| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 183/2019/02536/и |
| Дугаар | 338 |
| Огноо | 2020-02-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 338
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/02549 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч: “М” ХХК-ийн хариуцагч: “ХГ” ХХК-д холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 1 668 526 213 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК болон “Сауд гоби коэл транс” ХХК-ууд нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр МС/СГКТ/018 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан юм. “Сауд гоби коэл транс” ХХК нь “М” ХХК-аас гэрээний 2.4-д заасны дагуу “М” ХХК-ийн харъяа Улаанбаатар хотод байрлах агуулахаас гэрээний хавсралтад тусгагдсан баазаас нийт 860 370 литр түлшийг 1 721 207 500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний 2.10-т заасны дагуу “Сауд гоби коэл транс” ХХК нь ачсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор төлбөрийг хуваарийн дагуу буюу 2019.06.21-ний өдөр 260 000 000 төгрөг, 2019.06.24-ний өдөр 40 000 000 төгрөг, 2019.07.09-ний өдөр 150 000 000 төгрөг, 2019.08.09-ний өдөр 50 000 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. “Сауд гоби коэл транс” ХХК нь гэрээний 2.10-т заасны дагуу шатахууны үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой ч санхүүжилт болон үйл ажиллагаа доголдсон, тусгай зөвшөөрлөө цуцлуулсан хэмээх албан хариултыг удаа дараа өгч сунжирсан. Энэ хугацаанд манай компани нь асуудалд хүлээцтэй хандан боломжийг олгосоор ирсэн. “Сауд гоби коэл транс” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс “М” ХХК нь өндөр хүүтэй зээлийн хүү төлөх, валютын ханшны зөрүүд алдагдал хүлээх зэргээр компанид хохирол учруулж байна. 2019.08.20-ны СГКТ/01-210 тоот “Сауд гоби коэл транс” ХХК-иас ирүүлсэн албан тоотыг үндэслэл болгон энэхүү гэрээний 1.9, 2019.05.13-ны өдрийн 001 тоот Батлан даалтын гэрээний 1.2-т заасны дагуу “ХГ” ХХК-аас гэрээний үүргээ биелүүлнэ үү хэмээн удаа дараа хүргүүлж шаардсан боловч захирал байхгүй байна, гадаадаас ирээгүй гэсэн шалтгаанаар хариу өгөөгүй өдийг хүрлээ. Иймээс Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 458 дугаар зүйлийн 458.1-д заасны дагуу, мөн “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээний 1.9, 2019.05.13-ны өдрийн 001 тоот Батлан даалтын гэрээний 1.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болох “ХГ” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 221 207 500 төгрөг, алданги 447 318 713 төгрөг, нийт 1 668 526 213 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “М” ХХК нь “ХГ” ХХК-тай 2019.05.13-ны өдөр байгуулсан гэх Батлан даалтын гэрээний 1.1-д “Энэхүү гэрээний зорилго нь “М” ХХК болон “ХГ” ХХК-ийн хооронд байгуулсан 2019.05.13-ны өдрийн МС/СГКТ/018 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Батлан даагч өөрийн хууль ёсны өмчөөр баталгаа гаргаж, үүрэг гүйцэтгэж өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, хэрэв гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгэхгүй бол Батлан даагч өөрөө хариуцах, талуудын эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлоход оршино” гэж заажээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу дээрх гэрээний 1.1 дэх хэсэгт заасан гэрээний зорилгыг тайлбарлавал “ХГ” ХХК нь өөрийн “М” ХХК-тай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар “ХГ” ХХК нь өөрийн хөрөнгөөр баталгаа гаргасан гэж үзэхээр байна. Гэтэл “ХГ” ХХК нь “М” ХХК-тай ямар нэгэн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй ба ямар нэгэн газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдан аваагүй. “М” ХХК-ийн зүгээс ч манай компанид газрын тосны бүтээгдэхүүн огт хүлээлгэн өгөөгүй бөгөөд тус компанийн өмнө төлбөрийн үүрэг хүлээгээгүй. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэх хэсэгт “...2019.05.13-ны өдрийн 001 тоот Батлан даалтын гэрээний 1.2-т заасны дагуу гэсэн байх ба уг гэрээний 1.2-т “ХГ” ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан МС/СГКТ/018 тоот гэрээний үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй, үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх чадвар, чадамжгүй болсон, татан буугдсан, эсхүл үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нас барсан тохиолдолд “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэг, анз, учирсан хохирол, гэрээ дуусгавар болгохтой холбогдон гарах зардал, шүүхийн зардал, торгууль бусад үүргийг батлан даагч хариуцна” гэж мөн л “ХГ” болон “М” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр хариуцна гэж заасан. Гэтэл “ХГ” ХХК-аас 1 668 526 213 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаас Иргэний хуулийн 459.1-д заасны дагуу батлан даалтын гэрээ бичгээр байгуулагдаж, гэрээнд Батлан даагч нь хэний гүйцэтгэх ёстой үүргийг батлан дааж, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх болохоо тодорхой тусгасан байх ёстой. Гэтэл дээр дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан гэх 2019.05.13-ны өдрийн Батлан даалтын гэрээгээр “ХГ” ХХК нь “Сауд гоби коэл транс” ХХК-ийн төлбөрийн үүргийг батлан даах үүрэг хүлээгээгүй байна. “М” ХХК болон “Сауд гоби коэл транс” ХХК-ууд нь 2019.05.13-ны өдрийн МС/СГКТ/018 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээний 2.10-т заасны дагуу зээлээр худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүргийг “Сауд гоби коэл транс” ХХК нь хүлээсэн байна. Тиймээс “М” ХХК нь “Сауд гоби коэл транс” ХХК-тай 2019.05.13-ны өдөр байгуулсан МС/СГКТ/018 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу зээлээр худалдсан газрын тосны бүтээгдэхүүний төлбөр болон үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй алдангид нийт 1 668 526 213 төгрөгийг хариуцвал зохих этгээдээс шаардах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь “Сауд гоби коэл транс” ХХК байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Сауд гоби коэл транс” ХХК-тай үүссэн тооцоонд алданги бодсон тооцоолол, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны баримтын жагсаалт зэрэг баримтуудыг хавсаргасан байна.Эдгээр төлбөр тооцоотой холбоотой асуудлыг нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулж, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авсан “Сауд гоби коэл транс” ХХК-ийг оролцуулахгүйгээр энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. Иймд дээрх үндэслэлээр “ХГ” ХХК-д холбогдох иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ХГ ХХК-нд холбогдох 1 668 526 213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 500 581.07 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “ХГ” ХХК-д холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу 1 668 526 213 төгрөг нэхэмжилсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/02549 дугаар шийдвэрт “...Батлан даалтын гэрээний үүрэг нь үндсэн гэрээний үүргээр тодорхойлогддог, түүнээс шууд хамааралтай байдаг тул үндсэн үүрэг үүссэн гэрээний хүчин төгөлдөр байдал, үндсэн үүргийн маргаан шийдвэрлэсэн байдал болон худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон, мөн төлбөрийн чадваргүй болсон. Батлан даагч нөхөх хариуцлага хүлээх үндэслэл бий болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна” гэжээ. Батлан даалтын гэрээний үндсэн гэрээ нь “М” ХХК болон “Сауд Гоби Коэл Транс” ХХК-тай байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ” юм. Энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ болно. Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхэд маргаан хянан шийдвэрлэсэн байдал нь ямар нэгэн хамааралгүй бөгөөд үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон, мөн төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд батлан даагч нөхөх хариуцлага хүлээх хуулийн зохицуулалт байхгүй билээ. Нөхөх хариуцлага гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21 өдрийн 53 тоот тогтоолоор тайлбарлахдаа Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан “нөхөх хариуцлага” гэдэгт үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний хүлээх хариуцлагыг “батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс бүрэн нөхөн гүйцэтгэх хариуцлага хүлээхийг хэлнэ” гэж тайлбарласан байдаг. Иргэний хуулийн 458.1 “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг “М” ХХК болон “Сауд Гоби Коэл Транс” ХХК-тай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ”-ний 1.9 дэх хэсэгт “Худалдан авагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 001 тоот “Батлан даалтын гэрээ”-ний дагуу үүргийг хангуулна” гэж мөн талуудын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээнд “...үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн...” тохиолдолд нөхөх хариуцлага хүлээхээр заасан байна. Дээрхээс үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрт зааснаар зөвхөн үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон, мөн төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд л батлан даагч үүргээ гүйцэтгэх гэсэн үндэслэл нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Хэрэгт авагдсан баримтаар үндсэн үүрэг гүйцэтгэгч нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул батлан даагч нь түүний өмнөөс нөхөх хариуцлага хүлээх хангалттай үндэслэл болно. Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/02549 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “ХГ” ХХК-д холбогдуулан Батлан даалтын гэрээний үүрэгт 1 668 526 213 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
“М” ХХК болон “Сауд Гоби Коэл Транс” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр №МС/СГКТ-018 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, “М” ХХК болон “ХГ” ХХК-ийн хооронд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр №001 дүгээр батлан даалтын гэрээг тус тус байгуулсан, худалдан авагч “Сауд Гоби Коэл Транс” ХХК нь хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлөөгүй, 1 221 207 600 төгрөгийн үлдэгдэл тооцоотой зэрэг үйл баримт хэрэгт авагдсан батлан даалтын болон худалдах худалдан авах гэрээ, тооцооны үлдэгдэл баталгаа, “Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 5-13, 14-15,18, 19-20, дугаар тал/
Батлан даалтын гэрээнд талуудыг өөрөөр тодорхойлсон боловч Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж зааснаар гэрээг тайлбарлах боломжтой.
Батлан даалтын гэрээний 1.1, 1.2, 5.9-т талууд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №МС/СГКТ-018 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийг гүйцэтгээгүй, зөрчсөн тохиолдолд хариуцах, гэрээний үндсэн үүрэг, анзыг төлөх, энэхүү гэрээ нь худалдах худалдан авах гэрээний салшгүй нэг хэсэг байхаар тохиролцсон зэрэг агуулгаас үзэхэд хариуцагч нь “М” ХХК болон “Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №МС/СГКТ-018 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг Батлан даагч өөрийн хууль ёсны өмчөөр баталгаа гарган, үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, хэрэв гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө хариуцахаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн батлан даалтын гэрээнд “№МС/СГКТ-018 тоот” гэх гэрээний дугаарыг дурдсан, “М” ХХК болон “Сауд Гоби Коэл Транс” ХХК-иудын оноосон нэрийн эхний үсгүүдийг товчлон бичсэн зэргээс харахад “ХГ” ХХК нь “М” ХХК болон “Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийн хооронд худалдах худалдан авах гэрээний үүрэгт хариуцлага хүлээхээр батлан даалтын гэрээ байгуулсан болохыг давхар нотолж байна.
Иймээс Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-т зааснаар “М” ХХК нь “ХГ” ХХК-аас батлан даалтын гэрээний үүрэгт 1 668 526 213 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэжээ.
“ХГ” ХХК нь “М” ХХК болон “Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийн хооронд байгуулсан дээрх худалдах худалдан авах гэрээний хамтран хариуцагч биш болох нь хэргийн 5-13 дугаар талд авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдсон байхад шүүх Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т заасныг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Анхан шатны шүүх Батлан даалтын гэрээний үүрэг нь үндсэн гэрээний үүргээр тодорхойлогддог, түүнээс шууд хамааралтай байдаг тул үндсэн үүрэг үүссэн гэрээний хүчин төгөлдөр байдал, үндсэн үүргийн маргаан шийдвэрлэгдсэн байдал болон худалдах-худалдан авах гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон, мөн төлбөрийн чадваргүй болсон, батлан даагч нөхөх хариуцлага хүлээх үндэслэл бий болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй төдийгүй хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-т заасныг баримталсан атлаа 460.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, батлан даалтын гэрээний үүрэгт хариуцагчаас 1 668 526 213 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийг хангах талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/02549 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХГ” ХХК-аас 1 668 526 213 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, 8 500 581.07 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 500 581.07 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.НАРМАНДАХ