Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 211/МА2024/00011

 

211/МА2024/00011

 

 

 

Р.Нгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч В.Ц, ерөнхий шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2024/00080 дугаартай шийдвэртэй

С овогт Р Нгийн нэхэмжлэлтэй

П овогт Бийн Мд холбогдох

1.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагч Б.Мын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Дгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Би хариуцагч Б.Мтай харилцан тохирч, түүнд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1.200.000 төгрөгийг өөрийн Х банкны 00000000 дугаартай данснаас Мын Х банкны 00000 дугаартай данс руу шилжүүлсэн. Хариуцагч Б.М нь энэ мөнгийг уг нь 7 хоногийн хугацаатай зээлсэн. Гэвч өгч чадахгүй байсаар удсан. Амралтын мөнгөө буухаар буюу 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлнө гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй удаж байна. Би 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч Б.М нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзаж, өргөдлийг буцааж шийдвэрлэсэн болно. Иймд одоог хүртэл хариуцагч Б.М нь зээлж авсан 1.200.000 төгрөгөө төлөхгүй удсан тул түүнээс 1.200.000 төгрөгийг гаргуулан иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Р.Нгээс 1.200.000 төгрөг зээлсэн нь үнэн боловч би түүнд 2023 оны 02 сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 2023 оны 06 сарын 20-ны өдөр 250.000 төгрөг, нийт 450.000 төгрөгийг буцааж өгсөн. Өөрийн дансны хуулгыг үзэж байж сар, өдрийг тодорхой болгож, шүүхэд нотлох баримтаар өгнө. Харин Р.Н нь 2023 оны 08 сарын 27-ны өдөр миний эзэмшлийн 0-0  улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр А аймгийн И сум руу хоёр хүүхдээ ахынхаа гэрт хүргэж өгчхөөд ирье гэж надаас гуйж авч явж тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа өөрийнхөө буруугаас зам тээврийн осол гаргаж миний машины жолоочийн эсрэг талын урд, хойд, хаалга, урд, хойд крылоныг цөмлөж, хонхойлгон, олон тооны сэв, зураас үүсгэж миний эд хөрөнгөнд хохирол учруулсан. Тухайн үед Р.Н нь надад хандаж “миний ээж, ахад битгий хэлээрэй, би төлж өгнө” гээд гуйгаад байхаар нь хэлэлгүй хүлээж байсан боловч машиныг минь янзлуулж өгөхгүй удаад байхаар нь бид хоёр уулзаж зээлсэн мөнгөний үлдэгдэлд суутгаад өргүй больё гэж харилцан тохиролцсон. Машинд учирсан эвдрэл гэмтэл, ажлын хөлс нийлээд 750.000 төгрөгөөс өндөр гарсан. Би Р.Нгээс зээлсэн мөнгөнөөсөө 450.000 төгрөгийг буцааж төлчихөөд байхад аваагүй мэтээр, миний эд хөрөнгийг устгаж, гэмтээчихээд надаас мөнгө нэхэмжлээд байгааг миний бие гайхаж байна. Одоо бидний дунд ямар ч өр, авлагын харилцаа байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах болно гэжээ.

 

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Р.Н нь машины эвдрэлд тусдаа Б.Мын эзэмшлийн 0000000 дансанд 2022 оны 09 сарын 06-ны өдөр 50.000 төгрөг, 09 сарын 29-ний өдөр 150.000 төгрөг, 10 сарын 27-ны өдөр Б.Мын дээл оёулсан хөлс гэж 0000000 тоот дансанд 80.000 төгрөг, нийт  280.000 төгрөг, бэлнээр 20.000 төгрөг бэлэн бусаар өгч, нийт 300.000 төгрөг өгсөн байдаг. Энэ нь дансны хуулгаар харагдаж байгаа. Б.М нь Р.Нг миний машиныг  2023 онд барьж яваад эвдсэн мэтээр тайлбартаа бичсэн байдаг. Гэтэл энэ нь 2022 онд болсон үйл явдал юм. Үүнийг андуурч яриад байгаа. гэв.

 

 А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2024/00080 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Маас 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Б.Маас 33,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 0 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Мын давж заалдах журмаар гаргасан гомдолд: .....Р.Нгээс миний бие 1.200.000 төгрөг зээлсэн нь үнэн боловч би түүний 00000000 тоот дансанд 2023.02.20-ны өдөр 200.000 төгрөг, 2023.06.27-ны өдөр 250.000 төгрөг нийт 450.000 төгрөгийг буцааж өгсөн. Энэ мөнгийг хасаад үлдэгдэл 750.000 төгрөгийг Р.Н нь миний эзэмшлийн 0-0 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023.08.27-ны өдөр миний унаж явж байгаад зам тээврийн осол хийж учруулсан хохиролдоо суутга тооцохоор бид харилцан тохиролцсон байсан боловч Р.Н нь тухайн тохилцоогоо зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ бүгдийг анхан шатны шүүхэд бичгээр тайлбар өгөхдөө дурдсан боловч миний тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн буюу бидний тохиролцож байх үед хамт байгаагүй, 450.000 төгрөг өгсөн болохыг мэдэхгүй хүний тайлбарыг үнэлж надаас 1.200.000 төгрөгийг бүрэн гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсгүүдэд Р.Нгээс 2.100.000 төгрөг нэхэмжилсэн, уг мөнгийг хариуцагч миний бие зээлсэнтэйгээ маргахгүй байгаа мэтээр ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй байдлаар дүгнэсэн. Мөн 2024 оны 01 сарын 25-ны өдрийн 030 цагт товлогдсон шүүх хурлыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч бидний хүсэлтээр хойшлуулсан бөгөөд тухайн өдрийн шүүх хуралд миний бие биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж биечлэн суугаагүй, түүний маргааш нь шүүгчийн туслах надтай утсаар холбогдож дараагийн шүүх хурлын товыг 2024.02.0-ний өдрийн 1000 цагт гэж мэдэгдсэн. Би аймгийн төвд нэхэмжлэлд дурдагдсан хаягтаа оршин сууж байсан, уг хаягаар мэдэгдэх хуудас ирээгүй, утсаар мэдэгдэхдээ бичгийн хэлбэрээр буюу мессэж ирээгүй. Гэтэл 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 1018 цагт над руу утсаар холбогдож шүүх хуралдаа яг одоо ирээрэй гэхээр нь би “чи надад 2024.02.0-ний өдөр шүүх хурал товлогдсон гэж хэлсэн биз дээ гэхэд “үгүй би 02 сарын 01-нд гэж мэдэгдсэн” гэхээр нь би “өмгөөлөгч авч байж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах гэж байсан. Хэрэв өнөөдөр гэж мэдэж байсан бол би ажлаа зохицуулах байсан, би өмгөөлөгч авъя гэтэл мейл хаягаа мессэжээр явуулаад, яг одоо хүсэлтээ явуул гэхээр нь би “ажил дээрээ ганцаараа байна, 3 настай хүүхдүүдийг орхиод гарах ямар ч боломжгүй байна” гэж хэлтэл утсаа тасалсан. Гэтэл түүний дараа шүүх хурлаа хийж шийдвэрээ гаргасан байсан. Иймд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хариуцагч талаас гаргасан бичгийн тайлбарыг үнэлэлгүй, түүнийг үгүйсгэсэн, няцаасан тайлбар, нотлох баримт хэрэгт байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, мөн шүүх хурлын товыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу надад мэдэгдээгүй, миний эрхийг хязгаарласан тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа учраас А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 129/ШШ2023/00080 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү...гэжээ.  

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:   Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч талаас гомдолд дурдагдсан 450,000 төгрөгийг хасаж тооцуулах байсан уг мөнгийг гаргуулахаар шийдвэр гарсан нь буруу гэсэнтэй маргахгүй гэсэн тайлбарыг өгч байна. Анхан шатны шүүхийн шатанд хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласантай холбоотой тодорхой хэмжээний тайлбар хийнэ. Нэхэмжлэгч хариуцагч нарын хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг анх 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр товлогдсон. Уг товлосон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй үндэслэлээр шүүх хуралдаан хойшилсон. Хурал хойшлоод шүүгчийн туслах миний үйлчлүүлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх байсныг утсаар мэдэгдсэн байдаг. Утсаар мэдэгдэхдээ нэг талд 2024 оны 02 дугаар сарын 0-нд, нөгөө талд 02 дугаар сарын 01-нд гэж хэлсэн гэж надад тайлбарлаж хэлдэг. Хавтаст хэрэгт шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл, шүүхийн бичиг хүргэгчийн тэмдэглэл нь шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд зааснаар мэдэгдсэн гэж үзэж боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдаан хаана, хэзээ болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тухайн хүний оршин суугаа хаяг болон ажлын газраа хаягаар хүргүүлэх боломжтой. Хэрэгт хариуцагч нь А аймгийн Э суманд амьдардаг талаар баримт байна, мөн хариуцагч нь А аймгийн 0 дүгээр Цт ажилладаг талаар баримт тодорхой авагдсан байхад хаягаар мэдэгдэх хуудас ирүүлээгүй байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна. Шаардлагатай тохиолдолд утас, факсаар мэдэгдэх тухай заасан байгаа. Ямар нөхцөл байдлыг шаардлагатай нөхцөл байдал гэж үзэхийн хариуцагч А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт ажиллаж амьдардаг тохиолдолд утсаар мэдэгдсэн тохиолдолд үүнийг шаардлагатай нөхцөл байдал гэж үзнэ. Яагаад хариуцагч аймгийн төвийн хаягтай байхад мэдэгдээгүй вэ гэсэн асуудал гарч ирнэ. Дараагийн асуудал шүүх хуралдаанд  цагтаа ирээгүй тохиолдолд гарах үр дагаврын талаар тайлбарлаж өгсөн үү гэдэг асуудал эргэлзээтэй байна. Шүүгчийн туслахын тэмдэглэл дээр таныг шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хэргийг шийдвэрлэх боломжтой, та сөрөг нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаар тайлбарласан тэмдэглэл хэрэгт байхгүй. Шүүх хэргийн оролцогчийг дуудахдаа А аймгийн Э суманд ажиллаж амьдарч байгаа хүнийг дуудахдаа шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлээгүй байна гэж үзнэ. Хариуцагч нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай маргадаг. Яагаад маргадаг бэ гэвэл 1,200,000 төгрөгөөс 450,000 төгрөгийг төлж, үлдсэн 750,000 төгрөг дээр өөрийн машинд учирсан хохирлыг төлөхөөр харилцан тохирсон асуудал байдаг. Үүнтэй холбоотой тайлбарыг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бичгээр өгсөн. Хэргийн 16 хуудсанд авагдсан. Нэхэмжлэгч тайлбартай 01 сарын 18-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан. Үүнтэй холбоотой тайлбарыг өгөөгүй, өмнөх шүүх хуралдаанд ирээгүй нөхцөл байдал байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй хэргийг шийдсэн нь шүүхийн шийдвэр эргэлзээгүй, үндэслэл бүхий гарсан гэхэд эргэлзээтэй байна. Шүүх хариуцагчийн гаргасан тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй гэж давж заалдах гомдол гаргаж байгаа нь хуулийн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчээс 2,100,000 төгрөг зээлсэн мэт нөхцөл байдал харагддаг. Энэ нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна. Эдгээрийг шүүх анхааралтай харж үзэхийг хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх тодорхойлох хэсэгт 2,100,000 төгрөгийн асуудал яригдаж байна. Үүнтэй маргахгүй тогтоох хэсэгт хариуцагч Б.Маас 1,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Нд олгохоор зөв бичигдсэн. 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Нгээс 000000 дугаартай Мын данс руу 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн нь үндэслэлтэй, баримт хэрэгт авагдсан. 1,200,000 төгрөгийг зээлсэнтэй нэхэмжлэгч Н, хариуцагч М нар маргадаггүй. Тиймээс 1,200,000 төгрөгийг зээлсэн асуудал батлагдаж байна.  Шүүх хуралдаан болох хүртэл 450,000 төгрөгийг өгсөн асуудал яригдаж байсан ч энэ талаар баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй. Шүүх хуралдаанд хариуцагч М оролцоогүй 450,000 төгрөг өгсөн талаар баримт хэрэгт байгаагүй учир шүүхээс 1,200,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Шүүхийн хуралдаанаас хойш нэхэмжлэгчтэй уулзахад 450,000 төгрөг өгсөн нь үнэн, надтай тохирохдоо 450,000 төгрөгийг хүү гэж тохирсон ч бид хоёр бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй учраас 450,000 төгрөгийг үндсэн зээл болох 1,200,000 төгрөгөөс хасаж шийдвэрлэхэд гомдолгүй гэсэн хүсэлтээ бичгээр өгсөн. Иймд 750,000 төгрөгийг хариуцагч Маас гаргуулж нэхэмжлэгч Нд олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хариуцагч хариу тайлбартаа 750,000 төгрөгийг машины хаалга зурсан асуудал яригддаг. Тэр асуудал 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Мын машиныг барьж яваад хоёр хаалгыг нь зурсан асуудал яригддаг. Түүнд дээрээ 300,000 төгрөгөөр тохирсон. Энэ нь хэрэгт хамааралгүй асуудал. 300,000 төгрөгийг дансаар шилжүүлээд баримтыг анхан шатны шүүхэд баримтаар гаргаж өгсөн. 2022 оны 09 дүгээр сарын 06-нд 50,000 төгрөгийг Мын 000000 дугаартай данс руу Н шилжүүлсэн байдаг. 2022 оны 09 дүгээр сарын 29-нд 150,000 төгрөгийг Мын 00000000 дугаартай данс руу шилжүүлсэн. Нийт 200,000 төгрөгийг шилжүүлсэн. М Э гэдэг хүнээр дээл хийлгээд мөнгө шилжүүлэх шаардлагатай байсан тул Мын нэрийн өмнөөс дээлийн үнэ 80,000 төгрөгийг Э гэдэг хүн рүү Н 0000000 дугаартай данс руу шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн, 20,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд 300,000 төгрөгийг төлж 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн машин зурагдсан гэсэн асуудал шийдвэрлэгдсэн. Мөнгө зээлж байгаа асуудал нь үүнээс хэдэн сарын дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн асуудал болно. Машин зурсан асуудал хоорондоо тохироод мөнгөө төлсөн. М хүүтэй мөнгө зээлье гээд 1,200,000 төгрөг зээлж, зээлийн хүүдээ 450,000 төгрөгийг төлсөн асуудал байна. Үндсэн зээлийн асуудал дээр 750,000 төгрөг төлөөгүй нь үндэслэлтэй, Н өөрийн тайлбарт бичсэн. Машины мөнгө нэхэмжлэх гэж байгаа бол сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахгүйгээр үндсэн нэхэмжлэл гаргаад нэхэмжлэх боломжтой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бол зохих үүрэг хүлээнэ. Тухайн үед шүүх хуралдааны товыг хэнд яаж мэдэгдсэн талаар хэрэгт тодорхой баримтууд авагдсан. 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 0 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд миний хурал давхцаад, мөн хариуцагчийн бие өвдсөн гэсэн шалтгаанаар хойшлоод 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагт товлоод шүүгчийн туслах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2, 77.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг оролцогч нарт буюу хариуцагч М, нэхэмжлэгч Н нарт адилхан мэдэгдсэн. Энэ нь хууль зөрчсөн асуудал биш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т утсаар мэдэгдэж болно гэж заасан. Шүүх хуралдааны товыг зохигч нарт адил мэдэгдсэн. Хавтаст хэргийн 34 хуудсанд нэхэмжлэгчийн 00000000000 дугаартай утсаар мэдэгдэхэд ойлголоо гэсэн. Хариуцагчийн 0000000 дугаартай утсаар мэдэгдэхэд ойлголоо гэсэн. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаан 10 цагт товлогдсон байсан боловч өмгөөлөгч миний бие захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралд цахимаар оролцож байсан учир би хүсэлт өгөөд шүүх хуралдааныг 1 цаг 40 минут хойшлуулаад шүүх хуралдаан цагтаа эхлээгүй. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхийн бичиг хүргэгч Мтай очиж уулзсан. Тэгэхэд би бичиг  явуулъя очиж чадахгүй гэсэн хариу тайлбар өгсөн. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр  мессеж бичсэн асуудал хурал дээр яригддаг, энэ нь үндэслэлтэй байна. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт явуулна гээд явуулаагүй, шүүх хуралдаан 11 цаг 30 минутад эхэлсэн. Хариуцагчийг хүлээсэн, 10 цагт эхлэх хурал 11 цаг 30 минутад болсон. Хуралд нэхэмжлэгч хариуцагч ирэх ёстой байсан нэхэмжлэгч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй гэдгээ бичгээр ирүүлсэн. Шүүх хуралдаан эхлээд 1 цаг 17 минутад шүүх хуралдаан дуссаны дараа өмгөөлөгч авах хүсэлтээ хариуцагч шүүхэд ирүүлсэн. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Шүүхэд буруу өгөөд байхгүй хариуцагч өөрийн үүргийг биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг лавлаж асуугаагүй. Хариуцагч шүүх хуралдааныг хойшлуулах сонирхолтой байдаг. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө 450,000 төгрөг төлсөн баримтыг гаргаж өгсөн бол шүүх тухайн мөнгөн дүнгээс хасаж шийдвэрлэх боломжтой. Баримт байхгүй зүйлийг шүүх хасаж шийдвэрлэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулаад 750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв..

 

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

              Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

              Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

             А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 129/ШҮ2024/00247 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Р.Нгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мд холбогдох хэргийг 2024 оны 01 сарын 25-ны өдрийн 0 цаг 30 минутанд хэлэлцэхээр шүүх хуралдаан товложээ.

             Хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа  хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрх эдэлнэ гэж заасан тул шүүх хэргийн оролцогчдод шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцах шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй атал нэхэмжлэгч Р.Нд 2024 оны 01 сарын 19-нд хэргийн материалтай танилцуулж, хариуцагч Б.Мд хэргийн материал танилцуулаагүй байна.

             Мөн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Р.Нд мэдэгдэх хуудсаар, хариуцагч Б.Мд утсаар мэдэгджээ.

            2024 оны 01 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Б.М нарын хүсэлтээр 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшилсон бөгөөд шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бд мэдэгдэх хуудсаар, нэхэмжлэгч Р.Н, хариуцагч Б.М нарт утсаар мэдэгдсэн байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэх болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана.” гэж  заасан

           Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхийн тулд хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж, шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэх, мэдэгдэх хуудсыг гардуулахдаа хэргийн оролцогч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжтой хугацааг харгалзах шаардлагатай.

            Хариуцагч Б.М А аймгийн Э сумын 0-0-00 тоотод оршин суудаг, Э сумын 0 дүгээр Цт б ажилтай байхад түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хүргүүлээгүй, утсаар мэдэгдсэн байх ба  шүүх хуралдааны товыг 2024 оны 02 сарын 0 гэж андуурснаас /хх-ийн 37 утсаар ярьсан тэмдэглэл/ шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

          Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болох ч, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулахаар хуульд зохицуулсан.

           Хариуцагч Б.Мын оршин сууж буй газар болон ажлын газар нь  шүүхээс алслагдмал биш, нэг нутаг дэвсгэрт оршиж байгаа нь хуульд заасан шаардлагатай тохиолдол биш байхад шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд зааснаас өөрөөр, хэт хялбарчилж явуулжээ.

          

            Мөн  хэрэгт авагдсан Баримт №3 /хх-ийн 34/ гэсэн баримтад хариуцагч Б.Мд шүүх хуралдаан 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутанд болох тухай мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлдсэн  боловч хариуцагч Б.Мд шүүх хуралдааны дээрх товыг  мэдэгдсэнийг баримтжуулсан нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч Б.Мд шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж дүгнэв.

           Иймд дээрх үндэслэлээр гаргасан хариуцагч Б.Мын  гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын тухайд дүгнэлт хийгээгүй болно.

           Хариуцагч Б.Мын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 34.200 /гучин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                      ТОГТООХ нь:

 

           1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 129/ШШ2024/00080 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай.

           2. Хариуцагч Б.Мын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 34.200 /гучин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 0 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

       

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.Д

                           ШҮҮГЧИД                                        В.Ц

                                                                                    Н.Э