Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/00466

 

 

ЧДНДХ нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00063 дугаар шийдвэртэй, ЧДНДХ-н нэхэмжлэлтэй, хариуцагч “ХМ” ХХК-д холбогдох,

 

Нийгмийн даатгалын шимтгэл,алдангид 31 169 057 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбат, А.Сэлэнгээ,  прокурор Б.Нинж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ЧДНДХ-Н итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбат, А.Сэлэнгээ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус хэлтэстэй харилцагч “ХМ” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ажиллагсадын нийгмийн даатгалын шимтгэл 20 799 371 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 20 779 371 төгрөгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувиар нийт 10 389 686 төгрөг тооцож, нийт 31 169 057 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани 2015 оноос үйл ажиллагаа явуулаагүй тул Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага болох 20 779 371 төгрөгийг төлж барагдуулна.Үндсэн төлбөрийг зөвшөөрч байна.Улсын байцаагчийн актгүй учраас алданги төлөх үндэслэлгүй  гэжээ.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар алдангийг гаргуулах нь зүйтэй гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан “ХМ" ХХк-аас нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 31 169 057 төгрөг гаргуулан, ЧДНДХ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 313 795 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анаргүль давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч нь 10 389 686 төгрөгийг зөвшөөрөхгүй.Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ариунаатай компанийн зүгээс очиж уулзан  шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцсон.Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т нийгмийн даатгалын байцаагч алданги тооцохдоо заавал акт үйлдэж зөрчилд шийтгэл ногдуулахаар хуульчилсан. Мөн хуулийн 26.2.4-т "Нийгмийн даатгалын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хуульчилж өгсөн боловч тухайн эрхээ хэрхэн яаж хэрэгжүүлэх журмыг нарийвчлан зохицуулаагүй тул 26.1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газар тогтоол гаргаж нарийвчлан зохицуулах эрхийг хуулиар олгосны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр "дүрэм журам батлах тухай" тогтоолыг 2 дугаар хавсралтын 3 дугаар зүйлд Нийгмийн даатгалын байцаагчийн үйлдэх баримт бичиг 3.5-д "Нийгмийн даатгалын тухай хуулиудыг зөрчсөн буруутай байгууллагын төлөх алданги, торгууль, зардлыг төлүүлэхээр акт үйлдэнэ" гэж зохицуулсан нь алданги шаардах хууль зүйн үндэслэл бүрдээгүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 10 389 686 төгрөгийн алданги ногдуулсан акт үйлдээгүй.Улсын байцаагчийн акт үйлдэх, актад алданги, шимтгэлийн хэмжээг тодорхой заах,төлөх хугацааг зааж өгөх,тогтоосон хугацаандаа алдангийг төлөөгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах дараалалтай.Дээрх ажиллагааг хийгээгүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй. Хуулиар тогтоосон урьдчилсан нөхцөл хангагдах ёстой. Хэргийн материалд акт авагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг зохих журмаар үнэлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

ЧДНДХ нь "ХМ" ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлд  20 779 371 төгрөг,алданги 10 389 686 төгрөг нийт 31 169 057 төгрөгийг гаргуулахаар шаардсанд хариуцагч 20 779 371 төгрөгийг төлөхийг зөвшөөрч алданги 10 389 686 төгрөг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс,түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүргээ хариуцагч "Хаммер монголиа" ХХК биелүүлээгүй үйл баримт нотлох баримтаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 20 779 371 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлсэн нь хуульд нийцжээ.

 

Талууд дээрх нийгмийн даатгалын шимтгэлд алданги тооцох үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйлийн 20.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.3-т нийгмийн даатгалын байгууллагаас шаардах эрхтэй талаар зохицуулжээ. Нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл, алданги, хүү  шаардах эрхийг хуулиар олгосон хэдий ч алдангийг “нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан акт”-ын дагуу шаардах журмаар хуульчилсан байна. Нийгмийн даатгалын байцаагчийн эдлэх эрхийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан. Алданги нь үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйн төлөө хүлээх хариуцлагын нэг төрөл юм. Нийгмийн даатгалын тухай хуульд заасан алдангийн хариуцлагыг хэн тооцохыг хуулиар нарийвчлан зааж,энэ эрхийг нийгмийн даатгалын байцаагчид өгсөн. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч байгууллагаас шаардлага, мэдэгдэл хүргүүлж байснаас бус хуульд заасны дагуу хариуцагчид хариуцлага тооцсон акт шийдвэрийг гаргасан зүйлгүй байна. Албан ёсны акт шийдвэргүйгээр анз шаардах эрх тус байгууллагад үүссэн гэж дүгнэх боломжгүй.

 

Хэргийн 9-12 талд авагдсан авлагын дэлгэрэнгүй бүртгэлээс харахад хариуцагчид алданги тооцсон тооцоолол байхгүйгээс гадна удаа дараагийн шаардлага мэдэгдэл дээр ч  алданги шаардаж байгаагүй байна. Иймд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр 20 779 371 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00063 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйлийн 20.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.5-д зааснаар “ХМ” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлд 20 779 371  төгрөг гаргуулан, ЧДНДХ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 389 686 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай..” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтад “313 795 төгрөг” гэснийг “181 185 төгрөг” гэж өөрчлөн шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ХМ” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.           

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.                                     

 

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                              ШҮҮГЧИД                                  Б.НАРМАНДАХ

 

                                                       Ш.ОЮУНХАНД