын алдааг залруулж, дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 732 245 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Анхан шатны шүүхээс мэргэшлийн зэргийн нэмэгдэл 2 289 230 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтыг буруу үнэлж, улмаар хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй юм. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан хэдий ч хэргийн баримтаас үзэхэд дээрх 2 289 230 төгрөгт холбогдох асуудлыг өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн гэх баримтгүй байна.

Өмнө Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн нэхэмжлэл нь ажилгүй байсан хугацааны олговортой холбоотой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 заалтыг нийлүүлж өөрчлөлт оруулах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д зааснаар анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэнэ.

Анхан шатны шүүх хэргийн талаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана. Өөрөөр хэлбэл, маргааныг эцэслэн агуулгын хувьд шийдвэрлэх юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүх хуралдааны тэмдэглэл гэсэн бланк дээр гаргасан байх боловч агуулгын хувьд маргааныг эцэслэн шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан, мөн хуулийн 118 дугаар зүйлд зааснаар шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдсэн, дээрх хэсгүүдэд тусгавал зохих зүйлс бүрэн тусгагдсан байх тул дээрх алдааг техникийн шинжтэй алдаа гэж үзэж шүүх хуралдааны тэмдэглэл гэснийг шүүхийн шийдвэр гэсэн агуулгаар удиртгал хэсэгт засаж өөрчлөн, бусад агуулгыг хэвээр үлдээв. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 3 гэсэн дугаарлалтыг 2 удаа давхцуулсан техник алдааг мөн засварлаж, мөн тогтоох хэсэгт 117 дугаар зүйлийн 117.1 гэснийг хасч холбогдох улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Л.Т-ын 1 482 130 төгрөгийг дутуу тооцоолсон гэх давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00068 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

-1, 2 дах заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХУДНДХ-ээс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 732 245 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Т-д олгож, нэхэмжлэлээс 3 765 093 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

-тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж, давхар дугаарласан 3 дах заалтыг 3 гэж өөрчлөн,

-тогтоох хэсгийн 3 дахь заалтад 65 037 төгрөг гэснийг 90 666 төгрөг гэж өөрчилж,

-тогтоох хэсгийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх гэсэн заалтыг хасч,

-тогтоох хэсгийн удиртгал хэсэгт шүүх хуралдааны тэмдэглэл гэснийг шүүхийн шийдвэр болгож тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 38 665 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ш.ОЮУНХАНД