| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2023/00666/И |
| Дугаар | 129/ШШ2024/00321 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 129/ШШ2024/00321
129/ШШ2023/00321
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: А аймгийн .....тоот хаягт оршин суух ... онд төрсөн, ...настай, эмэгтэй, С овогт Р.Нгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн .....тоот хаягт оршин суух холбогдох ... онд төрсөн, ... настай, П овогт Б.Мд холбогдох
“1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “763,200 (долоо зуун жаран гурван мянга хоёр зуу) төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Нэхэмжлэгч Р.Н би 2 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. А аймгийн Ц хотын ....цэцэрлэгт туслах тогооч ажилтай. Би хариуцагч Б.Мтай харилцан тохирч түүнд 2023 оны 02 дүгээр сарын 09-ний өдөр 1,200,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5151049345 дугаартай данснаас Б.Мын Хаан банкны ... дугаартай данср уу шилжүүлсэн. Хариуцагч Б.М нь энэ мөнгийг уг нь 7 хоногийн хугацаатай зээлсэн. Гэвч өгч чадахгүй байсаар удсан харин амралтын мөнгөөр буухаар буюу 2023 оны 6 дугаар сарын 10-ны дотор төлнө гэсэн боловч одоо хүртэл өгөхгүй удаж байна. Би 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр А аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч Б.М нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзаж, өргөдлийг буцааж шийдвэрлэсэн болно. Иймд одоог хүртэл хариуцагч Б.М нь зээлж авсан 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөө төлөхгүй удаж байгаа тул түүнээс 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулан иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “...Хариуцагч Р.Н нь 2022 оны 08 дугаар сард миний өмчлөлийн 0... АРН улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгслээр А аймгийн И сум руу хоёр хүүхдээ хүргэж өгчихөөд ирье гэж гуйж авч явж уг тээврийн хэрэгслийг жолоодож яваад өөрийн буруугаас зам тээврийн осол гаргаж миний машины жолоочийн эсрэг талын урд, хойд хаалга, крылог цөмлөж, хонхойлгон олон тооны сэв, зураас үүсгэж эд хөрөнгөнд хохирол учруулсан. Тухайн үед Р.Н өөрийн ээж, ахад битгий хэлээрэй, найз нь хохирлыг чинь барагдуулж өгнө гэж гуйгаад байхаар нь бид найз нөхдийн холбоотой учраас хэлэлгүй хүлээж байсан. Түүний дараа надад мөнгөний хэрэг болоод би түүнээс 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1,200,000 төгрөг авч, 02 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 250,000 төгрөг, нийт 450,000 төгрөгийг буцааж өгөөд үлдэгдэл 750,000 төгрөгийг машины хохиролд тооцохоор бид харилцан тохиролцсон. Гэтэл Р.Н нь надтай тохиролцчихоод 1,200,000 төгрөгөө нэхэмжилсэн тул миний бие өөрийн машинд үнэлгээгээр тогтоосон хохирол 691,000 төгрөг, үнэлгээ гаргуулахад төлсөн 72000 төгрөг, нийт "53.200 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Р.Нгээс нийт 763,200 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 05-ны өдрийн 129/ШЗ2022/01463 дугаар захирамжаар талуудыг эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэргийг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн. Эвлэрүүлэн зуучлалаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон материалыг шүүхэд ирүүлсэн.
Талууд эвлэрлийн гэрээндээ “...Эвлэрүүлэн зуучлалын үр дүнд нэхэмжлэгч Р.Н нийт нэхэмжилсэн 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Б.М нь зээлийн гэрээний төлбөр болох нийт 500,000 (таван зуун мянга) төгрөгийг 2024 оны 12 сарын 05-ны өдрийн дотор багтаан нэхэмжлэгч Р.Нд төлөхөөр, өөрийн нэхэмжилсэн машинд учруулсан хохирлын үнэ болох 763,200 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрэв...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд нэхэмжлэгч Р.Н нийт нэхэмжилсэн 1,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Б.М нь зээлийн гэрээний төлбөр болох нийт 500,000(таван зуун мянга) төгрөгийг 2024 оны 12 сарын 05-ны өдрийн дотор багтаан нэхэмжлэгч Р.Нд төлөхөөр, өөрийн нэхэмжилсэн машинд учруулсан хохирлын үнэ болох 763,200 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзахаар харилцан тохиролцож, талууд эвлэрсэн нь хэрэгт авагдсан 2023 оны 09 сарын 01-ний өдрийн 109 дугаар эвлэрлийн гэрээ болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнгийн талаарх тэмдэглэлээр тогтоогдож байна.
Зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, зохигч, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгч, хариуцагч нарын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгөөс 16,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 11,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Нгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мд холбогдох “1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “763,200 (долоо зуун жаран гурван мянга хоёр зуу) төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Р.Н нийт нэхэмжилсэн 1,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Б.М нь зээлийн гэрээний төлбөр болох нийт 500,000 (таван зуун мянга) төгрөгийг 2024 оны 12 сарын 05-ны өдрийн дотор багтаан нэхэмжлэгч Р.Нд төлөхөөр, өөрийн нэхэмжилсэн машинд учруулсан хохирлын үнэ болох 763,200 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгөөс 16,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас 16,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Нд олгож, хариуцагч Б.М сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 11,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэ захирамжийг хариуцагч Б.М сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН