Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 339

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00339

 

 

 “АББ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2019/02151 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “АББ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ЯЦ ” ХХК-д холбогдох, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 82 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “ЯЦ ” ХХК-тай барилгын гадны фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “Анд интернэшнл” ХХК-ийн Аз жаргал хотхон барилгын 3-р блок буюу В блок, гадна хөөсөн фасадны иж бүрэн ажлыг хийхээр болсон. 2016 оны 05 сарын 19-ний өдрөөс эхлэн 2016 оны 12 сарын 20-ныг хүртэл хугацаанд дээрх В блокийн хөөсийг нааж хадан тортой хар шавар хийж, 2-5 давхрын цонхнуудад бүрэн амалгаа хийсэн. Мөн хамгийн дээд талын давхар буюу техникийн давхарын хөөсийг нааж хадан хар шавар хийсэн. “ЯЦ ” ХХК гэрээний хугацаанд болон 2016 оны 12 сарын 20-ны өдрөөс хойш материалаар байнга тасалдуулж байсан. Ингээд хүйтэрч ажил зогссон ба 2017 онд ажлаа үргэлжлүүлж хийх гэж очиж уулзахад санхүүжилт байхгүй гэж байсан бөгөөд харин “ЯЦ ” ХХК-ийн хариуцан хийж байсан А блок буюу 4-р блокийн 5 давхраас дээш хар замаскны ажлыг “ЯЦ ” ХХК-ийн захирал Э.Эрдэнэбатын хэлсний дагуу харилцан тохирч 1 м.кв-ыг 5,000 төгрөгөөр бодож 2017 оны 6, 7, 8 сард хийж өгсөн. Ингээд хийсэн ажлаа Э.Эрдэнэбат захиралтай дүгнэж үзэхэд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний дагуу хийсэн ажлын хөлс 7160 м.кв-р тооцож 107 400 000 төгрөг, нэмж хийсэн А блокийн ажил 15 000 000 төгрөг болсон. Эрдэнэбат нь нийт 30 000 000 төгрөгт 4 гарааш, 1 Соната-6 маркийн машин бодож өгсөн. Харин үлдэгдэл 92 400 000 төгрөгийг “ЯЦ ” ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “АББ” ХХК-тай 16/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээнд Аз жаргал хотхоны В блокын гадна фасадны иж бүрэн ажлыг дөрвөн үе шаттай хийж бүрэн гүйцэтгэх байсан боловч, хөөс нааж хадах ажлын 70-80%, шаврын ажлын 70-80% орчмыг гүйцэтгэн, чулуун замаск, цонхны амалгаа, гадна өнгө зэргийг огт хийгээгүй, нийт гүйцэтгэх ажлын 30 орчим хувийг хийж гүйцэтгэн, цаашид ажлыг орхигдуулан ажил дуусгаж актаар хүлээлцээгүй болно. Дээрх ажлын гүйцэтгэлд манай компани Залуус-1 хорооллын Зш авто зогсоолыг тус бүрийн үнэ 7 000 000 төгрөг, Залуус-2 хорооллын 1 авто зогсоолыг 10 000 000 төгрөг, нийт 31 000 000 /гучин нэгэн сая/ төгрөгт бодож, Соната-6 авто машиныг 9 000 000 /есөн сая / төгрөгт бодож нийт 40 000 000 /дөчин сая/ төгрөгийн ажлын хөлсийг олгосон болно. Мөн тус компанид гэрээгээр тохиролцож, ажил гүйцэтгэж дууссаны дараа өгөх ёстой Сонгинохайрхан дүүргийн 21-р хороолол, Залуус хорооллын 58,32 мкв байрыг ямар ч түрээсгүйгээр 2017 оны 03 сараас 2018 оны 06 сар хүртэл ашиглуулж байсан. Ажлаа хийж бүрэн дуусгаагүй тул гэрээнд заасны дагуу бид байраа хурааж авсан бөгөөд тус байрыг зарахын тулд дахин 5 000 000 /таван сая төгрөгийн/ засвар үйлчилгээ хийсэн болно. Иймд дээрх байдлыг хянан шалгаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д заасны дагуу хариуцагч “ЯЦ ” ХХК-аас 15 216 030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АББ” ХХК-д олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 67 683 970 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч “АББ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЯЦ ” ХХК-аас 234 030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 182/ШШ2019/02151 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараахи гомдлыг гаргаж байна. Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигчид маргаан бүхий 3 дугаар блок буюу В блокийн фасадын ажил хийх талбайн хэмжээ 6.437.18м2 болох талаар шинжээчээс гаргасан дүгнэлтэд харилцан маргаагүй. Нэхэмжлэгч нь фасадны ажлын нэгдүгээр үе шатны ажил болох хөөс тавих ажлын 90 хувь, хоёрдугаар үе шат болох шавар тавих ажлыг 80 хувьтай гүйцэтгэсэн байх боломжтой гэж дүгнэв гэжээ. Гэтэл 2016.05.18-ны өдөр “АББ” ХХК нь Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 7-р хороололд байрлах “Анд интернэшл” ХХК-ийн Аз жаргал хотхоны барилгын 3-р блок /зүүн хойд талын хагас, дотор талын хэсэг хамарна/-ын хөөсөн фасадны иж бүрэн ажлыг хийж хүлээлгэж өгөх нөхцөлтэй, ажил гүйцэтгэх ерөнхий хугацааг хуанлийн 60 хоног байхаар харилцан тохиролцож Барилгын гадна фасадны ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Тус “АББ" ХХК нь барилгын гадна фасадны ажил гүйцэтгүүлэх гэрээнд заасан 2 сарын хугацаанд гүйцэтгэвэл зохих ажлаас гүйцэтгээгүй 2017 оны 08 дугаар сарын сүүлээр ажлаа хийж байгаад фасадны иж бүрэн ажлыг дөрвөн үе шаттай хийж бүрэн гүйцэтгэх байсан боловч хөөс нааж хадах ажлын 70-80 хувь, шаварын ажлын 70-80 хувь орчмыг гүйцэтгэн, чулуун замаска, цонхны амалгаа, гадна өнгө зэргийг огт хийгээгүй нийт гүйцэтгэх ажлын 30 орчим хувийг хийж гүйцэтгэж байгаад цаашид ажлыг орхигдуулан ажил дуусгаж актаар хүлээлцэлгүй хаяж явсан. “АББ” ХХК нь ажлаа хаяж явсны улмаас бид “Мега сити групп" ХХК-тай Барилгын гадна фасадны ажил гүйцэтгүүлэх гэрээ 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулж ажлын хөлсийг 90 000 000 сая төгрөг байхаар харилцан тохиролцож ажлыг гүйцэтгүүлсэн. Иймд “АББ” ХХК нь барилгын гадна фасадны ажил гүйцэтгүүлэх гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгэлгүй хаяж явсан тул тус гэрээний 5.12-д заасны дагуу ажлыг чанаргүй гүйцэтгэсэн тохиолдолд гүйцэтгэгч нь 100 хувь өөрсдөө хариуцаж хохиролгүй болгоно”, мөн гэрээний 6.3-д заасны дагуу талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талдаа учруулсан хохирлыг бүрэн хариуцна, гэж заасан заалтуудыг анхан шатны шүүх үнэлээгүй хэтэрхий нэхэмжлэгч талыг барьж шүүхийн шийдвэр гаргасан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ... эдгээр гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрчилтэй байх ба гэрч Энхбаяр фасадны ажлын 40-50 хувийг гүйцэтгэсэн, Оюунгэрэл 3 дугаар блокийн 50 хувьтай тэнцэх талбайд нийт фасадны ажлын 60 хувийг гүйцэтгэсэн гэж ... мэдүүлжээ гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гэрч Оюунгэрэлийн 3 дугаар блок гэж буй талбай нь зөвхөн ганц арын тал хэсэг байдаг. Бусад гэрчийн мэдүүлгийг шүүх тодорхой үнэлээгүй. Дутуу, хагас хийж орхисон барилгын гадна фасадны ажлыг зассан материалын үнэ 10 500 000 төгрөг /шаврын үнэ /, дутуу, хагас хийж орхисон барилгын гадна фасадны ажлыг зассан ажлын хөлс 21 000 000 төгрөг, / 1м.кв * 3000 төгрөг/, СХД-ийн 19-р хороо, 21-р хороолол 84б байр 5 давхарын 13 тоот 58.32 мкв талбайтай 3 өрөө орон сууцанд засвар хийсний үнэ 5 сая төгрөг, нийт 36 000 000 төгрөгийг “АББ” ХХК-аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад сөрөг нэхэмжлэлтэй танилцахгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаэс татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 182/ШШ2019/02151 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “АББ” ХХК нь хариуцагч “ЯЦ ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 82 900 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“АББ” ХХК нь “ЯЦ ” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 16/04 дугаар Барилгын гадна фасадны ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороололд байрлах “Анд интернэшнл” ХХК-ийн Аз жаргал хотхоны барилгын 3 дугаар блокийн хөөсөн фасадны иж бүрэн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон./хх-10-11/

Талуудын хооронд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний 3.1, 3.2-т талууд ажлын хөлсийг м2  нь 20 000 төгрөгөөр тооцож,  нийт талбайг ажил дууссаны дараа хэмжихээр, ажлын нийт хөлсийг 109 144 000 төгрөг байхаар тус тус тохиролцсон байна./хх-10-11/

Хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК төвийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/34 тоот шинжээчийн дүгнэлтээр захиалагч, гүйцэтгэгч нарын ажил гүйцэтгэх талбайн хэмжээ нь 6,437.18 м2 талбай болохыг тогтоосноос гадна “ЯЦ ” ХХК-ийн “Мега сити групп" ХХК-тай байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Барилгын гадна фасадны ажил гүйцэтгүүлэх гэрээний 1.1-т ... Хөөсны нөхөөсүүд хийгдэх талаар тохиролцсон,/хх-44/ хариуцагч “ЯЦ ” ХХК-ийн тайлбарт ажил гүйцэтгэгчийг ... шаврын ажлын 70-80 хувь орчимыг гүйцэтгэсэн болохыг дурджээ./хх-22/

Эдгээрээс үзэхэд шүүх талууд хөөс тавих, шавар тавих, грунт тавих, чулуун замаск явах гэсэн 4 үе шат бүхий фасадны ажил гүйцэтгэхээр тохиролцсон, нэхэмжлэгчийг уг ажлаас хөөс тавих ажлыг 90 хувь, шавар тавих ажлыг 80 хувьтай хийж, нийт ажлын 42,5 хувийг гүйцэтгэсэн гэж тооцсонийг буруутгах боломжгүй юм.

Зохигчид ажлын хөлснөөс 39 500 000 төгрөгийг урьдчилан авсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч А блокийн хэсэгт ажилласан 15 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж заасан.

Хариуцагч “ЯЦ ” ХХК нь “АББ” ХХК-ийг ажлын дундаас нь дур мэдэн орхиж явсан, үүний улмаас манай компани илүү өндөр хөлсөөр өөр этгээдийг ажиллуулах шаардлага гарч хохирсон, иймээс ажлын хөлсөө шаардах эрхгүй гэх тайлбар, гомдол гаргах боловч нэхэмжлэгч тус тайлбарыг эсэргүүцэн “ажил хугацаандаа дуусах бүрэн боломжтой байсан боловч захиалагч байнга материалын хомсдолд оруулж, хугацаа их алдсан, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болсонд манай байгууллага гэм буруугүй” гэж тайлбарлан мэтгэлцэж, нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь гэрч У.Ууганбаярын “...ажил хийх хугацаанд дундуураа материал дууссан зэргээс болж ажил тасалдсан ...” гэх мэдүүлгээр нотлогдсон. Нөгөө талаар, 2017 онд ажлаа үргэлжлүүлэхээр очиход санхүүжилт байхгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг бруутгах боломжгүй юм.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хариуцагч “ЯЦ ” ХХК  нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу бараа материалыг хугацаанд нь нийлүүлээгүйгээс нэхэмжлэгч хугацаанд нь ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон гэж тайлбарласан нь үндэслэлтэй.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүх нэхэмжлэгч 42,5 хувийн ажил гүйцэтгэсний хөлс 54 716 000 төгрөгийг авах ёстой ба ажлын хөлсний үлдэгдэлийг хариуцагч төлөх үүрэгтэй болох нь тогтоогдсон байх тул 15 216 030 /54 716 000-39 500 000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 67 683 970 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. / хх 125-130 дугаар тал/

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэснээс хойш 1 жил шахам хугацааны дараа 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн байх ба шүүх хуралдаанаас өмнө гаргах боломжтой байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэх үндэслэлээр шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2019/02151 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

         

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                 ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                 Б.НАРМАНДАХ